Манай улс Кэмбрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд 500 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, эхний ээлжийн санхүүжилтийг нь шилжүүлжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 18-22-нд хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Оксфорд, Кэмбрижийн их сургуульд зочилж, удирдах түвшний хүмүүс болон Монголоос суралцагчидтай уулзсан юм. Оксфордын их сургууль хэл шинжлэл, утга зохиолын салбараар хязгаарлагдахгүй газар зүй, уур амьсгалын өөрчлөлт, дэвшилт технологийн судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр манай орны холбогдох байгууллагууд, судлаачидтай цаашид нягт хамтран ажиллах бодлого баримталж буйг удирдлагууд нь энэ үеэр дурдсан. Түүнчлэн тус сургуулийн Газар зүй, байгаль орчны салбар сургуулиас “Монгол орны хөгжилд” чуулганыг ирэх сард Оксфорд хотод долоо дахь удаагаа зохион байгуулахаа зарлав. Харин Кэмбрижийн их сургуулийнхан Чингис хааны болон эзэнт гүрний үеийн түүхийн судалгааг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч буйгаа дурдсан байна. Үүнийг бодлогоор, санхүүжилтээр дэмжих чиглэлд талууд нэгдсэн зөвшилцөлд хэдийн хүрч, Монголын зүгээс хөрөнгө оруулж эхэлжээ. Энэ ажлыг Кэмбрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвд тулгуурлан хэрэгжүүлэх бөгөөд судлаачдыг хоёр улсад харилцан туршлага солилцуулж, судалгаа хийлгэхээр төлөвлөжээ.
Н.Мишээл