Монголын тэргэнцэртэй сэлмийн холбоо, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн тамирчин Б.Даваасүрэн хүүхэд байхдаа хөнгөн атлетикаар хичээллэж, спортод хөл тавьжээ. Үеийнхээ шилдгүүдтэй хурд сорьж, УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлсэн түүний сэтгэл бөхийн төрлүүдээс самбо, жүдод татагдаж, дэвжээнд зодоглох болсон гэдэг. Ямар ч спорттой нөхөрлөсөн түүнд амжилт гаргадаг гайхалтай авьяас, ур чадвар бий. Жүдогийн АШТ-ээс цөөнгүй хүрэл медаль хүртсэн тэрбээр 2015 онд өндрөөс унаж, хүнд бэртсэнээр барилдаанаа завсарлуулсан. Гэхдээ тамирчнызамналаабүр мөсөн орхиогүй. Түүнд дахин эрч хүч өгсөн спорт бол тэргэнцэртэй сэлэм. Тэрбээр карьераа үргэлжлүүлэн спортын ертөнцөд эргэн ирснээ амжилтаараа харуулав. Хонконгод болсон тэргэнцэртэй сэлмийн олон улсын тэмцээнд оролцохдоо эрэгтэйчүүдээс анх удаа шагналын салхи хагалан мөнгөн медальтай эх орондоо ирж, энэ спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн юм. Өөрийгөө олон зүйлээр сорьж, хэцүү санагдсан бүхнийг сэтгэлийн хатаар даван туулсан түүнтэй ярилцлаа.
-Та 2025 оныг амжилтаар өрнүүн үргэлжлүүлж байна. Тэргэнцэртэй сэлмийн олон улсын тэмцээнээс гардсан медаль тань урам өгч, зорилгодоо хүрэх бодлыг илүү төрүүлсэн байх.
-Энэ жил оролцохоор төлөвлөсөн олон улсын тэмцээний эхнийх нь Хонконгод боллоо. Долоон орны тамирчид өрсөлдсөн дээрх тэмцээн өндөр зэрэглэлтэй. Монголоос оролцсон хоёр тамирчны нэг нь би. Хүнд сэлмийн В ангилалд хэсэгтээ зургаан тулаан хийснээс тав ялж, аваргын төлөө Хонконгийн тамирчинд хожигдож мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр надаас насаар дүү ч өнгөрсөн жил болсон залуучуудын ДАШТ-д дэд байрт шалгарч, Парисын олимпод оролцсон туршлагатай. Өмнө нь “Ханжоу-2022” Азийн наадмаартүүнтэй нэг хэсэгт таарч, 5:1-ээр ялагдаж байлаа. Түүний арга барилыг олох тун хэцүү, тактик нь ч тааварлашгүй. Энэ удаа дасгалжуулагчгүй явсан тул тэмцээнтэй өдрүүдэд багштайгаа холбогдож, хэрхэн тулалдах талаар асуухад “Бүр болохгүй бол тактикаа өөрчлөөд үз” гэж зөвлөв. Тооцоолсон тактикуудаараа тулалдсан ч нэг л болохгүй байлаа. Миний таамагласнаар түүний нурууны булчингийн ажиллах хүч илүү санагдсан.
-Хонконгийн тамирчин шийдвэрлэх тулаанд хамгийн сүүлийн “нууц хөзөр” болох тактикаа гаргаж тулалдсан байх нь.
-Бид хойшид ч таарах магадлалтай. Японы Нагоя хотод 2026 онд Азийн наадам болно. Тэгэхээр түүний оролцсон бүх тэмцээний бичлэгийг багштайгаа үзэж, өөр тактик боловсруулна. Туялзуур сэлмээр тивийн орнуудаас БНХАУ, Тайланд, Европоос Англи, Францын тамирчид хүчтэй өрсөлддөг. Манайд тэргэнцэртэй сэлмийн спорт 2018 оноос хөгжсөн. Монголын тамирчин финалд шалгарна гэдэг дасгалжуулагчдын ур чадвар сайн байгаатай холбоотой. Миний хувьд уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд анх удаа медальтай ирлээ. 2022 онд бэлтгэл байнга хийдэггүй байхдаа энэ спорт ийм онцлогтой, тамирчид нь ингэж хичээллэдэг байх нь гэсэн анхны мэдэгдэхүүнтэй болсон. Дараа жил нь “Ханжоу-2022” Азийн наадамд шигшээ 16-д шалгарсан юм. Олимпын гурван удаагийн аварга тамирчинд ялагдахад надаас “Чи хэдэн жил хичээллэж байна вэ” гэхэд нь “2018 оноос эхэлсэн” гэлээ. Тэгтэл “Чи мундаг тамирчин байна. Хурд, хүч, техник чинь сайн юм. Улам их хичээгээрэй. Чинийамжилт гаргаххугацаа ойрхон санагдлаа” гэж хэлсэн. Түүний үгнээс урам авч, хичээвэл амжилт гаргах боломжтой юм байна гэж бодсон. Тэндээс ирээд бэлтгэл хийхдээ гар дээрээс оноо авах техникийг түлхүү давтав. Гагнуурчин мэргэжилтэй тул гарнаас ташаанд татдаг техникийг өөрийн болтол сурсан. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхдөө энэ техникээрээ л тулалддаг.
-Ялалтад хөтөлдөг арга барил, техник тамирчин бүрд бий л дээ.
-Хоёр тамирчин тулалдах зайгаа үзээд нэг нь хойш гэдийвэл цээж рүү нь хүрэхгүй. Хамгийн ойрхон нь гарын бугуй хэсэг. Нумруулж татах техникийг хийхэд ур чадвар шаарддаг. Эрхий, долоовор хуруугаарсэлмийнбариулыгчимхэнбарьж, богино хугацаанд техникээ хийхэд хурд, хүч, мэдрэмж хэрэг болно. Өөрийн сэтгэл хөдлөлийг чөлөөтэй илэрхийлж болдог спорт бол туялзуур сэлэм. Монгол хүний дайчин чанар, хатуужил тэвчээр, гүйлгээ ухаан энэ спортоор хичээллэхэд хамгийн тохиромжтой. Богино хугацаанд шийдвэр гаргах нь шатар тоглохтой адил. Монголчууд сэлмээр хичээллэж, амжилт гаргах авьяастай. Энэ нь цусанд байдаг зан, чанартай нь холбоотой. Чингис хааны байлдан дагуулалтын үед морь, сэлмээр дэлхийн талыг эзэлсэн түүхээс улбаатай санагддаг. Би тулаанд гарахын өмнө “Жонон” хамтлагийн тоглосон “Жалам хар” аялгууг сонсдог. Энэ аялгуу хүний дотоод хүч, хийморийг бадраадаг. Сонсохоор хийх техникүүд гарт орно. Азийн АШТ-ий медалийн төлөөх тоглолтын өмнөх тулаанд гарахадбагш “Хөгжим сонс” гээд чихэвч зүүж өгөөд “За, одоо үзүүлээд өгөөрэй” гэв. Би ч өрсөлдөгчдөө хожсон. Тамирчин хүнд өөрийгөө тайвшруулахад хөгжим хүчтэй нөлөөлнө. Морины тухайдууэр хүний хийморь, сүлдийг сэргээдэг.
-Тэмцээн эхлэхийн өмнөх өдөр таны хувьд хэр сонирхолтой өнгөрөв?
-Өмнөх өдөр нь тэмцээн зохион байгуулагчид ”Дасгалжуулагч тань ирээгүй юм байна. Та техникийн зөвлөгөөнд суу” гэлээ. Хонконгийн холбооны гишүүд, нарийн бичгийн дарга гээд олон хүн тэмцээнд оролцохоор ирсэн тамирчдын улсынх нь Төрийн дууллыг баталгаажуулсан. Тэд хамгийн түрүүнд над руу хараад “Төрийн дууллаа баталгаажуулна уу” гэж сонсгоод “Мөн үү” гэж асуусан. Надад тэр үед Төрийн дууллаа эгшиглүүлэх мэдрэмж төрөөд байв. Тэгтэл охиноос минь “Аав аа, та олон жил хичээллэсэн. Өөртөө, охиндоо итгээрэй. Амжилт хүсье” гэсэн чаат гар утсанд ирлээ. Охины минь үг намайг хурцалж, мөнгөн медаль хүртэх эрч хүч өгсөн. Аваргын төлөө тулалдахаар шалгарна гэдэг тамирчин хүнд том үүрэг, хариуцлага юм билээ. Би тэмцээний үед элдэв бодлоос өөрийгөө чөлөөлдөг. Зөвхөн техникүүдээ бодож, өрсөлдөгчөө л хардаг.
-Олон тэмцээнд оролцож, цочроо нь гарсан танд алтан медалийн төлөөх тоглолт хэцүү санагдаагүй болов уу?
-Догдолж, сандраагүй. Тэмцээн өндөрлөсний дараа Монголд очоод медаль авснаа харуулна гэж бодож байлаа. Би 2005 оноос хөнгөн атлетикаар хичээллэж, дотоодын тэмцээнд дөрвөнудаа түрүүлсэн. Дөрвөн өөр арга барил, онцлогтой тамирчинтай аваргын төлөө өрсөлдөх амаргүй. Мөн Азийн наадам, олон улсын болон тивийн тэмцээнд оролцохдоо хожиж, хожигдсон удаа цөөнгүй. Тийм үед амжилтаа ахиулах сан гэж хичээж, сэтгэл зүйгээ тогтвортой байлгахыг боддог. Дотооддоо өндөр амжилт үзүүлсэн ч гадаадын тэмцээнээс медаль хүртэхгүй явсаар карьераа өндөрлүүлэх вий гэж сэтгэл зовнидог байв. Бэлтгэлээ шартай ч хийнэ, хэцүү санагдсан ч тэвчинэ. Туялзуур сэлэмтэй долоон жил нөхөрлөж, олон улсын тэмцээнд гурван жил оролцож байж медалиас атгалаа. Өнгөрсөн жилүүдэд болсон тэмцээнээс гурван хүрэл, нэг алтан медаль хүртсэн ч мөнгөн медаль байгаагүй. Энэ удаа авснаариж бүрэн медальтай болсон.
-Амжилтдаа амархан ханадаг тамирчин бий. Гэхдээ танаас ийм зан цухалзахааргүй санагдлаа.
-Би амжилтдаа ханадаггүй. Хүрэл медалийн болзол хангаж, аваргын төлөө тулалдахдаа ч түрүүлэхийг зорьсон. Багш “Медаль хүртлээ гэж тайвширч болохгүй. Дараагийн тэмцээн хүлээж байгаа” гэж хэлдэг. Тиймээс тэмцээн өндөрлөсний дараа тайвширдаг. Өөрийнхөө хэмжээнд хийж чадах бүх зүйлээ тулалдахдаа гаргасан. Ингэ, тэг гэж зөвлөх хүн дэргэд байгаагүй тул өөрийнхөө мэдрэмжээр өрсөлдөөд хожигдсон. Гэхдээ муу тулалдлаа гэж харамсаагүй. Тамирчин хүнд дасгалжуулагч нь тэмцээний үед түшиг тулгуур болдог. Тэмцээнд багшгүй оролцох үеийн сэтгэл зүй өөр. Багш минь миний ард байгаа шүү дээ гэж бодохоор өөртөө илтгэлтэй болдог. Би энэ удаадөөрийнхөө дасгалжуулагч, бассэтгэл зүйч болж оролцсон доо. Бөхчүүд дархан мэхээсээ гадна барилдааны хэдэн хувилбартай байж өрсөлдөгчөө хождогтой адил туялзуур сэлэм ч ялгаагүй. Би 3-4 техниктэй. Үүнээс зөвхөн хоёрыг нь хийхийн тулднөгөөхөөр нь хуурах хөдөлгөөн хийж довтолдог. Өрсөлдөгчөө өөрийн арга барилд оруулах нь чухал. Нэг оноо авчхаад хүчтэй орилж, ялагдах болоогүй байгаа шүү гэх бодол төрүүлж, сэтгэл зүйн дайралт хийдэг.
-Хөнгөн атлетик бусад спортын суурь болдог давуу талтай. Тэсвэр хатуужилтай болоход тань нөлөөлсөн биз?
-Хүүхэд байхдаа самбо, жүдогоор хэдэн жил хичээллэсний үр дүнд хурд, хүч, мэдрэмж, тэсвэрээс суралцсан. Энэ бүхэн намайг тэргэнцэртэй сэлмээр хичээллэхэд дөхөм байлаа. Самбо, жүдо бөхийн өсвөр үе, оюутны УАШТ-ээс хүрэл медаль нэг бус удаа хүртсэн. Залуучуудын ангилалд медалийн төлөө олон гарч барилдсан. Багадаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Хэт хөдөлгөөнтэйгөөсөө болж бөхийн тэмцээнд алдаа гаргаж, өрсөлдөгчдөө ялагдана. Тэргэнцэртэй сэлмийн тамирчид богино орон зайд тулалддаг болохоор тооцоолох ухаан, анхаарал төвлөрөлт, өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйг анзаарах, харц, хөдөлгөөнөөс нь хараад унших мэдрэмж өндөр байдаг.
-Одоо ямар дасгалжуулагчийн удирдлагад ДАШТ-д оролцох бэлтгэлээ базаах вэ?
-Бид хүчний бэлтгэлийг 2019 онд бодибилдингийн ДАШТ-д түрүүлсэн, ОУХМ Б.Хүсэлтүвшин, сэлмийн бэлтгэлийг Улсын таван удаагийн аварга, ОУХМ Б.Гэрэлмаа багшийн удирдлагад хийдэг. Б.Хүсэлтүвшин багш бидний мэдээгүй хэсгийн булчинг ажиллуулах, бяр гаргаж, богино хугацаанд тэсрэх чадварын тал дээр анхаардаг. Б.Гэрэлмаа багш өнгөрсөн жилийн есдүгээр сараас хурууны техникийг хэдэн сар хийлгэсэн. Өдөрт 5000 удаа давтан хийлгэхэд эхэндээ хуруу өвдөж, мөр чилдэг байв. Одоо хэдийн дассан. Хоёр багшийн минь заасан бүхэн олон улсын тэмцээнд амжилт гаргахад хэрэг боллоо. Би айлын ууган хүү. Дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Хэрвээ өндрөөс унаж, хүнд бэртээгүй бол бөхийн спортыг орхихгүй байсан. 2018 онд эмнэлэгт хэвтэж байтал зурагтаар “Тэргэнцэртэй сэлмийн спортоор хичээллэх тамирчдыг клубтээ урьж байна” гэсэн зар харсан юм. Эмнэлгээс гараад тэр клубт очиж, тулаан хийж үзэхэд надад тохирох спорт санагдсан. Өөрт тохиолдсон хэцүү зүйлийг давж гарах сэтгэлийн хаттай болоход спорт л тусалсан.
-Олон улсын тэмцээнээс медальтай ирсэн таныг спорт сонирхогчид хойшид харах тамирчинтай боллоо гэж баярласан байх.
-Цол дагаж бяр гэдэг шиг ур чадвараа сайжруулж, чансаагаа ахиулахыг хичээнэ. Би өнгөрсөн жилийн наймдугаар сараас бэлтгэл эрчимтэй хийсэн болохоор формоо алдаагүй. Хойшид оролцох хэдэн тэмцээн бий. БНСУ-д есдүгээр сард зохион байгуулах ДАШТ-д өрсөлдөнө. Амжилт гаргахад нойр, хоол, амралт чухал тул бэлтгэлээ хийсний дараа сайн амардаг. Хамгийн гол нь өмнө гаргасан алдаагаа дараа дахин давтахгүй байх хэрэгтэй. Миний хувьд гадаадын тэмцээнд оролцохоор очихдоо тухай улсын цаг агаар, орчин нөхцөлд нь амархан дасдаг.
-Тамирчин, дасгалжуулагч хоёр судалгаатай байж амжилт гаргадаг гэх яриа бий шүү.
-ДАШТ-д оролцох орнуудын тамирчдыг судална. Бид үндсэн бэлтгэлээ тавдугаар сарын 1-нээс эхлүүлнэ. Цаг агаар дулаарахаар хөдөө гарч сэргэлт, сэлмийн бэлтгэл хийдэг юм. Манай холбоо жил бүрийн нэгдүгээр сард УАШТ зохион байгуулдаг. Дотоодын томоохон тэмцээний салхийг амжилттай хагалахад дараагийн тэмцээнүүдэд сайн оролцдог. Миний хувьд 2025 он аз, амжилт хайрласан бэлгэшээлтэй жил болж байна.
-Оноо тэнцсэн шийдвэрлэх тулаанд нэг оноо ч гэсэн ялалт байгуулахад чухал биз?
-Тэгэлгүй яах вэ. Японы тамирчинтай өрнүүлсэн тулааны техникийг багш тэмцээний өмнө олон удаа давтуулж, хийлгэсэн. Тэр үед багшийн хэлсэн зөвлөгөө толгойд зурсхийн орж ирсэн шүү. Манай холбооны тамирчид АНУ-ын Лос-Анжелес хотод 2028 онд болох олимпын эрх авахаар зорьж байгаа. Олон улсын тэмцээнээс тамирчид оноо цуглуулдаг юм. Хамгийн анх оролцсон тэмцээнээс авсан оноогоор дэлхийн чансаанд 77-д бичигдсэн бол одоо 38 дугаар байрт жагсаж байна. Оролцсон тэмцээн бүрдээ чансаагаа ахиулсан. Дэлхийнчансаа арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ. 2026 оны нэгдүгээр сараас оноо цуглуулах тэмцээн эхэлнэ. 2028 оны олимпын эрх авах бодол санаанд минь багтаад байгаа. Сэтгэлд багтсан зүйл аяндаа болдог гэж боддог. Гэхдээ багаараа нэг хүн шиг зорилго, тэмүүлэлтэй байж амжилтад хүрнэ. Надаас гадна бэлтгэлээ тууштай, үр дүнтэй хийдэг 10 гаруй тамирчин бий. Би одоо Зэвсэгт хүчний 013 дугаар ангид харьяалагддаг. Энэ ташрамд, Монголын тэргэнцэртэй сэлмийн холбоо, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн удирлага хамт олон, дасгалжуулагч багш нартаа, мөн гэр бүл, найз нөхдөдөө талархсанаа уламжилъя.