Блоггер, стилист П.Оюунтөгс буюу Оюутай ярилцлаа.
-Та www.oyuwore.com блог хөтөлж, түүндээ минималист хэв маяг болоод зөв хувцаслах талаар нийтлэл бичиж, видео зөвлөгөөг хүмүүст хүргэдэг юм билээ. Минималист хэв маяг гэж чухам юу вэ. Түүнд хэрхэн дасан зохицож амьдрах ёстой бол?
-Минимал нь бага, цөөн гэх агуулгаас үүдэлтэй. Аливаа зүйл цөөн байх нь маш их байснаасаа илүү утга учиртай. Зөвхөн өөрт хэрэгтэй зүйлсээ авч үлдэж, илүү зүйлээс өөрийгөө чөлөөлөх хэв маяг гэж ойлгож болно.
Энэ үзэл санааг дэмжигчдийг минималист гэж нэрлэж буй юм. Энэ үзэл санаа хүний анхаарлыг эд материалаас ангид байлгаж, өөр зүйлд хандуулах зорилготой.
Минимализм хэмээх нэршил нь шинэлэг мэт сонсогдож буй боловч угтаа энгийн, даруу, амар тайван амьдралыг гол болгох л гэсэн зорилготой юм.
-Минималист үзэл санааг дэмжигчдийн олонх нь солонгос, япончууд мэт харагддаг.
-Минималист хэв маягийг маш сайн нэвтрүүлж буй орнуудын жишээнд гарцаагүй Япон орно. Гэтэл монголчууд бид ч минималист хэв маягийг хамгийн их дэлгэрүүлсэн, түүндээ дасан зохицож ирсэн. Хамгийн энгийн жишээ гэхэд л монголчууд гэрээ, гэр доторх бүх тавилгаа ганцхан морин тэргэнд багтаагаад л нүүдэллэж чаддаг улс.
Бидний өмсдөг үндэсний дээл хувцас, хөнжил, гудас ч болчихдог шүү дээ. Үүнээс илүү минималистийн жишээ гэж юу байх вэ. Өнгөрсөн онд япончууд хамгийн бага эд хогшил, хэрэгсэл хэрэглэдэг улсуудыг судалж, жагсаалт гаргаж л дээ.
Эл судалгааны дүнд гуравдугаар байрт Герман, хоёрт Япон, хамгийн эхэнд монголчууд жагссан. Энэ нь манайд минималист хэв маяг эртнээс “суусны” баталгаа болов уу.
-Энэ хэв маягийн сул болон давуу тал юу вэ?
-Уг нь хэт их эд материалын хамаарал, үүнээс үүдэлтэй бухимдлаас их, бага хэмжээгээр ангижрах нь маш том давуу тал. Гэхдээ хүмүүсийн хандлага харилцан адилгүй учир энэ бол давуу тал гээд хэлж болох, эсэхийг мэдэхгүй юм.
Гэхдээ хэмнэлт гэдэг үгээр минималист хэв маягийн давуу талыг тодорхойлж болох байх.
-Энэхүү хэв маяг хувцас загварт ч нөлөөлж байна. Минималист стиль гэж ярих болж.
-Минималист амьдралын хэв маягийг хэрэгжүүлэхэд хамгийн анхны бодит үр дүн өгдөг зүйл бол гарцаагүй хувцас. “L.A Times” сэтгүүлийн өнгөрсөн онд хийсэн судалгаагаар дундаж амьдралтай, орон сууцанд амьдардаг айлд дунджаар 300 мянган ширхэг эд зүйл байдаг нь нотлогджээ.
Түүний 30 хувийг хувцас эзэлдэг гэнэ. Тиймээс минималист хэв маягийг өөрт суулгахдаа хувцаслалтаас эхэлбэл илүү үр дүнтэй санагдсан.
-Минималист хэв маягийг дэмжиж, шүүгээгээ цэгцлэн, энэ стилиэр хувцаслахаар зэхэж буй бүсгүйчүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Минималист стиль их уйтгартай гэдэгтэй санал нийлнэ. Харин үүнийг уйтгартай биш, загварлаг байлгах нь стилистийн ажил. Цөөн боловч чанартай хувцастай байх нь энэ стилийн гол үндэс. Чанаргүй олон, чанартай ганцыг авахад төлөх мөнгөний хэмжээ ижил ч, үнэ цэнэ нь ялгаатай.
Минималист стилийн бас нэг дүрэм бол өнгө дагнах. Нэг өнгөөр дагнаж хувцаслах нь илүү хэмнэлттэй. Жишээ нь, ногоон өнгийн даашинз авлаа гэж бодъё. Гэтэл түүнд тохирох гутал, цүнх мөн авах хэрэг гардаг. Энэ мэт дагалдах зардлыг үгүй болгоно.
Мөн минималист стилийн бас нэг дүрэм нь бүх хувцас энгийн загвартай байх ёстой. Гэхдээ бид цаг үетэйгэээ хөл нийлүүлж, орчин үеийн трэндүүдийг хувцаслалтдаа тусгах хэрэгтэй. Энэ минималист боловч загварлаг стилийг бүрдүүлэх нь миний зохион байгуулж буй уулзалт, бичдэг нийтлэлийн зорилго.
-Шүүгээ дүүрэн хувцастай хэрнээ хэрхэн хослуулж өмсөхөө мэддэггүй хүмүүс бий. Миниманист хэв маягаар хувцаслахын тулд тэр хэрэгтэй, хэрэггүй олон хувцсаас ангижрах хэрэг гарна.
Гэтэл бидэнд бэлгэнд ирсэн, ямар нэг дурсамжит өдрийг санагдуулдаг, эсвэл маш их үнэтэй авсан зэрэг хаяж чадахгүй хувцас байдаг.
-Та бүх хувцсаа дэлгэж тавиад түүн дотроос сүүлийн гурван сар огт өмсөөгүйг нь ялгаж тусад нь далд хий. Ингэж далд хийчихээд дахиад гурван сар өнгөрсний дараа огт гар хүрээгүй бол тэр хувцас танд хэрэггүй гэсэн үг.
Нэгэнт л огт өмсөлгүй зургаан сар хадгалсан юм чинь яагаад ангижирч болохгүй гэж.
-Эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлд автаж хувцас худалдаж авдаг. Бусад хувцастай нь зохицох, эсэх, дараа нь анх авсан шигээ сэтгэгдлээр өмсөх үү, үгүй юү гэдгийг тэр бүр боддоггүй.
-Яг үнэн. Дотоод мөн чанараас илүү гадаад төрх, хувцаслалт тань бусдад таны тухай мэдээллийг түрүүлж өгдөг. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг дээ. Тийм болохоор ямар нэг хувцас худалдан авахаасаа өмнө өөрийн имижийг бүрдүүлэх хэрэгтэй.
Та бусдад хэн болж харагдмаар байна вэ, та ямар дүр төрх бүтээхийг хүсэж байна вэ гэсэн асуултыг өөрөөсөө асуугаад үз. Тэр хүссэн дүр төрх, өөрийн биеийн онцлогтоо тохирсон хувцас өмссөнөөр жинхэнэ та “амилна”.
Ингэж чадвал та дэлгүүр хэсэхдээ хэрэгтэй, хэрэггүй зүйл биш, зөвхөн хэрэгцээт хувцсаа худалдан авч мэддэг болно.
-Минималист стилийн чухал дүрэм нь өнгө дагнах гэж түрүүн та хэлсэн. Ихэвчлэн ямар өнгийн хувцас давамгайлдаг вэ?
-Мэдээж хар, цагаан, саарал, бор гэх зэрэг суурь өнгө давамгайлна. Гэхдээ аль нь надад зохих вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Жишээлбэл, шар арьстай хүн саарал өнгийн хувцас өмсвөл дүнсгэр, загалтсан мэт харагддаг.
Түүний оронд бор болон цагаан өнгийг хослуулан өмсвөл маш дэгжин харагдана. Өнгө бүрийн сэтгэл зүйд нөлөөлөх чадамж гэж бий. Тухайлбал, бор өнгийн хувцас өмссөн хүн бусдад буурь суурьтай, итгэж болох хүн мэт харагддаг.
Харин улаан өнгө давамгайлах тусам түрэмгий, догшин харагддаг. Харин донжийг тохируулж чадвал гал цогтой, таатай мэдрэмж төрүүлнэ. Энэ мэтчлэн зохицлыг нь мэддэг болчихвол аяндаа өөрийн онцлог, стилийг бүрдүүлж чадна.
-Гутал, цүнх, гоёл чимэглэлд эмэгтэйчүүд гар татдаггүй. Харин минимилсит стилээр тэдгээрт хэр их ач холбогдол өгч, хэрхэн хослуулж болох вэ?
-Дахиад л тооноос илүү чанар чухал гэдгийг давтъя. Минималист стилийн уйтгартай байдлыг гутал, цүнх, гоёл чимэглэлээр маш дэгжин харагдуулж болно.
-Бүсгүйчүүдийн хувцаслахдаа гаргадаг нийтлэг алдаа юу вэ?
-Хувцас бол олон тоогоор үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн. Харин тэр олон, ижил төрлийн бүтээгдэхүүн дундаас сонгон авч, хэрхэн өмсөж буйг нь хувцаслалт гэдэг. Хэрхэн зөв хослуулан өмсөж болох вэ гэсэн санааг гаргаж буй хүнийг стилист гэдэг.
Хувь хүн бүр өөрийн мэдрэмж, хүсэл, боломжид тохируулан хувцаслаж буй болохоор алдаа гэж хэлж боломгүй. Гэхдээ загварын ертөнцөд хэзээ ч зөрчиж боломгүй хэдэн дүрэм бий.
Тухайлбал, дотуур хувцас гэрэлтэх, хөхөвчний мөр унжих, шилэн оймстой сандаль өмсөх, хар шилэн трикотой байж цайвар өнгийн туфль өмсөх гэх мэтчлэн бүдүүлэг алдаа нийтлэг гаргадаг.
-Та хүмүүсийн стилийг өөрчилж, шинэ дүр төрх бүтээдэг. Олонх үйлчлүүлэгч тань ямар бэрхшээлтэй тулгарсан байдаг вэ. Биеийн галбир уу, эсвэл загварын тухай мэдлэггүй байдал уу?
-Үйлчлүүлэгч бүр өөр өөр асуудалтай. Биеийн хэлбэр, арьсны өнгө, тухайн хүний онцлог, ажил мэргэжил, мэдлэг бүгд л шинэ дүр төрхийг нь бүтээхэд чухал. Мөн шүүгээн дэх бүх хувцсыг нь нэг бүрчлэн үзэн, шинэ төрхөд нь тохирох, нийцэхийг нь ялгаж, дахин ямар хувцас, хэрэглэл шинээр авбал илүү донжтой харагдах тухай зөвлөдөг.
Эдгээрийг нь тооцоолж байж имиж бүрдүүлэх ёстой. Эхлээд зүй зохистой хувцаслаж суръя. Дараа нь орчин үеийн трэндийг хослуулж чаддаг болъё л гэж би уриалаад байгаа юм. Тийм ч болохоор уулзалт зохион байгуулж, видео зөвлөгөөг цувралаар хүргэн, нийтлэлээ бичдэг юм.
Шинэ дүр төрх бүрдүүлсний дараа үйлчлүүлэгчдийн сэтгэл хөдлөл, өөрөө өөртөө таалагдаж буй нь нүднээс нь харагддаг.
-Та минималист стилээс гадна ажил хэрэгч хувцаслалтын тухай зөвлөгөө өгдөг юм билээ. Хувцаслалт хүний амжилтад нөлөөлдөг ч гэдэг.
-Минималист стиль, амьдралын хэв маягийг сурталчилж байгаагийн цаана хүмүүст хэрхэн зүй зохистой хувцаслахыг уриалахад чиглэдэг. Энэ төрлийн нийтлэлийг түлхүү бичдэг юм. Би сэтгэл зүйч Г.Наранбаатарыг маш төгс хувцасладаг гэж боддог.
Ажил хэрэгч атлаа маш загварлаг. Өөрөө хувцаслалтдаа ач холбогдол өгч, түүнийгээ бусадтай хуваалцаж, зөвлөдөг нь таалагддаг.
-Хүн биедээ эвтэйхнээр хувцаслах ёстой юу, эсвэл бусдад таалагдахын тулд уу?
-Би өөрөө өөртөө л таалагдаж, тав тухтай байх ёстой гэж үздэг хүмүүс бий. Гэтэл хувцаслалт таны өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл зүйд ч нөлөөлөх шидтэй. Үүнийг л сонголт хийхдээ бодох хэрэгтэй юм.