-Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төвийн ажил анх яаж эхэлж байв?
2016 оны арван сард Нийслэлийн залуучуудын хөгжлийн төвд томилогдоод 250 метр квадрат газартай хоосон заал хүлээн авч байлаа. Би үүнийг маш том боломж гэж харсан. Зураг төслөө гаргаад сууж байхдаа яаж дүүргэнэ дээ биш энэ газар олон сайхан залуучуудын хөгжлийн суурь болж болох юм байна гэж баяртайгаар хүлээж авсан. Манай төв өөрийгөө хөгжүүлье гэсэн залуу хүн бүрийн өмнө нээлттэй. Хэрвээ та ажлын байргүй бол энд конторлож болно. Би энэ төвөө залуус эд оволзсон, номын сан, кофе шопд сууж залуус юм хийдэг шиг л чөлөөтэй ашиглаасай гэж хүсдэг. Тэглээ гээд бид мөнгө нэхэхгүй.
-Үйл ажиллагаа нь юунд түлхүү чиглэдэг вэ?
-IT -ийн салбар ирээдүйд манай улсын тэргүүлэх чиглэлийн салбар болно гэж хардаг. Мэдээллийн технологи бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал. Бидний ген сайн, ой тогтоолтоороо толгой цохидог залуустай тул энэ чиглэлээр тэргүүлэх боломжтой. 100 жилийн дараа Монголчууд нүүрсээ ухаад дуусна. Бид далайд гарцгүй учраас материаллаг бааз үйлдвэрлээд амжилт олохгүй. Энэ чиглэлээр залуус бэлтгэх болсон нь БНСУ-д сурж байсан маань ч нөлөөлсөн байх. Энэ чиглэлээр ажилгүй хүмүүс их байна бас ажил хийдэг ч цалин багатай ажилладаг. Харин Солонгосын залуучууд 4000 долларын цалинг голоод ажилладаггүй. IT- ийн чадвартай залуучууд зургаа долоон мянган долларын цалин аваад хөгжөөд явж байна. Энэ хоёрын хоорон дахь хөдөлмөрийн хөлс болон зах зээлийн бололцоог хооронд нь холбож өгөх нь чухал.
-Одоо залуусд ямар боломжийг нээж өгөөд байна, та бүхэн цаашид юу хийхээр төлөвлөв?
-IT-ийн чиглэлийн онцлох давуу тал бол "Орон зай үл хамаардаг байдал". Бид их сургуульд дөрвөн жил үздэг хичээлийн програмыг нь багцлаад дөрвөн сард зааж өгдөг. Сургалтуудаа тогтмол авч байгаа бөгөөд хичээлүүд нь үнэ төлбөргүй. Хэрэглээний хичээл, вэб дизайн, вэб хөгжүүлэх, жава хөгжүүлэх гэх мэт. Гол нь сайн суралцагчиддаа эх орондоо Солонгос улсад ажиллаж байгаа юм шиг өндөр цалин авч болох бололцоог нь бүрдүүлж өгнө. Есдүгээр сарын 8-ны өдөр МKIT Educational Center мэдээлэл технологийн сургалтын төвтэй хамтран "Монгол Солонгосын мэдээллийн технологийн сургалтын нээлттэй ажлын байрны өдөрлөг"зохионо.
-Залуус хэр идэвхтэй байна?
-Манай сургалтанд 1600 орчим залуус бүртгэлтэй байгаа. Гэхдээ бүртгүүлчихээд алга болдог, бүртгүүлсэн 60 хүнээс 40 нь ирдэг гэх мэт хайнга байдал их гардаг. Энэ хэмжээгээрээ залуусын идэвх сул байна.
-Залуу Монгол хүнийг та ямар байгаасай гэж боддог вэ?
-Нэгдүгээрт эерэг байгаасай. ОНМХ-ээр цацагдсан хамгийн хандалт өндөртэй мэдээг харахад хар мэдээ л зонхилох юм. Залуу хүмүүс их сөрөг байгаагийн илрэл юм уу даа. Замын түгжрээг хүртэл эерэгээр харах боломжтой. Хэрвээ хайртай хүнтэйгээ хамт явж байгаа үед бол зам түгжрээд л байгаасай гэж хүснээ. Тийм болохоор эерэг байцгаая. BX-ийн дуун дээр гардагчлан."Халаас хоосон ч надад эрх чөлөө байна. Хамгийн гоё нь би залуу байна" гэдэг. Ийм л сэтгэлгээгээр залуус өөдрөг байгаасай.
-Хоёрдугаарт зоригтой мөрөөдөх хэрэгтэй. Одоогоос 19 жилийн өмнө хорин настай би маш аймшиггүйгээр мөрөөддөг байлаа. "SAMSUNG mobile" компани дээр "Би залуу бизнесмэн байна. Танай утасны цэсийг Монгол руу үнэгүй орчуулаад өгье. Тэгээд Монгол цэстэй SAMSUNG MOBILE гэдэг утсыг Монголд оруулж ирэхийг хүсч байна" гээд гадаад худалдааны менежирүүдтэй нь уулзаж байлаа. Тэд миний өөдөөс хараад инээж байсан. Чамайг үнэлж байгаа ч энэ нөхцөлд бол бид 10 мянгыг л зардаг. Чи мөнгөө цуглуулаад ир тэгвэл бид мэнюг нь хийгээд өгье гэж байсан. Би тэр үед нүүр улайгаад ичээд гарч байлаа. Би тэр явдлаас асар их сургамж авсан. Одоо ч гэхдээ өөрийгөө хөгширчихлөө гэж боддоггүй. Миний дараагийн мөрөөдөл бол Монголд IT-ийн коллеж байгуулах. Дараа нь бид IT чиглэлээрээ дэлхийн шилдэг орны нэг болно гэж найддаг.
-Гуравдугаарт бүтээлч инженер сэтгэлгээтэй бай
Би хорин настайдаа гадагшаа анх сургуульд сурахаар явсан. Хичээлийнхээ хажуугаар долоо хоногийн долоон өдөр гурван компанид ажилладаг байлаа. Тэр үед нэг цаг ч зүгээр сууж үзээгүй. Метронд хорвоо ертөнц яаж эргэж байгааг мэдэхийн тулд мэдээ уншаад л... Амралт баярыг яаж тэмдэглэх тал дээр туршлага муутай. Одоо ч гэсэн. 12 сарын 31-нд ганцаараа контейнерт ачаа зөөж шинэ оноо гаргаж байсан дурсамж надад байдаг. Энэ үедээ ямар ч ажлаас айдаггүй шантардаггүй болохоор залуу нас хамгийн сайхан үе.
-Дөрөвдүгээрт: Парлон шиг бай. Миний аавын хэлдэг байсан үг л дээ. Парлоныг ус руу шидчихээр ус шингээгээд авдаг, чернельд дүрэхээр чернел шингээгээд авдаг. Буцаад чернелээрээ арчиж болно. Өөртөө юм шингээж нааж чадна гэдэг бүтээлч чанарыг илтгэнэ. Инженерийн сэтгэлгээтэй бай, парлон шиг бай гэдгийг би одоо бүтээлч бай гэж ухаарсан. Залуу хүн юм мэдэхгүйгээсээ биш залхуугаасаа ичих ёстой.
Манай сургалтыг төгссөн Алтангэрэл гээд залуу байна. Манай сургалтыг төгсөөд энэхүү төвийнхөө вебийг хийж байна. Одоо ажлын цаг дуусаад долоо өнгөрч байхад сууж байгааг нь хараад бахархдаг. Одоо сарын 400 мянган төгрөгний тэтгэлэг авч байгаа. Энэ бол цалин биш одоохондоо тэтгэлэг төдий юм. Би одоогийн залуусыг яг энэ залуу шиг хөдөлмөрч, бүтээлч, тууштай, хамгийн гол нь эерэг байгаасай гэж хардаг. Гэгээн мөрөөдөлтэй ийм залуусыг бид залуусыг бид 100 хувь дэмжих болно.
Мэдээлэл өгч ,мөн залуусд энэ бүх боломжийг олгож байгаад нь нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Чадварлаг залуусын бужигнасан мэдээллийн технологийн газар болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Байгууллагын үйл ажиллагааны талаар https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/ fb линкээр дамжин үзнэ үү.