Сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн 3х3 төрөл Монголд хурдацтай хөгжиж, тэр хэрээр тамирчдын амжилт ахисаар. Одоогоос гурван жилийн өмнөөс л манай тамирчид энэ төрлөөр хичээллэж эхэлсэн ч оюутны ДАШТ, Азийн АШТ-ээс медаль хүртэн, чансаа, цар хүрээгээрээ олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг Их дуулга ангиллын тэмцээнд хүртэл оролцоод амжив.
Үүний сацуу цөөнгүй тамирчин олон улсад танигдан, гадныхны анхаарлыг татаж, багийн тэр тусмаа сагсан бөмбөгийн спортоор монголчууд өндөр амжилт гаргах боломжтойг нотолсоор байна. Тэдний нэг бол залуучуудын үндэсний шигшээ болон “Ховд Мон-Алтиус” багийн тамирчин Боргилын Батзолбоо юм. 3х3 төрлөөр хичээллэсэн Монголын анхны тамирчдын нэг тэрбээр ДАШТ-ээс мөнгө, Азийн АШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэн, манай сагсан бөмбөгчдийн амжилтын салхийг хагалсан гавьяатан. Үндэсний супер лиг, 21 аймгийн үндэсний лиг, “Спрайт” лигт түрүүлж, аваргын цом өргөсөн түүнтэй ярилцлаа.
-Сагсан бөмбөгийн спортод хорхойсон, амьдралаа холбосон бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхэлье. Та Сүхбаатар аймгийнх юм билээ.
Хөдөө орон нутгийн зарим сургуулийн биеийн тамирын хичээл дээр багш нь сурагчдынхаа дунд бөмбөг шидчихээд “Тоглоод байгаарай, хүүхдүүд ээ” гэчихээд сууж байдаг дүр зураг ажиглагддаг. Танай сургууль бас тийм байв уу, эсвэл...
-Өө, манайх ч бас тийм байсан шүү дээ. Аав минь сагсан бөмбөгийн спортоор хичээллэхийг надад зөвлөснийх нь дагуу 2005 онд Ганбат багшийнхаа шавь болж байлаа. Цаг хугацаа хурдан өнгөрөх юм аа. Нэг л мэдэх нь ээ 12 жил болчихож. Намайг бага байхад хөдөө орон нутагт зөвхөн МҮОНТ л гардаг байсан. Орой бүр спортын нэвтрүүлгийг нь алгасалгүй үздэг байлаа. Хэдхэн минут гардаг байсан ч хангалттай мэдээлэл авч амждаг байсан шүү.
Түүнээс өөр спортын цаг үеийн үйл явдал, алдарт тамирчдын талаарх мэдээлэл, нийтлэл унших боломж байгаагүй ээ. Багаасаа NBA-ийн оддоос Коби Брайант, Монголоос Дандий (Д.Бат-Эрдэнэ) ахын тоглолтыг шимтэн үзэж, энэ спортод дурласан хүн дээ, би. Аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртэж байлаа. Би тус тэмцээнд найман удаа оролцон, дөрөв түрүүлж, гурван мөнгөн медаль хүртсэн юм.
Энэ жил тэмцээнтэй давхцаад хүч сорьж амжсангүй. Сагсан бөмбөгөөр хичээллэж эхлэхэд манай аймагт энэ спорт төдийлөн хөгжөөгүй, дэмжлэг ч харьцангүй бага байсан үе. Бэлтгэлээ уйгагүй базаан, аймгийнхаа аварга болдог байсан ч тэмцээний зардал, санхүүгийн хүндрэлийн улмаас Улаанбаатар хотод ирэн, УАШТ-д оролцож чаддаггүй байсан юм. Би бүр хожим буюу Ерөнхий боловсролын сургууль төгсдөг жилээ л улсынхаа шилдгүүдтэй өрсөлдсөн шүү дээ.
-Шилдэг наймд шалгарсан ч Багануур дүүргийн багтай гурван удаа цаг сунган дийлддэг тэмцээн мөн үү?
-Яг мөн. Мөн ч өрсөлдөөнтэй, эн тэнцүү, хүч шавхсан тоглолт болсон. Тоглолтын өмнөх бие халаалтын үеэр өрсөлдөгч багийн Бямбаа (Бямбадорж)-гийн цагариган дээрээс довтлохыг нь хараад толгой сэгсэрч билээ.
Би лав хэн нэгэн ингэж тохохыг үзээгүй. Спортын төв ордон орж үзсэн маань санаанаас ер гардаггүй юм. “Пөөх. Бэлтгэлийн ийм том танхим байдаг гэж үү” гээд их гайхсан шүү.
-Оюутан болж, хотод ирснийхээ дараа “Sak guard” багт тоглосон. Ур чадвар, бэлтгэлийн хувьд тэс өөр байсан нь мэдээж. Дасахад хамгийн хэцүү нь юу байв?
-Хөдөөний бусад хүүхдийн адил, бүрэг ичимхий байсан, би. Харин хотынхон тэс өөр, нээлттэй. Багийнхантайгаа дотносож, дасахад амаргүй байсан. Үүний сацуу ур чадвар, тоглолтын арга барилын хувьд ч нэлээд ялгаатай.
Тиймээс бусдаас дутахгүй тоглодог болохын тулд өөрийгөө хурцалж, хөдөлмөрлөсөн. Цагаан атаархал, зөв хор шар тамирчны амжилтад эерэгээр нөлөөлдөг юм билээ.
-Тэгснийхээ үр шимээр 2013 онд “Спрайт”-д түрүүлж, дээд лигт өрсөлдөх эрх өвөртөлсөн тамирчин бол, та. “Спрайт” лигт аваргалж, NBA-ийн тоглолт үзэх эрхээр шагнуулсан бил үү?
-Тэгсэн. Миний өнөөгийн гаргаад буй амжилтаас хамгийн дурсамжтай, догдлуулсан нь “Спрайт” лигийн түрүү. Аваргын цом өргөхийн сацуу шигшээ тоглолтын үнэ цэнэтэй тамирчнаар шалгаруулж, баяр дээр баяр нэмж билээ. Багаасаа тоглолтыг нь үзэн, үлгэрлэж өссөн Монголын луухагаруудтай өрсөлдөх эрхтэй боллоо гэж бодоход сэтгэл их хөдөлсөн.
Өөрийнхөө хүч, хөдөлмөрийн үр шимээр АНУ-ыг зорьж, NBA-ийн шилдгүүдийн өрсөлдөөнийг дэргэдээс нь үзэх үнэхээр гоё. Би “Лэйкерс”, “Голден стэйт Уорриорс” багийн тоглолтыг үзсэн юм. Бүр их хичээх урам авсан.
-NBA-ийн одуудтай уулзах боломж гарсан үү?
-Харамсалтай нь, тэгж чадаагүй ээ. Гэхдээ тоглолтын талбайтай ойрхон суудлаас үзсэн болохоор Коби Брайант, С.Карри нарын зургийг дарж, холоос ч болтугай хамт сельфидэж амжсан.
-Таны хувьд өнөө цагийн сагсан бөмбөгчдөөс хамгийн шилдэг нь хэн бэ. Олонх хүн С.Карри, Л.Жэймс хоёрын аль нэгийг нь нэрлэх байх.
-Би эргэлзэлгүйгээр Л.Жэймсийг онцолно. Түүн шиг олон талын ур чадвартай тамирчин ховор. Бас дасгалжуулагчаас дутахгүй багаа удирдаж, хэрэгтэй үед цагаа олсон зөвлөгөө өгч чаддаг.
-Та 2014 оноос хойш сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр тууштай хичээллэж байна. Тэр жилээ оюутны Азийн АШТ-д оролцон, мөнгөн медаль хүртсэн. Төдийлөн удаан хугацаанд бэлтгэл хийгээгүй, амжилт гаргаагүй байсан ч медаль хүртэнэ гэх итгэл байсан уу?
-Байгаагүй ээ. Тэр тэмцээний өмнө болсон багийн төрлийн Азийн АШТ-д оролцон, V байрт шалгарсан юм, бид. Тэгээд эх орондоо ирсний дараа 3х3-ын дүрмийг сайтар судалж, сар хүрэхгүй хугацаанд бэлтгэл хийгээд л Чинбат, Дөлгөөн, Гансүх бид дөрөв тивийнхээ шилдгүүдтэй өрсөлдсөн. Эхний тоглолтод Хонконгийг 21:11 харьцаатай хожсон. Хожих тусам өндөр амжилт гаргана гэх итгэл төрдөг юм билээ.
-Аваргын төлөөх тоглолтод БНХАУ-ын багт дийлдсэн. Тэднийг хэсгийн тоглолтод хожсон болохоор дахиад дийлэх боломж байсан нь мэдээж. Алдаагаа хэрхэн дүгнэв?
-Арай эрт амжилтадаа ханачихсан байж магадгүй. Сар хүрэхгүй хугацаанд бэлтгэл хийн, тивийнхээ шилдгүүдтэй өрсөлдөн түрүү булаалдана гэдэг чамлах амжилт биш.
Зөвхөн 3х3 төдийгүй Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэнд Азийн АШТ-ий медалийн салхийг нь хагалснаараа бахархдаг. Бидний амжилт булган сүүлтэй байх болтугай. Анхдагч болох сайхан.
-Азийн АШТ-ий шигшээд шалгарсан амжилтаар ДАШТ-д өрсөлдөх эрх өвөртөлж, мөнгөн медалиа ихэрлүүлсэн. Аваргын төлөөх тоглолтод Францын шигшээг хожих боломж байсан уу?
-Азийн АШТ-ээс жилийн дараа болсон болоод тэр үү, өмнөхөөсөө тэс өөр сэтгэл зүйтэй өрсөлдсөн юм. Гэхдээ л сагсан бөмбөгийн спортоор монголчууд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө гээд төсөөлөхөд хүртэл санаанд багтахгүй байсан шүү. Эхний тоглолтод БНХАУ-ын шигшээг хожиход бусад орныхон их гайхсан.
Хэсэгтээ дөрөв хожин, нэг дийлдсэн. Үнэнийг хэлэхэд Францтай зөрөхийн тулд Унгарын багт албаар хожигдсон юм. Шигшээ наймд Австралийн багийг үзэгчийн суудалд шилжүүлсэн. Бидэнд аваргын төлөөх тоглолтод Францын шигшээг хожих боломж байгаагүй ээ. Тэд үнэхээр хамгийн шилдэг нь.
Франц, Монголын сагсан бөмбөгийн хөгжил ямар билээ. Нэрийг нь хүртэл сонсоход сүрдмээр. Тив, дэлхийн дэвжээнээс мөнгөн медаль хүртсэндээ бэлгэшээж явдаг.
-Энэ жил даагаа нэхэн, Азийн аварга болсон. Багийн спорт Монголд хөгжих тэр ч бүү хэл олимп, ДАШТ-д өндөр амжилт гаргах боломжтойг нотлон, Төрийн дууллаа эгшиглүүлж байхад юу бодогдож байв?
-Би лав өөрийн эрхгүй уйлсан. “Сагсан бөмбөгийн спортын төрлөөр монголчууд Азийн аварга боллоо, тэр амжилтын эзэн нь бид” хэмээн хамгийн түрүүнд бодсон. Би их азтай. Алтан медалийн төлөөх тоглолтод хожсоны дараа С.Тулга багшийгаа баярлаж байхыг нь харах хамгийн сайхан байсан. Монголын сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө олон жил уйгагүй зүтгэж яваа мундаг хүн.
Их баярласан болоод ч тэр үү, тухайн үед ямар сэтгэл хөдлөл гаргаснаа ер санадаггүй юм. Энэ он амжилтын арвин ургац хураасан сайхан жил болж байна. Олон жил түрүүлэхийг мөрөөдсөн үндэсний супер лигт аваргалж, цом өргөлөө. Мөн сүхбаатарчуудынхаа хамт 21 аймгийн үндэсний лигээс мөнгөн медаль хүртсэн. Уг нь бид өнгөрсөн жилийн амжилтаа баталж, хошой аварга болохыг зорьсон юм. Хараахан чадсангүй.
Сүхбаатар аймгаас мэндэлсэн урлаг, соёлын ододтой хамт тэмцээнд оролцон, хүй цөглөсөн нутгийнхаа нэрийг дуурсгах сайхан байлаа. Хүүхэд насны минь мөрөөдлүүд алхам алхмаар биелсээр байна. Амжилтадаа ханаж, олны итгэлийг алдалгүй, бүр өндөр амжилт гаргахын төлөө хичээнэ ээ.
Намайг үргэлж дэмждэг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Эрчим хүчний зохицуулах хорооны хамт олон, ээж аав, ханьдаа баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Монголын шигшээ багийнхан оюутны дэлхийн наадамд оролцох эрх авсан ч яагаад өрсөлдөөгүй юм бэ?
-Хоёр холбоо (Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо)-ны асуудлын улмаас тус тэмцээнд оролцох эрхийг маань цуцалсан гэнэ лээ. Бид оюутны дэлхийн наадамд 2015 онд өрсөлдөхдөө XVII байрт шалгарсан юм.
-Саяхан “UB Garuda” Их дуулгад оролцсон. Танай багийнханд тус тэмцээнд өрсөлдөх юм сан гэх бодол бий юү?
-Байлгүй яах вэ. Бид тус тэмцээнд оролцох эрх авахын тулд Монгол, Малайзад болсон гран прид өрсөлдсөн ч зорилгодоо хүрч чадсангүй. Гран при ангиллын тэмцээнд аваргын төлөө өрсөлдсөн багт Их дуулгад хүч сорих эрх олгодог юм.
-Санаанаас тань гардаггүй хамгийн сайхан урмын үгийг хэн хэлсэн бол?
-Ихбаяр ах зодог тайлсныхаа дараа “Ард түмний тамирчин байгаарай, ахын дүү” гэж хэлж, урам хайрласан нь санаанаас ер гардаггүй юм. Ахынхаа захиасыг үргэлж санаж, сэвтээхгүй явахыг хичээдэг.
-Биеийн өндөр, жин хэд вэ?
-1.84 см өндөр, 80 кг жинтэй. Дэлхийд чансаагаараа 330 гаруй мянган тамирчнаас 903-т эрэмбэлэгдэж байна. Гурван жилийн өмнө буюу 2014 онд дэлхийн чансаанд анх орохдоо 7135-т бичигдэж байлаа. “UВ Garuda”-гийн дөрөв маань 210-240-д багтаж байгаа.
Би оюутны ангиллын тэмцээнд оролцоход нуруугаар намддаггүй. Гэхдээ цаашид насанд хүрэгчдийн тэмцээнд оролцохын тулд дутуугаа биеийн хүч, ур чадвараар нөхөх хэрэгтэй. Тэгэхийн тулд мэдээж бэлтгэлээ уйгагүй базаан, хичээх нь чухал.
-Есдүгээр сард болох ДАШТ-д оролцоно. Бэлтгэлээ хэрхэн базааж байгаа бол?
-ДАШТ энэ жил цар хүрээгээ тэлж, дэлхийн лиг хэмээн нэрээ өөрчилсөн. Бид “UB Garuda”-гийнхантай хамт бэлтгэл хийдэг. Бэлтгэл ерөнхийдөө жигдэрч байна. Өмнө нь тив, тивээс 4-5 баг оролцдог байсан. Харин энэ жил анх удаа нэг тивээс хоёрхон баг өрсөлдүүлнэ.
Бид Ази тивийг төлөөлөн, БНХАУ-ын багтай хамт оролцоно. Юуны түрүүнд дэлхийн лигт амжилтаа ахиулах нь чухал байна. Дараа жилээс насанд хүрэгчдийн ангилалд өндөр амжилт гаргах, бүр цаашлаад олимп, ДАШТ-д оролцох эрх авах зорилготой.