Мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээн жил бүрийн нэгдүгээр сард эхэлдэг. БНСУ-ын Чонгсон, Францын Шампани-ан-Вануаз, Швейцарын Саас-Фи хотод өнгөрсөн жил болсон мөсөнд авиралтын дээрх тэмцээнээс Монголын тамирчид иж бүрэн медаль хүртсэн. Тус цувралын дараа манайхан Канадын Эдмонтон хотод зохион байгуулсан ДАШТ-д амжилттай оролцсоноор дэлхийн чансааг тэгүүлж эхэлсэн билээ. Ямар ч улсын тамирчид аваргаа хамгаалахыг зорьдог. Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, Монголын спорт авиралт, мөсөнд авирагчдын мастеруудын холбоо, “Сутайн бор” клубийнхэн хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Тэд өнгөрсөн ес, аравдугаар сард хананы засварыг эхлүүлж, мөс тавих ажлыг санхүүжүүлжээ. Мөсөнд авиралтын хана ийн боссоноор гадаад, дотоодын томоохон тэмцээнд өрсөлдөх тамирчид “Найрамдал” зусланд 7-10 хоног байрлан, бэлтгэл сургуулилалтаа базаах боломж бүрдлээ. Үүнтэй зэрэгцээд Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь “Олимп” спорт авиралтын төвд 15 метрийн өндөртэй авиралтын хана барьж дуусгажээ.