Босни-Херцеговин, Ирланд, Камбож, Малайз, Португал, Танзани, Турк тэргүүтэй 18 улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өчигдөр өргөн барилаа. Улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шатанд гаргах, олон улсын хамтын нийгэмлэг, байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх үүрэг хүлээсэн Элчин сайд нарт Төрийн тэргүүн баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв. Тэдний 17 нь хавсран суух, гурав нь эмэгтэй Элчин сайд байлаа.
Одоогоор Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн 29 газар байгаагаас зургаа нь эмэгтэй Элчин сайдтай гэнэ. Тодруулбал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, БНХАУ, Бүгд Найрамдах Итали болон Франц Улс, Европын Холбоо, Канад Улс манай улсад эмэгтэй Элчин сайд томилжээ. Тэгвэл Турк, Сомали, Камбож улс эмэгтэй дипломатч томилсноор энэ тоо ес боллоо. Холбооны Бүгд Найрамдах Сомали Улс Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар хатагтай Ходан Абдиг, Камбожийн Хаант Улс Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар Др.Ратвачи Сөүнгийг томилжээ. Харин Бүгд Найрамдах Турк Улс Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Башак Гэнч Юксэлийг илгээсэн байна.