Хэдэн сарын өмнө гэрээ, бичиг баримт баталгаажуулахаар нотариатаар үйлчлүүлсэн юм. Хууль эрх зүйн мэдлэггүй, хэнэггүйгээсээ болж харилцагч этгээддээ алданги төлж, “торгуулж” мэдэх байлаа. Гэхдээ дэргэд минь мэргэжлийн өмгөөлөгч, нотариатч А.Энхтуяа байснаар тийм эрсдэлээс хамгаалав.
Энэ бүхнээс үүдэн иргэдэд мэдээлэл болгохоор хүмүүс ихэвчлэн ямар асуудлаар нотариатын үйлчилгээ авдаг хийгээд нотариатч ямар үүрэг, хариуцлагатай байдаг талаар олон жил өмгөөлөгч, хуулийн зөвлөхөөр ажилласан, өдгөө нийслэлийн Хан-Уул дүүрэгт нотариатч А.Энхтуяатай ярилцлаа.
-Та хэзээнээс нотариатын үйлчилгээ үзүүлдэг болсон юм бэ. Иргэд ер нь ихэвчлэн ямар асуудлаар нотариатчид ханддаг бол?
-Би МУИС-ийн хуулийн анги төгсөж, өмгөөлөгч, хуулийн зөвлөхөөр олон жил ажилласан. Өмнөх нийгмийн үед манайд өмгөөлөгч цөөхөн байлаа. Бид өмгөөллөөс гадна байгууллагуудад гэрээгээр хуулийн зөвлөгөө өгдөг байсан. Энэ хүрээнд тухайн байгууллагаас гаргасан бүх тушаал, шийдвэртэй танилцаж, тэдгээр нь Хөдөлмөрийн хуульд нийцсэн, эсэх, ажилтан, ажилчдыг үндэслэлтэй авч, халсан уу, тэдний эрх зөрчигдсөн үү, үгүй юү гээд эрх, эрх зүйн асуудалтай бүх асуудалд оролцдог байлаа.
Үүнээс гадна томилолтоор шүүх хуралд оролцох зэргээр ажлын ачаалал асар их байсан. Энэ нь биднийг их зүйлд сургасан гэж боддог.
Би 2004 оноос нотариатчаар ажиллах болсон. Нэг зүйл сонирхуулахад, Р.Чойном яруу найрагчтай уулзах завшаан надад тохиосон юм. Найз Ариунаа маань “Манай хашааны Юра зураачийнд байгаа нэг хүн өмгөөлөгчтэй уулзаж, зөвлөгөө авмаар байна гэсэн. Чи уулз” гэсний дагуу гэрт нь очлоо.
Хар өнгөтэй дээл нөмгөн өмссөн, туранхай, жижигхэн шар хүн өөрийгөө Чойном гэж танилцууллаа. “Юу билээ, нөгөөх алдартай яруу найрагч байх нь. Саяхан суллагдсан гэсэн. Юу асуудаг бол” гэж бодлоо. Их сургуульд байхдаа бид тэр хүний шүлэг, зохиолыг нууцаар дамжуулж, уншдаг байлаа шүү дээ. Их сайхан яриа хөөрөөтэй хүн байсан. Тэрбээр гар бичмэл, зохиол бүтээлээ гэрээслэхийн тулд хаана хандаж, хэнтэй уулзах вэ гэсэн.
Социалист нийгмийн үед гэрээслэл гэдэг зүйлийн тухай ном зохиолоос л уншиж байснаас биш үнэндээ бол сайн мэддэггүй байсан юм. Тийм байтал Р.Чойном яруу найрагч тэгж том харж, сэтгэдэг хүн байж. Боловсрол, мэдлэг төгссөн сургуулиар хэмжигддэггүйн баталгаа бол энэ. Тэгээд Чойном гуайд “Нотариатчид хандаж, гэрээслэлээ гэрчлүүлэх ёстой” гээд нийслэлд байсан нотариатын конторыг зааж өгсөн.
Ерээд оноос өмнө Монголын өмгөөлөгчдийн коллегийн байрны жижигхэн өрөөнд Содном, Уранчимэг гэсэн хоёр хүн нотариатчаар ажилладаг байсан юм.
Р.Чойном найрагчаас улбаалан би гэрээслэл, өв залгамжлалын эрх зүйн талаар түлхүү сонирхох болсон. Харьцангуй цөөхөн ч гэсэн манайхан сүүлийн үед гэрээслэл бичих талаар сонирхож эхэлж байна.
-Ер нь гэрээслэл гэж юу юм бэ. Манай иргэд ихэвчлэн юу гэрээсэлдэг бол. Мөн өв болон гэрээслэл хоёр юугаараа ялгаатайг хэлж өгнө үү?
-Гэрээслэл гэдэг нь хүний хүсэл зоригийг эрхэмлэн дээдлэхтэй салшгүй холбоотой. Энэ нь дан ганц эд хөрөнгөтэй холбоотой ойлголт биш. Эрх, хүсэл зориг, эд хөрөнгө гээд гэрээсэлж болох зүйл гэж бий. Эдгээрээс амьдрал дээр эд хөрөнгөтэй холбоотой гэрээслэл ихэнх хувийг эзэлж байна. Тодруулбал, өөрийг нь нас барсны дараа эд хөрөнгийг нь яаж хуваарилах, хэрхэн шийдвэрлэхийг тодорхойлох эрх, эрх чөлөө юм.
Гэрээслэгч нь гэрээслэл үйлдэх үедээ ухаан санаа саруул, өөрийн хийж буй үйлдлийг бүрэн гүйцэд ойлгох чадвартай байсныг нотолсон эмчийн магадлагааг үндэслэн нотариатч гэрээслэл гэрчлэх үйлдэл хийнэ.
Монголын нотариатчдын танхим үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг гэрчлэхэд онцгойлон анхаардаг. Танхим маань гэрээслэл гэрчлэх тусгай өрөөтэй. Тэндээ бүх үйл явцыг гүйцэтгэдэг. Ингэхдээ бичлэг хийх, дуу хураагуурт хураах, гэрэл зургаар баталгаажуулах, гэрээслэлийг тусгай сэйфэнд хадгалах зэрэг хууль болон олон улсын нотариатын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлдэг.
Японы нотариатчийн танхимд “Гэрээслэл бичсэн Та гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг авч үлдлээ” гэж бичсэнийг би ерөөсөө мартдаггүй юм.
Өв залгамжлалын хувьд хүн нас барсны дараа түүний өвлүүлэгчийн эрх, өв хөрөнгийг өвлөх эрх бүхий этгээдийг тогтоохтой холбоотой асуудал юм. Хууль ёсоор өвлөх, гэрээслэлээр өвлөх гэж нэр томъёо хуульд бий. Хууль ёсоор өвлөх гэдэг нь өв залгамжлалтай холбоотой.
Иргэний хуульд хууль ёсны өвлөгч хэн бэ гэдгийг заасан байдаг. Нотариатч энэ үйлдлийг хийхдээ алдаа гаргах эрхгүй. Алдаа нь хэн нэг өвлөгчийг хохирооход хүргэж болзошгүй тул хянуур нямбай хандахыг шаарддаг хариуцлагатай үйлдэл юм.
-Хуулийн байгууллагынхныг шийтгэдэг, хянадаг, мөрддөг мэтээр, өмгөөлөгч, нотариатчийг хялбархан аргаар их мөнгө олдог амар хялбар мэргэжил гэж явцуу хүрээнд ойлгох нь бий.
Тэгэхээр Та нотариатчийн ажил болон нийгэмд гүйцэтгэдэг үүрэг, хариуцлагын талаар мэдээлэл өгнө үү?
-Таны хэлдгээр биднийг хэдэн цаасан дээр тамга дараад л мөнгө авдаг мэтээр боддог буруу хандлагатай хүмүүс байдаг. Үнэндээ бол нотариатчийн ажил, үүрэг харахад энгийн боловч цаад мөн чанар нь маш өндөр хариуцлага, үнэнч шударга, хуулиа дээдлэхийг шаарддаг юм. Яагаад гэвэл, төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэдэг хүн бол нотариатч.
Бүр тодруулбал, нотариатч бол төр, иргэн, хуулийн этгээд хоорондын харилцааг гэрчилдэг юм. Нотариатаар гэрчилсэн гэрээ хэлцэл, бичиг баримт шүүхийн өмнө маргаангүй нотлох баримт болж, талуудын эрх ашгийг хамгаалдгаараа онцгой ач холбогдолтой. Мөн нотариатчийн гэрчилсэн үйлдэл хууль зүйн баталгаа болж маргаанаас сэргийлэх арга болдог.
Нотариатч гэрээ хэлцлийг боловсруулж оролцогч талуудын харилцан эрх тэгш, тэнцвэрт байдлыг хангах үүрэг хүлээдэг. Нотариатын гэрчлэн үйлдэж буй баримт бичигт шударга бус нөхцөл тусгагдаж, нөгөө талын эрх ашгийг хохироосон зүйл тусгагдахаас сэргийлж өгдөг. Үүгээрээ нотариатч нийгэмд чухал байр суурь эзэлдэг юм.
Өөр нэг үүрэг нь эрх зүйн зөвлөгөө өгөх, гэрээ хэлцэл, баримт бичгийн агуулга, үндэслэл, нөхцөл, тэдгээрийн эрх зүйн үр дагавар, эрсдэлийг тайлбарлан өгөх явдал. Энэ бүх үйлчилгээг үнэ төлбөргүй зөвлөдөг. Нотариатч бол иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлдэг байгууллага бол нотариат юм.
-Иргэд нотариатаар үйлчлүүлэхийн тулд тодорхой баримт бичиг бүрдүүлдэг. Манайхан мэдээлэлгүй, эсвэл хэнэггүйгээсээ болж өөрсдийгөө чирэгдүүлэх нь ажиглагддаг. Энэ талаар та юу гэж зөвлөх вэ?
-Чухам ямар үйлчилгээ авахаас шалтгаалаад бүрдүүлэх баримт, бичиг, лавлагаа янз бүр байдаг. Гэрээ хэлцэл, итгэмжлэл, гарын үсэг, өв залгамжлал хийхэд заавал өөрийн биеэр байх хүн гэж бий. Жишээ нь, насанд хүрээгүй хүүхдээ гадаад улс руу хэн нэгэн хүнд өгч явуулна гээд итгэмжлэл хийлгэхээр аав нь, эсвэл ээж нь ирдэг. Ийм тохиолдолд аав, ээж хоёулаа хүүхдийн төрсний гэрчилгээтэй ирж хүүхдийг авч явах хүнд нь итгэмжлэл өгөх ёстой.
Гэтэл “Багшид нь (зарим тохиолдолд гадаадын иргэнд) өгч явуулахад заавал аав, ээж гэх ямар хэрэгтэй юм, хүн чирэгдүүллээ” гээд уурладаг. Гэтэл гэр бүлийн хоёр хэрэлдэж, маргалдаад хүүхдийг эцэг эсвэл, эхийнх нь хэн нэгний зөвшөөрөлгүйгээр явуулахыг үгүйсгэхгүй. Үүнээс гадна хүний наймаа, хүний эд эрхтэн худалдах хэрэг гардаг болсон. Үүнээс бид сэргийлж насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг, хүний эрхийг дээдэлж, эцэг, эх хоёрыг байлцуулж итгэмжлэлийг баталдаг.
Ажлын онцлогоосоо шалтгаалаад бид нийгэмд болж буй сайн, муу зүйлтэй хамгийн түрүүнд нүүр тулдаг. Сүүлийн үед гэр бүл салалт нэмэгдсэнтэй холбоотой хүүхдийн эцэг, эхийн нэрийг солиулах нь ихэссэн. Эдгээртэй холбоотой үйлдэл гэрчлэхдээ нотариатчид удам угсаагаа мэдэх, цус ойртохгүй байх гэсэн алсын хараатай уламжлалт ёс заншил алдагдах аюултайг үйлчлүүлэгч нартаа маш сайн тайлбарлаж хэлдэг.
Хүүхдийг төрсөн эцгээр нь овоглосныг болиулж, эхээр нь, эсвэл өөр хүнээр овоглосноор монгол хүний удмын сан устаж, үндэстэн мөхөх аюултай байдал үүсэж болзошгүй байгааг анхаараасай гэж боддог.
Энд нэг зүйл онцлоход, нотариатын үйлчилгээ хэрэггүй болсон мэт ташаа мэдээлэл сүүлийн үед иргэдийн дунд тархжээ. Нийслэлийн Засаг даргын гаргасан, 2017 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс хэрэгжих шийдвэрт “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд нь иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардахгүй” гэснийг аливаа өөр үйлдэлд нотариатын гэрчлэх бичиг баримтын хуулбарын үйлдэл хийхийг хориглосон мэтээр ойлгож болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасныг энд сануулахад илүүдэхгүй болов уу.
-Газар өмчлөлтэй холбоотой маргаан нэлээд гардаг гэж сонссон. Тийм асуудалтай хүн ирж байв уу?
-1997 онд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль батлагдаж төрөөс анх орон сууцыг хувьчилсан. 2002 оноос Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсанаар иргэд өмч хөрөнгөтэй болж, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэрээ хэлцэл жилээс жилд нэмэгдэж байна.
Нотариатч газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийхэд газрыг бусдын эзэмшлийн газартай давхцуулан олгосон зөрчил гарсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан иргэд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдэх үед энэ зөрчил нь илэрсэн. Энэ нь газрын тухай хуулийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөн байсан.
Хүмүүс тэр бүр мэддэггүй, нотариатчийн хийдэг нэг ажил бол гэмт хэрэг, зөрчлөөс иргэдийг урьдчилан сэргийлэх явдал юм. Хууль бус өч төчнөөн үйлдэл, зөрчил нотариат дээр таслан зогсоогдсоныг энд заавал дурдмаар байна.
-Иргэд хуурамч баримт бичгээр гэрээ, гэрээслэл, итгэмжлэл хийлгэхээр ирдэг үү?
-Компанийн захирлын гарын үсгийг дуурайлгаж зурах, тамга, тэмдэг хуурамчаар үйлдэж дарах, хуурамч диплом авчрах зэрэг зөрчил гардаг. Нийгмийн даатгалын дэвтрээ өөрөө бөглөчихсөн хүн ч ирнэ. Бичилтүүдийг нь бид харьцуулж, нягтална даа. Хуурамч баримт бүрдүүлээд ирвэл бид хурааж аваад, танхимдаа өгнө.
Танхим цааш шийдвэрлэдэг. Үүнээс гадна гадаадад байгаа хүүхдийнхээ оронд адилхан царай зүстэй ах, дүүсийг нь авчирч гэрээ хэлцэл хийлгэх гээд нотариат дээр илэрсэн тохиолдол цөөнгүй. Гэхдээ энд бас нэг зүйл хэлэхэд, тав, зургаан жилийн өмнөхтэй харьцуулахад иргэдийн эрх зүйн мэдлэг тодорхой хэмжээгээр дээшилж байгаа шүү.
-Хүмүүс банкны зээлээр байр авах нь түгээмэл шүү дээ. Гэтэл зээл нь гарахгүй удах, бүр зээл олгогдохгүй тохиолдол ч гардаг.
Энэ хугацаанд худалдах, худалдан авах гэрээ хийсэн иргэдийн хооронд маргаан үүсэж, байраа зарсан хүн худалдан авагчаас алданги нэхэх явдал байна. Ийм тохиолдолд яах ёстой вэ?
-Банкнаас зээл авах хүсэлтээ гаргаад, шийдвэр хүлээх хугацаандаа иргэд торгуулж, алданги тооцуулна гэж байж болохгүй. Ийм эрсдэлээс бид хамгаалж, гэрээндээ нарийн заадаг. Түрүүн би хэлсэн дээ, хүмүүс гэрээний ач холбогдлыг тоодоггүй, уншиж, танилцдаггүй, хэн нэгнийх нь эрх ашиг хохирч, нөгөөх нь давуу эрх эдлэх учиргүй.
Талууд гэрээнд тэгш эрхтэй оролцож, хүсэл зоригоо тусгуулдаг. Хэрэв банкны зээл гарахгүй болсон тохиолдолд талууд хамтраад гэрээгээ хүчингүй болгуулдаг. Энэ тухай бид гэрээний нэмэлт нөхцөлд тодорхой тусгаж өгдөг. Энэ бүхнийг тайлбарлаж, иргэдийг эрсдэлээс хамгаалах нь бидний гол үүрэг. Зөвлөгөө авах хүсэлтэй иргэд ер нь тасрахгүй шүү.
Хуульд ч ингэж заасан байгаа, нотариатын үйлдэлтэй холбоотой асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө гэж. Энэ хэрээр бид өмгөөлөгчийн ачааллыг тодорхой хэмжээнд бууруулдаг. Энд нэг зүйл нэмж хэлэхэд, иргэд өмгөөлөгч, нотариат, хуулийн байгууллагынхнаас л зөвлөгөө аваад сэтгэл ханах бус, өөрсдөө хууль, эрх, эрх зүйн талаар уншиж, судлах хэрэгтэй. Тийм боломж, бололцоо, мэдээдэл авах хүрээ өргөн байгаа шүү дээ.