Түмний итгэлийг даасан төрийн түшээ ямар байдгийг үлгэрлэсэн П.Дамдин хэмээх энэ эрхэм хүнийг хийсэн, бүтээснийх нь төлөө Монгол Улсын хөдөлмөрийн баатар болгосон нь нүдээ олсон шагнал байлаа. Монголын түүхэнд тод мөртэй баатрыг “Хоймор”-тоо урив.
“Өнөөдөр” хэмээх нэр хүндтэй том сонинд ярилцлага өгч буйдаа баяртай байна. Би улс орныхоо ирээдүйн төлөө санаа зовж явдаг ахмад хүний хувьд үгээ хүргэмээр байна. Өөр зүйл ярихгүй шүү” хэмээн эхлээд “тунирхаж”, эрхэлсэн энэ хүн өдгөө 86 настай. Гэхдээ дуу хоолойных нь өнгө, гялалзсан толигор арьсаар нь тодорхойлбол нэлээд залуу гэмээр. Ингэж залуу харагдаж буйн “нууцаа” тэрбээр хөдөлмөрийн хүч, эхнэрийн арчилгаа, тордлогын үр хэмээн тайлбарласан.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар иргэдээр хэлэлцүүлж байна. Энэ улсыг цогцлоохын төлөө ухамсарт амьдралаа зориулсан ахмад үеийнхний төлөөлөл болсон Та энэ талаар ямар бодолтой байна вэ. Чухам аль хэсгийг нь өөрчлөх шаардлагатай гэж Та үзэж байна вэ?
-Үндсэн хууль бол ард иргэдийн амьдрал, ахуй, бүх зүйлтэй холбогддог учраас цаг үе, орчин нөхцөлтэй холбогдуулж, өөрчилж, сайжруулах нь зүйн хэрэг. Миний хувьд эцэг хууль маань анхнаасаа л монгол түмэнд тийм ч зохицолтой байгаагүй. Хэт гадаадын, бүр тодруулбал, Монголын амьдралаас ургагаагүй, Америкийн мэргэжилтнүүдийн зааварчилгаар хийсэн хууль шүү дээ.
Социализмын үед байгуулсан олон үйлдвэр, аж ахуйн газрыг хувьчлахдаа үндсэн үйл, ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүйгээр улам сайжруулна гэж Үндсэн хуульд заасан бол өнөөдрийнх шиг байдалд хүрэхгүй байсан. Улаанбаатар утаандаа баригдсан нь Үндсэн хуулийн буруу заалттай холбоотой гэж боддог. Яагаад гэхээр, хүн дуртай газартаа амьдрах эрхтэй, Монгол Улс ганц хоттой гээд заачихсан.
Тэгэхээр хүн л юм хойно бүгд хот бараадаж, илүү сайхан амьдрахыг хүсэх нь зүйн хэрэг. Ер нь нийслэл хотын ачааллыг нэмэхгүй байх талаар бүр 1980-аад онд нам, засгийн удирдлага, Улс төрийн товчоо (УТТ) анхаарч байсан юм. Улаанбаатарын ус, хүнс, тээвэр, ясли, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, орон сууцны хангамжид тун их анхаарч байсныг онцлон хэлэх хэрэгтэй.
Ерөөс бидний өнөөгийн ийм арчаагүй байдал зөвхөн Үндсэн хуультай холбоотой биш л дээ. Эв эегүй байдлаас их зүйл болж байна. Хэт олон намын тогтолцоотой, тэр тоолонгоор түмэн олон хуваагдан, талцдаг байдал монголчуудыг бүр туйлдууллаа. Эв нэгдэлгүй үедээ монголчууд бусдын хоол маш амархан болно.
Миний бодлоор, Монголд хоёр, гурван нам байна гээд Үндсэн хуульдаа заачих хэрэгтэй. Нам бол удирдан залах хүчин байх ёстой болохоос идэж, ууж, албан тушаалд хүрдэг дамжлага байх учиргүй. Манайхан үүнийг баяжих үүд мэтээр ойлгож, үхэн хатан зүтгэж байна.
-Таныг төрийн сайд, удирдах албанд ажилласан 30 жилийн хугацаанд Монгол маань юм юмтай, олон том үйлдвэртэй, бүтээгч, өсөлттэй улс болсон.
Гэтэл өнөөгийн бид алгаа дээш харуулсан, гуйсан, тоссон байдалтай байна. Таны сэтгэл эмзэглэж, бухимддаг нь мэдээж. Энэ улсын ойрын 10, 20 жилийн төрх, байдлыг Та хэрхэн төсөөлж байна вэ?
-Залуу нас, амьдралаа зориулан бүтээн бос-голцсон улс минь уруудаж байгаад сэтгэл зовж, шаналдаг. Үйлдвэрүүд үгүй болж, нурлаа гэж харамсахаас илүүтэй ирээдүй хойч үеийнхээ төлөө санаа зовдог. Мөнгө, дэвшилт технологи хаанаас ч олдох боломжтой одоо үед үйлдвэрийг сэргээж, босгох амархан. Хэдэн жилийн л хугацаанд амь ороод ирнэ.
Харин эвдэрсэн сэтгэл, сэтгэлгээтэй, ёс зүйгүй хүнийг, бүхэл бүтэн үеийнхнийг сэхээж, сэнхрүүлж, босгоно гэдэг амаргүй. Зөвхөн мөнгөний хойноос явдаг зэрлэг, бүдүүлэг давхарга бий болсныг засахад хүний амьдралын бүхэл бүтэн хоёр, гурван үеийг элээх хугацаа шаардлагатай.
-Монголд сэтгэлгээний ядуурал нүүрлэснийг хаана хаанаа л ярьдаг. Таныхаар ийм байдлаас яавал салах вэ?
-Хүн хөдөлмөрлөж байж л сэхээрч, ухаарна, сэтгэнэ, бодно. Түүнээс биш, одоогийнх шиг уул, ус тахиж, бурхан “төрүүлээд” л, энд тэндгүй суварга босгож, өдөр, шөнөгүй найрлаж, наадамлаад, өвөл, зунгүй морь уралдуулаад байвал хөгжихгүй, ухаарахгүй. Зугаа цэнгэл ихдэхээр хүний хүмүүжил улам л доройтно.
Ажиллаж, хөдөлмөрлөхгүйгээр амьдрах муу арга сүвэгчилсэн, ядуу сэтгэлгээтэй болж байна шүү дээ. Ийм байхад ёс зүйтэй байх уу. Үүнээс гарах зам нь ердөө л хөдөлмөр. Хөрс шороогоо ухах биш, үйлдвэр, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх хэрэгтэй. Хөдөлмөрлөж байгаа хүн бусдыг хүндэлж, ойлгож, зөв хандлагатай болно шүү дээ.
-Миний хувьд ёс зүйг хүний мөс чанар гэж боддог. Та ёс зүй гэдгийг юу гэж ойлгодог вэ. Таны ёс зүйн илэрхийлэл юу вэ?
-Энэ бол хүн амьдралдаа барьж, чиг болгож явах ёстой хамгийн дээд шугам, хэмжүүр шүү дээ. Манайхан олон хууль гаргадаг. Тэр чинь ёс зүйн хамгийн доод хязгаар байхгүй юү. Ёс зүйн хамгийн энгийн, дээд илэрхийлэл нь сэтгэл. Тэгэхээр ёс зүйтэй хүн хулгай хийж, худал хэлэхгүй, залхуурахгүй. Сэтгэл нь тийм хар үйл хийлгэхгүй л гэсэн үг. Харин тэр чухал хэмжүүр үгүй болохоор бүх зүйл нурдаг жамтай.
Төр, засгийн удирдлага нь улсаа хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг, үйлдвэрт ажилладаг нь чанартай бүтээгдэхүүн хийхийн тулд хичээдэг, оюутан, сурагчид нь хичээл номондоо шамддаг, эрдэмтэн мэргэд нь ухаан бодлоо шинжлэх ухаандаа зориулдаг зам мөрөөрөө л явбал уг нь болох юм шүү дээ. Дор бүрнээ л хичээж, хариуцлагатай, ёс зүйтэй байвал болох юм.
Хүний амьдралын бүх зүйлийг хуулиар зохицуулах боломжгүй. Сэтгэл, ёс зүйгээр зохицуулагдах нь зөндөө. Удирдлага нь мэдлэг муутай, идэвх султай, ажлын төлөө үнэн сэтгэлгүй бол ажилтнууд нь дуурайна биз дээ. Үүнтэй утга нэг, 1990 оноос хойш төр, засгийг удирдсан хүмүүс эх орноо нураачихлаа. Олон улсын эрдэмтдийн нэг судалгааг уншсан юм. Аль ч улсын удирдагчдын замнал хоёр янз байдаг гэнэ.
Нэг дэх нь үйлдвэрлэгчийн замаар явж, бүтээж, босгодог. Тэд улсаа өөд нь татаж, иргэдээ сайхан амьдруулдаг. Нөгөөх нь компрадор буюу наймаа, арилжааны сэтгэлээр замнадаг удирдагч. Тийм удирдагчтай улсын иргэд ядуурч, үндсэндээ сөнөх замдаа ордог. Сүүлийн 27 жил бидний толгой дээр байсан дөрвөн удирдагч бүгд компрадор, панзчин.
Эр орныхоо хамаг юмыг зарж, өөрөө баяжаад, гадаад руу дүрвэж болдгийг үлгэрлэсэн. Харин тав дахь Ерөнхийлөгч маань бүтээгч сэтгэлгээтэй, ажил хэрэгч хүн байгаа нь сайн хэрэг. Тийм ч учраас тангараг өргөхдөө аж үйлдвэрийг хөгжүүлэх талаараа онцолсон гэж бодож байна.
-Та удирдагч, дарга хүнийг жолоочтой зүйрлэдэг гэсэн. Ер нь удирдагч ямар байх ёстой вэ?
-Жолооч, тэр дундаа бүр онгоцны ахмадтай зүйрлэх дуртай, удирдагч хүнийг. Монгол Улсыг нисэх онгоц гэж бодъё. Тэгвэл төр, засгийг толгойлж буй хүмүүс хөлгийн баг гэсэн үг, өмнөх нийгэмд Улс төрийн товчооныхон, одоо бол парламентын гишүүд, төрийн өндөрлөгүүд. Бид иргэдээ суулгасан онгоцоо жолоодож, социализм байгуулахаар 70 жил явахдаа тодорхой өндөрт гарсан.
1990 онд залуучууд биднийг шүүмжилж, жолоогоо муу залуурдаж байна, хөлгийн удирдлагыг авна гэсэн. Бид эсэргүүцэлгүй удирдлагыг шилжүүлсэн. Гэтэл улам өндөрт ниснэ гэсэн залуус 27 жилийн хугацаанд Монгол хэмээх онгоцыг хүнгэнүүлээд, доошлуулаад л байна.
Хамраараа газарт шаахад тун дөхжээ. Тэгэхээр жолооч ямар чухал байна вэ. Ингэж уруудаж яваа онгоцыг шинэ жолооч минь унахаас аварч, өөд нь болгоосой гэж хүсэж байна. Нэгэнт өндрөө авчихвал цаашид бүх зүйл сайхан болно л доо.
-Ярилцлагуудаас тань үүдэн бодоход, Та ардчилсан нийгэм байгуулахад анхандаа дуртай байгаагүй бололтой. Тухайн үед нийгмийн эргэлтийг арай өөрөөр харж, бодож байв уу. Гарцаагүй өөрчлөлт хийх бол арай өөр зам сонгох хүсэлтэй байсан уу?
-Зөвхөн бид гэлтгүй тэр үед ард нийтээрээ ардчилал гэж ийм тийм гэсэн ямар ч ойлголтгүй, мөн тэдгээр залуус хөгжлийн тодорхой шатанд гарчихсан улс орныг энэ хэмжээнд доошлуулна гэж яаж мэдэх билээ. Буруу байна, муу байна гэхээр нь л бууж өгсөн. Бид тэдэнд итгэсэн.
Гэтэл тэд одоо буруу замаар явж байснаа өөрсдөө ч ухаарч, хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Уг нь өмнөх үеийнхнийхээ байгуулж, бүтээсэнд авах, гээхийн ухаанаар хандаж, мууг нь засаж, сайныг нь чанаржуулаад, жишээ нь урд хөршийнхөн шиг зөв явсан бол өнөөдрийнх шиг ийм гутамшигт байдалд орохгүй байсан юм.
1981 он
-Монголчууд төрөө дээдлэн, сүлдэндээ залбирч ирсэн улс. Төрийн нэр хүнд уначихсан ийм үед Та юунд сүслэн залбирч байна вэ?
-Ард иргэдийн амьдрал сайжирч, улс минь зөв замаар яваасай л гэж хүсэж, боддог.
-Ердөө 24 мегаваттын хүчин чадалтай ганц жижиг цахилгаан станц, 200.000 тонн нүүрс гаргадаг Налайхын уурхайтай байсан улсын гол судас болсон яамны сайдаар томилогдохдоо Та 29 настай байжээ.
Юунаас ажлаа эхлэх вэ гэж айсан уу. Ер нь төдий насандаа төрийн өндөр албанд томилогдсон хүн олон байхгүй л болов уу?
-Ю.Цэдэнбал дарга 24 настайдаа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсон шүү дээ. Би ЗХУ-д дээд сургууль төгсөж ирээд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, тус газрын Аж үйлдвэрийн хэлтсийн даргаар хоёр жил ажиллаад сайд болсон. Үйлдвэрт ажиллаж үзээгүй, гэр бүл зохиогүй, товчхондоо, ажил, амьдралын туршлагагүй “түүхий” байсан үе.
Тухайн үед Аж үйлдвэрийн яаманд уул уурхай, цахилгаан, хөнгөн болон хүнсний үйлдвэр гээд бүх салбар харьяалагддаг байсан юм. Тиймээс ямар ч туршлагагүй надад ахмад нөхөд минь их тусалсан. Би Барилгын сайд Гончиг, Сангийн сайд Дүгэрсүрэн, Эрүүлийг хамгаалахын сайд Туваан, Гадаад явдлын сайд Шагдарсүрэн, Гадаад худалдааны сайд Гомбожав нарын ахмад хүмүүст “Та бүхэн надад зааж, зөвлөөч, долоо хоног бүр ээлжээр манай яаманд очиж туслаач” гэж аминчлан гуйсан.
Нэг сар гаруй тэднийг нэлээд “зовоож”, их зүйл сурсан. Хариуцлагатай ажил хийх эхний сургууль минь тэр байсан гэж боддог. Тэд “Чи ажлаа сайн явуулж, сайн сайд болохыг хүсэж байгаа бол контортоо бага суу. Албан өрөөнөөсөө гарахгүй бол бичиг цаасанд дарагдсан хүн болно.
Тиймээс аль болохоор үйлдвэрийн тасагт, ажилчдын дунд орж, амьдралтай нь танилц. Тэгсэн цагт яаж ажиллахыг амьдрал аяндаа заагаад өгнө” гэж захьсан. Би тэр дагуу явахыг хичээж, ажлын ихэнх цагийг үйлдвэрийн талбарт өнгөрүүлж, албан өрөөндөө бол шөнө дөл хүртэл суудаг байлаа.
-Та тэгэхээр нэлээд хожуу гэрлэсэн юм уу?
-Сайд болсноос нэг жилийн дараа 1961 онд гэрлэсэн.
-Таныг боорцогт их дуртай гэж сонссон. Боорцогны “шинжээч” аль үйлдвэрийн “хэн” гэдэг бүтээгдэхүүнд дуртай бол?
-Хөдөөгийн амьдралын л жишиг шүү дээ. Ээж боорцог хайрна гэдэг чинь ёстой тансаглал байлаа, ялангуяа гурил, тос ховор цагт. Мундаг нарийн хоол байхгүй. Одоо бол би “Та, чи” гэсэн, тосгүй, цайны боовонд дуртай. Сүүлийн үед транс тосны тухай ярих болж. Энэ их зүйтэй, анхаарах асуудал шүү.
-Ийм сайхан толиотой байгаагийн нууц тань идэж уудагтай холбоотой юу?
-Залуучуудад хэлэхэд, хөдөлгөөн сайн хийж, алхаж бай. Би сайд болж, машин унадаг болсноор жаахан таргалж эхэлсэн. Тэгэхээр нь өглөө эрт алхаж, гимнастик хийж, ажилдаа явган шогшдог болсон. 1990 онд огцорсны дараа байрны хөгшчүүл “Та сайд байхдаа л машин унадаггүй байсан одоо “Машингүй яана” гэх сэтгэлийн зовлонгүй амар байна уу” гэж билээ.
-Та 1991 онд хүзүүндээ хагалгаа хийлгэсэн гэсэн. 1973 онд Чехэд нисэх онгоцны осолд орсноос улбаатай бэртэл тийм хожуу илэрсэн юм уу?
-Магадгүй, гэхдээ сайн мэдэхгүй. 1973 онд Чехэд болсон Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнуудын Хөнгөн үйлд-вэрийн байнгын комиссын хуралд оролцохоор “Ту-154” онгоцонд явж байгаад осолдсон. Тэр онгоцны тусгай хэсэг, одоогийнхоор бол VIP нь урдаа байдаг юм. Би урд, манай яамны мэргэжилтэн Дашдаваа, Лхагвасүрэн хоёр энгийн зорчигчдын хэсэгт ард суулаа.
Хажуугийн минь хоёр суудалд хүн алга. Тэгэхээр нь нөгөө хоёроо дуудаж, зэрэгцээд суулаа. Москвагаас Прага хүртэл хоёр цаг гаруй ниснэ. Тэр хооронд хуралд хэлэх үгээ үзэж, зөвлөлдөх санаатай. Гэтэл онгоцны үйлчлэгч бүсгүй манай хоёрыг тасалбарт заасан суудалдаа суухыг шаарддаг юм байна. Би тэдэнтэй ажил хэрэг ярих шаардлагатай байгаагаа хэлээд, гуйлаа.
Тэгж нөгөөх хоёр минь урд сууснаар азаар амьд гарсан даа. Хожим тэд маань надад “Онгоцны үйлчлэгчид загнуулах яах вэ. Сайдын үгэнд орохгүй бол зэмлүүлнэ. Хамт суусан нь дээр” гэж шивнэлдсэн талаараа ярьж байсан. Миний муухай ааш тэгж хүний аминд орсон гэж боддог. Хөөрхий, онгоцны арын хэсэгт явсан 66 хүн амь үрэгдсэн. 34 хүн л эсэн мэнд үлдсэн. Хамт явсан нөхөд минь өнгөрчихсөн бол би гэр бүлтэй нь яаж уулзаж, юу хэлэх байсан бол, аймаар шүү.
-Үхэлтэй тулахаар хүний амьдрал кино шиг зурсхийж харагддаг, элдвийн л юм боддог гэдэг юм билээ. Тийм аюултай үед та юу бодсон бол. Осолдох үедээ онгоц яг хаана явж байсан юм бэ?
-Буух зурваст хүрэлгүйгээр дугуй нь шороон зам руу орсон гэдэг юм билээ. Гэнэтхэн л бөөн дуу чимээ болж, дэржигнэж, нажигнаж байснаа тас, нясхийгээд л явчихсан. Элдэв юм бодох сөхөө, хугацаа ч байгаагүй. Ердөө хэдхэн хормын явдал. Гэхдээ асар удаан үргэлжилсэн мэт санагддаг юм билээ.
“Осолдчихов уу даа. Яадаг билээ” гэтэл онгоц хэд хэд эргэлдээд, зогсчихсон. Тэгтэл нэг хэсэг газраар нар туслаа. Онгоц газарт унахад далавч нь хугарчээ. Бидний зол болж, тэр нүхээр мөлхөж гараад “Бушуухан зайлахгүй бол мөдхөн дэлбэрнэ шүү” гээд л гүйцгээсэн.
Тэгж байтал ард гурван удаа дэлбэрэх чимээ гарсан. Би мөлхөж явахдаа “Урд сандлын түшлэгт өлгөөтэй байгаа хүрмийг минь аваарай” гэж нөгөө хоёртоо хэлж амжсан. Бичиг баримт байсан болохоор тэр байх л даа.
-Яг л кинонд гардаг шиг самбаачилсан байна шүү. Одоо онгоцонд суухаас айдаг уу?
-Одоо хэвийн болсон. Тухайн үедээ айдастай л байсан. Нөгөө хуралдаа оролцчихоод буцах болоход олон орны сайд, нөхөд маань “Та галт тэргээр яв” гэж байна. “Газраар явахаар хагас сар шахам болно. Ажил хэцүүднэ” гэтэл “Ийм тэнэг хүн байх гэж” гээд л толгой сэгсэрцгээсэн. Тэгээд онгоцонд орохоор шатаар нь өгсөж байхад нэг л тавгүй, эвгүй болоод, хөөрөхийг нь хүлээх зуурт өвдөг чичрээд л хэцүү юм билээ. Нэг хэсэг тэгсэн шүү. Тэгээд яваандаа зүгээр болсон.
Тэр ослоос гадна би дөрвөн удаа үхлээс мултарсан хүн шүү дээ. Оюутан байхдаа Сонгинод амарлаа. Туул гол үерлэчихсэн байхад усанд сэлж, эргүүлэгт орж үхэх шахсан хүн дээ. Их сургуулийн хоёр орос багш амийг минь аварсан.
1966 онд Улаанбаатарт үер бууж, Туул гол улаанаараа эргэлдэж, жинхэнэ гамшиг болсон юм. I цахилгаан станц үерт автсан учраас Толгойт дахь II станцын газар доорх тоног төхөөрөмжийг дээш нь татуулах ажил зохион байгуулж, шөнөжин “ноцолдоод”, үүр цайлгалаа. Станцын дарга Сүхсээ гуайтай явж байтал 3.5 метр гүн ухсан нүхэнд уначихсан. Усны бүдүүн хоолойнуудыг цохилтоос хамгаалдаг махир хэсэгт хөл минь тээглэж, Сүхсээ гуай гараас минь татаж гаргасан.
-Бас л кино шиг юм.
-Дараагийн удаа “үхэл” мөн л сайд байхад таарсан. Машин овоо жолоодож сурчихаад, ид хорхойсож байсан үе. Залуу ч байж. Ажлаар Сэлэнгэ аймаг ороод, буцахдаа жолооны ард суулаа. Миний жолооч Гомбодорж гэж надаас ахмад, их туршлагтай, сайн хүн байлаа. Бас хэлтсийн дарга Дашням гуай хамт явсан юм. Ерөөгийн гүүрний цаахна дэржигнүүртэй замд туршлагагүй жолооч сандраад тоормос гишгэх гэтэл хаазан дээр хөлөө тавиад улам хурдлуулчихав аа.
Замаас гарчихлаа. Нэг хартал урд эрэг байна. Жолоогоо мушгиад нөгөөх рүү чинь онхолдуулчихлаа. Азаар, элстэй газарт “69”-ийн дөрвөн дугуй дээш хараад унасан. Хамгийн түрүүнд л нөгөө хоёр минь үхчихээгүй байгаа гэж бодоод, цонхоор гарахаар мөлхөж байтал “Сайд аа, зүгээр үү” гэж дуу нь гарахад сэтгэл амарлаа. Тэр явдлыг ээждээ ч, эхнэртээ ч хэлэлгүй гурван жил тас нуусан шүү. Нөгөө хоёртоо “Бид гурвуул явсан. Би хэнд ч хэлэхгүй. Хэрэв энэ тухай хүмүүсийн чихэнд хүрвэл та хоёроос гарцаагүй. Хэн бэ гэдгийг мэдэх амархан” гээд л хэлийг нь “хазуулчихсан”.
1997 онд Эрдэнэтэд явж байгаад хүзүүгээ бэртээчихлээ. Яагаад бэртсэн юм бүү мэд. Орон дээрээс эвгүй унасан уу, яасан, мэдэхгүй. Өрөөсөн гар ажиллахгүй, нүд хэвийн биш хардаг болчихсон. Урьдын гэмтлүүдээс үүдэлтэй байж мэдэх юм. Тав дахь удаагаа үхэлтэй тулсан нь тэр. Улаанбаатарт эмнэлэгт нэг хоноход ямар ч найдлагагүй, тун горьгүй байна гэснээр Хятад руу явахаас аргагүйд хүрсэн.
Тэнд сэхээнд хоёр сар болсон. Хятад эмч нар амийг минь аварсан ч хүзүүг минь яаж ч чадаагүй, одоо аппараттай явдаг. Байгалиас заяасан баадуу нь зогсох болоогүй байхад хүн үхдэггүй юм шиг байна. Нөгөө талаас бодоход төр, түмний төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэж явсны минь буян ирсэн байх.
-Олон удаа үхлээс мултарчээ. Тэгэхээр ус уух хувьтай л хүн юм байна. Ер нь тавилан, хувь төөрөг гэдэгт итгэдэг үү?
-Хүмүүс “Бурхан хувь заяаг нь зурдаг” гэдэг. Үнэндээ бурхан гэж байхгүй шүү дээ. Хүн өөрөө бурхан юм. Аав, ээж, ах, дүү, садан төрөл, хамт олон чинь бурхан байхгүй юү. Хүн хүнээ бурханчлан шүтэж, дээдлэх нь чухал. Социализмын нэг давуу тал нь түмэн олныг мухар сүсгээс ангижруулсан. Гэтэл одоо мухар сүсэгт муухай автжээ. Хүүхдүүд хичээлээ уншихын оронд “Надад онц тавиулаад өгөөч” гээд Ганданд очиж, мөргөж байна.
Залуу хүүхнүүд “Сайн нөхөртэй болмоор байна” гэж бурхнаас гуйж байна. Төрийн толгойд байгаа хүмүүс нь нүглээ нимгэлэх гэж мөргөнө. Хувьдаа ламгүй, бөөгүй дарга гэж байхаа больсон гэдэг үнэн байх шүү. Энэ мэтээр дээр, дооргүй муйхарлан, мунхаглан шашинд итгэж, мөргөдөг болж.
-Та Зөвлөлтийн сайдыг шалж, нэхэж байгаад Монголын шилний үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх тоног, төхөөрөмжийг “бэлэглүүлээд”, түүнийгээ хил дамнуулан “зувчуулж” авчирсан гэдэг үнэн үү?
-Тийм нууцыг хаанаас сонсчихов. Монгол, Зөвлөлтийн найрамдал, хүмүүс хоорондын харилцааны талаар сонирхолтой баримт, түүх олон бий. Таны асуусан тэр үйлдвэрийн ажилчид хэдэн мянган градуст хайлсан шилийг амаараа үлээж лонх хийдэг байлаа. Үнэхээр хүнд хөдөлмөр шүү. Гэтэл лонх хийдэг автомат машин Зөвлөлтөд байдаг. ЗХУ-ын Хүнсний сайд В.П.Леин бид хоёр ажил хэргийн хамтрагчаас гадна их сайн найз. Нэг удаа ажлаар Москвад очоод зориуд түүнтэй уулзлаа.
Москвагийн ойролцоох шилний үйлдвэрт шинэчлэл хийх болсон талаар би дуулсан байсан юм. Тэгээд төхөөрөмжөөс нь гуйх санаатай. Ер нь улс хоорондын нөхөрлөл хүнээр л дамжиж бий болдог чухал харилцаа шүү дээ. Ингээд уулзаад шууд л “Машинуудаасаа шилж байгаад хамгийн сүүлийн үеийн, сайнаас нь хоёрыг Монголд өгчих” гээд гуйх, тулгахын хооронд хэлчихлээ. Болно оо, мөнгөө бэлд гэнэ. Манай яаманд нэг сая рубль байхгүйг та мэдэх учраас зүгээр л бэлэглэчих л дээ гээд шаллаа.
Тэгтэл орлогч сайдаа дуудаад “Энэ Монголын сайд шилний үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэнэ. Тэгсэн мөртлөө үнэгүй өгөхөөс нааш явахгүй гэх юм. Тийм арга чарга байна уу” гэж асуухаар нь би хажуугаас орж “Байгаа” гэчихлээ. Тэр жил бидний аз, зол гэлтэй Монголд Зөвлөлтийн хөнгөн, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байсан юм.
Тэгэхээр тэр хүрээнд л бичиг баримт бүрдүүлж, хил гаалиар гаргах арга зам байгааг хэлтэл Леин “Ёстой болдог арга байна” гээд “Улсынхаа хил давуулахыг би даана. Цаад талаа чи өөрөө хийгээрэй” гээд л шийдчихсэн асуудал.
-Та ч шаггүй сүүхээтэй, жаатай эр байж.
-Улсынхаа төлөө тийм гуйлга бишгүй хийсээн. Манай орныг харж үзээч гээд л бараг алба юм шиг нэхнэ. Жишээ нь, 1970-аад онд шинэ архи гаргаж, шошгыг нь Зүүн Германд хэвлүүлсэн юм. Тус улсын Хүнсний сайдтай уулзаад дээрх аргаа хэрэглэж, хэвлүүлээд, бүр Монголд хүргэх тээврийнх нь зардлыг ч гаргуулж байлаа.
Тэр ч бүү хэл, гутал, нэхмэлийн үйлдвэрийн нарийн зүү, зарим нэгэн нандин эд зүйлийг нь хэдэн авдраар нь авч, боломжийнхоо хэрээр өөрөө зөөж, заримыг нь Элчин сайддаа захиж “Араас ачуулаарай” гээд үлдээнэ. Тэгэхийн тулд үйлдвэрүүдээрээ явж, юу хэрэгтэй, ямар зүйл дутагдалтай байгааг мэдэх ёстой л доо.
Бидний үед ингэж л ажилладаг байсан. Одоогийн сайд, дарга нар ажлын төлөө ингэж чармайж, зүтгэхгүй, зүгээр л бодлого ярьдаг болсон нь харамсалтай. Ер нь түмний төлөө гуйлга гуйхад зовж, нэрэлхэх хэрэг байхгүй.
-Төрд хэрэгтэй зайранг үхэл хүртэл “тоогоогүйн” шалтгаан энэ байж. Таныг бас их шударга, өгсөн үүрэг даалгаврынхаа араас нэхэл хатуутай хүн гэж удирдлагад тань ажиллаж байсан хүмүүсээс сонссон.
Тийм зангаасаа болж хохирч, эвгүй байдалд орсон, эсвэл аргагүй байдлаас буруугийн хажуугаар дуугүй өнгөрсөн тохиолдол бий юү?
-Би хэлэх гэснээ сэтгэлдээ хадгалж, дуугүй байж чаддаггүй зантай. Хэлж л санаагаа амраана. Тэгэхгүй бол сэтгэлд нэг юм тээглэчихдэг. Ялангуяа дутагдлыг нүүрэн дээр нь л хэлчихдэг. Ажлын шаардлагаар тэглээ гээд гомдсон хүн байхгүй.
Дутагдал гаргасан хүнийг зэмлэхийн оронд өөрөөр нь алдаа болон тохирох шийтгэлийг нь бичүүлээд, тушаал гаргадаг байсан. Зарим хүн үүнийг хүмүүжлийн өвөрмөц арга гэдэг юм.
-Удирдагч хүний нарийн арга байх нь. Та Ю.Цэдэнбал даргын торгон ухааны талаар байнга дурсдаг юм билээ. Сүүлд Москвад хүртэл түүнийг эргэж очоод намын нөхдөдөө “загнуулсан” гэл үү. Бал дарга, Анастасия Ивановна хоёрыг манайхан нэг хэсэг муулж, баахан “баалсан”.
Харин сүүлийн үед түүхэн хувь нэмрийг нь, хувь хүн талаас нь эерэг ойлголт бий болох хандлагатай. Яг тан шиг хажууд нь, ойр харилцдаг байсан хүмүүс л үнэн, худлыг гэрчилж, залуучуудад ойлгуулж, ухуулснаар хожим түүх гуйвахгүй шүү дээ. Тэд ер нь ямар хүн байсныг хэдхэн үгээр хэлж өгөөч?
-Монгол Улс 1990 оноос өмнөх 30-аад жилд эрчимтэй хөгжсөн учир шалтгаан нь ердөө л ухаантай удирдагчийн гавьяа. Мэдэж, ажиллуулах хүнгүй бол мянган сайхан техник байгаад нэмэргүй биз дээ. Үүнтэй адил бид боловсон хүчнээ бэлтгэж чадсан юм. Бал дарга төрийн том удирдагч хүн учраас дайны дараа ард түмнээ эрүүлжүүлж, бүх нийтийг бичиг үсэгт тайлж, боловсролтой болгох ажлыг шат дараалан хийсэн.
Үүний дараа мэргэжилтэй боловсон хүчин, инженер техникийн ажилт-нуудаа гадаад, дотоодод сургасан. Ингэж улсаа хөгжүүлэх сууриа бэлтгэснийг нарийн ухаан гэхээс өөрөөр юу гэх юм бэ. Үүнээс гадна Бал дарга хүний үгийг хүлээцтэй сонсдог, тэр хэрээр ойлгож, зөв талаас нь хариу өгч, зөвлөдөг жинхэнэ төрмөл удирдагч байсан.
Өөрийгөө боловсруулах тал дээр үргэлж анхаарч, их юм уншиж, тэмдэглэнэ. Олон номыг зэрэг уншиж, тэмдэглэгээ хийнэ. Хожим Москвад бие нь тааруухан байхад ч энэ л зангаараа баахан номон дунд сууж байсан даа. Монголын төлөө бүх амьдралаа зориулсан тэр хүнийг бид дэндүү муухай байдалд оруулснаа бага ч гэсэн цайруулж, ядаж Зориг хүүд нь туслах юм сан.
Анастасия Ивановна ч Монголын хөгжиж, дэвших үйлсэд том хувь нэмэртэй байсан юм шүү. Манай хүүхэд, залуучуудыг боловсруулах, тэдний аюулгүй, баталгаатай амьдралын төлөө их зүйл хийсэн. Зарчимч занг нь муухай ааш мэтээр ойлгуулахыг хүсдэг хүмүүс байсан нь үнэн.
Цаашлаад Монголынхоо хөгжил дэвшилд МАХН том үүрэг гүйцэтгэсэн, жинхэнэ ард түмний нам байсан шүү дээ, одоогийнх шиг хэсэг хүний эрх ашгийн төлөөх байгууллага байгаагүй юм. Тухайн цаг үеийнхэн бүгд мэднэ. Нам маань улсдаа боловсон хүчнээ бэлтгэж өгдөг, тэдний хариуцлагыг хүртэл даадаг байсан. 1990 оноос хойш боловсон хүчний бодлого алдагдаж, намыг их мөнгөнд хүрэх шат болгон хардаг хүмүүс бий болсон.
-Таныг улсын төсвөөс 188 төгрөг илүү зарцуулсан гээд хуулийн дагуу төлбөрийг барагдуулсан гэдэг. Гэтэл өнөөгийн сайд, дарга нар бараг улсын төсөвтэй дүйх хөрөнгө, мөнгө завшчихлаа, бүр Монголын газар шороог хүртэл зарчихлаа гэж дуулдах юм. Гомдолтой санагддаг уу?
-Гомдох бол асуудлын гол нь биш. Ялангуяа Оюутолгойг онцолмоор байна. Тухайн баялгийг ашиглах тухайгаа гадаад, дотоодын компаниу-дад нээлттэй зарлаж, техник, эдийн засгийн үндэслэлийг хэд хэдэн хувилбараар боловсруулаад, тэр талын мэргэжилтэн, ажилтнуудын саналыг авч, доороосоо эхлэн хэлэлцүүлээд, тэнд ажиллах боловсон хүчнүүдийн нийгмийн асуудлыг шийдэж, байр орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгтэй суурин газар цогцлоохын зэрэгцээ уурхай байгуулах ажлаа хийх ёстой байсан.
Бид нам, төрийн удирдлагад ажиллаж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийг ийм л зарчмаар байгуулсан. Тэгэхээр бэлээхэн туршлага, жишээ байсан юм. Төрийн гурван өндөрлөг нь оролцож 2007 онд сүр дуулиантай хийсэн гэрээ бидэнд юу өгөв. Гэтэл өнөөдөр өчнөөн сая доллароор хэмжигдэх баялагаа гадаадад гаргаад байгаа хэрнээ бид ядуураад л байдаг. Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачин гэдэг байлаа. Одоо алтаа алдсан тэнэгүүд гэж байгаа даа. Гэрээг панзчин сэтгэлгээгээр хийсний гай.
Төр, засаг нь хувийн нэг компанитай хутгалдаж, эргээд хэлэх, шаардах, зангарагтай загнаж, засах аргагүй байдалд өөрсдийгөө оруулдаг ийм мунхаглал байж болох уу. Хариуцлага хүлээсэн үү. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж засна гэхийн оронд юу гэлээ. “Сайхан үйлдвэр болж байна. 18-тай охиноо хүнд бэр болгоод өгчихлөө. Эргүүлж авах ямар ч боломжгүй” гэсэн.
Ингээд зогсоогүй хэдэн тэрбум төгрөгийн татвар төлөөгүй гадаадын нэг этгээдийг ялаас мултлаа биз дээ. Ийм байдлууд эх орноосоо урвасан үйлдэл гарцаагүй мөн.
-Японоос дайны төлбөрт авсан 17 сая ам.доллароор “Говь” компаниас өөр ямар бүтээн босголт хийсэн юм бэ?
-Манай түүхэнд гадаадаас авсан анхны их валют шүү дээ. “Говь” гэсэн цогц үйлдвэр байгуулахад тэр мөнгийг зарцуулсан. Тэрийг авахын тулд яам болгон тус тусынхаа асуудлыг дэвшүүлж, уралдлаа. Одоогийнхоор бол тендерт өрсөлдсөн хэрэг. 14 санал боловсруулснаас ХААЯ болон ХХҮЯ-ныхыг эцсийн шатанд хэлэлцсэн юм. ХААЯ тэр мөнгөөр 350 гаруй сум, нэгдэл, Намын хорооны даргын унаа “69”-ийн дугуйг гурван жилд хүрэлцэхээр нөөцөлнө гэсэн.
Тухайн үед нэг хэсэг дугуй үнэхээр ховордсон л доо. Мөн малчин өрх бүрийн хүн амыг харгалзан 2-3 дээлийн торго Японоос авч тараана гэсэн. Монголчууд малчин удамтай болохоор дарга, сайд нар дэмжих нь ойлгомжтой. Харин манай ХХҮЯ ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэрийн төсөл боловсруулсан.
Ингээд шалгарсан хоёрыг УТТ-гоор хэлэлцэх боллоо. Тэр үед бид хөөцөлдөж байгаад НҮБ-аас мөнгө гаргуулаад, тоног төхөөрөмж авч 50 тонн ноолуур боловсруулж, бүтээгдэхүүн хийдэг туршилтын үйлдвэр байгуулж “хөөрхөн” туршлагатай болчихсон, би Итали, Англи, Японд очиж, энэ чиглэлийн үйлдвэрүүдтэй танилцсан учраас боломжтой гэдэгт сайдын хувьд бат итгэлтэй байсан.
Тэгээд болоогүй ээ, түүхий эдээ Япон руу явуулж, хийлгэсэн болон өөрсдөө энд хийсэн цамцнуудаа УТТ-ны гишүүдэд үзүүлээд, эцэст нь Бал даргад танилцуулж, харьцуулан бодитоор харууллаа. Дарга “Ямар сайхан юм хийгээ вэ” гэж магтаж, урам-шуулав. Хэд хоногийн дараа Товчоо хуралдаж, намайг дуудлаа. Бал дарга хүнийг заавал суу гэж урьдаг зантай. Тэгтэл энэ удаа тэгсэнгүй. Дарга “Японоос өгсөн 17 сая долларыг ХХҮЯ-ны боловсруулсан үйлдвэр байгуулах төсөлд зориулах нь зөв зүйтэй.
Ард түмэнд үлдэцтэй, хэрэгтэй бүтээн байгуулалт гэж үзээд дэмжиж байна. Манайд түүхий эд нь хангалттай байна. Тэгэхээр ингээд шийдчих үү, нөхөд өө” гээд л гараа өргөчихлөө. Гишүүд ч юм хэлсэнгүй, саналыг нь дагасан. Хэрэв намайг суулгаад торго, дугуй авах уу, үйлдвэр байгуулах уу гээд хэлэлцүүлсэн бол асуудал хаашаа ч эргэж, яаж ч мэдэх байсан учраас дарга намайг суулгаагүй хэрэг л дээ. Тийм нарийн ухаан гаргажээ.
-Гэр бүлийн хоёр нэгнийгээ дээдлэн хүндэлснээр зөв, сайхан амьдрал цогцлоодгийг та үлгэрлэн харуулсан хүн. Өдий сайхан явахад эхнэрийн тань гавьяа их байсан нь мэдээж. Түүнд зориулаад сониноор сайхан үг дайгаач.
-Хүү, охин хоёрыг минь төрүүлсэн эрхэм сайхан эмэгтэй Энхтуяа. Хөдөлмөрийн баатар гэсэн алдар хүндтэй цол хүртсэний минь гавьяаны тал нь түүнийх. Тэр бол арын албаны дарга. Үргэлж цэвэр цэмцгэр хувцаслаж, хиргүй цамцтай, гэдэс цатгалан явсан минь эхнэрийн л хүч.
П.Дамдин гуай айхтар гярхай хүн аж. Ярьж байх зуурт нь хэдэн хором бичиг, цаасан дээр нүд тусгахад л “Яаж байна, уншиж амжиж байна уу, би ярихаа азнах уу” гэх. Яриагаа халиахгүй, цэгцтэй байхын тулд “Би хадуураад байвал шууд зогсоогоорой” гэж захих. Олон жил удирдах ажил хийж, хүний үгийг сонсож, санал бодлоо хуваалцаж сурсан нь илт.
“Хөдөлмөрийн үр шимээр хүний сэтгэлийг ч засаж болно” хэмээсэн Хөдөлмөрийн баатар буурал дайчин, эрчимтэй үйлдвэржилтийн “эцэг”, энэ цагийн үлгэр дуурайл болсон Паавангийн Дамдин гэдэг эгэл нэгэн хүн “Аж үйлдвэрээ хөгжүүлж, Монгол хэмээх онгоцоо зөв залуурдаж, өндөрлөгт гаргаарай. Эх орныхоо түүхэнд алтан үсгээр бичигдэх Ерөнхийлөгч болоорой” гэж шинэ “жолоочид” дамжуулсан ерөөлийн үгээр ярилцлагаа өндөрлөе.