Хотын удирдлагууд хүний эрхийг боомилж байгааг эсэргүүцсэн иргэдийн төлөөлөл өчигдөр Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай мэдээллийг иргэн Ш.Ербол, Л.Эрдэнэтүрүү, Ч.Отгонжаргал нар Цэцэд гаргасан юм. Уг хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аар яаралтай горимоор баталсан билээ.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 9.1-т “Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно”, 17.1.3-т нийслэлийн ИТХ “...нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн тогтоох...” гэж заажээ. Эдгээр заалт нь Үндсэн хуулийн 5.2 дахь “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 5.3-ын “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” зэрэг заалтыг зөрчсөн гэж мэдээлэл гаргасан иргэд дурдлаа.
Нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд дээрх хуулийг дагалдуулан Нийслэл хотод олгох Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай тогтоол баталсан. Уг тогтоолд тусгаснаар Улаанбаатарт олгох автомашины улсын бүртгэлийн дугаарыг 730 мянгаар хязгаарлан, энэ сарын 8-наас хэрэгжүүлж эхэлсэн юм. Хотын дарга Х.Нямбаатарын гэх “автор”-той дээрх шийдвэрийн уршгаар нийслэлд автомашины дугаарын эрэлт эрс ихсэж, тэр хэрээр үнэ нь ч нэмэгдсээр байна. Ташрамд дурдахад, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд зааснаар Цэцийн гишүүн иргэдийн өргөдөл, мэдээллийг 14 хоногийн дотор хянаж, хариу мэдэгдэх ёстой юм.
М.Оч