Гавьяат жүжигчин Г.Золбоотын хүү З.Хангал аавынхаа мэргэжлийг өвлөжээ. “Долоон бурхан харвадаггүй”, “Аравт”, “Үхэж үл болно Чингис хаан” зэрэг дэлгэцийн 50 гаруй бүтээлийн гол болон туслах дүр бүтээсэн эл эрхмийн халааг залгаж яваа хүүтэй нь ярилцлаа. З.Хангал 2015 онд СУИС төгсөн, “Админ Зэт”, “Хайр эргэсэн хавар” зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит кинонд дүр бүтээж амжжээ.
-Та аавтайгаа их адилхан юм. Хүмүүсээс ийм үг олон сонсдог биз?
-Хүмүүс төстэй л гэдэг юм. Аавыг минь мэддэг хүмүүс “Г.Золбоотын залуугийн төрхтэй төстэй юм” гээд л инээдэг. Гэхдээ би аавыгаа яаж гүйцэх билээ. Миний аав чинь сайхан залуу шүү дээ.
-Та уг нь ХБК төгссөн, морин хуурч хүн шүү дээ. Яагаад аавынхаа мэргэжлийг өвлөхөөр шийдэв?
-Ухаан орсон цагаасаа л аавынхаа тоглосон кинонуудыг үзэж, бахархаж өссөн минь нөлөөлсөн. Багадаа аавыгаа дагаж киноны зураг авах талбай руу их очдог байв. Нэгдүгээр ангид байхдаа “Би том болоод аавынхаа мэргэжлийг өвлөж, жүжигчин болно” гэж ярилцлага өгсөн сониныг аав минь одоо ч хадгалдаг юм билээ.
Аав минь эзэмшсэн мэргэжилдээ үнэхээр үнэнч, их хайртай. Тиймээс л зориглосон. Би Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар багшийн шавь.
-Аавыгаа ямар киноны зураг авахуулж байхыг нь тод санадаг вэ?
-Найруулагч Ж.Солонгын “Хааны сүүлчийн хатан” киноны гол дүрд Гавьяат жүжигчин Н.Батцэцэг эгчтэй тоглосон шүү дээ. Тэр киноны зургийг авах үед би дагаж явсан юм. Тэр үеийг маш тод санадаг. Надаас гадна тав зургаан жүжигчин хүүхдээ дагуулаад ирчихсэн байлаа. Тэдэнтэй хамт тоглож, сахилгагүйтээд л. Зургийн талбайд “Монголкино” үйлдвэрээс баахан хуучин машин авчирсан байв.
Тэрэн дээр нь гарч тоглох их зугаатай байсан санагдана. Түүнээс гадна аав “Овжин охид”, “Туслаарай” зэрэг хэд хэдэн кинонд туслах найруулагчаар ажилласан шүү дээ. Тэдгээр киноны зургийг авч байхад хамт байснаа сайн санадаг.
-Урлагийнхан хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэх их дургүй юм билээ. Аав тань таны шийдвэрийг хэрхэн хүлээн авч байв?
-Аав намайг хоёрдугаар ангид байхаас л Монголын хүүхдийн ордонд морин хуураар хичээллүүлсэн. Дөрөвдүгээр ангид оронгуут ХБК-д оруулчихсан. Сургуулиа төгсөөд мэргэжлээ ахиулж сурах уу, өөр мэргэжил эзэмших үү гэж бодсон л доо. Тэгээд аавд мэдэгдэлгүй СУИС-д шалгуулаад, тэнцчихсэн. Энэ тухайгаа яаж хэлэхээ мэдэхгүй бас хэсэг явсан.
Тэгж тэгж нэг өдөр “Аав аа, би СУИС-ийн жүжигчний ангид ормоор байна” гэлээ. Тэгсэн “Үнэхээр хүсээд байгаа бол өөрөө мэд дээ” гэж байна. Тэгэхээр нь “Би орчихсон” гээд хэлчихсэн. “Урлагийн мэргэжил хэцүү шүү” л гэж надад хэлсэн. Тэр үг нь үнэхээр үнэн юм гэдгийг одоо л зах зухаас нь мэдэрч байна.
-Сүүлд ямар уран бүтээлд тоглов?
-Багадаа аавын тоглосон хэд хэдэн киноны туслах дүр, олны хэсэгт тоглож байлаа. Оюутан болоод 2011 онд “Тэнгэрийн продюсер” гэж кинонд анх тоглосон. Хүмүүс сайн мэдэхгүй байх. Одоо харахаар их инээдтэй санагддаг юм. Аав “Анх тоглосон киногоо үзэхээр инээд хүрээд, ичдэг” гэсэн удаатай. Тэр яг үнэн. Сургууль төгссөнөөсөө хойш олон кинонд тоглож амжаагүй ээ.
Сүүлд “Боловсрол суваг” телевизийн “Хайр эргэсэн хавар” олон ангит киноноос хойш уран бүтээлд ажиллаагүй. Харин ирэх долоо хоногоос шинэ киноны зураг авахуулж эхэлнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай, олон
-Аав тань уран бүтээлийн гараагаа Армийн театраас эхэлсэн гэдэг. Харин та “Шилдэг өнгө” продакшнд ажилласан. Тайзны уран бүтээлд тоглох болсон тань таны шийдвэр байв уу, аавын тань санаа байсан уу?
-Оюутан байхдаа “Шилдэг өнгө” продакшны тоглолтод оролцдог байсан. Аавын санаа л даа. Би өөрөө дэлгэцийн уран бүтээлд түлхүү тоглох сонирхолтой. Тиймээс одоо энэ чиглэлээрээ ажиллаж байна.
-Таныг СУИС-д шалгуулж, тэнцэхэд, дэлгэцийн уран бүтээлд ажиллахад уран бүтээлчид Г.Золбоотын хүү гэдгийг мэдсэн үү?
-Багаасаа аавыгаа дагаад л явдаг байсан болохоор уран бүтээлчид мэддэг. Тэр хэрээр бусдаас илүү байхыг надаас шаарддаг.
-Гэхдээ нэг уран бүтээлд хамтран тоглох явцдаа тэд “Аав нь мундаг хүн. Харин хүү нь хэр чадварлаг вэ” гэж таныг их сонжиж буй байх.
-Тийм байх. Тийм хандлагыг ч мэдэрдэг, анзаардаг. Бусад залуу уран бүтээлчээс илүү хариуцлагатай байх ёстой. Аавынхаа нэрийг элдвээр муу хэлүүлж болохгүй шүү дээ. Анхны кинондоо тоглож байхад хүмүүсийн тийм хандлагыг бүр ч их мэдэрсэн.
“Энэ Г.Золбоотын хүү гэсэн” гэж шивэр авир хийлдээд л, ажаад л. Ахмад уран бүтээлчид “Сайн уран бүтээлч болоосой” гэсэндээ л тэгж харьцуулж, зааж сургадаг байх. Чадварлаг жүжигчин болохын төлөө хичээж байна.
-“Бүү март” уран сайхны, “Хайр эргэсэн хавар” олон ангит кинонд та аавтайгаа хамт тоглосон. Нэг уран бүтээлд аавтайгаа тоглоход их түшигтэй байдаг уу?
-Их түшигтэй санагддаг шүү. Гэхдээ тэр хэрээр сүрддэг. Аав минь надаас маш сайн ажиллахыг шаардаж, хатуу шаардлага тавьдаг юм.
“Бүү март” киноны зургийг шөнө авсан. Гэхдээ аав, хүүгийн дүр биш л дээ. Зохиол өөрчлөгдсөн гээд шинэ хувилбараа бидэнд өгч, бэлдүүлсэн. Миний хэсэг бас ч гэж гайгүй, хэдхэн үгтэй. Гэтэл аавынх бүр нэлээд их. Би ч дотроо “Яана даа” гэж бодож байтал торох зүйлгүй тоглочихсон.
Би аавыг зургаа авахуулж байхад хажуугаас нь харж байлаа. Бусад жүжигчинтэй хэрхэн харилцаж, дүрдээ яаж хувирч байгааг нь хараад биширсэн. Харин “Хайр эргэсэн хавар” кинонд аавынхаа хүүгийн дүрд тоглосон. Өөр хүнийг аав гэж дуудаж тоглох, өөрийнхөө аавтай тоглоход ялгаа байлгүй яах вэ.
-Аав тань хэр хатуу хүн бэ?
-Уран бүтээл, ажлын явцад их хатуу. Түүнээс биш их зөөлөн, дөлгөөн хүн шүү дээ. Аав минь надад нэг ч удаа гар хүрэлгүй өсгөсөн. Зодох, үглэхээс илүү ухааруулж, аливааг өөрөө үлгэрлэж ойлгуулахыг хичээдэг.
Жаахан уурлахаараа дуугаа хураадаг. Тэрийг нь хараад л “Аав ууртай байна. Сэтгэл санаа нь тиймхэн байгаа юм байна” гээд л мэдчихдэг юм.
-Ааваасаа сонссон хамгийн хатуу үг юу байв?
-Сүүлийн үед ажил мэргэжлийн үүднээс шүүмжлэл их сонсож байна. Аав миний бүх алдааг мэдчихсэн, харчихсан байдаг.
-Тэгвэл хамгийн сайхан магтаал нь ямар үг байсан бэ?
-Манай аав тийм ч нялуун хүн биш шүү дээ. Янз бүрийн үг хэр баргийн хэлэхгүй. “Хайр эргэсэн хавар” киноны зургийг авахуулж дууссаны дараа “Сайн байна. Одоо л болж байна” гэсэн. Их урамшсан шүү.
-Таны ямар зан чанар аавтайгаа төстэй бол?
-Байгаа байдал минь л их адилхан. Зан чанарын хувьд ч төстэй тал байгаа байх.
-Ямар зан чанараас нь үлгэр авч, ямар дадлыг нь өөртөө хэвшүүлэхийг хүсдэг вэ?
-Ааваасаа илүү гардаг хүн үгүй байх. Аав минь мундаг уран бүтээлчээс гадна жинхэнэ эр хүн. Бүх найз нь үүнийг хэлдэг юм. Би аавынхаа даруухан, шударга, за бол ёогүй, эр хүн шиг зангаас нь суралцдаг.
-Үүнийг л бүтээчих юм сан гэж шунадаг дүр бий биз?
-Байлгүй яах вэ. Гэхдээ хэлэхэд санаа зовмоор л юм. Хэрвээ боломж олдвол аавтайгаа хамт түүхэн кинонд тоглох сон гэж мөрөөддөг.
-Жүжигчин хүн түүхэн, орчин цагийн кино, эерэг, эсрэг гээд ямар ч дүрд тоглоход бэлэн байх ёстой. Мөн жижигхэн алдаанаас болж оногдсон дүрээсээ хасагдах нь энүүхэнд.
Ялангуяа, бие дээрх мэнгэ, сорви, шивээснээс болж хүссэн дүрдээ тоглож чаддаггүй. Та гарын булчин дээрээ их том шивээстэй юм. Энэ шивээснээс болж кинонд тоглох боломжоо алдсан удаа бий юү?
-Оюутан байхдаа энэ шивээсээ хийлгэсэн юм. Үүнээс болж 10-аад кинонд тоглох боломжоо алдсан. Аавд ч их загнуулсан даа. Уг нь юм хөгжөөд шивээс далдалдаг крем хүртэл гарчихсан шүү дээ.
-Аавыг тань Гавьяат жүжигчин цолоор шагнуулахад үзэгчид маш их баярласан. Мөн их удаан хүлээсэн нь ч мэдрэгдсэн. Энэ цолоор шагнуулах болсон тухай баярт мэдээгээ хамгийн түрүүнд тантай хуваалцсан байх.
-Хүн бүр л “Аавд чинь яагаад Гавьяат жүжигчин цол өгөхгүй байгаа юм бол. Уг нь болчихсон доо” гэдэг байв. Төрийн ёслолын албанаас утасдаж, шагнал авах өдөр, цагийг нь хэлдэг юм билээ. Яг залгахад нь аав багын найзуудтайгаа хамт байж таарсан.
Тэгээд л шууд над руу залгаж, хэлсэн дээ. Шагналаа гардах өдөр нь давчуу байсан болохоор их тулгамдсан шүү. Таньдаг оёдолчин нь шөнөжин сууж дээлийг нь урлаж өгсөн.
-Гэртээ байхдаа аавтайгаа уран бүтээлийн тухай яриа их өрнүүлдэг үү. Өөр юу хийж цагийг хамт өнгөрүүлэх дуртай вэ?
-Би байнга л ааваас элдвийг асуудаг юм. “Энэ дүрд яаж тоглох вэ. Ийм тохиолдолд яах вэ” гээд л. Тэр болгонд түвэгшээхгүй хариулна. Бид хоёр хөдөө явах, ан хийх хообийтой. Зав, боломж л гарвал бэлдэж аваад л гараад давхина шүү дээ.
-Айлын ганц хүү байх хэцүү юү. Их хариуцлага үүрдэг байх.
-Багадаа их ганцаарддаг байлаа. Дүүтэй болох сон гэж ч их боддог байв. Ганцаарддаг болохоор амьтан, тэр дундаа нохой тэжээх их дуртай байсан. Одоо бол үгүй. Аавын минь эгч гурван хүүтэй л дээ. Хоёр бага нь надтай нас ойролцоо. Тэр хоёр надад хань их болсон доо. Одоо ч тэр.
-Таныг аавынхаа мэргэжлийг өвлөнө гэхэд ээж тань дэмжсэн үү. Ээжийнхээ тухай ярина уу?
-Миний ээжийг Ч.Мөнхтуяа гэдэг. Ээж минь миний сонголтыг эсэргүүцээгүй ээ.
-Урлагийнхны амьдрал олны нүдэн дээр ил байдаг. Шар хэвлэл, сайтуудад элдвээр л бичүүлдэг. Таны ээж, аавыг салахад ч хэвлэлүүд янз бүрээр бичсэн.
Хүний гэр бүлийн доторх асуудлыг хөндөж, олон нийтэд зарлахад эвгүй санагдаж байсан уу?
-Жаахан байхаас л аавын талаар сонин хэвлэлд янз бүрээр бичдэг байв. Гэхдээ гэр бүлийн хувийн асуудлыг хүртэл сөхдөг нь таалагддаггүй. Аль сонин дээр билээ, “Г.Золбоот эхнэрээ зоджээ” гээд бичсэн байсан.
Тэр надад хамгийн муухай санагдаж билээ. Миний аав хүнд гар хүрэх нь битгий хэл, чангахан зандарч чаддаггүй хүн шүү дээ.
-Гавьяат жүжигчин У.Батбаатар, О.Бат-Өлзий зэрэг аавынхаа дотнын найз, уран бүтээлчдээр дурсамж яриулна биз?
-Тэгэлгүй яах вэ. Ахмад уран бүтээлчид бүгд миний аавыг их сайхнаар үнэлдэг. Бүгдээс нь үлгэр дуурайл авч, үгийг нь алдалгүй сонсохыг хичээдэг. Одоо тэдний хүүхдүүд ч кино урлагт ажиллаж байна. У.Батбаатар ахын хүү Б.Анхбаяр ахтай “Админ Зэт” кинонд хамтарч ажиллалаа.
О.Бат-Өлзий ахын хүү Б.Тамир ах, И.Одончимэг эгчийн охин З.Номундарийг маш их үнэлдэг. Ц.Хүсэлбаатар ахын охин Х.Баярмаатай маш сайн найзууд. Д.Бямбацогт ахын хүү Б.Балжинням бид хоёр СУИС-ийн нэг анги төгссөн.
Аав, ээжүүд нь уран бүтээлээр холбогдож, дотно нөхөрлөсөн болохоор хүүхдүүд нь сайхан харилцаатай байлгүй яах вэ.
-Аав тань одоо 50 настай. Эр хүний хувьд идэр нас шүү дээ. Та аавынхаа энэ насанд хүрэхдээ ямар амжилтад хүрсэн байхаар төлөвлөж байна вэ?
-Жаахан байхад 50 гаруй настай хүнийг хөгшин гэж санадаг байлаа. Гэтэл үгүй юм байна. Ид хийж бүтээдэг, идэр нас байдаг аж. Аавынхаа насанд хүрэхдээ мэргэжилдээ эзэн болчихсон байхыг л хүсэж байна.
-Таны зорилго юу вэ?
-Их олон байна даа. Олон түмэндээ хайрлуулж, аав шигээ чадварлаг, мундаг жүжигчин болохыг мөрөөддөг. Бүр цаашилбал, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргах сан гэж мөрөөддөг.