Ойрын өдрүүдэд хүйтний эрч намжихгүй, цасан болон шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тухайлбал, өнөөдөр, маргааш нутгийн зүүн хагаст бороо орж, цасаар шуурах төлөвтэй байгаа аж. Түүнчлэн өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш говь, тал, хээрийн бүсэд шороогоор шуурах нь.
Цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, авто замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл тогтсон тул Сүхбаатар аймгаас гарах хөдөлгөөнийг уржигдрын 20.00 цагаас өчигдрийн 12.00 цаг хүртэл хязгаарлав. Түүнчлэн Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд зам, даваа хаагдах эрсдэлтэй байгааг Зам тээврийн хөгжлийн төвөөс анхааруулсан юм. Цасан шуурга ширүүсэж, нөхцөл байдал хүндэрсэн тул шуурхай ажлын хэсэг өчигдрийн 15.00 цагаас тухайн хэсэгт ажиллаж эхэллээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороон дахь Ар гүнтийн даваа цасанд хаагдсаныг өчигдөр 16.00 цагийн орчимд нээжээ.
Цаг агаар хүйтэрч, цас орсон нь осол гарах шалтгаан болов. Тухайлбал, Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн авто замд долоон автомашин мөргөлдсөн осол өчигдөр өглөө гарсан байна. Ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй бөгөөд жолооч нарын биеийн байдал хэвийн, согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ. Цас орсонтой холбоотойгоор халтиргаа, гулгаа нэмэгдсэн ч нийслэлд зам, тээврийн ноцтой осол гараагүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм. Харин Орхон аймгаас Булганы чиглэлд цасан шуурга болж үзэгдэх орчин хязгаарлагдсанаас тухайн чиглэлд зорчсон том оврын ачааны автомашин гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ осолджээ. Мөн өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Jet sharing Mongolia” компанийнхан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан скүүтэр түрээсийн үйлчилгээгээ түр хугацаагаар зогсоожээ.
Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр уржигдар салхи секундэд 24-34 метр хүрч салхилж, гамшигт үзэгдлийн түвшинд хүрсэн байна. Үүнээс үүдэн Говь-Алтай аймгийн Халиун сумд 11 айлын хашаа нурж, нэг грашийн дээвэр хууларчээ. Түүнчлэн тус аймгийн Бугат сумд уржигдар салхи секундэд 37 метрт хүрч, шороогоор шуурснаас 27 айлын хашаа нурсан гэнэ.
А.Үүл