Олимпын бус төрлийн спортоор хичээллэдэг тамирчдын олимп хэмээн үнэлэгддэг дэлхийн наадамд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн “Сүлд” спорт хорооны тамирчин О.Мөнхцэцэгтэй ярилцлаа. Аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Японы бөх Ота Асаног ялсан тэрбээр тус тэмцээнд аваргалсан Монголын анхны эмэгтэй сүмоч болсон юм.
Бөхийн олон төрлөөр хичээллэдэг О.Мөнхцэцэг курашийн ДАШТ-д хоёр удаа түрүүлж, сүмо бөхийн ДАШТ-ээс хошой мөнгө, хүрэл, бүстэй барилдааны ДАШТ-ээс хошой мөнгө, шерим болон самбо бөхийн ДАШТ-ийн мөнгө, хүрэл, жүдогийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн амжилттай. Аль ч спортын төрөлд ДАШТ-ээс медаль хүртэх ямар хэцүү билээ. Бөхийн таван ч төрөлд дэлхийн медальтан болж, түүнээс олон төрлөөр дотоод, гадаадын тэмцээнд өнгөлж яваа нь түүний ур чадвар, хөдөлмөрчийнх нь илрэл болов уу.
Өнөө цагийн бөхийн спортын өнгийг тодорхойлж яваа олон шилдэг тамирчны багш Ц.Шийрэвээр жүдо бөх заалгасан тэрбээр “Намайг хүмүүс тийм ч сайн мэддэггүй. Би их ичимхий. Тэмцээнд амжилт гаргаад ирсний дараа энэ тэндээс ярилцлага авъя гэхээр нь зугтаачихдаг. Хэвлэлд ярилцлага өгөх хэмжээний, хүнээс илүү, гавьтай амжилт гаргасан биш гээд өөрийгөө голон, санаа зовоод байдаг юм. Харин энэ удаа багш бариад өгчихлөө” хэмээн инээсээр ярилцлагаа эхэлсэн юм.
-Дэлхийн наадамд түрүүлсэн Монголын анхны эмэгтэй сүмоч болсон танд баяр хүргэе. Зөвхөн эрх авсан бөхчүүд оролцдог нь энэ тэмцээн хэр өрсөлдөөнтэй, чансаатай болдгийнх нь илрэл болов уу.
Төрийн дууллаа эгшиглүүлж байхад юу бодогдож байв?
-Баярлалаа. Тамирчин хүнд олон улсын тэмцээнд түрүүлж, алтан медалиа энгэртээ гялалзуулан, баярын нулимсаа арчин, Төрийн дууллаа эгшиглүүлэн зогсохоос илүү жаргал үгүй. Хамгийн түрүүнд “Би чадлаа. Би бус, Монгол Улс маань алтан медаль хүртлээ” гэж бодсон. Энэ тэмцээн олимпын наадам шиг зөвхөн эрх авсан тамирчдыг оролцуулж, дөрвөн жилд нэг удаа болдгоороо онцлогтой.
Олимпын бус төрлөөр хичээллэдэг тамирчин бүхэн дэлхийн наадамд түрүүлэхийг мөрөөддөг. Би энэ тэмцээнд анх удаа буюу 2013 онд өрсөлдөхдөө гавьтай амжилт гаргаж чадаагүй. Дөрвөн жилийн дараа алтан медаль хүртэн, түүхэн амжилтын эзэн болсондоо баяртай байна. Би өнгөрсөн жил Монголд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтаар энэ тэмцээнд өрсөлдөх эрх авсан юм.
Дэлхийн наадамд надаас гадна зургаан сүмоч өрсөлдөн, эрэгтэйчүүдийн 115 кг-д Б.Өсөхбаяр хүрэл медаль хүртлээ. Өмнө нь эрэгтэй сүмочдоос дэлхийн аварга У.Бямбажав, Н.Наранбат нар түрүүлж байсан юм билээ.
Намайг үргэлж дэмждэг БТСГ, Монголын сүмо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, "Сүлд" спорт хороо, Монголын үндэсний биеийн тамирын дээд сургуульийн хамт олон, Ц.Шийрэв багш, гэр бүлийнхэндээ их баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Сугалаа нэлээд хатуу таарч, танай хэсэгт гурван ч дэлхийн аварга багтсан шүү дээ. Тийм шилдгүүдтэй нэг хэсэгт багтахад сүрдэж, бэргэсэн үү?
-Миний жинд 16 бөх зодоглон, дөрвөн удаа барилдлаа. Бүгд ДАШТ, дэлхийн наадмын медальтай шилдгүүд байсан. Цол, амжилттай нь бус, тухайн тамирчинтай өрсөлдөх тул аль болох тайван барилдахыг хичээж, түрүүлэхийн төлөө зүтгэсэн. Аваргыг давж аварга болно гэдэг үг бий. Тиймээс шилдгүүдтэй нэг хэсэгт багтсандаа харин ч олзуурхаж, өөрийгөө сорин, хэр хэмжээнд яваагаа мэдэхийг илүүд үзсэн юм.
Хагас шигшээ болон аваргын төлөөх барилдаанд дэлхийн хоёр аваргыг дараалан ялж, түрүүлсэндээ их урамшиж байна. Би ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай. Тиймээс бэлтгэлээ улам чамбайруулж, хөдөлмөрлөж байгаад дэлхийн аварга болох итгэл бүр их төрлөө.
-Хагас шигшээд дэлхийн аварга, ОХУ-ын бөх Анна Зигаловатай нэлээд хүнд барилдаан хийсэн. Түүнд өмнө нь хоёр удаа дийлдсэн болохоор энэ удаа ялна гэх итгэл хэр их байв?
-Аль болох барилдаандаа төвлөрч, элдэв зүйл бодохгүй байхыг хичээсэн. “Ялах юм сан, дахиад ялагдчихвал яана” гээд хэт их хичээж, санаагаа чилээвэл амжилтад хүрэхгүй. Би түүнд өмнө нь 2013 оны дэлхийн наадам, дараа жилийнх нь ДАШТ-д дийлдэж байсан.
Хоёр минут гаруй үргэлжилсэн хүнд барилдаанд 2014 оны дэлхий аваргыг ялж, даагаа нэхлээ.
-Эмэгтэй хүн сүмогоор хичээллэхэд амаргүй гэх юм билээ. Гэр бүл, ойр дотнынхон нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Монголчуудын олонх нь энэ спортыг мэргэжлийн сүмогоор төсөөлдөг юм билээ. Мэргэжлийн бус хэн ч өрсөлдөх боломжтой сонирхогчдын сүмо байдаг гэхээр гайхах, эргэлзэх хүн олон. Би жүдогоор түлхүү хичээллэдэг. 2012 онд бэлтгэлээ хийж байхад Ц.Шийрэв багш дуудаад ДАШТ-д оролцохыг зөвлөсөн юм.
Сүмогийн бэлтгэл хийж огт үзээгүй, ийм спорт байдаг гэх ерөнхий багцаанаас өөр мэдлэггүй байсан надад дэлхийн дэвжээнд өрсөлдөнө гээд төсөөлөхөд ч бэрх байлаа. Гэхдээ “Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөөд үзье” гээд л оролцчихож билээ. Одоо бодох нь ээ “мангар” зоригтой байж дээ.
ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, анхны амжилтаа гаргаад зогсохгүй дэлхийн наадамд өрсөлдөх эрх аваад хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Өөрийгөө сориод үзье гээд очсон хүн чинь дэлхийн дэд аварга болчихоор жинхэнэ шоконд орсон шүү.
-Бэлтгэл хийж үзээгүй байхдаа дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн үеэ өнөөгийнхтэй харьцуулахад өөрчлөгдсөн зүйл байх юм уу?
-Байлгүй яах вэ. Сүмог амархан спорт гэж боддог байсан маань хамгийн том эндүүрэл байж. Харахад амархан, өрсөлдөгчөө дэвжээнээс түлхэж гаргаад л ялчихна гэж бодмоор мөртлөө хамгийн хэцүү, дэг жаяг, дүрмийн хувьд ч үлгэр жишээ спортын нэг яахын аргагүй мөн.
-Манай улсад бэлтгэл хийх орчин, нөхцөл хэр байна вэ?
-Үнэнийг хэлэхэд хүндрэлтэй байдаг. Томоохон тэмцээний өмнө цугларч, бэлтгэл хийж байгаад л оролцчихдог юм. Саяхан М.Даваажаргал аварга мэргэжлийн сүмогийн дэвжээ Яармагт барьсанд нь олзуурхаж байна. Энэ спортоор хичээллэгсдийн тоо хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахааргүй олон болж байгаа.
Биднийг бяртай гэж гадаадынхан гайхдаг. Эмэгтэй сүмочдоос анхдагч нь дэлхийн хошой аварга Х.Сүнжидмаа эгч. Надад үргэлж тусалж, дэмждэг сайхан хүн бий. Саяны дэлхийн наадамд эрх авсан тамирчид оролцсон болохоор цөөхөн сүмоч өрсөлдсөн юм.
-Анх жүдогоор хичээллэж, спортын сууриа тавьсан юм билээ. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцана уу?
-Ерөнхий боловсролын сургуульд сурч байхад Ц.Шийрэв багш маань жүдогоор хичээллэхийг манай ангийнханд зөвлөсөн юм. Юм юм л сонирхож, шохоорхож явдаг үе байсан болоод ч тэр үү, маргааш нь бүгдээрээ жүдогийн дугуйланд бүртгүүлчихэж билээ. Гэтэл өдөр өдрөөр шантарч, орхисоор байгаад би ганцаархнаа үлдчихэв.
Тэгж Ц.Шийрэв багшийн шавь болж, жүдотой амьдралаа холбосондоо үргэлж баярлаж, багшаараа бахархаж явдаг. Би багадаа сагсан бөмбөг тоглох хообийтой байлаа. Тиймээс ч анхандаа жүдогоос илүү сагсан бөмбөгийг сонирхсон. Бас болоогүй ээ, зөнгөр, бэлтгэл тасална.
Багш үргэлж л араас хөөцөлдөн, “Тэг, ингэ” гэж зөвлөснийх нь ачаар анхны амжилтаа гаргасныхаа дараа урамшаад, бэлтгэлээ таслахаа больчихсон шүү.
-Та насанд хүрэгчдийн УАШТ-д 2007 оноос хойш зодоглож байна. Яагаад тийм хожуу өрсөлдсөн юм бэ?
-Багш маань “Биеийн хөгжил, ур чадварын хувьд томчуудтай өрсөлдөх хэмжээнд хүрснийхээ дараа насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох нь зөв. Бэртэх эрсдэлтэй” гээд оролцуулдаггүй байсан юм. Би УАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд хүч сорьсон жилээ хүрэл медаль авсан.
Түүнээс хойш 2014 онд анх удаа медалиас мултрахад их сонин мэдрэмж төрсөн шүү. Миний жинд гол өрсөлдөөнийг П.Лхамдэгд эгч үзүүлдэг байсан юм.
-Бөхийн төрөл бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой, хичээллэх, амжилт гаргахад амаргүй нь мэдээж. Дүрмэнд нь дасахад аль нь хамгийн хэцүү бол?
-Хамгийн амаргүй нь жүдо. Олимпын төрлийн спорт болохоор тэр хэрээр өрсөлдөөн ихтэй, үргэлж ачаалалтай бэлтгэл хийх шаардлагатай байдаг юм.
-Амжилт бүхэндээ хайртай нь мэдээж. Алинд нь хамгийн их баярлаж, догдолж байв?
-Монголд анх удаа буюу 2009 онд болсон жүдо бөхийн дэлхийн цомд Азийн аварга Ц.Наранжаргалыг ялж, хүрэл медаль хүртэхдээ их баярласан. Би түүнд УАШТ-д лав 2-3 удаа дийлдэн, түрүүлэх боломжоо алдаж байсан юм.
-Тан шиг бөхийн олон төрлөөр хичээллэж, дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргаж яваа тамирчин Монголд хэр олон байдаг вэ?
-Байлгүй яах вэ. Манай спорт хорооны дарга А.Давааням ах л гэхэд бөхийн олон төрлөөр хичээллэж, ДАШТ-ээс олон медаль хүртсэн.
-Ер нь хичээллэж үзээгүй бөхийн төрөл бий юү?
-Чөлөөт бөхөөс бусдаар нь бараг барилдсан шүү. Би нээрээ, жиү жицү бөхийн УАШТ-ий хошой мөнгөн медальтай.
-Спортын төрлийг олимпын болон олимпын бус гэж ангилдаг. Үүний улмаас олимпын хөтөлбөрт багтдаггүй спортоор хичээллэдэг тамирчдын амжилтыг төдийлөн ойшоохгүй байх шиг.
Сүмогоор дэлхийн наадмын аварга болох, жүдогоор олимпын наадмаас алтан медаль хүртэх хоёрын үнэлэмж тэс өөр байна. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Олимпын бус төрлөөр хичээллэдэг, дэлхийд цойлж буй олон тамирчин бий. Даанч тэдний амжилтыг ойшоож, үнэлдэг нь ховор. Ер нь тоодоггүй шүү дээ. Хэрвээ би жүдогоор олимпын аварга болоод ирсэн бол юу болох вэ. Нөгөө талаар хүмүүс олимпын бус төрөл юм уу, дэлхийн наадмын талаарх мэдлэг тааруу байгаа нь үүнд чамгүй их нөлөөлж байна.
Олимпын бус төрлийн бөхийн спортууд дэлхийд хурдацтай хөгжиж, өрсөлдөөн нь өдрөөс өдөрт ширүүссээр байгаа. Ер нь хөгжил, өрсөлдөөнөөрөө жүдотой эн зэрэгцэнэ гэж хэлж чадахгүй ч чөлөөтөөс бол ер дутахгүй. Олон клограммаар жин хасан, тэмцээний зардал хайгаад тэвдэж явахад их юм бодогдоно шүү дээ.
Олимпын бус төрлийн спортыг төрөөс дэмжих нь бага. Арайхийж зардлаа олоод оролцож байхад “Амжилт гаргаж чадахгүй бол дэмжсэн хүнийхээ царайг яаж харна аа” гээд санаа зовно.
-Цаашид аль төрлөөр тууштай хичээллэх үү?
-Тамирчин бүхэн олимпын наадамд оролцож, эх орныхоо нэрийг дуурсгахыг мөрөөддөг. Минийх ч бас тийм. Тиймээс жүдогоороо тууштай хичээллэн, олимпын наадамд зодоглохын төлөө зүтгэнэ. Ирэх онд болох УАШТ-д түрүүлэх нь миний хамгийн ойрын зорилго.
Жүдогоор олон жил хичээллэн, тамирчин болсныхоо жаргалыг эдлэн, олимпын наадамд зодоглох юм сан гэж үргэлж боддог.
-Сүмогийн ДАШТ-д зодоглон, хоёр ч удаа атгаад алдсан алтан медалиа хүртэхийн төлөө зүтгэхгүй гэж үү?
-Дэлхийн аварга болох боломжоо хоёр ч удаа ашиглаж чадаагүйдээ харамсаж явдаг. Ялангуяа өнгөрсөн жил эх орондоо болсон тэмцээнд Украины бөхөд дийлдэн, мөнгөн медаль хүртэхэд хэцүү байсан шүү. Дутуугаа гүйцээн, түрүүлэх юм сан гэж бодолгүй яах вэ.
Дараа жилийн ДАШТ Тайваньд болно. Гэхдээ одоогоор “Тэгье, ингэе” гээд тодорхой төлөвлөсөн зүйл алга.