Уншигч-сурвалжлагч Б.Баясгалан
Манай энэ удаагийн уншигч-сурвалжлагчаар “Тагтаа” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч, яруу найрагч, орчуулагч Батсуурийн Баясгалан ажиллалаа. Тэрбээр МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн захирал, хятад судлаач, орчуулагч Мэнэрэлийн Чимэдцэеэтэй ярилцав.
Харахад өнгө үзэмжтэй, амтлахад арааны шүлс асгарам хоол, амттан тухайн үедээ таашаалтай сайхан ч биед тэр бүр тус болохгүй байх нь бий. Ихэвчлэн өвдсөн үедээ л бид эрүүл мэндэд тустай хоол хүнсний эрэлд гардаг. Түүн лүгээ адил уншихад хүний сэтгэл хөдөлгөм, амттай, соньхон ярилцлага энэ биш байж болох ч монголчууд бидэнд хэрэгтэй, нэгийг бодуулж, хоёрыг тунгаах шалтгаан өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний оюун сэтгэхүйд нүүрлэсэн “өвчлөлийг” эдгээдэггүй юм гэхэд ядаж л оношлоход тус болоосой билээ.
-Танаас асуух юм мундахгүй их байсан тул “Өнөөдөр” сонины саналыг сонсоод их баярласан. Юуны түрүүнд хятад судлаач хүний тань хувьд хэдэн асуулт тавих гэсэн юм. Наадмын өмнөхөн бид Төрийн тэргүүнээ сонголоо. Энэ сонгуулийн үеэр манайхны хятад, монголоороо дуудалцдаг, угсаа гарлаа ярьж хэрэлдэж талцдаг байдал нэлээд өргөн хүрээг хамарсан юм уу гэж ажиглагдсан.
Гадаадын хэвлэлүүд ч “Монголд төрийн сонгууль нь Хятадаас айх айдас дор болдог” гэж бичсэн байна билээ. Та энэ талаар ямар үзэл бодолтой байна вэ?
-Гагц Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч биш, ер нь манайд Хятадын эсрэг үзэл их хүчтэй байгаа. Түүхэн учир шалтгаан бий, цаг үеийн нөхцөл байдлаас ч болдог байх. Үүнийг нь зориуд дэвэргэдэг хэсэг бүлэг хүн ч байх шиг байна. Бас учрыг нь төдийлөн сайн мэдэхгүй ч хий таамгаар харддаг хэсэг ч бий. Буруу юм биш ээ. Ялангуяа том гүрний дэргэд оршдог жижиг улсын хувьд ийм үзэгдэл байж л байдаг.
Харин би хятад судлаач, Монгол, Хятадын харилцааг судалдаг хүний хувьд өнөөдөр манай хоёр улсын тухайд ноцтой зөрчил үгүй, ялангуяа улс төрийн салбарт ямар ч маргаан байхгүй гэж боддог. БНХАУ-ын удирдлагууд ч төрийн үйл ажиллагааны бүх түвшиндээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дээд зэргээр дээдэлнэ гэсэн байр сууриа байнга илэрхийлдэг.
Ахуйн хүрээнд янз бүрийн зөрчил гарах нь бий. Нэгэнт хоорондоо харилцаж буй учраас асуудал үүсэх нь зайлшгүй. Тэр бүхнийг тухайн үед нь аль болох зөв шийдээд явах учиртай юм.
-Их гүрнээс айх, бэргэх бидний зөн хүчтэй байна. Тэр айдсыг олон янзын хардалт дагах юм. Ер нь айдас гэдэг зүйл дархлаа мөн үү?
-Үндэсний дархлаагаа бататгахын тулд бид эхлээд хөрш улсуудаа маш сайн судлах ёстой. Мөн ард түмнийг нь сайн таньж мэдэх учиртай. Чингэхийн тулд хэлийг нь судлах хэрэгтэй. Үүгээр дамжуулж соёлыг нь, хүнийг нь судална. Бид Хятад орныг, хятад хүнийг хэдийчинээ сайн таньж, харилцаж чаддаг болно, үндэсний дархлаа маань төдийчинээ батжина гэсэн үг. Харин манайд ийм дархлаагүй хүмүүс дур зоргоороо ярьдаг үзэгдэл давамгайлж байна.
Нөгөө талаар дархлааны сулыг нь далимдуулж, ашиг хонжоо хийдэг хүмүүс ч олширсон. Бид айж бэргэх биш таньж мэдэх, түүнийхээ үндсэн дээр энэ улстай өргөн хүрээнд харилцаж, тэндээсээ өөрсдөдөө ашигтай зүйлсийг олж авах нь л чухал.
“Хятадаас чанаргүй бараа орж ирлээ”, “Хятад ажилчид олноороо ирж байна” гэсэн яриа их байдаг. Үнэндээ бид чинь төртэй, хуультай, хилтэй улс. Монгол Улсын хилээр зүгээр нэг хар ажилчин, тариачин хятад эр дур зоргоороо орж ирээд сэлгүүцээд байх боломж үгүй. Манай бизнес эрхлэгчид л хятадуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр хямд хөлсний ажилчид оруулж ирэн, хамаг бичиг баримтыг нь хурааж аваад хар ажил хийлгэдэг.
Бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй тийм хүмүүс нь элдэв хэрэг төвөг тарих, муу муухай зүйл хийх тохиолдлууд гарах жишээтэй. Мөн хятадууд зөвхөн монголчуудад зориулж чанаргүй бараа үйлдвэрлэдэг гэсэн яриа бол үнэндээ үндэслэлгүй. Бид л тэндхийн хамгийн хямд, чанаргүй бараануудыг өөрсдөө очиж авчирдаг. Тэгэхээр монголчууд өөрсдөө хэр эх оронч вэ, бид нэгнийгээ гэсэн сэтгэлтэй юү, үгүй юү гэдгээс олон зүйл шалтгаалдаг гэсэн үг.
-Таны удирдаж буй Күнзийн институтийг ч бас ямар учиртай байгууллага юм, чин зорилго нь юу вэ, улсын их сургуулийн дэргэд яагаад ийм институт байгуулах болов гээд л харддаг. Танай институт ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Аливаа хардлага урьд нь ч байсан, одоо ч бий. Хятадын явуулж буй зөөлөн хүчний бодлогын нэг том илрэл нь Күнзийн институт юм. Энэ нь Хятадын эртний сэтгэгч Күнзтэй шууд хамааралтай зүйл биш. Улс орнууд хамгийн алдартай, ард түмнийг нь дэлхий дахинаа төлөөлж чадах хүнийхээ нэрээр боловсрол, соёлын байгууллагаа нэрлэдэг жишиг олон бий. Орост Пушкины, Германд Гётегийн, Энэтхэгт Индира Гандийн, Испанид Сервантесийн институт гэж байх жишээтэй.
Энэ жишгээр л байгуулагдсан институт шүү дээ. Одоогоор дэлхийн 140 оронд Күнзийн 510 институт байна. Манайд МУИС, МУБИС, “Ховд” их сургуулийн дэргэд энэ институт байгуулагдсан. Манай институт хятад хэлний дипломын бус сургалт явуулах, хятад судлалын ажил эрхлэх, хоёр орны хүүхэд залуучуудын дунд соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
-Та сая Күнзийн институтийн үйл ажиллагааны нэг чиглэл нь хятад судлал гэж хэллээ. Хятад судлал монголчууд бидэнд яг ямар ач холбогдолтой вэ?
-Хятад судлал Монголд их эртнээс уламжлалтай. XIII зуунаас эхлээд манайхан Хятадын ном судрыг авчран орчуулж, тэр нь өдий хүртэл хадгалагдан уламжилж ирсэн. Шинэ цагийн хятад судлалд бол энэ улсын төрийн бодлого хийгээд хоёр орны харилцаа, түүхийг судлах тал нь давамгайлж байна.
Харин бид хятад хүн судлалыг түлхүү урагшлуулах зорилготой. Монгол, Хятад бол өнө мөнхийн хөршүүд. Тиймээс хөрш орныхоо хүнийг зөв таньж мэдэх нь их чухал. Хятад хүний сэтгэлгээний онцлог, дэлхий ертөнцийг үзэх үзэл нь ямар юм, ерөөс хүний мөн чанарыг юу гэж таньдаг улс вэ гэдгийг нь мэдчихвэл бидний харилцаанд зөв ойлголт тогтож эхлэх юм. Ялангуяа Монгол Улсын тусгаар оршин тогтнох дархлаанд ийм мэдлэг нэн чухал.
Тийм ч учраас би “Бидний мэдэх хийгээд мэдэхгүй Хятад орон: Сэтгэлгээ, соёл” нэртэй ном бичиж хэвлүүлсэн. Мөн МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтээс “Монголын хятад судлал” нэртэй сэтгүүл гаргаж эхэлсэн. Энэ сэтгүүлээрээ дамжуулж Монголын хятад судлаачдын бүтээлүүдийг олонд хүргэх ажил хийж байна.
-Манай төр, засгийн бодлого, дипломат харилцааны түвшинд хятад судлалын ололтыг авч ашиглах нь хэр байдаг бол.
Та бүхний санаа бодлыг сонсож, хятад хүнийг таньж мэдсэний үндсэн дээр зохистой бодлого боловсруулан, хөрштэйгөө харилцаж чадаж байна уу?
-Миний бодлоор хятад судлалын ололтыг улс орны бодлогод авч ашиглах нь туйлын бага, хангалтгүй байна. Урьд нь ч, одоо ч тэр. ШУА-ийн дэргэдэх Олон улс судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэнгийн судалгааг эрхбиш авч ашигладаг байх л даа. Гэхдээ эрдэмтдээрээ бодитой судалгаа хийлгэж, дэмжих, үр дүнг нь ашиглах асуудал хангалтгүй.
Өнгөрсөн жил бид МУИС-ийн Социологийн тэнхимтэй хамтран “Хятад орон монгол хүний нүдээр” сэдэвт социологийн судалгаа хийсэн. Шинжлэх ухааны үндэслэлтэй, их сайн судалгаа болсон. Бид судалгаа хийгээд үр дүнг нь хэвлэн, олон нийтэд түгээсэн. Гэвч зохих газрууд нь энэ судалгааг хэр ашиглаж буйг мэдэшгүй.
-Хятадын үе үеийн удирдагчид өөрсдийн гэсэн томоохон бодлогыг тодорхойлж улс орноо удирддаг. Си Зиньпиний гаргаж ирсэн “Нэг бүс, нэг зам” бодлогын дагуу эрчимтэй ажлууд өрнөж байна.
Тэдний барьж буй шинэ торгоны замыг Монголоор дайруулах уу, яах вэ гэж бид дотооддоо их маргасан. Гэтэл өдгөө шинэ торгоны зам нь Монголыг тойроод баригдчихлаа. Та энэ бодлогын талаар бидэнд тайлбарлаж өгөөч?
-“Нэг бүс, нэг зам” бол Хятадын шинэ удирдлагын дэвшүүлсэн стратегийн том зорилт гэж тодорхойлж болох юм. Эртний торгоны зам, цайны замыг ахин сэргээж энхийн зам, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын зам болгоё гэсэн уриатай анх гаргаж ирсэн бодлого. Ази, Европыг холбосон хамтын ажиллагааны асар том бүс байгуулахад үүний зорилго оршино.
Одоогийн байдлаар “Нэг бүс, нэг зам”-д БНХАУ-тай нийлээд 65 орон буюу дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь хамрагдчихаад байна. Тэдгээр орны нэг нь яах аргагүй Монгол мөн. Энэ зорилтын сайн тал хийгээд үр ашиг нь муугаасаа илүү гэж хятад судлаачид үзэж байна.
Мэдээж Хятад улс дэлхий ертөнцөд нөлөөгөө ихэсгэх гэсэн хэтийн том зорилт тавьж, энэ ажлыг эхлүүлсэн. Гэхдээ энд хамрагдаж буй улсууд бүгд ашиг хүртэх боломжтой. Хятад улсын дарга Си Зиньпин “Бид урьд нь харилцан ашигтай хамтын ажиллагаа гэж ярьдаг байсан. Харин “Нэг бүс, нэг зам”-ын хувьд бол бид “Бүгд адилхан хожно” гэж зорих хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэсэн.
Өөрөөр хэлбэл, чи багыг, би ихийг авна, чи мууг нь, би сайныг нь авна гэсэн үг биш. Ийм том зорилтод Монгол Улс дуу хоолойгоо хүчтэй гаргаж, идэвх санаачилгатай оролцох ёстой юм. Гэвч манайхны оролцоо тун бага, их хойрго байна. Учир нь монголчууд аливаа асуудалд хандахдаа их удаан хөдөлдөг. Манайхны бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх тогтолцоо Орос, Хятадын хурдыг гүйцэхгүй байна. Мөн Монголын төрийн бодлого тогтворгүй. Нэг нам төрийн эрхэнд гарч ирээд нэг бодлого тодорхойлдог.
Нөгөө нам нь гарч ирээд, өмнөх бүх ажлыг үгүйсгэдэг. Гэтэл бодлого нь хэдэн зуун жилээр тодорхой бөгөөд тогтвортой явж ирдэг хятадуудад бидний энэ байдал тун ойлгомжгүй санагддаг л даа. Монголчууд бол дандаа төсөөллөө ярьдаг ард түмэн. Харин хятад хүн зөвхөн бодит төлөвлөгөө, тодорхой тоо ярьдаг. Бас монголчуудад үндэсний нэг том зорилго үгүй, дарга бүр дор дороо өөр юм ярьдаг зовлон бий. Харин хятадууд улсаараа нэг зорилго өмнөө тавиад, түүнийхээ төлөө бүгд цуцалгүй явдаг давуу талтай.
-Сураагүй биш, хоёулаа ч бас төсөөллөө ярья л даа. Манай улс “Нэг бүс, нэг зам” бодлогод идэвхтэй оролцсон бол юу юу хожих байсан гэж та төсөөлж байна вэ?
-Ази, Европыг холбож буй энэ харилцаа Монголоор дайрах юм бол юуны түрүүнд манай эдийн засаг сэргэхэд маш том үр өгөөж авчрах төсөл юм. Дагаад дэд бүтэц хөгжих учиртай. Мөн улс орнуудын хүн ард хоорондын харилцан ойлголцол сайжрах боломжтой байлаа. Гэвч энэ том боломжуудыг бид ашиглаж чадахгүй, алдаж байна.
Мэдээж энэ том бүтээн байгуулалтыг дагаад сөрөг зүйлс ч гарна. Гэхдээ юуны төлөө бодлого тодорхойлогчид байдаг билээ, гарч болох эрсдэлүүдийг урьдаас тооцоод түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, яаж хамгаалахаа бодолцох ёстой шүү дээ. Тэртэй тэргүй “Нэг бүс, нэг зам”-д Монгол Улс оролцохгүй гээд хил гаалиа хаагаад суучихаж чадахгүй тул зорилгоо тодорхойлоод, бодлоготой, тооцоотой оролцох нь чухал.
-Хятад хэл сурах, тэдний соёл, мөн чанарыг таних, тэгсний үндсэн дээр адил тэгш харилцах хэрэгцээ бидэнд захаас аваад их. Гэхдээ хятад хэлийг хэн сурах, хэд хэчнээнээр нь сургах вэ гэдэгт бас их учир байх ёстой гэж би муйхарлан боддог.
Монголчууд бүгд хятад хэл сурч, бүх хүн тэдэнтэй харилцаад эхэлбэл олон хүнд уусан алдрах өнөө аюул зайлшгүй хөндөгдөнө. Гэвч бид чөлөөт улс болохоор “Чи хятад хэл сур, чи боль” гэж зааж дүрэмдэх аргагүй. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Санал нийлж байна. Би хүүхдүүдэд хар багаас нь хятад хэл заахын эсрэг бодолтой явдаг хүн. Энэ талаар олон жил ярьж хэлж байна. Хүүхдэд багаас нь гадаад хэл заахаар сэтгэлгээ нь дагаад ондоошчихдог юм. Жишээ нь, монгол хэлэнд “Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтана” гэсэн үг байдаг. Харин хятадууд “Зайсан хүний цээжинд завь, онгоц багтдаг” гэж хэлдэг.
Гэтэл манай толь бичгүүдэд Хятадын энэ үгийг “Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг” гээд шууд утгыг нь дүйлгээд тавьчихаж байна. Үүнийг хятад хэлний сургалтад тэр чигээр нь заагаад явчихдаг. Юу ч мэдэхгүй балчир хүүхдүүд энэ үгийг уншаад “Аан, хятад хүн бас эмээлтэй, хазаартай морийг эрхэмлэдэг байх нь. Монголтой адилхан юм байна” гэж бодно шүү дээ. Ингэж тэдний сэтгэлгээг харь соёлд ээнэгшүүлж, төрөлх сэтгэлгээнээс нь ондоошуулах үйл ажиллагааг хэлээр дамжуулж хийгээд эхэлбэл аюул болно. Тиймээс хүүхдүүдэд гадаад хэл заах бол долоо, наймдугаар ангиас нь эхлэх хэрэгтэй.
Үүнийг Монголд байтугай Хятадад ч ярих болсон. Хятадад англи хэлийг хүүхдүүдэд багаас нь заахыг эсэргүүцсэн, тэр чигт нь хориглохыг ч шаардсан шүүмжлэл, санаачилгууд их гарч байна. Мэдээж даяаршлын энэ эрин үед бүхнийг хана хэрэм босгоод хааж боох аргагүй. Тиймээс төр, засгийн маш нарийн судалгаатай мэргэн бодлого хэрэгтэй.
-Орчуулагч, судлаач хүмүүст баримтлах ёс зүйн зарчим гэж байх нь зүйн хэрэг. Сүүлийн үед Хятадын Засгийн газрын тэтгэлгээр манайхаас олон залуус урд хөршид сурч байна. Оюутнууд бакалавраас докторын түвшинд их, бага хэмжээгээр бүгд судалгааны ажил хийн диплом хамгаалж байгаа.
Гэвч манай оюутнууд судалгаа хийхдээ тан шиг монгол хүний нүдээр Хятад улсыг судлах бус, хэлний бэрхшээлээ давж чадаагүйгээс болоод амар хялбараар нь Монголынхоо холбогдолтой сэдвүүд авч судалдаг нь элбэг гэх юм. Ялангуяа сүүлийн үед манай батлан хамгаалах салбар, хилийн цэргийнхний алба хаагчид, энэ чиглэлийн оюутнууд зуу зуугаараа тийш очиж сурч байна.
Тэд судалгааны ажилдаа Монголын батлан хамгаалахын болон хил орчмын аюулгүй байдал, тусгай хамгаалалттай газар нутгийн холбоотой нарийн ширийн мэдээллүүдийг ашиглах гээд урд хөршийн их сургуулиуд, судалгаа шинжилгээний институт рүү зөөгөөд байна гэх мэт яриа чих дэлсэх юм.
Ер нь олон улсын түвшинд судалгаа шинжилгээ хийж буй хүний ёс зүйн хил хязгаар хаана тулаад зогсох ёстой юм бэ?
-Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Тийм зүйл гардгийг үгүйсгэхгүй. Нүдээрээ үзэж хараагүй. Би бол хүмүүнлэгийн ухааны салбарын судлаач. Миний шавь нар тэнд очоод ихэвчлэн соёлын болоод хэл шинжлэлийн судалгаа хийдэг. Мэдээж Хятадын судлаачид Монголын аль л хаалттай сэдвийг олохыг чармайна. Манайхан ч ялгаагүй Хятадын аль болох нууц, хаалттай юмыг олж судлахыг хичээнэ. Үүнийг зохицуулдаг ганц зүйл нь хууль, дүрэм.
Миний хувьд судалгаагаа үнэн зөв байлгах нь судлаачийн ёс зүйн гол шалгуур. Тоо, баримтууд нь ямагт бодитой байх учиртай. Мөн судалгаа нь нийгэмд ашиг тусаа өгч байх ёстой. Аливаад сэтгэлийн хөөрлөөр хандах, бусдыг гүтгэн гүжирдэх зэрэг нь судлаачийн ёс зүйд харш. Энэ бүхний цаана улс орныхоо эрх ашгийг дээд зэргээр эрхэмлэх нь хаанахын ч судлаачийн ёс зүйн чухал үнэт зүйл.
-Хятад хүний мөн чанар утга соёл, уран зохиолоос нь харагдах уу. Утга соёлоор нь дамжуулж улс орныг танин мэднэ гэдэг хэр ончтой арга вэ?
-Хятад хүнийг таньж мэдэх туйлын бэрх гэдэг. Хятад хүн хятад хүнтэйгээ ярилцаад, дотоод сэтгэлийг нь бүрнээ нээж чадахгүй ч гэлцдэг. Өрнийн хүний сэтгэлгээ ямагт гадагшаа чиглэдэг. Харин хятадууд бол маш их дотогшоо хүмүүс. Өрнийнхөнд төвөөс зугатах хүсэл хүчтэй бол хятад хүн үргэлж төв рүүгээ тэмүүлж байдаг.
Өрнийн хүн нэг зорилго тавиад түүн рүүгээ шууд явж хүрдэг бол хятад хүн зорилгодоо алгуур тойруу замаар хүрнэ. Манайхны хятад хүн дотуур тамиртай, манж зантай, муу санаатай гэлцдэг нь ч цаад хүнийх нь энэ мэт дотоод мөн чанартай холбоотой. Хятад хүний сэтгэлийг нээхэд ийм бэрх ч нэгэнтээ ойртон нөхөрлөж итгэлийг нь олж чадвал энэ хүн бусдын төлөө өөрийгөө золиослоход бэлэн байдаг гэдэг. Энэ нь мэдээж харилцааны нэлээд дээд түвшинд очиж байж илэрдэг (инээв).
Ер нь аливаа үндэстнийг таньж мэдье гэвэл эхлээд утга зохиолыг нь сонирхож унш гэсэн үг бий. Тиймээс бид Хятадыг сайн таньж мэдье гэвэл утга зохиол, кино, урлаг, соёлтой нь илүү ойр танилцах хэрэгтэй. Хүний сэтгэлгээ гэдэг хэлээр дамжин илрээд, соёлыг үүсгэн бүрдүүлж байдаг зүйл. Харамсалтай нь манайд Хятадын утга зохиолыг орчуулах явдал туйлын хангалтгүй байна.
1950, 1960-аад оны үед Хятадын утга зохиолыг сонирхон орчуулж, тун эрчтэй хэвлэдэг байж. Олон мундаг орчуулагч төрөн гарч багагүй бүтээл бидэнд үлдээсэн байна. Гэвч 1970-аад оноос хоёр орны улс төрийн харилцаанд үүссэн таагүй уур амьсгалаас болж энэ ажил тасарсан. Чингээд 1980-аад оноос хоёр орны улс төрийн уур амьсгал жаахан эерэхтэй зэрэгцэн орчуулгын үйл алгуурхан сэргэсээр одоо Хятадаас утга соёлын бүтээл орчуулдаг цөөн ч гэсэн чамлахааргүй хэдэн орчуулагчтай болжээ.
Миний хувьд Хятадын хамгийн нэртэй эмэгтэй зохиолчдын богино өгүүллэгүүдийг түүвэрлэн орчуулж уншигчдад хүргэсэн. Манайд танигдсан хятад зохиолчдын дунд эмэгтэйчүүдийнх нь бүтээл бараг байхгүй шахам л даа.
-Одоо та ямар бүтээл орчуулж байна вэ?
-Күнзийн шавь Мэнзийн сургаалыг орчуулж байна. Ер нь Хятадын төр, засгийн бодлогоос авахуулаад жирийн иргэдийн амьдрал ахуй ч Күнзийн сургаалд үндэслэдэг. Тиймээс Күнзийг уншиж танивал бид урд хөрштэйгөө улам илүү ойлголцож харилцдаг болно гэсэн үг. Күнзийн суртлын дөрвөн ном бий. Бид гурвыг нь монгол хэлнээ орчуулсан. Одоо Мэнзийн сургаалыг орчуулчихвал энэ дөрвөн ном эх хэлэнд маань бүрэн буучихаж буй нь тэр.
Мэнзийн сургаалын гурван орчуулга монгол хэлнээ бий. XVIII зууны сүүлчээр Түмэдийн Галсан гүүш анх монгол хэлнээ буулгасан байдаг. 1990-ээд оны дундуур Өвөрмонголын нэрт эрдэмтэн Зулчин овогт Т.Содбилиг Мэнзийн сургаалыг монгол хэлнээ дахин буулгасан. Гурав дахь нь миний орчуулга.
Энэ гурван орчуулга тус тусын онцлогтой, өөр өөрийн цаг үеийн илэрхийлэл бүхий хэл найруулгатай. Зарим талаар утга тайллын ч зөрүү гарна. Хойчийн мэргэн дүүс энэ гурван орчуулгыг харьцуулан судалбал сонирхолтой судалгаа болох биз ээ. Мэнзийг орчуулчихвал миний том зорилго биелж буй юм.