Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Ес дэх удаагийн парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирсний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Баясгалан. Тэрбээр АН-ын жагсаалтын долоодугаарт эрэмбэлэгдэн, гишүүний суудалд тухалсан юм. Жүжигчин, дуучин, кино продюсер, бизнес эрхлэгч, алтны уурхайн эзэн, эрх зүйч, экстрим спорт сонирхогч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, дөрвөн хүүхдийн аав, УИХ-ын гишүүн гээд түүнийг тодорхойлох дүр баяжсаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой дутагдаж байсан учраас УИХ-ын гишүүн болохоор шийдсэн хэмээн тайлбарладаг тэрбээр зорьсондоо хүрэхийн тулд хэдэн жилийн өмнөөс замаа засжээ. 2020 онд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн болж, тус намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн юм. Гэвч санасандаа хүрч дөнгөөгүй. Харин 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтын дээгүүр нэрээ багтаасан нь түүнд хууль тогтоогчдын дунд хөгжлийн бэрхшээлтэй 111 мянга гаруй иргэнийг төлөөлөх боломж олгожээ. Парламентын гишүүн болохоосоо өмнө АН-ын даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх, 2020-2021 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байв.
Ж.Баясгалан 1999 онд СУИС-ийг жүжигчин, 2021-2024 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсжээ. Тэрбээр “Бодлын хулгайч”, “Үргээлэг” киноны продюсер гэдгээрээ олонд танигдсан гэдэг. Мөн “Кино драм А” группийн болон “Мөрөөдөл мөхөхгүй” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байсан гээд нийгмийн идэвх сайтай нэгэн. Геологич аавыгаа дагаж, багаасаа уул уурхайн салбартай ойр өссөн нь алтны бизнес эрхлэхэд нь ач тусаа өгсөн биз. “Үүрт гоулд”, “Бугант мандал” гэх уул уурхайн хоёр ч компанийг удирдаж байв. Найз нөхөд нь түүнийг “Баян” Баясаа гэдэг бөгөөд мэргэжил нэгт нөхдийнхөө уран бүтээлд гар татдаггүй аж.
2017 оны тавдугаар сард Авто спортын бартаат замын улсын аварга шалгаруулах уралдаанд оролцохдоо маш хүнд гэмтсэн нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн гэдэг. Эмнэлэгт есөн сар хэвтсэний дараа хөл дээрээ босохын төлөө уйгагүй дасгал хөдөлгөөн хийж байсан нь олон хүнд үлгэр дуурайл болж, итгэл өгсөн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээ авахад алхам тутамдаа саадтай тулгардгийг тэрбээр биеэрээ мэдэрч яваа. Төрийн ордны “босгоор алхсан” ч УИХ-ын гишүүний үнэмлэхээ тайзан дээр гарчавч чадаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн УИХ-ын гишүүн болох нь тодорхой байсан ч эрх баригчид түүнийг тайз руу саадгүй хүрэх нөхцөлийг бүрдүүлээгүй байсан юм. Тэрбээр “Үнэмлэхээ Төрийн ордны их танхимын тайз руу гарч авч чадсангүй. Ийм хүртээмжгүй нийгмийг өөрчлөхөөс ажлаа эхэлнэ” хэмээн мэдэгдэж байв. Гэвч одоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалсан хууль, эрх зүйн дорвитой шинэчлэл хийх санаачилга гаргаагүй байна. Нэр бүхий гишүүдийн хамт асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах анхны хуулийн төслийг боловсруулж, ахлахаар нь ажиллаж буйг эс тооцвол шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хангалтгүй, хууль бий ч хэрэгжүүлдэггүй хэмээн тэрбээр чуулганы үеэр ярьдаг ч үүнийгээ ажил хэрэг болгож байгаа гэж дуулдсангүй. Ядаж тэргэнцэртэй иргэнд зориулсан налуу замбарихыг яам, Тамгын газруудаас шаарддаг ч хүлээж авдаггүй гэнэ лээ. Түүний хүч дутаад байх шиг.
Ч.Болор