Дэлхийн дэвжээнд сүүлийн гурван жил дараалан хүрэл медалийн төлөө барилдан, хоёрт нь ялж, монгол түмнээ баярлуулсан Гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяртай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэн хүлээн авна уу.
Азийн болон залуучуудын дэлхийн аварга, УАШТ-ий дөрвөн алтан медальтай Гавьяат маань дэлхийн хошой медальтан болсноосоо хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн нь энэ.
-Дэлхийн дэвжээнд дөрвөн удаа зодоглохдоо гуравт нь хүрэл медалийн төлөө барилдсан хүчтэн, та. Шагналын тавцанд зогсож байхад түрүүлж чадсангүй гэх харуусал, ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо гэх бахдалын аль нь танд илүү төрсөн бэ?
-Чөлөөт бөхийн спортод хайртай, дуртай Монголын ард түмнийхээ дэмжлэг, сайхан сэтгэлийн дэмээр хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Би энэ жилийн ДАШТ-д зөвхөн түрүүлнэ л гэж зорьж, өөртөө дэндүү итгэлтэй байсан юм. Бэлтгэл сайтай байсан болоод ч тэр үү, бүр нэг бяр амтагдан, хэнийг ч дийлчихмээр санагдаж байлаа. Даанч Японы бөхтэй хийсэн барилдааны эхэнд хоёр оноо алдсан нь бүхнийг баллаж орхисон.
Өөртөө хэт итгэлтэй байдаг минь заримдаа сул тал болох нь цөөнгүй. Амжилтдаа сэтгэл дундуур байна. Гэхдээ олзны бага нь амттай гэдэг. Тиймээс хүрэл медалиа юу гэж чамлах вэ. Шигшээд шалгарсан бөх ялагдлаа гэхэд мөнгөн медаль хүртэнэ. Ялж байж авдаг болохоор хүрэл медаль надад сайхан санагддаг. Бид ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ долдугаар сарын 16-наас наймдугаар сарын 9-ний хооронд Өвөрхангай аймаг дахь Дагваа (Д.Дагвадорж) аваргын жуулчны баазад хийсэн.
Манай холбооныхон энэ жил анх удаа дэлхийн дэвжээнд зодоглох бөхчүүдээ сорил тэмцээнээс сонгосон нь том дэвшил байлаа. Бусад холбооныхон биднээс үлгэрлээсэй гэж хүсдэг. Өнөө өглөө (өчигдөр) эх орондоо ирэхэд их сайхан мэдрэмж төрлөө. Хэдийгээр ДАШТ цөөхөн хоног болсон ч нутгаа зөндөө санажээ.
-Та хагас шигшээд Японы бөх Юки Такахашид дийлдсэн. Уг нь түүнийг өмнө нь ялж байсан. Тухайн өдрийн од гийсэн бөхтэй барилдах эвгүй гэж бөхчүүд ярьдаг.
-Түрүүлэх бөх нь тэр бус, би байсан юм, уг нь (инээв). Өмнө нь буюу 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ гуравдугаар тойрогт ялж байсан болохоор дахиад дийлнэ гэж бодож байлаа. Өөртөө хэтэрхий итгэлтэй, анхаарал сул байсны улмаас барилдааны эхэнд хоёр оноо алдсан нь медалийн өнгийг шийдчихлээ.
Сугалаа нэлээд хатуу таарч, сайн сайн бөх манай хэсэгт багтсан юм. Тэгж таарсанд нь эмээхээсээ илүүтэй баярлаж байлаа. Жингийнхээ шилдгүүдийг өвдөг шороодуулан, түрүүлбэл бүр гоё гэж бодсон хэрэг.
-Өмнө нь хоёр ч удаа хүрэл медалийн төлөө барилдсан туршлагатай болохоор ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт В.Дубовтой барилдахад давуу тал их байсан болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Түүнтэй хүрэл медалийн төлөө барилдахаар дэвжээнд гарахынхаа өмнө аль болох элдэв зүйл бодохгүй, тайван байхыг хичээсэн. Ер нь адилхан л дэлхийн медальтай болохоор Дубовоос айж, бэргэнэ гэж юу байх вэ. “Ялна. Чадна” гээд л барилдсан. Хүрэл медалиа энгэртээ гялалзуулан, шагналын тавцанд зогсож байхдаа аавыгаа их үгүйллээ, А.Энхээ багшаараа бахархлаа. Багш минь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай, Гавьяат тамирчин цолтойг бөхийн хорхойтнууд андахгүй.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хос медальтан болж, багшийнхаа амжилтыг давтсандаа хүрэл медаль хүртсэнээсээ дутахгүй баярлаж байна. Уг нь дэлхийн аварга болж, багшийнхаа гарч үзээгүй шагналын тавцанд зогсон, магнайг нь хагартал баярлуулахыг хүссэн юм сан. Даанч чадсангүй. Тийм сайхан өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэдэг.
Энэ жил багш минь ДАШТ-д хамт явж чадаагүй. Намайг хүрэл медаль хүртэхэд их баярласан гэнэ лээ. Гэхдээ шигшээд шалгараасай, бүр цаашлаад аварга болоосой гээд дээлийн минь захыг мушгиж суусан нь лавтай. Зорьж явахад алсдаа болох байх аа. Энэ амжилтад чөлөөт бөхийн спортод хайртай олон хүн, байгууллагын дэмжлэг, гавьяа их бий.
Хэрвээ тэд дэмжиж туслаагүй бол би өнөөгийн амжилтад яагаад ч хүрч чадахгүй. Намайг үргэлж дэмждэг Монголын чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир, спортын газар, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар, Үндэсний шигшээ багийн алба, “Хангарьд” спорт хороо, Х.Бат-Эрдэнэ захиралтай “Алтай констракшн” компанийн хамт олонд талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Энэтхэгийн лигт барилдсан үетэй давхацсаны улмаас энэ жилийн УАШТ-д өрсөлдөж чадаагүй. Ер нь гаднын лигт барилдсан нь өнөөгийн амжилтад хэр ташуур өгөв?
-Өө, ер нь олон талын давуу талтай. Адаглаад л энэтхэг бөхтэй барилдаж сурна. Би энэ жил Энэтхэгийн лигт хоёр дахь удаагаа урилгаар оролцлоо. Манай баг зургадугаар байрт шалгарсан. Би нийт гурван барилдаан хийж, хоёр ялж, нэг дийлдсэн. Дараа жил дахиад уривал барилдана аа.
Өнөөгийн амжилтад томоохон хөшүүрэг болсон бас нэг хүчин зүйл бол яахын аргагүй жингийн өрсөлдөөн. Номин найзтайгаа олон жил 57 кг-д өрсөлдөн, бие биенээ ирлэлээ. Хоёулаа ДАШТ-ээс медаль хүртэн, Гавьяат тамирчин болсноороо бахархаж явдаг.
-Та А.Энхээ гавьяатын шавь болж, чөлөөт бөхийн спорттой амьдралаа холбоод 13 жил болжээ. Ахтайгаа хамт хичээллэдэг байсан бил үү?
-Тийм ээ. Би эхээс хоёулаа. Ахыг минь Э.Бөхбаяр гэдэг. Спортын мастер цолтой. Надаас ганцхан насаар ах. Оонын эвэр шиг тэрсхэн өссөн болохоор сав л хийвэл барилдана, зав чөлөө олдвол ноцолдохыг илүүд үзнэ. Аав, ээж хоёр минь ер түвэгшээж, “Боль” гэдэггүй байсан сан. Би үндэсний бөхөөр барилддаг байсан ч намхан болохоор гавьтай амжилт гаргаж чадаагүй. Аав бөхөд хорхойтой, хангайн нуруу шиг налгар сайхан хүн байсан.
Бид хоёрыг бөх болгоё гэхэд ээж дуртайяа зөвшөөрсөн гэдэг. Тэгээд л биднийг 2004 оны есдүгээр сарын 15-нд чөлөөт бөхийн дугуйланд хөтлөн аваачиж, А.Энхээ багшийн шавь болгож байлаа. Төдийгөөс өдий хүртэл надтай үргэлж хамт байж, жаргал зовлон, ялалт, ялагдлын баяр гуниг хосолсон бүх л үеийг хуваалцсан ачтан бол багш минь. Ийм мундаг хүний шавь болсноороо үргэлж бахархаж, хүндэлж явдаг.
Тэргэнцэр дээр суудаг ч их спортод бүхий л амьдралаа зориулж яваа хүн дээ. Мэхийг өөрийн биеэр үзүүлж чаддаггүй ч тун ойлгомжтой, тодорхой заадаг. Багшийг яривал эхнэрийнх нь тухай дурдахгүй өнгөрч болохгүй. Олон улсын шүүгч Л.Болормаа гэж хүн бий. 30 хүрээгүй насандаа хөгжлийн бэрхшээлтэй болсон багшийг минь өдий хүртэл асарч яваа, гайхалтай хань нь. Болороо багш саяны ДАШТ-д надтай хамт явсан.
-Зөвхөн чөлөөт бөхийн зүтгэлтэн, тамирчин, дасгалжуулагч бус, хүнийх нь хувьд багшаасаа үлгэрлэж явдаг зүйл бий юү?
-Байлгүй яах вэ. Тайван, уурлана гэж бараг үгүй. Хэмжээлшгүй их сэтгэлийн тэнхээнийхээ хүчээр өөрийгөө хөглөж яваа хүн. Бас хамгийн хэрэгтэй үед нүдээ олсон зөвлөгөө өгч, дасгалжуулалтын төлөвлөгөө гаргаж чаддаг. Хүссэн үедээ алхаж, гишгэж чадахгүй байх хэцүү.
Багшийгаа өрөвдөх үе заримдаа гарах л юм. Хөдөлмөр, зүтгэлийг нь аль болох амжилтаараа шагнаж байхыг хичээдэг.
-Өдий хүртэл оролцсон тэмцээнүүдээс хамгийн дурсамжтай нь аль бол?
-Олон бий шүү. Чөлөөт бөхөөр хичээллээд гурван жил болсныхоо дараа оролцсон нэгэн сорил тэмцээнд өрсөлдөхдөө айхтар загнуулсан минь санаанаас ер гардаггүй юм. Багшдаа анх удаа зэмлүүлсэн нь тэр.
-Та өөртөө их итгэлтэй, олимп, дэлхийн медальтай байсан ч хамаагүй ямар ч бөхийг ялна гээд л барилддаг. Өөртөө итгэх итгэл, сэтгэлийн хүчийг юунаас авч, хөглөгддөг вэ?
-Бэлтгэл сайтай байх тусам өндөр амжилт гаргана, ямар ч шилдэг бөхийг ялна гэх итгэл төрнө. Тэмцээнд хэр итгэлтэй оролцох нь бэлтгэлээс шууд хамаардаг. Зарим сэтгүүлч надаас өнөөгийн амжилтын нууц тань юу вэ гэж асуудаг. Тэгэх бүрт нь би огт эргэлзэлгүйгээр багш, ээж хоёроо онцолдог.
Ээжийг минь Алтанхундага гэдэг. 2010 онд айхтар бэртэн, жил гаруйн хугацаанд тэмцээнд оролцож чадахгүй, эмчлүүлэхэд хэцүү байсан шүү. Тэр хүнд үеийг би багш, гэр бүл, хамт олныхоо дэмээр туулсан.
-Аав тань 2012 онд бурхан болсон юм билээ. Арай эрт өөд болчихлоо, амьд сэрүүнд нь баярлуулж чадсангүй гэж харамсдаг уу?
-Би энэ талаар үргэлж боддог. Яасан эрт аавыг минь аваад явчихав даа гэж цөхрөх үе ч цөөнгүй. 2012 онд зуурдаар нас барахад нь би залуучуудын дэлхийн аварга ч болж амжаагүй байсан шүү дээ. Намайг багад аав минь “Миний дэлхийн аварга хүү” гээд өхөөрддөг байсан. Өнөөгийн амжилтыг зөгнөж байсан гэдэгт би итгэдэг. Тэгж бодохоор сэтгэл тайвширдаг юм.
Бэлтгэл дээр аль болох очин “Уухайс, болж байна, хүү минь. Мундаг шүү” гээд хүнгэнэтэл инээгээд суудаг сан. Хөөрхий минь арай л эрт бурхан болчихлоо. Амжилт гаргах бүртээ би аавыгаа үгүйлдэг. 2015 онд Гавьяат тамирчин цол хүртэн, Төрийн ордноос гарч ирэхэд ойр дотнынхон, найз нөхөд, чөлөөт бөхийн хүрээнийхэн маань угтаж, баяр хүргээд үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байсан ч аавын минь орон зай, нөмөр нөөлөг их үгүйлэгдэж байлаа.
Амьд сэрүүн байсан бол хэчнээн их баярлах байсан бол. Гэхдээ тэнгэрийн орноос харж, хүүгээрээ бахархаж явдаг байх аа.
-Риогийн олимпын дэвжээнд эхний тойрогт Сенегалын бөх Адама Диатад дийлдэн, тааруу амжилт үзүүлсэн. Алдаагаа хэрхэн дүгнэсэн бэ?
-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр “тэгсэн бол, ингэсэн бол” гэж ярих дэмий болов уу. Алдааг бусдаас хайж, өөрийнхөө бурууг анзааралгүй өнгөрчих вий дээ гэж болгоомжилсон. Үүнд би л буруутай. Яагаад ялагдсанаа, чамлахаас аргагүй амжилт гаргасныхаа учрыг би одоо ч олохгүй байна.
Хар дарсан зүүд шиг барилдаан болсон. Өөртэйгээ эн тэнцүү юм уу, олимп, дэлхийн медальтай бөхөд ялагдсан бол ондоо хэрэг. Гэтэл би хэний ч танихгүй, онцгойлох амжилтгүй бөхөд дийлдсэн. Тэр хэрээрээ олноос ирэх шүүмжлэл их байсан шүү.
-Тэр бүхнийг даван туулж, шинээр эхлэх амаргүй байсан болов уу?
-(Толгой сэгсрэв). Үнэнийг хэлэхэд эх орондоо ирэхээс халгаж байлаа. Гэхдээ эргээд бодох нь ээ тэр бүхэн намайг хурцалж, ирлэсэн юм билээ.
-Ойрын хугацаанд тэмцээнд оролцох уу. Эсвэл түр амрахаар төлөвлөж байна уу?
-Сайхан амарна аа. Эхний том давааны ард гарлаа. Би Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул. Нутагтаа очих санаа байна, амжих нь уу, үгүй юү. Юуны өмнө ДАШТ, Азийн наадамд түрүүлэх нь миний ойрын зорилт. Тэрний дараагийн зорилт мэдээж Токиогийн олимпоос медаль хүртэх.