Хилийн чанадад ажиллаж, амьдардаг13 095 иргэн төрийн сонгуульдаа оролцож, санал өгөхөөр бүртгүүлсэн билээ. Нийт 34 улсад Монголын дипломат төлөөлөгчийн 47 газар байрлаж буй юм. Иргэд энэ сарын 20-ноос эхлэн тухайн бүс нутгийнхаа 07.00 цагаас 23-ны 22.00 цаг хүртэл саналаа өгч байгаа. Санал авах үйл явц цагийн зөрүүнээс шалтгаалаад хамгийн сүүлд өнөөдөр АНУ-ын Сан-Франциско хотод 13.00 цагт дуусах аж. БНСУ-д хамгийн олон буюу 2983, АНУ-д 1862, Японд 1441, Австралид 1282 хүн бүртгүүлсэн юм. Мөн Египет, Кувейт улсад хамгийн цөөн буюу тус бүр 12 сонгогч санал өгөхөөр бүртгүүлжээ.
СЕХ-ны мэдээлснээр өчигдрийн үдээс хойших байдлаар хилийн чанад дахь сонгогчдын ирц 51 хувь байлаа. Кувейтэд амьдарч буй 12 монгол иргэн бүгд саналаа өгчээ. Мөн Лаос, Беларусь, Египет зэрэг 10 орчим улсад ирц 90-ээс дээш хувьтай байв. Монгол иргэдийн амьдарч буй бүх хот, улсад манай ЭСЯ байхгүй учраас зарим нь 1000 км хүртэл явж, дипломат төлөөлөгчийн газраа очсон гэнэ. Түүнчлэн гэр бүлээрээ очиж саналаа өгсөн хүн цөөнгүй байжээ. Гадаадад амьдарч буй иргэддээ улс төрийн сонгох эрхээ эдлэх боломж олгохын тулд сонгуулийг дөрвөн өдрийн турш зохион байгуулж, үүний хоёрыг нь амралтын өдрөөр тааруулсан билээ. Тиймээс ирц боломжийн сайн байсныг СЕХ-ныхон мэдээлэв.
Хилийн чанадад амьдарч буй иргэдийн саналыг авч дууссаны дараа салбар комиссууд битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас болон бусад баримт, бичгийг төв комисст, төв комисс нь СЕХ-нд хүргүүлдэг. Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг санал авах өдрийн 22.00 цагаас ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан өөрийн байранд ил тод, нээлттэй явуулах юм.