Чиг үүрэг нь тодорхой бус зөвлөл, хороо хэд байна, хэчнээн хүн ажиллаж байгаа, Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж томилсон албан тушаалтан бий юү, хууль тогтоомжтой нийцсэн үү гэдгийг тодруулахаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, З.Мэндсайхан нар өнгөрсөн сарын 28-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьсан юм. Асуулгын хариултыг өчигдөр ирүүлжээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ талаар “Засгийн газар, яамд, агентлагаас гадна 57 хороо ажиллаж байна. Тэдний заримыг Засгийн газрын зорилтын хүрээнд түр зуур байгуулсан гэжээ. Зөвлөл, хороог хуулийн дагуу байгуулдаг. Аль яамны чиг үүргээс салгаж, эсвэл нэгтгэж байгааг хуулиар тодорхой заасан учраас “түр зуур” гэсэн ойлголт байхгүй. Бүтээмжийн 42 менежерийг томилсон байна. Жишээ нь, “Эрдэнэт үйлдвэр” шиг газарт үйлдвэрлэл хариуцсан мэргэжлийн орлогч дарга байх нь зүйн хэрэг. Түүнээс хуульд нийцэж буй, эсэх нь тодорхойгүй, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр улс төрийн томилгоо шууд хийж болохгүй. Тухайлбал, Эрчим хүчний яамтай, асуудлыг нь хариуцдагсайдтай хэрнээ Эрчим хүчний хороо байгуулжээ. Эл хороо юу хийх гэж байгааг мэдэхгүй. Төсвийн мөнгийг ингэж үр дүнгүй үрж болох уу. Төрийн албыг цомхон болгоё гэсэн хэрнээ зөвлөл, хороо нэрийн доор улс төрчдийн “гар, хөл” болсон, бусдыг утсаар загнахаас өөр шидгүй хүмүүсийг томилж буйг эсэргүүцэж байна” гэв. Мөн тэрбээр “Нэгэнт стандарт бусаар томилгоо хийж байгаа бол төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх ёстой. Дараа нь хяналтын менежерээ ажиллуул” гэсэн юм.
Б.ЭНХБАЯР: БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР ГЭХ 42 ХҮНИЙГ ЦААШИД 100 ХҮРТЭЛ НЭМЭХ ГЭНЭ
Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудсандаа “Засгийн газар яамд, агентлагаас гадна нийт 57 хороо, комисс, зөвлөл байгуулснаас хуульд тухайлан чиг үүргийг нь заагаагүй 10 хороо, дөрвөн зөвлөл байгуулжээ. Энэ 14 зөвлөл, хороо нь 90 хүний орон тоотой байх ба үүнд 30 тэрбум төгрөг зарцуулах нь. Хуулиар байгуулагдсан яамд, агентлагуудтай чиг үүрэг давхардсан, төрийн албаны шалгалт өгөөгүй, улс төрийн авлига болгож төрийг данхайлгаж, эзэн биегүй хоорондоо хариуцлагаа чихсэн эрх мэдлийн бүтцүүдийг үлэмж нэмэгдүүлж буй нь Үндсэн хуулийн бус бөгөөд төрийг удирдах, засаглах боломжийг алдагдуулахад хүргэж байна. Бүтээмжийн, хяналтын менежер гэх Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглосон, орлогч захирлын цалин хангамж, статустай албан тушаалыг бий болгож, төрийн өмчийн компани, банк, байгууллагад олноор томилжээ. Одоогоор ийм 42 албан тушаалтныг томилсон бөгөөд ойрын үед 100 хүргэх гэж байна. Олонх нь хамтарсан гэх халхавчийн дор “Женко” Х.Баттулгын туслахаас эхлээд ойрын хүрээллийн хүмүүсийг томилжээ. Улс орныг 15 давхраас удирдаж буй гэх яриа худлаа биш болж таарлаа. Энэ танхайрлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна” гэжээ.
Ч.Болор