Өмнөговь аймгийн Говийн нүүдэлч малчдын холбооны тэргүүн С.Маамаахүүтэй ярилцлаа. Тэрбээр тус аймгийн Ханхонгор сумын Мандах багийн малчин юм.
-Малчид нэгдэж, бүлэг нөхөрлөл байгуулж ажиллах нь үр дүнтэйг та аймагтаа анх үлгэрлэсэн хүн юм билээ. Уг ажил хэрхэн эхэлж байв?
-Насаараа малын захад явлаа. Бүр 25 жил адуу хариулсан хүн шүү. Малчдыг нэгтгэн, бүлэг болгохоор ажиллаад 15 жил өнгөрчээ. Нэлээд хэдэн жилийн өмнө Шинэ Зеландын “Хүн төвтэй байгаль хамгаалал” хүрээлэнгээс манай аймагт бэлчээр хамгаалах төсөл хэрэгжүүлсэн юм.
Тухайн үед нутгийнхан төсөлд нэгдэж, бүлэг, нөхөрлөл байгуулаад янз янзын л юм болж байв. Би анхандаа ажиглаж, сонссон шиг л явсан. Малчид бүлэг, баг болж ажиллаж чадна гэдэгт эхлээд итгэл муутай байлаа. Гэсэн ч уг ажилд оролцохоор таван айлыг нэгтгэж, бүлэг байгууллаа.
Дараахнаас нь айлууд нэмэгдсээр сүүлдээ өнөр болсон. Малчид нэгдэнэ гэдэг чинь нэгдүгээрт, айл саахалтынхан эвтэй, найрсаг хамтран ажиллах үндэс болдог. Нэгэндээ ч тус дэмтэй.
-Таныг их олон газар орноор явж, нүүдэлч малчдын арга ухаанаас судалсан гэж сонслоо. Хамгийн анх хаана очиж үзсэн бэ?
-2004 онд Африк явсан юм. Шинэ Зеландын “Хүн төвтэй байгаль хамгаалал” хүрээлэнгийн дэмжлэгээр шүү дээ. Гадаадынхан ар, өврийн хаалга гэхгүй, хэн хэрхэн ажиллаж буйг харж шалгаж, явуулах хүнээ сонгодог юм билээ. “Мундаг дайчин хүн, олны дунд оруулъя” гээд намайг шилж, Африк явуулахаар болсон гэж дараа нь сонссон. Манайхан бол над шиг хөдөөгийн малчныг сонгохгүй дээ.
Ингээд хүн болсоор анх удаа гадаад орон гэгчийг үзлээ. Байгаль хамгаалагчид, тариаланч, ногоочид тэнд хүнсний аюулгүй байдлын асуудлаар хуралдаж буй гэж орчуулагч тайлбарласан. Арга хэмжээ нийт 13 өдөр үргэлжилсэн юм. Олны өмнө ер гарч үзээгүй, тэр битгий хэл үг хэлж ч чаддаггүй, аймгийн төвд ч тоотой хэд очсон, бүрэг дорой, өөртөө итгэлгүй хүн байлаа, би.
Ачаа дагасан нохой шиг хурлын хүмүүсийг бараадасхийгээд л явна. Гэтэл ес хоночихоод байтал “Монголчууд үг хэлнэ, бэлд” гэдэг юм байна. Юу ч хэлж чадахгүй болохоор бараг уйлах шахсан. Хамт явсан хүмүүстэйгээ нийлж бэлдээд, Монгол орныхоо нөхцөл байдлын талаар хэдэн зүйл хэлчихсэн. Сайхан л хүлээж авч байгаа бололтой хуралд суусан хүмүүс алга ташиж байсан.
-Африкт үзэж харсан хамгийн онцлууштай зүйл юу байв?
-Хэл мэдэхгүй учраас нүд, цээжнийхээ баримжаагаар тэндээс бизнесийн санаа олж авна гэсэн бодол онгоцонд сууж явахад орой руу орж байлаа. Эхлээд гадаадын хүмүүс Монголд ирэхдээ саатдаг жуулчны бааз байгуулъя гэж бодсон. Тэр санаагаа гүйцээж хэдэн жилийн өмнө жуулчны баазаа байгуулсан. Одоо ч ажиллаж байна.
Ес хоногийн хурал дуусаад, оролцсон хүмүүсийг гурван багт хувааж юм үзүүлж харуулах болов оо. Би үйлдвэрүүдтэй танилцах хэсэгт багтсан юм. Олон сайхан газарт очиж, үйлдвэр гэж ямархуу юм байдгийг нүдээр үзлээ. Тэр дундаа цайны үйлдвэр хэрхэн ажилладгийг анх хараад, бүр огшчихсон.
Нэг том олз олчихсон юм шиг, нутагтаа очоод цай хийнэ гэж өдрийн бодол, шөнийн зүүд болсон. Өдгөө хэдийнэ хэрэгжүүлчихсэн, амьжиргаагаа залгуулж буй.
-Ирээд л санаагаа гүйцэлдүүлсэн хэрэг үү?
-Шууд эхэлж чадахгүй их зовсоон. Тухайн үед мянгат малчин гэдэг нэр төрийн хойноос хөөцөлдөж, нэг их олон малтай боллоо. Хань минь бурхан болчихсон, өрх толгойлсон эмэгтэй би мотоцикл унаад тал дээр бутраачихсан 1000 малаа хариулах гэж зүдэрдэг байлаа. Нэг л мэдэхэд би малын боол болчихсоноо ухаарсан.
Ингэж амьдарч болохгүй, өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэх бодол тэгэхэд анх төрсөн. Зүдрээд ирэхээр л хүн амьдралын үнэн мөнийг ойлгодог. Тэр үед малдаа сүргийн эргэлт хийхээр шийдэж байв. Харин таван жилийн дараа цайны үйлдвэрээ нээсэн. Эхлэхэд хэцүү байсан ч одоо болж л байна. Санаа зөв бол заяа зөв гэдэг дээ.
-Дэлхийн малчдын холбоог үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг нь та гэсэн байх аа?
-“Таныг Испани улсад урьж байна” гэдэг мэдээ 2007 онд ирдэг юм байна. Бүр шилбүүрээ бариад ирээрэй гэсэн шүү. Дуудаж байна гэхээр нь их айлаа. Африкт би юу хэллээ гэж бодоод, хэлсэн үгээ нэгбүрчлэн санахыг хичээсэн. Монгол хүний омог бардам зангаар “Хаа байсан Испанид шилбүүр бариад очих юм гэнэ” гэж санаад шилбүүр авсан ч үгүй.
Байгаль хамгаалах чиглэлийн томоохон хурал болж, дэлхий дахины малчид төр, засагт дуу хоолойгоо сонсгох зорилгоор тэгэхэд бүх нийтийн жагсаал зохион байгуулсан түүхтэй. Хонио туугаад ирсэн хүн ч бий. Авчирсан хонинууд нь явж өгөхгүй болохоор нь жагсаалын үеэр малчин хүний зангаар хашгираад туучихсан чинь хүмүүс гайхаад, би од болсон. Содон харагдсан юм байлгүй. Испанид болсон тэр том хурал, жагсаалын дараа Дэлхийн нүүдэлч малчдын анхдугаар хурал гэгчийг албан ёсоор зохион байгуулж, удирдах зөвлөл томилоход би гишүүн нь болсон.
Дэлхийн малчид бэрхшээлүүдээ тодорхойлоод, малчин эмэгтэйчүүд маш хүнд хөдөлмөр эрхэлдэг атал түүнийг нь дэлхий нийтэд огт үнэлэхгүй байгааг тэгэхэд анх хөндөж байлаа. Үүний үндсэн дээр 2010 онд Энэтхэгт Дэлхийн малчин эмэгтэйчүүдийн анхдугаар хурал болж, би холбооныхоо дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон.
-Цайны үйлдвэр байгуулсан шиг бизнесийн санаа хэр олныг олов?
-Юм үзэж нүд тайлаад ирэхээр, дээр нь Дэлхийн малчдын холбооны гишүүн хүн юм болохоор хувийн амьжиргаа гэхээсээ малчдын амьдрал, аж ахуйг сайжруулахад анхаарах болсон. Малчдын төлөө дуугарахаар шийдэж, Говийн нүүдэлч малчдын холбоог 2010 онд байгуулсан. Дөнгөж эхэлж байхад хэн ч тоодоггүй байв. Манай холбооныхон ч тоолгох гэж зүтгэхгүй, ажлаа л хийдэг.
Өдгөө эргээд харахад аймгийн Малчдын холбоог орон нутагт мэдэхгүй хүн үгүй болж нэлээд дэмждэг болжээ. Малчид нэгдээд ажиллавал юуг ч бүтээнэ. Хөдөлмөр хийсэн хүн л хамгийн түрүүнд хөгждөг. Тоохгүй байсан ч хийх ёстойгоо хий, хэнд ч бүү гомдолло гэж би малчдад захидаг.
Би урьд нь Монгол орны амьдрал, ялангуяа малчдын нөхцөл байдал бусад орныхтой харьцуулахад үнэхээр хэцүү байх гэж төсөөлдөг байлаа. Гэтэл үгүй юм билээ. Нүүдлийн мал аж ахуй нь Монгол орон шиг сайхнаараа хадгалагдан үлдсэн газар өөр алга. Мал өөрөө явж өвс, усаа олох нөхцөлийг хааж болохгүйг маш сайн ойлгосон.
-Мал өсөж, бэлчээрийн даац хэтэрчихсэн тул эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гэж ярьдаг болсон. Та үүнтэй санал нэгддэггүй байх нь ээ?
-Малчид буруу зам руу явчихлаа гэдгийг бүгд мэдэж буй. 1000 малтай хэрнээ нүүх гэхээр шатахууны мөнгөгүй, идэх ч юм алга гэж ярьдаг хүн цөөнгүй. Мал нь муудчихсан, бараг өнөө маргаашгүй үхэхээр юм туугаад, эсвэл ачаад, дүүрээд явж байх юм. Ингэж малын боол болмооргүй байна. Үнэхээр 1000 малтай юм бол жинхэнэ баян хүн шиг амьдар. Малаа чанаржуулах хэрэгтэй.
Үүнд төрийн бодлого дутагдаж байгаа гэж боддог. Хэн нэгэн нь УИХ-ын гишүүнээр сонгогдохын тулд малчдад таалагдах арга хайж, янз бүрийн сонин юм хийдэг болжээ. Хэдэн онд билээ, бүх малыг ээмэгжүүлэх том ажил өрнөлөө. Бэлчээрийн мал аж ахуйд тохирохгүй эд л дээ. Манайхны мал зэрлэг шахуу юм болохоор нэг мөргөлдөөд л хаягдана. Асар их хөрөнгө үнэгүйднэ.
Энэ мэтээр бидний амьдралаас тасархай, хэт холын бодлого гаргаад байна. Чавганцын санааг цаасан дээр буулгаад, төрд гаргавал төрийн бодлого болдог гэдэг шиг малчид өөрсдөө л бодлогоо тодорхойлох ёстой. Үүний тулд бид нэгдэж, бүлэг, нөхөрлөл болж ажиллах ёстой. Түүнээс биш, хэн нэгэн “Малаа тоонд нь барь, цэгцэл, цөөл” гэж хэлээд нэмэргүй. Бараг хэрэггүй гэсэн ч болно.
Монголын мал аж ахуйг хөгжүүлэх хүмүүс чинь мянган ухаантай гэгддэг малчид юм. Сумын төв дээр суудаг хөдөө аж ахуйн мэргэжилтэн бидний асуудлыг мэднэ, заримыг нь ойлгоно. Гэхдээ яг малчид шиг мэдэрч чадахгүй. Малчдын дотор манлайлагч, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэгч олон бий. Тэднээр дамжуулж бусдад нь урам дэм өгч, уриалбал дагаж хошуурна.
-Эдгээр асуудлыг холбогдох яам, албаны хүмүүст хэр хүргэж байна вэ?
-Монголын манлайлагчдын чуулган гэж Төрийн ордонд болдог юм байна. Тэр хурал дээр би “Ээмэг, тэмдэг Монголын малд тохирохгүй, фермерийн аж ахуйд л хэрэгтэй” зэрэг нэлээд хэдэн юм эвлүүлээд хэлчихлээ. Бас эмэгтэй малчдын тухай “Ар өврийн хаалгагүй авдаг болохоор бидэнд “Алдарт эх”-ийн одонгоос өөр урамшуулал алга. Эмэгтэй малчдын хөдөлмөрийг үнэлэхгүй байна” гэчихсэн юм.
Дараа нь санамсаргүй яамаар ортол нэг хүн “Бид зүгээр суудаггүй. Чи ээмэг энэ тэр гэж яасан том дуугардаг хүн бэ” гэж намайг загнасан. Гэхдээ түүнээс хойш малыг ээмэгжүүлэхээ больсон юм шүү. Уг нь эмэгтэй малчдаа урамшуулах, тэдний санаа бодлыг сонсох нэг арга хэмжээ зохион байгуулах гэж үзсэн ч муу хүмүүст хууртагдаад олигтой ажил болгож чадаагүй.
Хөдөөгийн бид чинь хар буруу санаагүй, цагаан цаас шиг сэтгэлтэй юм билээ. Хүнд хууртагдана гэж саналгүй, итгэж явтал ажил бүтэлгүйтсэн. Ер нь ч тэгээд манайхан эмэгтэй малчдын төлөө дуугарч, хөдөлдөггүй л юм билээ. Гэхдээ би санаанаасаа буцаагүй.
-Малчид нэн даруй анхаарах шаардлагатай, хамгийн чухал асуудал өдгөө юу вэ?
-Оюуны хөрөнгө оруулалт хэрэгтэй. Наад зах нь жилийн орлого, зарлагаа тооцож сурах хэрэгтэй. Би анх тооцож үзээд, зөвхөн шатахуунд таван сая төгрөг зарснаа үзээд хэд хоног санаагаар унаж байлаа. Гэхдээ тийм байсан ч зайлшгүй тооцох хэрэгтэйг ойлгосон. Гадаадынхан хэдхэн хувцастай болоод л байдаг. Гэтэл манайхан улаан, ногоон, цагаан гээд өнгө алагласан юм авчихдаг. Түүнийгээ өмсөж шалихгүй, нэг ёсондоо илүүдэл эд хураадаг.
Манай хөдөөгийнхөн пин, пүнзээрээ дүүрэн хэрэггүй новш чихээд, тэгсэн хэрнээ дээрээс нь нэмж аваад л байдаг. Ийм болохоор төрийн бус байгууллагууд малчдаар тоглох нь ихэслээ. “Танайхыг мянгат малчин болгож алдаршуулъя, төдөн төгрөг өг” гэдэг. Тэгэхээр нь малчид урамшиж, мөнгөө өгөөд оронд нь залаатай малгай л авдаг.
Сум, багаас малчдын нэр усыг аваад холбогддог бололтой. Түүнээс болоод хөдөөгүүр ердөө л мянгат малчин болох гэсэн уралдаан өрнөдөг. Манай говьд 2000-3000 малтай айл энүүхэнд болчихоод байна.
-Одоо та хэдэн малтай вэ. Цаашид тийм зүйлд хүрчих юм сан гэх төлөвлөгөө бий юү?
-Би 400 орчим малтай. Цайнаас гадна Өмнөговь аймгийн брэндүүдийг нэгтгэж, бэлгийн багц үйлдвэрлэдэг компанийн захирал хүн. Дээр нь Малчдын холбоог удирдаж байна. Заавал бүгдийг нь өөрөө хийнэ гэхгүйгээр зарим ажлаа хүмүүст хариуцуулдаг. Эцсийн дүнд хүн шударга амьдарвал бүх зүйл санаснаар бүтдэг юм шүү дээ. Эцэг, эх минь их шударга, намайг ч тийм болгож хүмүүжүүлсэн.
Тавдугаар ангид байхдаа нэг шар цаг олсон юм. Хүүхэд юм болохоороо баярлаад “Би цаг олсон” гээд үзүүлтэл аав цагдаад аваачаад өгчихсөн. “Олсон юмны учрыг олохгүй бол шуналтай болдог” гэж билээ. 20 гаруй настай байхад эгч минь надад алтан бөгж өгтөл “Хүндэддэг эд гэж байдаг юм, хүү минь. Амь насанд чинь цөвтэй, 40 хүрч байж зүү” гээд хураасан.
Энэ мэтээр шуналаа дарж өссөн болохоор надад эдийн хүсэл байхгүй. Тэгээд ч ажлаа зөв хийгээд, зөв сэтгэлтэй явахад эд хөрөнгө өөрөө эдлээд, аваад өгөөч гээд хүссэн, хүсээгүй аяндаа ороод ирдгийг өдий наслахдаа үзэж туулсан.