Хотын дарга Х.Нямбаатарын коммунист санаачилгын балгаар нийслэлд автомашины дугаар дамлан зардаг бизнес цэцэглэчихлээ. Бас хотын дугаарын үнэ тэнгэрт хадчихав. Улаанбаатарт олгох автомашины улсын бүртгэлийн дугаарыг 730 мянгаар хязгаарлах тогтоолыг Х.Нямбаатар санаачилж, нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард баталсан. Уг тогтоолыг энэ сарын 8-наас хэрэгжүүлж эхэлснээс хойш дугаарын эрэлт, үнэ нь эрс өсжээ. Үүнтэй холбоотойгоор хаа сайгүй бужигнаан, шүүмжлэл, бухимдал газар авч, зарим иргэн Үндсэн хуулийн цэцэд ч хандаж амжлаа. Харин хотын дарга Х.Нямбаатар юу ч болоогүй мэт нам жим байна.
Иргэд өмнө нь автомашины улсын дугаарыг үнэгүй авдаг байлаа. Тухайлбал, Авто тээврийн үндэсний төвийн цахим системээс улсын дугаар үнэгүй захиалаад, түүнийгээ машиндаа зүүхийн тулд 50 мянган төгрөгөөр хэвлүүлдэг байсан юм. Гэтэл одоо дугаарын үнэ дээрх дүнгээс багадаа 20 дахин нэмэгдчихжээ. “Да хүрээ” захад автомашин борлуулдаг нэгэн иргэний хэлснээр бол хамгийн хямд дугаарын үнэ бараг нэг сая төгрөгт хүрчээ. Тэрбээр “Ердөө 2-3-хан хоногийн өмнөөс хотын дугаарын үнэ багадаа нэг сая төгрөг болчихлоо. Саяхан л 200-300 мянган төгрөг байсан бол долоо ч хүрэхгүй хоногийн дотор нэг саяд хүргэчихлээ шүү дээ. Дугаар борлуулах хүмүүс дурын үнээ л хэлдэг боллоо. “Аз”-ын гэх тодотголтой, ижил тоотой дугааруудын үнэ бараг 10 сая төгрөгт хүрэх нь. Дугаарын тоог хязгаарласан шийдвэрээ цуцлахгүй бол үнэ нь улам л нэмэгдэх төлөвтэй байна” гэв.
Дугаарт дээд хязгаар тогтоох гол шалтгаанаа Х.Нямбаатар “Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах” гэж тайлбарлаж байв. Түгжрэлийг бууруулах дорвитой санаачилга, тооцоо судалгаа, шийдэл түүнд байхгүй тул автомашины тоог автоматаар, хатуу гараар хязгаарлах шийдлийг бодож олсон нь энэ. Түүгээр зогсохгүй бүр хэрэгжүүлчихлээ. Харамсалтай нь, түүний эл санаачилга тус бус, ус л болоод байна. Үнэн хэрэгтээ дугаар хязгаарлалаа гээд түгжрэл, автомашины импорт, худалдан авалт буурсангүй. Харин ч эсрэгээрээ нэмэгдсээр байгаа.
Х.Нямбаатар өмнө нь “Улаанбаатарт 2025 онд ямар ч хөдөлгөөн хийх боломжгүйд хүрч, өдрийн турш тэг зогсоно. Тиймээс зовлонгийн шалтгааныг олж, ангижрах ёстой” гэж тайлбарлаж байв. Үнэн хэрэгтээ Улаанбаатарын зовлонгийн шалтгаан нь автомашины дугаар бус, харин коммунист санаачилга гаргагч Х.Нямбаатар л болчхоод буйг өдгөө өрнөж буй үйл явдлууд харуулна.
М.ОЧ