Урин цаг ирж буйтай холбоотой гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хэрэглээ багасдаг ч угаарын хийн улмаас амиа алдах тохиолдол нэмэгддэгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэрэмжлүүлэв. Сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс харахад угаарын хийн хордлогоос үүдэлтэй нас барсан тохиолдол 1-5 дугаар сард зонхилон бүртгэгджээ. Үүнд дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэдийн сонор сэрэмж буурах, цаг агаарын тогтворгүй байдал зэрэг хүчин зүйлс нөлөөлдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Тодруулбал, хаврын цагт гэр, байшингийн агаарын хэмийн зөрүү багасаж, яндангийн таталт буурдаг тул угаартах эрсдэл үүсдэг ажээ. Мөн бороо орохоор айлууд яндангаа авч, өрхөө бүтээснээс угаартаж, нас барсан тохиолдол цөөнгүй гэнэ. Ташрамд дуулгахад, энэ сарын 21-24-нд угаарын хийн цочмог хордлогын улмаас 13 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Тодруулбал, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Налайх дүүрэгт нийт зургаан өрхийн 13 иргэн угаартсан байна. Тэдний 31 хувь нь 0-17 насны хүүхэд аж.
Ч.Цэлмэг