Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ипотекийн зээл олголтын нөхцөлтэй холбоотой мэдээлэл өнөөдөр өглөө. Тэрбээр, Залуу гэр бүлийн салалтын хамгийн гол шалтгаан бол орон сууцны асуудал байна. Иймд Монголын төр орлогот нийцсэн орон сууцны бодлого явуулах хэрэгтэй. Тухайлбал, 40 хүртэлх насны, 1-2 хоёр хүүхэдтэй, урьд өмнө ипотекийн зээлд хамрагдаж байгаагүй иргэдэд уг зээлийг олгох нөхцөлийг бүрдүүлэхэээр судалгааг хийж байна. Гэхдээ энэ нөхцөл эцэслэгдээгүй.
Баялгийн сан буюу хуримтлалын сан чинь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр байгаа. Тийм учраас хуримтлалын сан дээр жил бүр ирж байгаа 400-500 тэрбум төгрөгийг төгрөгийг зорилтот бүлэг рүү оруулъя гэж байгаа. Урьд нь бол ипотекийн зээл 400-500 орчим тэрбум төгрөгийн хүртээмжтэй байсан. Одоо дахин 500 тэрбумыг нэмэхээр нэг их наяд төгрөг болж байгаа. Үүнтэй холбоотойгоор тус зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн оочер нэмэгдсэн. Хуучин бол үндсэндээ 24-36 сар оочерлодог байсан бол одоо 48 сар хүртэлх хугацаанд оочерлодог болсон. Тиймээс бид хөнжлийнхөө хэрээнд хөлөө жийнэ гэдэг шиг ипотекийн зээлд зарцуулж байгаа 1-1.2 их наяд төгрөгөө бид зорилтот хүмүүст хүргэхээр судалж байгаа. Бусдыг нь бол зах зээлийн зарчимд нийцсэн хүүгээр арилжааны банкуудтай ярилцаж, дундын хувилбарыг гаргаж ирж ер нь л иргэдийн орлогод нийцсэн орон сууцны бүтээгдэхүүнийг гаргаж ирэхээр судалж байна.
Ипотекийн зээлийн нөхцөлийг бид гаргахдаа энэ удаа их болгоомжтой хандаж байгаа. Энэ жил ипотекийн хөтөлбөрийг удаан зарлаж байгаа мэт иргэдэд санагдаж магадгүй. Бид барилгын нийлүүлэлттэй уялдаж байж энэ хөтөлбөрөө зарлахгүй бол өмнө нь бидний гаргасан алдаа юу гэхээр хүүг бууруулсан ч иргэдийн төлөлт буураагүй. Жишээ дурдвал ипотекийн зээл найман хувийн хүүтэй байхад зээл авсан иргэд сард 400-600 мянган төгрөг байсан. Гэтэл 6 хувь болгож бууруулахаар уг нь тэр төлж байсан мөнгө багасах ёстой. Гэтэл барилгын метр квадратын үнэ нэмэгдэж, иргэдийн зээлийн сарын төлөлт дээр 100-150 мянган төгрөг нэмэгдсэн. Энэ бол бодит жишээ. Товчхондоо иргэд хохирч, барилгын компаниуд хожиж байна гэсэн үг. Тэгэхээр бид барилгын компаниудад зориулсан ипотекийг хийж болохгүй. Нэг талдаа ипотекийн зээлийн хүүг буулгаж, нөгөө талдаа барилгын үнэ нэмэгдэж болохгүй. Иймд эрэлт, нийлүүлэлтийг уяалдуулсан бодлого байх ёстой. Ипотекийн зээлийн нөхцөлийг эцэслээгүй. Ирэх дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө эцэслэнэ. Одоогоор 17 мянга гаруй иргэн ипотект хамрагдах хүсэлтээ өгсөн" гэж хэлэв.