2005 онд Хөгжим бүжгийн коллеж төгссөнөөсөө хойш Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга буюу одоогийн Үндэсний урлагийн их театр (ҮУИТ)-т ажиллаж буй бүжигчин Э.Номинг “Залуус” буландаа урилаа.
Тэрбээр энэ сарын 20-23-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотод жил бүр зохион байгуулдаг бүжгийн олон улсын уралдаанд 14 орны 512 бүжигчинтэй өрсөлдөн гоцлол бүжгийн төрөлд гуравдугаар байрт шалгарсан юм.
-Олон улсын бүжгийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцлоо. Эл уралдаан хэр өргөн цар хүрээтэй вэ. Хэр удаан бэлдэж байж оролцов?
-Мэргэжлийн бүжигчдийн дунд зохион байгуулдаг А зэрэглэлийн уралдаан. Сонгодог, үндэсний, орчин үеийн гээд бүжгийн бүхий л төрлөөр өрсөлдүүлдэг томоохон уралдаануудын нэг. Энэ жил 14 дэх удаагаа боллоо. Манай улсаас эл уралдаанд жил бүр бүжигчид өрсөлдөн, үндэсний бүжгийн төрөлд илүү амжилт гаргадаг.
Өмнө нь “Боржигон” чуулгын гоцлол бүжигчин О.Цэрэнжаргал уралдааны тус төрөлд тэргүүн байр эзэлж байв. Энэ жилийн уралдаан маш их өрсөлдөөнтэй боллоо. Өөрийн орныхоо уралдаанд шилдгээр шалгарсан бүжигчид өрсөлддөг учир бэлтгэлээ сайн базаахаас аргагүй.
Би эл уралдаанд Төрийн шагналт Б.Шаравын ятга хөгжимд зориулсан “Бүсгүй хүний заяа” бүтээл дээр ятга хөгжмийн домгоос сэдэвлэн дэглэсэн бүжгээрээ өрсөлдлөө. Энэ бүжгийг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжиг дэглээч О.Ууганбаяр таван жилийн өмнө дэглэсэн.
-Энэ жил олон улсын уралдаанд дахин оролцох уу?
-Ирэх арваннэгдүгээр сард Монгол туургатны бүжгийн уралдаан ӨМӨЗО-ы Хөх хотод болно. Энэ уралдаанд оролцохоор төлөвлөсөн.
-Та хэн багшийн шавь бэ?
-Би Гавьяат жүжигчин, Ардын багш Г.Долгорсүрэнгийн отгон шавь нарын нэг. Мөн ХБК-ийн бүжгийн тэнхимийн эрхлэгч Н.Оюун багшийн шавь.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Энхтуяа, Д.Дашлхагва, Т.Дашцэрэн, Х.Мөнгөнхөлөг зэрэг мундаг багшаар хичээл заалгаж байлаа. Сургуулиа төгсөөд ҮДБЭЧ-д ажиллаж эхэлснээр ахмад уран бүтээлчид, бүжиг дэглээчдээсээ маш их зүйл сурсан. Тэднийгээ мөн багш шигээ санаж, хүндэлж явдаг.
-Олон бүжигчинд ээж, аав нь нөлөөлж, урлагт хөтөлсөн байдаг юм билээ. Таныг бүжгийн урлагт хэн уруу татав?
-Багадаа сургуулийнхаа урлагийн үзлэгт идэвхтэй оролцдог охин байлаа. Эмээ минь “Охиноо бүжигчин болгоно” гэдэг байв. Дунд ангидаа ХБК-д шалгуулсан. Уг нь анх сонгодог бүжгийн ангид шалгуулаад тэнцсэн.
Гэхдээ надад монгол бүжиг илүү сонирхолтой санагдсан.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Танай гэр бүлийнхэн дунд урлагийн хүн байдаг уу?
-Би айлын том охин. Эрэгтэй дүүтэй. Ганцхан насны зөрүүтэй болохоор ихэр мэт өссөн. Аав минь зураач. Аавын авьяас, мэдрэмжийн хэлтэрхий надад өвлөгдсөн байх. Зураач хүн хараа, ой тогтоолт сайтай, мэдрэмжтэй байдаг. Тэгвэл бүжигчин хүнд ч дээрх чадварууд маш их хэрэгтэй.
Тиймээс ингэж бүжиглэж яваа минь ааваас улбаалсан болов уу. Багад аав минь усан будаг, цаас тавиад л дэргэдээ суулгачихдаг байлаа. Одоо ч би зурах дуртай. Бас хүний нүүр будах дуртай. Нүүр хувиргагчийн гуравдугаар зэрэгтэй.
-Олонх охин сонгодог бүжигт хорхойсдог байхад та яагаад ардын бүжигт дурласан юм бэ?
-Багадаа зурагтаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Долгорсүрэн багшийн тухай баримтат киноноос түүний бүжгийн ангийн хүүхдүүдэд хичээл зааж, бүжиглэж буйг үзсэн юм. “Ямар гоё юм бэ. Би энэ сургуульд сурах юм сан” гэж боддог байв.
Ингээд л дурлачихсан. Уг нь ХБК-д суралцаж байх үед сонгодог бүжгийн багш минь намайг балетчин болгох гэж их зүтгэсэн л дээ. Харин надад ардын бүжиг л сонирхолтой санагддаг байлаа.
-ҮУИТ-ын босгыг даваад анх тайзан дээр ямар бүжиг бүжиглэв?
-ХБК-д байхдаа театрынхаа зарим тоглолтод оролцдог байв. Оюутан байхдаа “Нарны домог” бүжгэн жүжигт оролцсон. Сургуулиа төгсөөд л энд ирж, өдгөө 12 дахь жилтэйгээ золгож байна.
Үндсэн бүжигчин болчихоод анх “Мэндчилгээ”, “Чичэргэнэ” бүжгийг тайзан дээр бүжиглэсэн
-Та театрынхаа эмэгтэй бүжигчидтэй хамтран “Эрхэмсэг” хамтлаг байгуулсан. Энэ сард бие даасан хоёр дахь тоглолтоо үзэгчдэд хүргэлээ. Энэ хамтлагийг анх хэрхэн байгуулсан бэ?
-“Эрхэмсэг” хамтлагаа байгуулаад таван жил болчихжээ. 2012 онд манай театрын бүжиг дэглээч С.Цэцгээ эгч Москвад сургуулиа төгсөж ирээд тайлан тоглолтоо хийсэн юм. Эл тоглолтодоо зориулж шинэ бүжиг дэглэснээ таван эмэгтэй бүжигчнээр бүжиглүүлсэн.
Тус бүжиг ч хүмүүсийн сонирхлыг татаж, бид хамтран бэлтгэл хийж, шинэ бүжиг дэглэх болсон. Ингэж л хамтлаг байгуулсан түүхтэй. Хамтлагийн маань нэрийг Төрийн шагналт С.Сүхбаатар багш өгсөн юм шүү дээ. Энэ сарын 8-нд бид бие даасан хоёр дахь тоглолтоо хийлээ. Маш амжилттай болсон.
“Энэ тоглолтоо дахиж тоглооч” гэсэн саналыг олон үзэгч тавьж байна. Тиймээс ирэх наймдугаар сарын дундуур дахин тоглох төлөвлөгөөтэй.
-Мэргэжлийн бүжигчин байхын амтыг хэзээ анх мэдэрч, шунав?
-Хэзээнээс мэргэжлийнхээ амтад орсныг хэлж мэдэхгүй юм. Нэг мэдэхэд л амьдралаа бүжиггүйгээр, өөрийгөө тайзнаас хол байгаагаар төсөөлж чадахаа больчихсон. Яг одоо би бүжгийн урлагт донтож, мэргэжилдээ үхэн хатан дурлачихаад явна.
-Бүжгийн урлаг залуу насных гэдэг. Та нас ахихаас айдаг уу?
-Эмэгтэй хүн бүрийн айдас энэ байх. Би маш их айдаг. Ялангуяа миний мэргэжил залуу насных болоод тэр юм болов уу.
-Өөрийгөө тайзнаас хол амьдарч байгаагаар төсөөлж үзсэн үү?
-Хүсдэггүй. Гэхдээ хүссэн, хүсээгүй надад тэр үе ирнэ. Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үедээ “Тайзны үнэр ханхийж, гэрэл над дээр тусан, үзэгчид ингэж алга ташиж байхад би яаж орхих юм бэ. Бодохоос аймшигтай байсан” хэмээсэн. Тэгж ярихыг нь сонсоод уйлж билээ.
-Бүжигчин бол богино настай мэргэжил. Ихэнх бүжигчид тэтгэвэрт гарахаараа бүжиг дэглээч болж, эсвэл багшилдаг. Харин та юу хийхээ төлөвлөсөн үү?
-Хамгийн харгис мэргэжил гээд хэлчихвэл буруудахгүй л байх. Уран бүтээлчийн залуу нас, гоо үзэсгэлэн, авьяас чадварыг шавхаж авчихаад нэг л өдөр тайзнаас буулгачихдаг. Энэ харгис байдлыг нь мэддэг хэрнээ бүгд дурладаг, орхиж чаддаггүй. Бүх бүжигчин тэтгэвэрт гарахаараа багшилдаг, эсвэл бүжиг дэглээч болдог гэвэл өрөөсгөл л дөө.
Тийм болохоор заавал давхар мэргэжил эзэмших шаардлагатай гэж би боддог. Би МУИС-ийг улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Мөн Удирдлагын академийг дүүргэсэн. Би удахгүй 30 нас хүрнэ. Тэгэхээр тайзан дээр бүжиглэх цаг хугацаа минь улам л богиносож байна гэсэн үг.
Хэдхэн жилийн дараа тэтгэвэртээ гарах болохоор дараа нь юу хийх вэ гэж үргэлж боддог. Төлөвлөсөн зүйл ч бий. Бүжгээс өөр чиглэлээр ажиллахаар зорьж байгаа.
-Та бүжиглэж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Бүжиг болгон өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Зарим бүжгийг бүжиглэж байхдаа багтаж ядсан ааг омог мэдэрдэг бол заримдаа эмзэг турьхан мэт болчихдог.
Тухайн бүжгийнхээ дотор нь орж, хөдөлгөөн юуг илэрхийлж, үзэгчдэд юу мэдрүүлэх вэ гэдгээ боддог. Бүжгэн жүжгийн дүрүүд бүр ч илүү сонирхолтой, нандин мэдрэмж төрүүлдэг юм.
-Тайзан дээр бүтээсэн аль дүр өөртэй тань адил зан араншинтай мэт санагддаг вэ?
-Бид биеийн хөдөлгөөнөөр дүр бүтээдэг. Мэргэжлийн бүжигчин хүн ямар ч дүрд хувирч чаддаг байх ёстой. “Монголын их хатад” бүжгэн туульсын Дөргэнэ хатны дүрдээ их хайртай. Энэ дүрд бүжиглэхдээ л би хамгийн их бодож, уусахыг хичээдэг.
-Бүжигчин байх хэцүү, шантрах үе олон байдаг ч урлагт дуртай, мэргэжилдээ хайртай болохоор тэсэхээс өөр аргагүй гэдэг. Танд тийм шантрах үе олон тохиосон уу?
-Тийм үе маш олон тохиолддог. ХБК-д дөнгөж ороод л хүүхдүүд шантарч эхэлдэг. Сургуулиа төгсөх, театрын тайзан дээр анхлан гарах, шинэ бүжиг сурах, ахмад уран бүтээлчдэд загнуулаад уйлах гэхчилэн шантармаар үе зөндөө.
Тэр болгонд шигшигдээд, аль авьяастай, тэвчээртэй нь л урлагт үлддэг. Урлаг тийм л хатуу.
-Сэтгэлээр унаж, шантарсан үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулж, хурцалдаг вэ?
-Нэгэнт л энэ олон жилийг үүнд зориулсан юм чинь эцсийг нь үзэж байж л сална гэж өөрийгөө хурцалдаг. Би их шартай. Тиймээс өөртөө “Энэ бол юу ч биш. Үүний цаана ч дахиад шалгуур бий. Иймхэн зүйлийг давж чадахгүй хүн биш шүү” гэж хэлээд л зоригжуулдаг.
Сэтгэлээр жаахан унасан үедээ ганцаараа байж, зурагт үзэнгээ зайрмаг идэх дуртай. Яагаад ч юм, тэгэхээр дотор онгойчихдог.
-ҮУИТ-т багшаа хэмээн хүндэлдэг, мэргэжлийн зөвлөгөө авдаг хүн бий юү?
-Байлгүй яах вэ. Гавьят жүжигчин Ш.Одонтуяа эгчийг би багшаа гэж бодож явдаг. Шар хадаг барьж, багш шавь болоогүй л дээ. Гэхдээ би түүнээс маш их зүйл сурдаг.
Түүний хөдөлмөрч, хэзээ ч шантардаггүй, цуцдаггүй занг биширдэг. Түүн шиг мундаг бүжигчин болох юм сан гэж хичээж явна.
-Ахмад бүжигчдээс хэнийг биширч, үлгэр дуурайл авдаг вэ?
-Гавьяат жүжигчин А.Даваахүү ахаас үлгэр дуурайл авдаг. Түүний маш их мэдрэмжтэй, алдаа оноог үнэнээр нь хэлж чаддаг занд нь дуртай. Бүжиг дэглээч О.Ууганбаяр эгч шударга, ухаалаг. Энэ зан чанараас нь суралцдаг.
Театрынхаа үе тэнгийн уран бүтээлчдээсээ ч суралцдаг. Уран бүтээлч бүрт өөр өөрийн онцлог бий. Тэр онцлог, давуу талуудыг нь харж, жишээ авдаг даа.
Жишээ нь, бүжигчин П.Мөнхцацрал гэхэд л маш төгс бүжиглэдэг. Түүний бүжигт ямар ч илүү үйлдэл, дутуу зүйл байдаггүй. О.Тулга манай театрын урдаа барьдаг эрэгтэй бүжигчдийн нэг. Түүнээс ч ихийг суралцдаг.
-Та сургуулилалт, тоглолт гээд л цаг наргүй ажилладаг. Заримдаа бусад шиг өөр мэргэжил эзэмшиж, цаг нартай ажил хийж явах байж дээ гэж харамсдаг уу?
-Бүжигчин хүнд цаг төлөвлөлтийн асуудал хамгийн хэцүү. Сургуулилалт хэр удаан үргэлжлэх, бэлтгэлээ яаж хийх нь тодорхойгүй. Мөн тоглолтууд ихэвчлэн оройн цагаар болдог.
Тиймээс хүнтэй цаг товлох, гадуур ажил хөөцөлдөхөд хүндрэлтэй. Тийм үед ажил минь цаг нартай байсан бол сайхан аа гэж боддог юм.
-Урлагийн мэргэжил эзэмшсэнээр та юуг олж авч, юуг золиосолсон бэ?
-Урлагийн мэргэжил эмэгтэй хүнд гоо зүйн мэдрэмжээс гадна олон сайхан чанар төлөвшүүлдэг. Би энэ мэргэжлээс гоо сайхныг олж авсан. Гэсэн атлаа мөн л би гоо сайхнаа золиосолсон.
-Бүжиглэхэд сэтгэл санааны байдал маш их нөлөөлдөг байх. Сэтгэл санаа тогтворгүй үедээ тайзан дээр гарахдаа хэрхэн сэтгэл зүйгээ бэлддэг вэ?
-Сэтгэл санааны байдал нөлөөлдөг шүү. Ялангуяа уралдаанд оролцох үед. Өөр орны мундаг бүжигчдийг хараад сүрдэж, эмээх нь бий. Тийм үед хяналтаа алдаж болохгүй. Өөрийгөө чагнаж, анхаарлаа төвлөрүүлэх л хэрэгтэй.
-Байнгын дасгал сургуулилалт хийдэг болохоор нойр, хоолоо сайн тохируулах шаардлага гардаг байх.
Мөн биеийн жингээ барихаас авахуулаад анхаарах зүйл бишгүй. Энэ бүхнийг хэрхэн хослуулж, өөтөө анхаарал тавьдаг вэ?
-Энэ долдугаар сард үнэхээр ачаалалтай ажиллалаа. Чуулгын тоглолтууд, наадмын нээлтийн тоглолт, хамтлагийн тоглолт, сая оролцсон уралдааны бэлтгэл гээд л завгүй гүйсэн. Маш их ядардаг. Зовхио дийлэхээ байтал ядрах үе бишгүй.
Тийм үед аминдэм ууж, дусал залгуулаад л гүрийдэг. Чанартай хоол идэж, нойроо сайн авах хэрэгтэй. Харин жин нэмэх асуудал бидэнд тулгардаггүй. Тэртэй, тэргүй маш их хөдөлгөөнтэй байдаг болохоор таргалахгүй шүү дээ.
-Тоглолтын бэлтгэл, бүжгийн бэлтгэлээс гадна өдөр бүр тогтмол хийж хэвшсэн зүйл бий юү?
-Унтахаасаа өмнө ном уншдаг. Өөр хийж хэвшсэн зүйл байхгүй ээ.
-Монголд ардын язгуур урлагийн, бүжигчдийн үнэлэмж тийм ч сайн биш санагддаг. Манай нөхцөлд бүжигчний мэргэжлээр сэтгэл хангалуун амьдрах боломж бий юү?
-Манайд ардын биш, бүх л төрлийн бүжигчдийн үнэлэмж маш муу. Амьдралд хүрэлцдэггүй. Бид мэргэжилдээ дуртай, салж чаддаггүй болохоороо л ажиллаж яваа. Түүнээс биш мөнгө хөөж, од болох гэсэн бүжигчин нэг ч байхгүй.
-Таны амьдралын зорилго юу вэ?
-Би их том бодолтой. Хүнд хэлэхээс ч ичмээр. Ширхэг будаа зүүний үзүүр дээр тогтох мэт ховор тавилангаар энэ сайхан оронд хүн болж төрчихөөд утга учиртай л амьдармаар байна. Эх орондоо хэрэгтэй зүйл хийж үлдээх сэн гэж хүсдэг.
-Чөлөөт цаг маш бага гардаг гэсэн. Гарсан жаахан завтай үедээ юу хийх дуртай вэ?
-Би их яриасаг. Найзуудтайгаа уулзаж “буу халах”, дэлгүүр хэсэх дуртай. Бас шүхрээр буух, цанаар гулгах, машинаар уралдах гэхчилэн эрсдэлтэй, адреналин ихэсгэх зүйл хийх дуртай. Надад үхэхээсээ өмнө заавал хийж үзэх зүйлсийн жагсаалт байдаг.
-Тэр жагсаалтад тань ямар ямар сонирхолтой үйлдлүүд багтсан бэ?
-Хүмүүст хэлэхээс ичдэг юм аа. Дэлхийн долоон гайхамшигийг очиж үзэх, онгоцноос шүхэртэй үсэрч, чөлөөт уналт хийх гэхчилэн хөвөрч өгнө өө.