Манай улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болсноор эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчинтой болсон. Уг нь хуулийн 12.4 дахь заалтад “Эзэнгүй нохой, муурын тоо толгойг буудаж устгах замаар бууруулахыг хориглоно” хэмээн тусгасан. Гэвч эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг энэ сарын 1-нээс эхлүүлсэн байна. Монгол орон даяар үргэлжилж буй энэхүү ажлын хүрээнд эзэнгүй нохойг буудаж устгах юм байна.
Уг нь дээрх хуульд эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахдаа харгис хэрцгий арга хэрэглэхгүй, олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, хүн амын суурьшлын бүсэд устгахгүй байх, үржил хязгаарлах аргыг нэн тэргүүнд эрхэмлэх, нийтийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлж болохгүй хэмээн заасан. Харамсалтай нь, “Эзэнгүй амьтны устгалыг хийж гүйцэтгэлээ” гэх тайлбартай буу барьсан хүмүүс, цус нөж болсон нохдыг гудамжаар чирээд алхаж буй дүр зураг цахим сүлжээнд дүүрэн шахам л байна.
Мөн дээрх хуулийн 36.2.1 дахь хэсэгт “алах”, 36.2.3-д “Эзэнгүй амьтны тоо толгойг бууруулах, гэрийн тэжээвэр амьтан нь эдгэшгүй өвчин, гэмтэлтэй, орчин тойрондоо аюултайгаас бусад тохиолдолд унтуулга хийх” хэмээн дурдсан байх юм. Нохой устгал үргэлжилж буй энэ үед цөөнгүй иргэн зөрчил гаргажээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд энэ сарын 6-нд “Хашааныхаа гадна байсан нохойг минь буудлаа” гэсэн шалтгаанаар устгал хийж буй ажилтны зодсон гэнэ.
А.ҮҮЛЭЭ