Орон орны Зэвсэгт хүчнийхэн авхаалж самбаагаа сорьдог “Армийн тоглолт-2017” тэмцээн ОХУ-д болж өндөрлөлөө. Манай улсын Зэвсэгт хүчний баг тамирчид хээрийн гал тогоо, мэргэн буудагчийн зааг, танкийн биатлон гэсэн гурван төрөлд амжилттай оролцоод эх орондоо ирэв.
Хээрийн гал тогоо төрөлд шүүгчээр ажилласан Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Хувцасны хангалтын тасгийн захиалагч, чанар шалгагч, ахлах дэслэгч А.Мөнгөншагайтай ярилцлаа.
-Хээрийн гал тогоо төрөл хэр өрсөлдөөнтэй болов?
-“Армийн тоглолт-2017” тэмцээний хээрийн гал тогоо төрөлд оролцоод ирлээ. Тэмцээн Москвагийн “Алабино” сургалт, дадлагын төвд болсон. Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж очсон болохоор оролцогчид бэлтгэл сайтай байсан. Орос, Беларусь, Азербайжан, Серби, Израилиас ирсэн оролцогчидтой бид эн тэнцүү өрсөлдлөө.
Тэр өдрийн од нь гийсэн оролцогч багахан оноогоор бусдыгаа хошуучилж байв. Манайхны аз жаахан дутлаа. Түүнээс биш медаль авах боломж байсан. Тэмцээний дүн гарахад багууд ганц хоёрхон онооны зөрүүтэй байлаа. Манай баг ганцхан онооны зөрүүтэйгээр дөрөвдүгээр байрт шалгарсан.
-Тэмцээний даалгавар хэр хүнд байсан бэ?
-Өнгөрсөн жил өөрсдийн орноосоо гал тогооны хэрэгсэл авчирч болно гэж удирдамжид заасан байсан. Харин энэ жил зөвхөн ОХУ-д үйлдвэрлэсэн гал тогооны хэрэгсэл ашиглан хоол хийнэ хэмээн өөрчилсөн байна лээ. Тэмцээн дотроо таван хэсэгтэй. Дээрээс нь үндэсний хоол хийх оноогүй даалгавар нэмэгдсэн. Эхнийх нь буудлагын даалгавар.
Энэ нь “Армийн тоглолт-2017” тэмцээний мэргэн буудагчийн зааг төрлөөс тусдаа, хээрийн гал тогооны тогооч нарын дунд болсон буудлага. Манай тогооч нар их сайн бууддаг. Өнгөрсөн жил манайхан энэ төрөлд 109 онож, Хятадын дараа хоёрдугаар байрт шалгарч байсан юм. Харин энэ жил 92 оноогоор гуравдугаар байр эзэлсэн. Арын багуудаас хол тасархай түрүүлсэн ч урд орсон оролцогчдоос ганц нэгхэн онооны зөрүүтэй ялагдсан.
Өмнөх жилийн тэмцээний үеэр оросууд “Та нар тогооч биш мэргэн буудагчаа оруулчихаж” гээд хошигнож байсан. Энэ удаа тэд түрүүлсэн. Өөрийнхөө нутагт байгаа нь давуу тал болсон байх. Гэхдээ энэ жил оросууд маш сайн бэлтгэсэн байсан. Мөн баг бүрт ижилхэн хэмжээтэй, адилхан хүнсний бүтээгдэхүүн тараасан. Үүгээр нь өөр, өөр хоол хийж өрсөлдлөө.
Нарийн боов хийх төрөлд нэг баг 10-аас дээш нэр төрлийн бүтээгдэхүүн хийж уралдсан. Хоёр төрлийн иж бүрдэл хоол хийх даалгавар гүйцэтгэлээ. Талх хийх даалгавар нарийн боовноосоо тусдаа. Талхны амтнаас гадна хөөлт, жин хэлбэр дүрс, зах гээд бүгд нарийн шалгууртай. Даалгавар болгоноо амжилттай гүйцэтгэж, өмнөх жилийн дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтаа бататгалаа.
-Хээрийн гал тогоо ер нь ямар онцлогтой юм бэ?
-Цэргийнхэн байнгын бэлтгэл сургуулилалт хийж, гүйж харайдаг онцлогтой. Тухайн цэргийн өдөрт алдаж буй энергийг хоолны илчлэгээр нөхөхийн тулд цэргийн гал тогоо ажилладаг. Хээрийн гал тогоо бол цахилгаангүй, шарах шүүгээ, цахилгаан зуухгүй орчинд хөдөө хээр байрлан олон цэргийн хоолыг түргэн шуурхай, чанартай хийж өгдгөөрөө онцлогтой.
Орон нутагт хээрийн гал тогоотой цэргийн анги олон бий. Хотын ангиуд хавар, намартаа бэлтгэлд гарахад хээрийн гал тогоо үргэлж дагалддаг. Хээрийн гал тогооныхон цай болон нэг, хоёрдугаар хоолыг богино хугацаанд хийж өгдөг. Манай тогооч нар 125 хүнтэй ротын хоолыг маш хурдан хийчихдэг.
Манайхан ерөнхийдөө оросын гал тогооны хэрэгсэл ашигладаг. КП-20, КП-125, КО-75 гэхчилэн том том тогоо ашиглана шүү дээ. Дашрамд дурдахад, манай цэргийн гал зуухны тогооч нар түүртэхгүйгээр хэдэн зуун хүний хоолыг амт чанартай хурдан хийчихдэг чадвартай хүмүүс байдаг.
-Бусад орны хээрийн гал тогооны хоолны амт хэр байна вэ. Амталж үзэв үү?
-Ижил техник хэрэгсэл дээр адилхан нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр нэг төрлийн хоол хийж байгаа боловч зургаан өөр амт мэдрэгдэх жишээтэй. Израилчууд халуун ногоо их хэрэглэдэг юм билээ. Харин азербайжанчууд исламын шашинтай болохоор махны хэрэглээ багатай. Тийм хэдий ч улс орныхоо цаг уурын нөхцөлд тааруулсан хоол хийж, цэргүүдийнхээ энергийг нөхдөгөөрөө манайхтай ижил.
Манайхны махны хэрэглээ мэдээж их гэдгээрээ онцлогтой байсан. Үндэсний хоолны төрөлд Беларусийн хүйтэн шөл их таалагдсан. Халуунд идэхэд тохиромжтой, тослог багатай мөртлөө маш амттай шөл байна лээ.
-Манайхан үндэснийхээ ямар хоолыг хийв?
-Үндэснийхээ цагаан идээгээр тавгаа чимэглэж, ууц шүүс тавьж, хорхог, боодог хийсэн. Хажуугаар нь бууз, хуушуур, цуйван гэх мэт хоол хийлээ. Оролцогчдоос гадна тэмцээнийг үзэж сонирхсон хүмүүс, Монголд ирж байсан орос цэргийнхэн гээд 3000 орчим хүн манай асарт шавж бүгдэд нь хүртээх гэж багагүй сандарсан. Оросын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Жанжин штабынхаа удирдлагын бүрэлдэхүүнтэй манай асраар ирж сонирхсон.
Батлан хамгаалахын сайд манай банштай цайг ихэд таашааж, талархлаа илэрхийлсэн. Тува гаралтай хүн учраас манай цай сэтгэлд нь нийцсэн байх.
-Цэргийн хоолыг олон хүнд зориулж, нэг дор их хэмжээгээр хийдэг учир амт чанар муу гэж шүүмжилдэг шүү дээ?
-Хүмүүс тэгж ойлгож, ярьдаг. Монгол хүн гэхээрээ л дандаа мах идэж байх ёстой мэт. Шар, гурвалжин, ялангуяа хөц будаа хамгийн илчлэг сайтай шим тэжээлтэй, эрүүл мэндэд тустай хүнс гэдгийг шинжлэх ухаан баталчихсан. Малын гэдэс дотор ч ялгаагүй эрүүл сайхан хүнс. Үргэлж дасгал хөдөлгөөн хийж, эрч хүч ихээхэн зарцуулдаг хүмүүст эдгээр хоол хамгийн тохиромжтой.
Гэхдээ цэргүүдэд байнга ийм хоол өгнө гэж юу байх вэ. Цэргийн хоолны зарим нэр төрөлд багтах л хүнс. Өдөр болгон өөр, өөр амин дэмтэй, чанартай хоол хүнс хэрэглэдэг.
-Монголоос тэмцээнд оролцох баг тамирчдаа хэрхэн бүрдүүлсэн бол?
-Энэ жил Улаанбаатар хотын цэргийн хүрээний таван анги, байгууллагаас долоон тогооч сонгосон. Тогооч нарын дөрөв нь эрэгтэй. Үлдсэн нь эмэгтэйчүүд. Ингээд багийн ахлагч, техникч дээр би нэмэгдээд арвуулаа тэмцээнд оролцсон. Зургаан орны оролцогчдоос тус бүр нэг шүүгч томилсон. Би эх орноо төлөөлж шүүгчийн бүрэлдэхүүнд орсон. Өнгөрсөн жил би энэ тэмцээнд орчуулагчаар оролцсон юм.
-Бэлтгэлээ хаана хийсэн бэ?
-ЗХЖШ-аас ОХУ-д тэмцээнд оролцох баг бү рэлдэхүүнийг ихээхэн дэмжиж тусалсан. Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн “Найман шарга” амралтын газрыг түшиглэн сар гаруйн хугацаанд хээр гарч бэлтгэлээ хийсэн.
Мөн 015, 011 дүгээр ангийн бэлтгэлийн талбайд буудлагын сургуулилалт хийсэн. Маш олон хүний итгэлийг өвөртлөн дэмжлэг авч, тэмцээнд оролцлоо.
-Тэмцээн өрсөлдөөн ихтэй байсан юм чинь тэр хэрээрээ шүүлт чанга байсан биз?
-Шүүхэд нэлээд хүнд байсан. Боловсруулалт ижилхэн, орц найрлага адилхан, хийх дараалал нэг хэвийн байх ёстой гэхчилэн бүгд стандарттай. Аль орных нь мэдэгдэхгүй 1-6 гэж дугаарласан хоолноос амталгаа хийж оноогоо тавьдаг. Зургаан орны армийнхан шилдэг, чадвартай тогооч нараа явуулсан байсан. Төмс дөрвөлжин байх ёстой. Хайлж урссан бол оноо хасагдана.
Эхлээд сонгиноо, дараа нь луувангаа шарна гэх мэт хийх дараалал нь ижилхэн байсан. Оролцогчид ширүүн өрсөлдөж, урд хойноо орж явсаар эцсийн зогсоолд ирэхэд шүүхэд үнэхээр хүнд болж ирсэн. Бусад багийнхан манайхнаас нэлээд жийрхэж, бэргэж байгаа нь илт байсан.
-Хээрийн гал тогооноос гадна өөр тэмцээн болсон гэл үү?
-Тогооч нарын дунд нөхөрсөг тэмцээн болсон юм. Гарбөмбөг, олс таталт, хөлбөмбөг, дүүжин суниалтын тэмцээнд амжилттай оролцон, хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч, багийн дүнгээр нэгдүгээр байрт орж цомын эзэн болсон.