Монгол тулаанчдын ур чадварыг сурталчлан таниулах зорилгоор “Nomadic fighting championship” тулааныг Улаанбаатар хотод энэ сарын 27-нд олон улсын жишгээр зохион байгуулна. Уг тулаанд оролцох тамирчид ММА, кикбокс, муай тай, сабмишн грапплинг гэсэн төрлөөр өрсөлдөх юм. Оргил тулаанд М.Нандин-Эрдэнэ NFC холбооны анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрөлд Тайландын тамирчин Танавит Лайкиттай тулалдах аж. Гадаадын шилдэг тулаанчид манайхантай өрсөлдөх дээрх тулааныг олон улсын шүүгчид дэнсэлнэ. Азийн бүстээ 48-д эрэмбэлэгддэг М.Нандин-Эрдэнэ MMA-ийн октагонд 26 тулаан хийж, 17 ялахдаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ. Ташрамд дуулгахад, холимог тулааны өсвөр үе, насанд хүрэгч, мастерс ангиллын УАШТ хойшилж, ирэх сарын 5-6-нд болохоор товлогдсон. Тус тэмцээнээс медаль хүртсэн тамирчид АНЭУ-ын Абу-Даби хотод болох ДАШТ-д оролцох эрх гардана.