Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй ярилцлаа.
-Сайн байна уу! Энэ их үймээний үед цаг зав гаргасанд баярлалаа.
-“Өнөөдөр” сонины уншигчдад болон танд энэ өдрийн мэнд хүргэе! Та үймээн гэж хэллээ. Энэ бол үймээн биш. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж байгаа нь энэ. Нийгэмд шударга ёсны хэмжүүр алдагдаж, төрт ёс, хууль журам уландаа гишгэгдсэнээс үүссэн ард түмний эсэргүүцлийн салхи гэж би бодож байна.
Эмх замбараагүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсаар одоо бүр төр мафижиж, нам компаничлагдаж дууслаа. Нийгмийн баялаг хэдхэн эрх мэдэлтний гарт нууцаар төвлөрч, ард иргэдэд ямар ч хүртээмжгүй байдлаар зарцуулагдаж, иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтсоор байна. Баян, хоосны ялгаа туйлдаа хүрлээ. Одоо л энэ байдалтай цаг алдалгүй тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтоож, бодлогын эрс шийдэмгий томоохон өөрчлөлт хийхгүй бол жинхэнэ утгаараа үймээн болж, нийгмийн эмх замбараагүй байдал бий болоход ойрхон боллоо.
Бурхны сургаалд “Чи хэрвээ зовлонгоос ангижиръя гэвэл, эхлээд зовлонгийн шалтгааныг ол” гэсэн байдаг. Тэгэхээр монголчууд бидэнд зовлон байна. Тэр зовлон бол мөнгө цагаан, нүд улаан гэдэг шиг улс төр, бизнесийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон хэсэг эрх мэдэлтнүүдийн мафижсан бүлэглэл төрд бий болсон явдал.
Бүр сүүлдээ хууль хяналтын байгууллагууд ч энэ бүлэглэлийн өмнө толгой гудайлган, гар хөл нь болон үйлчилдэг болоод байна. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Эцэг өвгөдийн минь байгуулсан Эх орончдын нам ч үүний өмнө өвдөг сөхрөх ёсгүй.
Энэ бүхнийг л бид тас цохиж цэгцлэх учиртай. Ард түмэн ч үүнийг л хүсэн хүлээж байгаа. Нэг ёсондоо шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна шүү дээ.
-Та тэгвэл өмнө нь үүнийг ярихгүй яагаад Шадар сайд болж хамт ажиллаад байсан юм. Та ч бас хариуцлага хүлээх ёстой хүний нэг биш үү?
-Энэ тухай би яриагүй биш олон удаа ярьсан. 2016 оны сонгуулийн дараа би М.Энхболд даргад 65 суудал гэдэг ард түмний том итгэл найдвар, ардчиллын богино түүхэнд манай намд олдох ховор боломж. Тийм учраас нийгэмд шударга ёсыг тогтоож, хууль хяналтын байгууллагыг улс төрөөс ангид байлгаж, баялгийн оновчтой хуваарилалт, төрийн стандарт тогтоох, Үндэсний хөгжлийн загвар гаргаж, эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа тодорхойлох, үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаа шийдэх гээд түүхэн цаг хугацаа тохиож байна. Иймээс намын дарга та Ерөнхий сайд болох ёстой. Энэ том шинэчлэлийн төлөө цаг алдалгүй хамтдаа зүтгэе гэсэн.
-Гэтэл өөрөө бололгүй Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилчихсон...
-Тэгсэн. Хариултаа гүйцээчихье. Тэгээд анхны томилгоонуудаас эхлээд л ёстой мордохын хазгай болсон доо. УИХ, намын Удирдах зөвлөлийн гишүүдийнхээ саналыг ч сонсолгүйгээр цөөн хэдэн дарга нарын хүрээнд томилгоо хийсэн нь МАН-ын боловсон хүчний бодлогыг бүхэлд нь нураасан. Төрийн байгууллагын удирдах, удирдуулах ёс алдагдаж, мэргэжлийн биш мэрэгчдийн Засгийн газар бий болж эхэлсэн дээ. Төрийн боловсон хүчний бодлого Төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд, хундаганы ард шийдэгддэг болсон.
Би нэг зүйлд их харамсаж байгаа. Энэ намын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн, мэдлэг боловсролтой, төрийн албаны дадлага туршлагатай, итгэл сэтгэлтэй намын олон зуун гишүүн гудамжинд үлдэж, хэзээ, хаана явсан нь мэдэгдэхгүй, дээгүүр харсан дэвхрэгнүүдээр төрийн алба дүүрсэн.
Та бод доо, сайд нь Төрийн нарийнаа, Төрийн нарийн нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа больсон. Зүйрлэж хэлэх үг ч олдохгүй юм.
Эргэж буцсан тооцоо судалгаагүй шийдвэрүүд гаргаж, олон нийтийн дургүйцлийг хүргэж эхэлсэн. Энэ нь ч ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж, амласан амлалтаа биелүүлээгүйд иргэд бухимдах болсон.
Татвар нэг нэмнэ, төд удалгүй өөрчиллөө гээд л. Энэ болон бусад асуудлаар Засгийн газрын хуралдаанд би олон удаа саналаа хэлж байсан. Энэ бүгд протоколд тэмдэглэгдсэн байгаа. УИХ-ын 65 суудалтай эрх баригч намын засаг гэхэд үнэндээ дэндүү сулбагар, удаан, шийдэлгүй нэг жилийг өнгөрөөлөө. Үүнийг манай намын бүлгийн гишүүд удаа дараа шүүмжилж, засахыг хичээсээр ирсэн. Хэлсэн, ярьсан зүйл маань хэрэгжихгүй болохоор итгэл алдарч, Шадар сайдын хувьд хариуцсан ажлаа л сайн хийхийг хичээх болсон доо.
-Та Засгийн газрын энэ тодорхойгүй байдал Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгаан байсан гэж хэлэх гээд байна уу?
-Мэдээж үүнд олон шалтгаан бий. Гэхдээ эрх барьж байгаа намын нүүр царай нь Засгийн газар байдаг. Бүх анхаарал Засгийн газар дээр төвлөрдөг. Засгийн газар хэрхэн ажиллахаас намын нэр хүнд, сонгуулийн үр дүн шууд шалтгаална. 2016 оны сонгуулийн дараахан 49 хувьтай байсан намын рейтинг Еөнхийлөгчийн сонгуулийн өмнө 21 хувь болж буурсан нь үүний нотолгоо. Ийм байдалд хүргэсэн албан тушаалтнууд намын хамт олноосоо уучлал гуйж, хариуцлагаа хүлээх ёстой. Аль ч улсад байдаг л улс төрийн соёл шүү дээ.
Одоо олон юм ярьж, өөрсдийгөө өмгөөлж, гаргасан алдаа дутагдлаа бусдад тохох гээд хэрэггүй. Харин намын жирийн гишүүд дэмжигчид болон энэ сонгуульд нүүрээ түлж, улаа эргэтэл зүтгэсэн бүх хүнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй.
-УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлчихлээ. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой юм биш үү?
-Би ч гэсэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэсэн байр суурин дээр байдаг хүн. Гэхдээ тогтвортой байдал гэсэн нэрийн доор болж бүтэхгүй, шударга бус зүйлсийг хаацайлан хамгаална гэсэг үг биш.
Засгийн газрын гишүүдийнхээ хувийн болон нэгдмэл ашиг сонирхолтой компаниудад 807.8 тэрбумын концесс өгдөг бусармаг явдлыг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.
“Эрдэнэт”, “Монросцветмет” зэрэг томоохон үйлдвэрийн асуудлаар УИХ нь шийдвэр гаргачихаад байхад хэрэгжүүлэхгүй байгаагаа тогтвортой байлгах гээд байгаа юм уу.
Хөгжлийн банк, Монголбанк, нөгөө алдарт бондын асуудлаар буруутнуудад хариуцлага тооцохгүй хаацайлаад байгаа байдлыг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.
Хууль, хүчний байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж, нэр хүндийг нь шавар шавхайтай хутгаж байгааг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.
Намын рейтинг, Засгийн газрын нэр хүнд 60 орчим хувиар навс унаж байгааг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.
Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, шударга ёс алдагдаж байгааг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.
Монгол Улс дэлхийд нэг хүнд ногдох малын тоо, газар нутгийн хэмжээгээрээ нэгд, байгалийн баялгаараа дэлхийн арван баян улсын нэг атлаа гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Энэ бүхнийг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.
Ийм учраас тогтвортой байдал гэдэг нэрийн доор тогтворгүй байдлыг хаацайлж, шударга ёсыг алдагдуулж байгаа сахилга хариуцлагагүй, эмх замбараагүй байдлыг таслан зогсоохоор УИХ-ын гишүүд санал нэгдсэн гэж би ойлгож байна.
-Одоо хувь хүнтэй холбоотой асуулт руу оръё. Таныг сонгуулиар намынхаа эсрэг ажилласан гэсэн яриаг зарим хүн гаргасан. Та намаасаа урвасан юм уу?
-Би эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй. Энэ үгийг би одоогоос 20 жилийн өмнө журмын нөхдөдөө хэлж байсан. Энэ бол миний амьдралын философи.
Ардын нам бол миний эцэг өвгөдийн нам. Би энэ намд 17 настай байхдаа элссэн. Өлсөж цангаж, жагсаж цуглаж, өгсөж уруудаж, ялж ялагдаж, тэмцэж зүтгэсэн миний амьдралын 32 жилийн түүх энэ намтай салшгүй холбоотой.
Би анх 1991 онд тухайн үеийн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон, нарийн бичгийн дарга Н.Багабанди гуайг байхад намын төв аппаратад улс төрийн ажилтнаар орж ажилласан. 1994 онд намаа хамгаалж өлсгөлөн зарлаж, 1996 онд нам маань сонгуульд ялагдаж, намын байраар залуу хүн үзэгдэхээ больсон тэр үед үе тэнгийн залуусын хамтаар Монгол Улсаа удаа дараа бүтэн тойрч, үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болох МАСЗХ буюу одоогийн НАМЗХ-г үүсгэн байгуулж, анхных нь ерөнхийлөгчөөр ажиллан 40 гаруй мянган залуусыг намдаа нэгтгэж байлаа.
Намынхаа үнэт зүйл, үзэл санааг хамгаалж 20 гаруй удаагийн жагсаал цуглааныг нөхдийнхөө хамт зохион байгуулж, Ардын намын улаан хамгаалагч гэсэн нэр хоч хүртэл зүүж явсан.
2006 онд манай намын байр руу дайрсан сөрөг хүчнийхэнтэй тэмцэж, намынхаа шатсан тугийг парламентын танхимд барьж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж ч байсан.
2008 онд Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, үнс нурам болтлоо шатсан намынхаа байрыг журмын нөхдийн хамт шинээр барих ажлыг удирдаж байлаа.
2010 онд Ард түмнээ сонсох аяныг улс орон даяар зохион байгуулж, олон жил хүсэн хүлээсэн намынхаа уугуул нэрийг сэргээж, үнэт зүйл, үзэл баримтлалаа нөхдийн хамт шинэчилж, зэмлэл, магтаал хоёрыг зэрэг хүртэж явлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ шийдвэр зөв байжээ гэж би боддог.
2016 оны УИХ-ын сонгуулийн ялалт ч үүний бас нэг нотолгоо. Хэрвээ бид намынхаа уугуул нэрийг сэргээж аваагүй байсан бол 96 жилийн түүхтэй Монгол Ардын Нам гэсэн нэр бусдын өмч болох байсан.
Намдаа зүтгэсэн миний амьдралын түүхийн зах зухаас дурдвал ийм байна. Ийм хүн намаасаа урвах уу? Үүнийг зарим хүн мэдэх ч үгүй, зарим нэг нь мартсан ч байж магад.
Энэ сонгуулийн тухайд гэвэл намайг хаана хаана очиж, яаж ажилласныг манай намын гишүүд, олон түмэн, нэр дэвшигч ч өөрөө сайн мэдэж байгаа. Түүнийг дэмжиж хэлсэн үг, сурталчилж ярьсан яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжиж, олон нийтэд хангалттай хүрсэн. Энэ бүхэн баримттай.
Харин сонгуулийн үеэр хуруугаа ч хөдөлгөөгүй, хаа явсан нь харагдаагүй зарим нэг хий үзэгдлүүд одоо их хошуу нэмэрлэж байгаа сурагтай.
-Та сонгуулийн үеэр “Херо” Б.Баатартай холбоотой байсан юм биш үү. Та хоёрын утасны яриа нийтэд ил болсон шүү дээ?
-Хамгийн сайн хариулт бол үнэнийг хэлэх гэдэг. Баатар над руу залгаж ярьсан нь үнэн. Би эвлүүлэг гэж худлаа ярихгүй. Энэ ярианы гол хардлага нь эрлийз морьдын асуудлаас болоод Ерөнхийлөгчийн сонгуульд манай нэр дэвшигч уначихлаа гэх гээд байгаа юм шиг байна лээ.
Урьд нь би 2015 онд Шадар сайдаар ажиллаж байхдаа монгол морь, эрлийз морийг тусад нь уралдуулах журам гаргаж байсан. Үүнийгээ энэ жилийн наадмаар хэрэгжүүлсэн. Уяачдын холбооны удирдлагууд энэ шийдвэрийг маань дэмжиж, олон түмэнд дахин сайтар хэлж ярьж ойлгуулахыг надаас хүссэн. Тухайлбал, Бадамжунай, Сэргэлэн сайд нар энэ тухай удаа дараа ярьж, нэр дэвшигчийн ойрын хүн ч надад намын ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан тодорхой санал ирүүлж байсан. Мэдээж нэр дэвшигч маань өөрөө өөрөөсөө урвана гэж байхгүй биз дээ?
Энэ бүгдээс харахад ямар ч хүнд энэ шийдвэр Баатар болон сөрөг хүчнийхэнтэй холбоогүй болох нь ойлгогдохоор байгаа биз.
Тэгээд ч Баатартай ярьсан яриа бол сонгуулийн дараа, наадмын өмнөхөн болсон.
Би сонгуулийн үеэр сөрөг хүчний нэг ч хүнтэй утсаар ярьж, уулзаагүй. Надад тэгэх шаардлага ч байхгүй. Харин энэ ярианы бичлэгийг олон нийтэд ил болгосон нь намайг тагнаж, чагнаж байгаагийн бас нэг нотолгоо болж байна.
-Таныг тагнасан асуудлаар та ТЕГ, АТГ-т шалгуулахаар хандсан. Гэтэл эцэст нь өөрийгөө тагнасан болчихлоо?
-Батболд гэх залуу намайг хэрэгт орооцолдуулахаар хоёр сар гаруй мөрдсөнөө, уг мөрдлөгөө хэний захиалгаар хийснээ илчилсэн. Уг асуудлыг шалгуулахаар ТЕГ, АТГ-т хандсан чинь саяхан дарга нар нь хэвлэлийнхнийг цуглуулчихсан, намайг өөрөө өөрийгөө тагнасан, яллагдагч болгоно, шоронд хийнэ гэсэн юм ярьчих шиг боллоо.
Тэгээд бас өөрийгөө тагнаж, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн ч гэх шиг юм яриад байх юм. Гомдол гаргасан хохирогч хүн өөрөө шоронд ордог, бусдад мөрдүүлсэн, тагнуулсан хүн өөрийгөө мөрдсөн болчихдог, тэгж мөрдөхөөрөө бүр төрийн эсрэг гэмт хэрэгтэн болчихдог ийм л хуулийн байгууллагатай болчихож дээ, манай улс.
Монголд хууль ёсыг сахиулах ёстой хууль хүчний байгууллага улс төрийн зорилгоор ашиглагдаж, шударга ёсыг уландаа гишгэж байгаад би үнэхээр их харамсаж байна. Монгол төрийнхөө Шадар сайдыг ингэж гүтгэн доромжилж, хилс хэрэгт холбогдуулж байгаа юм чинь жирийн иргэн, бизнес эрхлэгчдийг бол яаж ч мэдэх юм байна л даа. Ер нь энэ бол ганцхан миний ч биш, Монголын төрд зүтгэж байгаа бүх хүний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү.
АТГ надаас байцаалт авахдаа таныг мөрдсөн нь үнэн юм байна, бид тогтоосон, гэрч болон сэжигтнүүдийн мэдүүлгээр нотлогдсон гэчихээд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн баригдаж, намын зарим албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал яригдаад эхлэхээр сэтгүүлчдийг цуглуулаад намайг өөрийгөө мөрдсөн, яллагдагч болгоно, шоронд хийнэ гэсэн мэдээлэл тараагаад байгаа нь хууль хүчний байгууллага эрх мэдэл бүхий цөөхөн хэдэн улстөрчийн гар хөл болчихсон, тэднийгээ хамгаалдаг, өрсөлдөгчдийг нь айлгадаг, шоронд хийдэг, хэлмэгдүүлдэг, хилс хэрэг үүсгэдэг, хэрэг зохиодог хэрэгсэл болчихсоныг баталлаа.
Хэргээ илчилсэн гэрчийг унтаж байхад нь шөнө дөлөөр цонхыг нь хагалан орж, баривчлаад өнөөдрийг хүртэл шоронд хорьж, эрүүдэн шүүж байна.
Гэмт хэргийн тухай мэдээллийг баримтжуулж, холбогдох байгууллагаар шалгуулсан цагдаагийн шударга хоёр алба хаагчийг бас баривчлаад эрүү үүсгэчихсэн. Ингэж болдог юм уу. Хэргээ илчилсэн гэрчийг илрүүлсэн цагдаа нартай нь хамт барьж хориод, эрүү үүсгэж гэмт хэрэгтэйгээ тэмцдэг улс манайхаас өөр байхгүй байх.
-Та цагдаагийн алба хаагчид тусалсан гэлээ. Энэ хэрэгт цагдаад ажилладаг хамаатан дүү чинь оролцсон гэх юм. Энэ үнэн үү?
-Цагдаагийн байгууллагад ажилладаг миний садангийн дүү О.Амарсанаа “Таныг хууль бусаар мөрдөж, тагнах ажиллагаа хийгдэж байна” гэж надад анх хэлсэн. Аливаа гэмт хэргийг илрүүлэх, баримтжуулж авах, урьдчилан сэргийлэх нь цагдаагийн байгууллагын ажилтны үндсэн үүрэг биз дээ? Энэ хүн төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан. Мөн хэргийн талаар харьяаллын дагуу тагнуулын байгууллагад мэдэгдэж, яаралтай шалгуулах нь зүйтэй гэж надад зөвлөсөн.
Би долдугаар сарын 3-нд энэ хэргийг шалгуулах хүсэлтийг ТЕГ-т хүргүүлсэн. Харамсалтай нь, хууль, хүчний байгууллага хүсэлт гаргаснаас хойш бүтэн сар гаруй хугацаанд анхаарал тавиагүй. Хэргийн гэрч Ч.Батболд ТЕГ-т дөрвөн удаа өөрийн биеэр очиж мэдүүлэг өгөх гэсэн боловч хүлээж аваагүй юм билээ.
Дараа нь энэ асуудал ил гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацагдсаны хойно л хууль хяналтынхан хөдөлж эхэлсэн дээ. Эцэстээ энэ хэргийг илчилсэн, хохирсон хүмүүс нь буруутан болж, энэ хэргийг зохион байгуулсан, захиалсан хүмүүс нь олдохгүйгээр хэргийг замхруулна гэж бодож байгаа бол ёстой горьдсоны чинь гарз.
Нэмээд хэлчихэд, хууль бус ажиллагааг зохион байгуулахад оролцож байгаа хууль хяналтын байгууллагын зарим хүн хуулийн өмнө хариуцлага хүлээх цаг ирнэ гэдгийг хатуухан сануулчихъя. Улс төрийн зорилготой хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж, журмын нөхрөө гэмт хэрэгт холбогдуулан жагсаалаас гаргах ийм бохир үйл ажиллагаа миний мэдэхийн манай намд байгаагүй юм даа. Тэр ч бүү хэл шударга үнэний төлөө дуу хоолойгоо илэрхийлж байгаа УИХ-ын зарим гишүүнийг дарамтлан сүрдүүлэх гэж оролдсон мэдээлэл ч байна. Ийм зүйлийг бид зүгээр өнгөрөөхгүй.
Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ.
-Та саяхан болж өнгөрсөн намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр Шадар сайдын ажлаа өгнө гэж хэлээд хурлыг орхиж гарсан гэсэн. Юу болсон юм бэ?
-Тийм ээ, энэ үнэн. Ардын намыг сонгуульд ялагдуулсан нэг хүчин зүйл бол ард түмний дургүйцлийг төрүүлж буй, төрийн албыг үнэлж зарах тухай 60 тэрбумын асуудал. Бид энэ асуудлаар хариуцлага тооцох ёстой. Эс тэгвээс Ардын нам 2020 он болон дараа дараагийн сонгуульд амжилтгүй оролцох том шалтгаан болно. Саяхан явуулсан мэргэжлийн байгууллагын судалгаанд оролцсон нийт иргэдийн 72 хувь нь 60 тэрбумын асуудлаар хариуцлага тооцох ёстой гэж үзжээ. Тэгэхээр бид энэ асуудалд холбогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, эс бөгөөс ард түмэн Ардын намтай хариуцлага тооцох гэсэн хоёр сонголтын өмнө нүүр тулаад байна.
Харамсалтай нь, манай намын удирдлагын зүгээс хариуцлага тооцох биш, хаацайлж хамгаалсан байр суурь илэрхийлсэн учраас миний бие энэ хүмүүстэй цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй болсон гэдгээ илэрхийлж, Шадар сайдын ажлаас татгалзаж өргөдлөө өгсөн.
-Би сэтгүүлчийн хувьд Таныг дараагийн Монгол ардын намын даргад өрсөлдөнө гэж харж байна. Та хэрэв намын даргад өрсөлдөж, ялалт байгуулбал дээр ярьсан зүйлүүдээ хэрхэн яаж шийднэ гэж бодож байна вэ?
-Тийм ээ, би намын даргын сонгуульд итгэл төгс өрсөлдөнө. Ардын нам бол ард түмний нам болохоос олигарх цөөнхийн өмч байж болохгүй. Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойрхон байх тусам хүчирхэгжиж, олон нийтээс алсрах тусам бөхдөг жамтай. Ардын нам цаг үетэйгээ хөл нийлүүлсэн шинжлэх ухаанч, ил тод, хаалттай биш, нээлттэй нам байх ёстой. Тиймээс бид эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, хөгжлийн бодлогод суурилсан, олон нийтэд тулгуурласан орчин цагийн дэвшилт нам болон хөгжиж, түүхт 100 жилийн ойгоо угтах ёстой.
Одоо бид шинэ цагийн “Хичээн эрмэлзэх зүйл”-ээ тунхаглан зарлах цаг болжээ. “Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ” гэж сайхан үг байдаг. Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол бидэнд цаг алга. Хамгийн гол нь монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах учиртай. Ингэхийн тулд бидэнд “Шинэ сэргэлт” авчирсан шийдэмгий бодлого хэрэгтэй байна.
Бид сонгуулиас сонгуулийн хооронд бодлогогүй урссаар ижил гараанаас гарсан улс орнуудаасаа хөгжлийн суурь үзүүлэлтүүдээр хоцорч эхэллээ. Бид дор хаяж хөгжлийн бодлогоо 10-15 жилээр харахгүй бол болохгүй нь. Нэг ярилцлагаар бүгдийг тоочих боломжгүй ч маш товчоор гурван чиглэлээр бодож явдаг зүйлээ хэлье.
Нэгдүгээрт. Баялгийн тэгш хүртээмжтэй, шударга хуваарилалт. Бид стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн орд газруудаа түшиглэн баялгийн сан байгуулах ёстой. Бэлээхэн туршлага Норвеги байна. Баялгийн сангаас хүнээ дэмжсэн орон сууцны цогц хөтөлбөр, жижиг дунд бизнес эрхлэгчдийн гарааг дэмжих хөтөлбөр, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц боловсрол, эрүүл мэндийн цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой. Ер нь бидний өнгөрсөн хугацаанд алдаж ирсэн алдаа бол эдийн засгийг хүний хөгжлийн бодлогоос ангид авч үзэж байсан явдал юм. Иргэдээ дэмжсэн бодлогын үр дүнд бидний олон жил ярьсан чинээлэг дундаж давхарга бий болж бэхжинэ. Мөн баялгийн сандаа тулгуурлан хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал гэх мэт эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг болжээ.
Хоёрдугаарт. Төрийн нэгдсэн стандарт. Нийгэм нь түрүүлж, төр нь хоцорлоо. Төрийн алба нь аль социализмын үеийн тэр л бүтэц системээрээ ажиллаж байна. Энэ олон ашиггүй, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, үйл ажиллагаа нь уялддаггүй яам, тамгын газруудыг төрийн нэгдсэн стандарт гаргаж эмхэлж цэгцлэх цаг болжээ.
Дарга, цэргийн цалин хангамж, албан тасалгааны хэм хэмжээ, хот хөдөөд унах унаа, тусгай дуут дохионоос эхлээд эдлэх эрх ямбыг нэг стандартад оруулах хэрэгтэй. Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг шиг дарга нар хэт үрэлгэн байж ард түмнээ яаж хямралаас гаръя гэж уриалах билээ.
Үндсэн хуулийг өөрчлөх замаар төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгох хэрэгтэй. Улс төрийн намууд хандив нэрээр авлига авч дараа нь түүндээ барьцаалагддаг асуудлыг нэн даруй цэгцэлж, намуудын санхүүжилтийг ил тод болгох шаардлагатай. Төрийн үйлчилгээ ч хүнд сурталгүй, заасан цаг хугацаа, заавраасаа эхлээд бүх зүйл шилэн болох ёстой.
Улс төр нь солигдсон ч төрийн мэргэшсэн албан хаагч нь тогтвортой ажилладаг эрх зүйн орчин бүрдэх учиртай. Ингэж байж төрийн бодлогын залгамж чанар хадгалагдаж төрт ёс эмх цэгцтэй болно.
Гуравдугаарт. Үндэсний ялгарал ба соёлын дархлаа. Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт дунд монголчууд бид хаана байх ёстой вэ. Бидний хамтын мөрөөдөл, хүрэх цэг юу юм бэ. Нүүдлийн соёл иргэншил, түүнд шингэсэн соёлын өвөө орчин үеийн иргэншилтэй, шинэ үеийн иргэдтэйгээ хэрхэн уялдуулах вэ? Бид зүүний, барууны хөгжил гэж зөндөө л ярилаа. Тэгвэл Монголын хөгжлийн төсөөлөл ямар байх ёстойг цаг алдалгүй тодорхойлох шаардлагатай болоод байна.
Ингээд үзэхээр бодох зүйл их байгаа биз. Товчдоо орлогын тэгш байдал, үндэсний ялгарал, хариуцлагатай засаглал гэсэн гурван зүйл аль ч улс орны хөгжлийн суурь тулгуур нь байдаг. Энэ тухай мөн ч олон жил, олон хүнд ярьсан. Хэрэгжинэ гэдэгт ч итгэж явсан.
Одоо л бид эрс шийдэмгий бодлого хэрэгжүүлж, эргэж буцсан чөтгөрийн тойргоосоо гарахгүй бол тун удалгүй нөгөө Грек, Нигери, Аргентиний цөлмөгчдийн тогтолцоо руу эргэлт буцалтгүй орох эрсдэл хол биш, ойрхон болчихлоо.
Энэ өөрчлөлтийн төлөө монголчууд бид хамтдаа тэмцэх цаг болжээ. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж үг бий.
Эцэст нь, энэ бүхнийг хэрэгжүүлэхэд нийгэмд шударга ёс тогтоох явдал хамгийн чухал. Нийгэмдээ шударга ёс тогтоосон улс гүрэн урагшлан хөгжиж, тогтоож чадаагүй нь уруудан доройтож, мөхсөн түүх дэлхийн түүхэнд олон бий шүү дээ.
-Халуухан, хатуухан ярилцлага боллоо. Цаг гаргаж ярилцсан Танд баярлалаа. Таны гурван тулгуурт шинэ сэргэлтийн бодлого чинь хэрэгжих болтугай.
-Танд ч гэсэн баярлалаа. Ах нь хэлье гэснээ хэнээс ч айлгүй хэлчихдэг, цэх шулуун зантай офицер хүн.
Монгол Улсын төлөө зүтгэе!