Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор С.Дулам хэмээх эрхэм хүнийг морьтой зүйрлэвэл хамгийн итгэлт, шандаст хүлэг гэнэ. Залуу үеийнхэндээ хэзээд үлгэр дуурайл болж, арвин их мэдлэгээсээ харамгүй хуваалцдаг түүнд “Өнөөдөр” сонины уншигч-сурвалжлагчийн үүргийг түр гүйцэтгэх санал тавихад монголчуудынхаа төлөө чин сэтгэлтэй, сайхан зочинтой ярилцахаас татгалзахгүй хэмээгээд аян замын алжаалаа тайлж ч амжилгүй ажилдаа орсон юм. Сурах бичиг, гарын авлагаас эхлээд шинжлэх ухааны даацтай хэдэн зуун бүтээлтэй түүнийг монголчууд багш хэмээн хүндлэн дээдэлдэг.
Харин зочин маань эх түүхээ судалж, дэлхийд тархан суурьшсан монгол угсаатнуудынхаа төлөө сэтгэл зүрхээ чилээн, чин үнэний эрэлд гарсан эрхэм. Дэлхийн монгол гарал үүсэлтнүүдийн төвийн тэргүүн, дипломатч, түүхч, доктор Ойдовын Нямдаваа монгол хүний сэтгэхүй, ухаанаар бичсэн жинхэнэ монгол түүхээ хойч үеийнхэндээ үлдээхийн төлөө олон арван бүтээл туурвиж, таван удаа үзэсгэлэн зохион байгуулсан манай тэргүүний сэхээтэн.
Уншигч-сурвалжлагч, зочин хоёр маань дэлхийд танигдсан нэртэй эрдэмтэн, соёл түгээгч гэдгийг хүмүүс андахгүй. Энэ утгаараа тэд Монголын өв соёл, түүх, зан заншлыг таниулан, дэлгэрүүлэх их үйлсэд сэтгэл, оюунаа зориулж буй эх орны элч билээ.
-Зуны энэ сайхан өдөр би амьдралдаа анх удаа сэтгүүлчийн үүрэг гүйцэтгэж, сурвалжилга авах гэж байна. Би сэтгүүлч биш ч гэсэн “Өнөөдөр” сонины саналыг яагаад хүлээж авав гэхээр судлаач, сурвалжлагч хоёрт ямар нэгэн төстэй зүйл байгаа болов уу гэж бодсон. Мөн сурвалжлах хүн маань маш сонирхолтой учраас аргагүй зөвшөөрсөн.
Энэ хүний сүүлийн хэдэн жил хийж, бүтээж буй үйлс, ажил нь над шиг монгол судлаачид маш сонирхолтой санагдсан учраас зөвшөөрсөн. Юуны өмнө таныг Монгол орон даяар, түүгээр барахгүй дэлхийд тархан суурьшсан монгол гарвалтнууд маань сайн мэддэг.
Гэхдээ уншигчдад мэдээлэл болгох үүднээс би яриагаа жаахан эрт үеэс эхэлье. Миний олж уншсанаар та Ховд аймгийн Мөст сумын малчин айлын хүүхэд. Танайх голдуу хаагуур нутаглаж байв?
-Яриагаа эхлэхээсээ өмнө нэг зүйл онцлоход, Монголын тэргүүлэгч сонины нэг “Өнөөдөр” бол улс орныхоо түүх, соёл, зан заншил, гадаад бодлого, аюулгүй байдал гээд өргөн сэдвээр бичдэг. Ийм сайхан сонин миний үзэсгэлэнг сурвалжилж, мөн Монголдоо төдийгүй олон улсад нэртэй эрдэмтэн, доктор С.Дуламтай уулзуулан, ярилцуулж байгаад туйлаас баярлаж байна.
Энэ бол нэр төрийн хэрэг, том завшаан. Энэ хүний бичсэн ном бүтээл монгол түмэн, ялангуяа залуу үеийнхэнд гарын авлага болдог.
-Өнөөдрийн гол баатар нь би биш, Та шүү.
-За, миний төрсөн нутаг бол Ховд аймгийн Мөст сум. Би Цэцэгийн голынхоо хөвөөнд төрж, өссөн. 12 нас хүртлээ тэндээ амьдарсан. Дөрөвдүгээр анги дүүргээд, ах, дүү нартайгаа Улаанбаатарт шилжиж ирсэн дээ. Би есөн хүүхэдтэй айлын найм дахь нь. Эрэгтэй талаасаа отгон нь.
-Цэцэгийн гол бол захчин түмний нутаг байх аа?
-Манайх халх л даа. Ховд аймаг маань 30-аад ястан, үндэстний нутаг. Гэхдээ халх, захчин, торгууд гэхчилэн бүгд л жаахан “хазгайдуу” хэлтэй шүү дээ. Нас ахих тусам нутгийн аялга нэмэгддэг бололтой юм. Үүх түүхээрээ бол анх Цэцэг сум гэж байгаад 1950-иад оны үед хоёр хуваагаад, Мөст сум бий болсон. Тэгэхээр би Мөст сумынх гэж явдаг.
-Энэ их сайхан тодруулга боллоо. Ховд аймгийн Мөст сумынх гэхээр захчин л гэж ойлгох нь бий. Тэгэхээр тэнд бас баруун халхынхан байдаг гэдгийг зарим уншигч анзаараагүй байж мэдэх юм. Танай аав, ээж мал малладаг байв уу?
-Аав маань малчин, жинчин байлаа. Хавар яваад, намартаа ирдэг байсан талаар ээж минь ярьдаг юм. Эхэндээ хүмүүстэй хамтран жин тээдэг байснаа сүүлдээ өөрөө баг ахалж, жинчдийг дагуулж явдаг болсон. Хатгал, Цагааннуур, Оросын Бийск хүрдэг байж.
Ирэхдээ мөсөн болон голио чихэр, жимс, цай, даалимба, гурил, дүнсэн тамхи, хулганы “хөөрхөн” хавх авчирна. Зайлуул, дээлнийх нь ар хэсэг гандаад цайрчихсан байдаг сан. Том ах маань өвөр дүүрэн чихэртэй хониндоо явдаг байснаа их дурсдаг юм.
-Их сайхан сэдэв гарч ирлээ. Монголын маань нийгэмд жинчид маш их үүрэг гүйцэтгэсэн. Тэд л тухайн цаг үедээ хүмүүсийг харь, гадаадын бараа таваараар хангаж, шинэ сонин зүйл сонсож, мэдэж, ирээд түгээдэг байсан.
Бас маш их тэсвэр, хатуужилтай хүмүүс. Ер нь би жинчдийн тухай олон сонсож байсангүй. Тэгэхээр Та энэ талаар тодруулж ярьж өгөөч?
-Миний аавыг Г.Ойдов гэдэг. 50 нас хүртлээ жин тээж, Хөвсгөлийн Хатгал, Баян-Өлгийн Цагааннуур, улмаар Оросын Бийск хүрч байсан хүн. Худалдаа, бэлтгэлийн яамны 70 жилийн ойгоор гаргасан нэг номонд аавыг минь их махруу, тууштай, бусдыг удирдан зохион байгуулах чадвартай, зоригтой, тэргүүний жинчин байсан талаар бичсэн.
Жин тээнэ гэдэг их эрсдэлтэй ажил шүү дээ. Дээрэмчидтэй таарахаас эхлээд уулын замд зарим тэмээ халшраад зогсох зэргээр саад, бэрхшээл ихтэй. Алтайн уулаар явж Бийскт хүрэх амаргүй нь мэдээж. Тэгээд явахдаа ноос, ноолуур, арьс, шир авч яваад, хэрэгцээт бараагаараа солиод ирдэг.
Тэр бүгдийг хоноглох болгондоо тэмээнээсээ буулгаж, ачина. Ээж минь жаахан борц, ааруул, тарианы гурилыг шар тостой багсарч, жижиг үрэл бэлтгээд өгч явуулдаг байсан. Манай баруун аймгийн ааруул их тостой, шаргалтаад сайхан шүү. Ааруул амны цангаа гаргаж, нөгөөх үрэл нь өл дардаг байж. Үүнээс гадна бас тогооны хөө, ямааны өөх авч явна.
Зам зуурт түүнийгээ хольж, тэмээнүүдийнхээ тавхайд түрхдэг байсан гэдэг. Малаа хүртэл тэгж хайрлаж, хамгаалж байж. Нэг баг нь дөрөв, таван хүнтэй, 15 орчим атан тэмээтэй явна. Нутгийн хүмүүсээс тэмээ хөлсөлдөг байсан санагдана. Энд нэг зүйл сонирхуулан хэлэхэд, би “Цагаадай хааны нутгаар” баримтат киноныхоо ажлаар саяхан Шинжаан-Уйгарын нутгаар яваад ирсэн юм. Тэндхийн хамгийн өмнөд цэг Кашгар хотод очлоо.
-Нутгийнхан тэр хотоо Хашгар гэдэг байх аа?
-Тийм шүү. Та тэнд бас очиж байсан гэж дуулсан. Кашгарт тэмээн жингийн сүрлэг хөшөөнүүд байна. 1218 онд Чингис хаан тэр хотыг эзэлж авсан. Дараа нь Цагаадай хааны нутаг болсон.
Монголын жинчид баруун аймгаар дамжиж Өрөмч ороод, цөлөөр дайрч, Кашгарт очдог байж. Энэ хот өнөөгийн Афганистан, Кыргыз, Узбек, Казахстан, Энэтхэг, Пакистан улстай хил залгадаг их чухал газар. Би тэр хөшөөнүүдийг хараад монголчууд маань Торгоны замд ямар чухал үүрэг гүйцэтгэж байсан талаар бодсон.
-Та түрүүн Улаанбаатарт ирсэн талаараа цухас дурдсан. Хотод ямар сургуульд сурав?
-Гурван ах маань хотод ажил, сургуультай байсан учраас бид араас нь очсон юм. Ингэхдээ Архангай, Өвөрхангайгаар дайрч явахдаа уулан дээр мод ургасныг анх хараад бүр гайхаж билээ. Манай баруун аймгууд хадархаг, уулан дээр мод ургахгүй шүү дээ.
За, ингээд намар ирээд, 16 дугаар дунд сургуульд орох гэтэл орон тоо байгаагүй. Тэгээд 21 дүгээр сургуульд орсон. Нэг жил сураад, тавдугаар ангиа төгсдөг жил Нанзад ах маань Хөвсгөл аймгийн Эвлэлийн хороон даргаар томилогдож, би дагаад явсан.
Тэнд гурван жил болоод хотод эргэж ирээд, 21 дүгээр сургуульд аравдугаар ангиа 1967 онд дүүргэсэн. Тэр жил их азтай, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн хоёр хуваарь ирж таарсан.
-Ёстой сонин юм байна. Тухайн үед тэр сургуульд МУИС-ийн нэг, хоёрдугаар курсэд амжилттай сурсан, шилдэг хүүхдүүдээс сонгон явуулдаг байсан шүү дээ.
-Үнэхээр тэгдэг байсан. Бас нэлээд арын хаалгатай, эсвэл дарга нарын хүүхэд л тэр сайхан сургуульд явдаг байлаа шүү дээ. Гэтэл тэр жил тэгж таарсан юм. Тэгээд нэг хуваарийг нь 10б ангийн Сэр-Од авсан. Олон улсын харилцааны эдийн засгийн ангийнх нь хуваарийг би аваад, хамтдаа Москва явсан даа.
Их сонин, бас азтай хувь заяа шүү. Ингээд хэлний бэлтгэлд сурах гэтэл зөвшөөрөөгүй. Тэгээд шууд л үндсэн ангидаа орж, орос хэлээр “бөмбөгдүүлж” эхэлсэн. Ёстой чанга шүү, эхний улиралд хичээлээ таамаглах төдий ойлгодог байлаа. Дотуур байрны өрөөндөө орос, вьетнам, польш оюутантай хуваарилагдсан учраас тэдэнтэй харилцаж, хэлээ сайжруулж, бусдаас дутахгүй түвшинд явах ёстойгоо ойлголоо.
Тэр үед нам, засгийн хайр халамжийн тухай их ярьдаг байлаа шүү дээ. Тиймээс нэрээ хичээж, нам, төрийнхөө ачийг хариулах ёстой гэж бодно. Нээрэн, тухайн цагт гадаадад сурах хүүхдүүдэд 1500 төгрөг өгдөг байсан. Сайдын цалинтай дүйх мөнгө шүү.
Тэгээд болоогүй Улсын их дэлгүүрт тусгай тасаг нээж, гадаад явах оюутнуудад үйлчилдэг болсон байсан. Би жаахан оройтож очсон учраас жижиг размерын костюм нь дуусчихаж. Жаахан элбэгдүүг нь авчихлаа. Бас нэг цув, гуталтай ч боллоо.
-Хэлний бэлтгэлгүй шууд л олон янзын хичээл, лекцийг орос хэлээр ойлгоход хэцүү. Нэлээд шамдангуй сурахаас аргагүй. Та ер нь орос хэл яаж сурав?
-Багш нар маань “Орос оюутнуудтай сайн ярьж, харилц” гэж зөвлөдөг байлаа. Толь, сурах бичгээс салдаггүй байлаа, эхэндээ. Тэр үед А.Лувсандэндэв гуайн зохиосон, ногоон хавтастай толь бичиг л байсан шүү дээ. Тэрийг ёстой л навсайтал эргүүлсэн дээ.
Тэгээд яваандаа багшийн үгийг ойлгохтойгоо болж, урамшсан. Биднийг амралтын өдрүүдэд аялал, зугаалгаар их явуулдаг байсан нь хэл сурахад бас их нөлөөлсөн гэж боддог. Мөн орос айлуудаар орж, гарна. Энэ мэтээр л явж хэл сурсан даа. Оросын ард түмэн их сайхан сэтгэлтэй.
Монголчууд дэлхийн II дайны үед тусалсан гээд бидэнд их сайн ханддаг байлаа. Бас Монголд ажиллаж байсан мэргэжилтнүүдтэй би олон таарсан. Тиймээс сэтгэл санааны хувьд их өег, таатай байсан. Хамгийн гол нь өөрөө л хичээх хэрэгтэйг ойлгосон.
-Та сурагч болон оюутан ахуйдаа монгол гарвалтнуудын талаар сонирхон, судлах болсон уу?
-Би их сургууль төгстөлөө Монголынхоо түүхийг огт мэддэггүй байжээ. Москвад олон улсын харилцааны эдийн засгийн чиглэлээр таван жил сурч, 1972 онд төгсөөд, эх орондоо ирээд, ажиллалаа. Тэгтэл өөрийгөө жаахан голж эхэлсэн. Яг мэргэжлээрээ биш, гадаад харилцаа тал руугаа ажиллах болсон. Тэгтэл миний англи хэлний мэдлэг учир дутагдалтай байгааг ойлгож, сайжруулах хэрэгтэйг ухаарсан.
Тэгж байтал ГЯЯ-наас “Энэтхэг явж сурах уу. Гадаад харилцааны мэргэжилтэй, англи, хинди хэлтэй хүн хэрэгтэй байна” гэдэг санал тавилаа. Москвад сурч байхдаа Энэтхэгийн найруулагч Ражи Капурын кинонуудыг их үзсэн болоод тэр үү, сайхан санагдаж, явахаар шийдэв. Ингээд О.Сүхбаатар бид хоёр явах болж, сар орчим хугацаанд Намын Төв хорооны даалгавраар Лениний ном, зохиолыг судаллаа даа. Учир нь гуравдагч хөрш рүү явуулах хүмүүсээ үзэл суртлын хувьд бэлтгэж байгаа хэрэг л дээ.
Тэгээд шалгуурыг даваад, хоёр жил сурахаар Дели хотыг зорив. Тэгтэл сургалт нь их сонин, гурван сар болчихоод байхад ерөөсөө үсэг заадаггүй ээ. Та нар эхээс төрөөд хэлд ордог биз дээ. Иймд эхлээд сонсож, ярьж сур гэдэг байлаа. ЭСЯ-ндаа очихоор сонин өгөөд уншуулах гэнэ. Гэтэл бид бичиг, үсгийг нь сураагүй байдаг. Бид цаг заваараа Монголынхоо ЭСЯ-ныханд монгол, англи хэл заадаг байсан. Бас амралтын өдрүүдээр хоол унднаас нь “цохино”, тоглож наадна.
Тэр үед би Неругийн их сургуульд англи хэл давхар судалсан юм. Тэндхийн номын сангаас өвөг дээдсийнхээ талаар анх удаа гайхалтай баримт, эх сурвалж, түүхүүд болон дэлхийн эрдэмтэн мэргэдийн ном зохиолыг уншаад монгол хүн болсноороо үнэхээр бахархаж билээ.
Зөвлөлтөд сурч байхад монголчуудыг бүдүүлэг, устаж буй үндэстэн, оросууд л та нарыг мөхлөөс аварсан зэргээр ярьж, ухуулдаг байсан. Гэтэл би агуу баялаг түүхтэй ард түмний үр сад гэдгээ түүхэн баримтаас олж үздэг байгаа. Нэг удаа бүр уйлсан. 1924 онд ЗХУ, Хятадын хооронд байгуулсан нууц гэрээг хараад эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Монголтой ах, дүүгийн барилдлагатай, найрамдалт хөрш гэдэг ЗХУ биднийг Хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн тэр баримт намайг их цочирдуулсан.
Нэг л итгэдэггүй ээ, маргааш нь дахиж үзлээ. Буруу ойлгоод байна уу гэж эргэлзээд дараа өдөр нь дахиад л номын сан орлоо. Тэгж байж гарцаагүй үнэн юм байна гэж бодсон. Тэгээд тэр баримтыг номондоо оруулсан профессортой уулзаад нягтлан асуулаа. “Хөдөлшгүй үнэн“ л гэж байна.
Тийм юм уншиж, мэдсэн хүн чинь яаж зүгээр байх вэ. Найз, нөхдөдөө хэллээ. Гэтэл “Чи ганцаараа л мэдсэн юм биш. Тэр баримтыг олж уншсан бол өөртөө л шингээ. Хамаагүй яривал ЗХУ, социалист системийн эсрэг хандсан хэрэг болно шүү” гэж зөвлөсөн. Энэ бүхнээс үүдэн би Монголынхоо түүхийг сонирхох болсон.
Энэтхэгт байхдаа мэдсэн, мэдэрсэн өөр нэг зүйл гэвэл, монгол гарвалтай энэтхэгчүүдийн тухай. Үүнээс нэлээд хожим, тус улсад эх орноо төлөөлөн Элчин сайдаар сууж байхдаа нэг удаа хүлээн авалтад очлоо. Нэлээд монголжуу төрхтэй, дунд зэргийн нуруутай нэг хүн надтай мэндлэнгүүтээ л “Та их өөдгүй хүн. Монголчууд хүний үнэргүй, дандаа худал ярьдаг” гэдэг юм байна.
Би бүр гайхаж, балмагдаад “Та хүн андуурав уу. Би таныг анх удаа л харж байна” гэтэл “Та Монголын Элчин сайд биз дээ, би хүн андуураагүй” гэлээ. Гэнэтхэн л тийм үг сонсоод эвгүйцээд олны хөлөөс жаахан зайдуу очоод ярилцлаа. Тэгтэл “Уучлаарай, таны анхаарлыг татах гээд сэтгэлдээ байсан үгээ хэлж, жаахан бүдүүлэг хандчихлаа. Би бол монгол гаралтай хүн. Та бүгдийн мах цусны тасархай байна. “Биднийг ирж авна” гэж найдаж, хүлээж, саравчлан суусаар гурав, дөрвөн зуун жил болчихлоо. Өдий хүртэл цайныхаа дээжийг та нарын төлөө хойд зүгт өргөсөөр ирсэн” гэлээ.
-Ёстой л монгол хүний зан чанарыг гаргаж, шуудхан ярьсан байна шүү.
-Ёстой л тэгсэн. Ингэж би монгол гарвалт энэтхэгчүүдийн төлөөлөлтэй танилцсан. Хожим өөр нэгэн арга хэмжээний хүлээн авалтын үеэр би Английн Элчин сайдтай ярилцаж байгаад “Англичууд Энэтхэгийг 200 жил дарлаж, хөөрхий болгосон” гэж тоглоом наргиан болготол мань хүн мөрөн дээр минь алгадаад, “Уучлаарай, бид монголчуудаас л сурсан шүү дээ. Тэгэхээр бид адилхан” гэж билээ. Үнэний ортой л доо. Байдал тийм л байсан.
Англичуудыг Энэтхэгт орж ирэхэд монгол удмын хамгийн сүүлчийн хаан Бахадур Шах Жафар байлдаж, ялагдаад, бууж өгсөн байдаг. Англичууд түүнийг алалгүй хүүтэй нь цуг Бирм буюу одоогийн Мьянмар улс руу цөлжээ. Тэрбээр тус улсын хуучин нийслэл Янгон хотод насан эцэс болтлоо амьдрахдаа эх нутгаа санан, дурсаж, олон шүлэг бичсэн гэдэг. Бид тэр газарт зорчихдоо түүний шарилыг эргэж, хүндэтгэл үзүүлэх ёстой гэж боддог.
Би залуучуудад энэ тухай захиж, бид Мьянмартай өнө эртний холбоотой, Хубилай хааны цэргүүд тэндхийг хоёр ч удаа эзэлж явсан шүү гэдэг. Намайг тэр улсад хуралд оролцож байхад нэг хүн “Танай монгол хаад бясалгал хийдэг байсан сүм энүүхэнд, хотоос 30-аад км зайтай газарт бий. Очиж үзэх үү” гэсэн. Хурал тарсны дараа таксигаар явлаа.
Гаднаас нь харахад нэг муу шавар овоохой байна. Дотогш ороод, доошоо газрын гүн рүү дэнлүү бариад явлаа. Ханан дээр нь хоёр хүнийг дүрслэн зуржээ. Нэг нь ээтгэр хоншоортой монгол гуталтай, язгууртан байрынх, нөгөөх нь нум сум харваж буй нь их тод харагдаж байсан. Би уг нь гэрэл зургийг нь хэд хэд авсан ч харанхуйд бүүдийгээд гараагүй байна лээ.
Энэ явдлаас үүдэн намайг газарчилсан өнөөх хүнтэй яриа дэлгэлээ. Монголчууд Бирмийг гурвантаа байлдан дагуулсан. Эхлээд Чингис хаан эзлээд, татвар өгөхийг зарлигдсан. Гэтэл татвараа унжжээ. Дараа нь Хубилай хааны цэргүүд хоёр удаа орж ирэхэд нутгаа хамгаалаад нэлээд хугацаанд, тун сүрхий тулалджээ.
Ер нь мьянмарчууд их дайнч улс. Тэгээд тэдний бурхны шашных нь хамгийн том лам Хубилай хаанд “Та бид нэг шашинтай улс. Танай цэргүүд манай халуун оронд, тэгээд махгүй тэсэхгүй нь. Эдгээр байдлыг харгалзан цэргүүдээ эргүүлэн татна уу” гэсэн утгатай захидал илгээсэн байна. Би энэ бүхнийг гэрчлэх архивын баримт сэлтийг дэлгэж, бичээд “Өнөөдөр” сонинд нийтлүүлсэн.
Өөр нэг жишээ дурдахад, П.Очирбат Ерөнхийлөгч Энэтхэг улсад 2004 онд айлчлах үеэрээ БНХАУ-ын Юньнань мужийн Куньмин хотод түр саатаж, онгоцоо цэнэглэсэн юм. Тэгэхэд би хамт байсан л даа. Тэгтэл бидэнд дан монгол царайтай хүмүүс үйлчилдэг юм. Учрыг лавлатал Хубилай хааны цэргүүдийн үр удам гэлээ.
-Юньнаний монголчууд шүү дээ.
-Яг тийм. Эзэнт гүрэн нурсны дараа өмнөд нутгаар ажиллаж байсан монголчууд нутаг руугаа буцаж чадаагүй. Яагаад гэвэл, хөл хөдөлгөөн хорьчихсон. Аргаа бараад зарим нь тэндээ үлдэж, нөгөө хэсэг нь Бирм, Энэтхэг, Бангладеш, Тайланд гээд боломжит газар руу зугтаж, гарсан.
Хятадын ЭСЯ-ны цэргийн атташе тэр үед надад “1949 онд БНХАУ байгуулагдахад Юньнаний монгол хүмүүс Ерөнхий сайд Жоу Эньлайд өргөх бичиг барьж, өвөг дээдсийнхээ нутаг Монголоо бараадъя гэсэн хүсэлт тавьжээ. Тэднийг сайд хүлээн аваад “Та бүхэн манай нутагт ирээд 700 жил болжээ. Монголд очоод идээшихгүй. Тэгэхээр бид та бүхнийг хань үндэстэн шигээ байлгана” гэж хэлээд буцаасан” хэмээн ярьсан.
Дээр ярьсан бүх түүхээс улбаалан би монголчуудаа, тэр дундаа хилийн чанадад байгаа гарвал нэгтнүүдээ судлах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Бүр социализмын үед Балбад ЭСЯ-нд ажиллаж байхад тэндхийн монголчуудаас захидал ирдэг байсан юм. “Бид их ядарч, зүдэрч байна. Та бүхэн бидэнд туслаач” гэдэг.
Тухайн үед энэ талаар хамаагүй ярьж, захидалд хариулж, тэдэнтэй уулзаж болохгүй хатуу цаг байсан шүү дээ. Сүүлд тэтгэвэрт суугаад, хэний ч харьяалалгүй, эрх чөлөөтэй болсныхоо дараа Балбад очиж, судалгаагаа үргэлжлүүлсэн. Одоогоос дөрөв, таван жилийн өмнө мөн судалгааны ажлаар Энэтхэгт очиж, Неругийн сургуульд илтгэл тавьж таарлаа.
Тэгтэл Балбаас нэг хүн утсаар холбогдоод “Мисс Монголиа” гэсэн уралдаан болно. Та ирж сонирхооч” гэхээр нь гайхаад “Монголоос бүсгүйчүүд ирсэн юм уу” гэж асуулаа. “Үгүй” гэнэ. Балбын монгол бүсгүйчүүдийн дунд тийм уралдаан зохион байгуулах болж л дээ.
Яваад очлоо. Манай өргөмжит консул гээд төвд гаралтай хүн угтлаа. Тэрбээр намайг тэндхийн монголчуудтай тусгайлан уулзуулсан. Балба улсын 29 сая хүн амын 40 орчим хувь буюу барагцаалбал 12 сая нь монгол гарвал үүсэлтэй 10 гаруй ястан, үндэстэн гэж байна. Тухайн үеийн статистикаар шүү дээ. Тэгээд уламжлалт дээл, хувцсаа үзүүлж, ёс заншлаа танилцууллаа.
Хималайн оргилд анх гарсан Дэнзэнноров монгол гарвалтай байсан. Бүр цааш судалтал бурхан багш хүртэл монгол үндэстнээс гаралтай гэдгийг олж мэдлээ. Ер нь Балбын монголчууд зайлуул, голдуу ууланд, алслагдмал газарт амьдарч, газар тариалан эрхэлдэг юм билээ. Тиймээс соёл, мэдлэг боловсрол, сурах боломж төдийлөн сайн биш. Засгийн газрын шийдвэр, хууль тогтоох зэрэгт тэднийг оролцуулахгүй бодлоготой юм билээ.
Харин Энэтхэгийн монголчууд харьцангуй өндөр боловсролтой, Засгийн газрынхаа үйл ажиллагаанд оролцоо сайтай байдаг. Ингээд уулзалтын дараа уралдаанаа үзчихээд тэндээ үлдэж, газар нутгаар нь явж, судалгаагаа үргэлжлүүлсэн.
Тэд “Монголын дуу хоолой” гэсэн сэтгүүл гаргаж, “Монголын зүрх сэтгэл” гэдэгхамтлаг байгуулжээ. Гарвал угсаагаа мартахгүй, өвлүүлэхийн төлөө тэгж зүтгэдэг нь үнэхээр сэтгэл татам. Хайрлахгүй байхын аргагүй.
-Та “Их эзэн Чингис хаан, түүний өв соёл, дэлхийн монголчууд” хэмээх тав дахь үзэсгэлэндээ Балбын монголчууд бидэнтэй ийм, тийм зүйлээрээ адил төстэй гэж тодорхой жишээ татан, харуулжээ. Энэ талаараа тодруулбал уншигчдад сонин болов уу?
-Балбын монголчууд эрийн гурван наадам хийж, хурдан морьдоо уралдуулдаг. Тэд овоо тахидаг, бас бөөгийн мөргөлтэй. Дээл хувцас нь хүртэл яг л биднийх шиг шүү. Үүнээс гадна Балбад ирж суурьшсан цаг хугацааны хувьд 2000-3000 жилийн тэртээтэй холбож тайлбарладаг. Бас Юань улсаас дүрвэж ирсэн гэх хүмүүс ч бий. Бүр Хүннүгийн үед энд ирсэн гэдэг.
Өөрөөр хэлбэл, цагаан Хүннү буюу Хуннагийн удам угсаа гэсэн үг. ШУА-ийнхны санал болгож, зөвлөснөөр би “Хүннүчүүд Энэтхэг, Персэд” гэсэн жижиг ном бичсэн. Сонирхуулаад ярихад, миний танил нэг энэтхэг эрдэмтэн монголчуудыг Энэтхэгээс гаралтай гэдэг. 10.000 жилийн тэртээд Энэтхэгээс хэсэг улс Монголын нутагт очоод, 2000 жил суурьшаад, нэг хэсэг нь эргээд ирсэн. Тэдний угийн бичиг хүртэл байгаа гээд үзүүлсэн.
-Эртний ном, сударт, ялангуяа Төвд, Монголын эх сурвалжид монголчууд Энэтхэгээс гарал үүсэлтэй тухай, Хималайгаас тэмээ ачаалаад нүүж гарсан талаар дурдсан байдаг. Тэгэхээр таны ярьж байгаатай ямар нэгэн байдлаар холбогдох уу?
-Холбогдоно. Бас Энэтхэгт Ганга мөрөн, Монголд Ганга нэртэй нуур бий гэж хүртэл ярьдаг. Гэхдээ домог мэт энэ бүх зүйлийг шинжлэх ухааны үндэслэлээр баталж, нотлоогүй ч түрүүн дурдсан энэтхэг хүнд угийн бичиг байна. Та ч гэсэн энэ талаар дуулж, мэдсэн нь лавтай.
-Бурхан багшийн хамгийн шадар шавийн нэг Маудгаляана гэдгийг төвд хэлээр Монголживуу, бүр цаашлаад Монголын хүүхэд гэж байгаа мэт. Ийм нэг зүйл бий.
Саяхан Хятадын Дуньхуаны агуйгаас олдсон бурхны шашинтнуудын хөрөг дотор мөөрөлжин захтай дээлтэй хуврагийн хөрөг байгааг Маудгаляанагийнх гэсэн таамаглал дэвшүүлсэн хүн ч байгаа.
Тэгэхээр бурхан багш болон түүний шавь нар дотор монгол үүсэл гарвалтай хүн байх магадлалтай гэвэл танд ямар санагдаж байна вэ?
-Манай тооллын III, IV, VII зууны үед Хятадын нэртэй гурван мөргөлч нутгаасаа гараад тухайн үедээ маш алдартай байсан Энэтхэгийн Наландагийн их сургууль болон бурхан багштай холбоотой газруудаар явж, тэмдэглэл хөтөлсөн байдаг. Түүнд бичсэнээр бол тус сургуульд 29 орны лам хувраг сурч байсан. Тэдний дотор монгол хүн ч байж.
Тэгэхээр манай лам хуврагууд Хималайн уулаар дамжиж, тэр газарт хүрч, таван ухаанд суралцаад нутагтаа эргэн очиж, түгээж, нэвтрүүлдэг байжээ. Үүнээс үүдэн би “Энэтхэгийн соёл, урлаг Монголд нутагшсан нь” гэдэг өгүүлэл бичсэн. Ингэж, судалж, үзсэн бүхэндээ тулгуурлаад “Бурхны шашин Ашока хааны үед Төв Азиар дамжаад Монголд нэвтэрч, III-VII зуунд хүчтэй хөгжөөд нэг хэсэг уналтад оржээ.
Хожим Хубилай хааны үед Төвдөөр дамжин шарын шашин Монголд орж иржээ” гэж ойлгосон. Үүнээс гадна манай хаад бүх шашныг хүлээн зөвшөөрч, тэгш ханддаг байснаар бусдын итгэл, дэмжлэгийг авдаг байж.
-Тэгэхээр таны тооцоогоор Энэтхэгт монгол гарвалтай хэчнээн хүн байна вэ?
-Тус улсын сонин хэвлэлд бичсэнээр Энэтхэгийн зүүн хойд хэсгийн найман муж улсад монгол гарвал үүсэлтэй 30 орчим сая хүн бий гэсэн статистик байгаа. Та ч гэсэн зарим нутгаар нь явж байсан гэж сонссон. Тэдгээр хүнийг төлөөлсөн 54 гишүүн Энэтхэгийн Дээд, Доод парламентад суудаг гэсэн. Тэд монгол гарвалтнуудын тухай асуудал дэвшүүлж, үгээ хэлэх эрхтэй. Маш том хүч байгаа биз.
Тэр утгаараа би илүү холбогдохыг хүсдэг. Энэтхэг бол манай гуравдагч хөрш. Агуу гүрэн. Монгол Улс НҮБ-д элсэхэд тус улсын дэмжлэг нэлээд жинтэй байсан. Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд, агуу ухаантай өвөг дээдэс, үүх түүх, соёл, зан заншил, тусгаар тогтнол, эрх чөлөө маань хамгийн чухал. Гэтэл соёл, түүхээ үгүйсгэдэг хүн бидний дунд байгаад би их бухимддаг.
Үүнд ахмад үеийнхэн бидний буруу бас байна. Бид залуу, хойч үеийнхэндээ Монголынхоо түүхийг ярьж, ойлгуулж чадаагүй байна. Мөн тийм хүүхэд өсгөсөн аав, ээж, тэдэнд сургасан багш нар ч буруутай. Бүр цаашлаад орчин тойрныхны ч буруу. Бид эрх чөлөө, олон ургальч үзлийн үр шимийг амслаа.
Гэхдээ Монгол Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй, бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын асуудлаар олон ургальч үзэл гэж байж болохгүй. Энэ тал дээр монголчууд нэг үзэл, санаатай байж, хэрхэн хамгаалж, авч явах тухай сэтгэлээ чилээж, он удаан жил үргэлжлүүлэх учиртай.
-Тэр нь батлагдсан түүхийн үнэнтэй нийцэж байх ёстой.
-Сайхан хэллээ. Тэгж байж л бид хөгжинө. Худал, үнэн нь мэдэгдэхгүй яриа явж байна. Гадаадын хүнээс мөнгө авчихаад түүний хэлснээр үг хийдэг хүн байдаг л гэнэ. Хэрэв тийм бол үнэхээр харамсалтай.
Гэхдээ тийм бусармаг явдалд ямар ч орчин байхгүй, манай Монголд. Хэрэв тэр мэдээлэл үнэн бол тэдгээр хүн Монгол Улсынхаа эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг.
-Яг энэ талаар асуухаар зэхэж байтал Та өөрөө хөндчихлөө. Би ярилцахаасаа өмнө үзэсгэлэнг тань сонирхсон. Дэлхийн түүхэнд монгол хаадын оруулсан хувь нэмрийн талаарх түүхэн баримтаас 11 зүйлийг эшлэн танилцуулжээ.
-Тэдгээрийг нэгбүрчлэн судлахад тус бүртээ маш том сэдэв. Тэгэхээр манай эрдэмтэн, судлаачид үүнийг улам гүнзгийрүүлэн судалж, хөгжүүлээсэй. Бид судалгаагаа ганцхан өөрийн хэлээр бичих нь хангалтгүй юм байна. Үүнийгээ дэлхийн түгээмэл хэлүүдээр хөрвүүлэн гаргаж байж олон улсад хүрнэ.
Ингэж бодсоны үндсэн дээр би тэр 11 баримтат сурвалжийг англи, хятад хэлээр хэвлүүлсэн. Оросоор орчуулуулсан. Энэ удаа номондоо оруулж амжсангүй. Тав дахь үзэсгэлэнгийн минь зорилго бол Монголын таван эзэнт гүрнээс өнөө цагт юу үлдсэнийг харуулах явдал. Үлдсэнээсээ үлдээгүй нь олон байна. Мэдэхээсээ мэдэхгүй нь их байна.
Жишээ нь, Цагаадай хааны үеийн нутаг дэвсгэрт өвлөгдсөн, үлдсэн нь бараг алга. Алтан орд улсын талаарх судалгаа тун балархай байна. Учир нь 1944 онд Зөвлөлтийн Большевик нам болон Сталин энэ талаар судлахыг албан ёсоор хориглосон. Монголчууд гэж байгаагүй, тэрний оронд татар үндэстний тухай зохиож түүх бич гэсэн. Ингээд Монгол татарын түрэмгийлэл гэсэн түүх зохиосон. Энэ тухай үнэнийг 1990 он хүртэл чандлан нууцалж иржээ.
Нэг сонин дуулгахад, ОХУ-ын Казань хотод саяхан Алтан орд улсыг судлах төв байгуулжээ. Даргатай нь би холбоо тогтоосон. Тэрхүү төвийнхөн “Дэлхийн түүхэнд Алтан орд улсын оруулсан хувь нэмэр, үүрэг” гэсэн ном гаргажээ. 900-гаад хуудастай. Оросын нэртэй 10 гаруй эрдэмтний хамтын бүтээл юм байна.
Түүнийг нь би үзээд тус төвийн даргад захиа илгээж “Сайхан бүтээл болжээ. Гэхдээ харамсалтай нь, та бүхэн Монголын түүхийг бичихдээ монгол эрдэмтэн, судлаачдыг багтаа оруулсан бол нэр, томъёог алдаа мадаггүй бичих байжээ. Монголд мундаг түүхч олон бий. Мөн монгол хаадын гавьяа, үүрэг, хувь нэмрийн талаар бага гаргажээ” гэсэн үг хавчуулчихсан.
Тэд хариу ирүүлж, ийм ном гарсан талаар монголчууддаа мэдээлэхийг хүссэн. Мөн энэ талаар монгол эрдэмтэд чөлөөтэй шүүмж бичээрэй гэжээ. Тэгээд Ц.Ишдорж эрдэмтэнтэй уулзаж, энэ номын талаар шүүмж бичихийг зөвлөсөн. Шүүмж нь тун сайхан болсон байна лээ. Орос эрдэмтэд удахгүй Алтан орд улсын нийслэл байсан Их, Бага Сараев дахь түүхэн байгууламжийн балгасыг малтаж, судлах юм байна.
-Та Монгол болон их хаад, гарвал нэгт монголчуудынхаа талаар таван удаа үзэсгэлэн гаргажээ. Хүмүүс хэр хүлээж авч байна вэ?
-Гадаад, дотоодын олон хүн үзэж, хөл тасрахгүй л байна. О.Нямдаваагийн гаргасан үзэсгэлэн болгон ном болдог гэж хүмүүс урам хайрлаж байна. Энэтхэгийн Элчин сайд ирээд “Монголын залуу үеийнхэнд өгөөжтэй үзэсгэлэн байна. Залуучууд чин сэтгэлээсээ үзэж сонирхоосой” гэж сэтгэгдлээ бичиж үлдээсэн байна лээ.
Цахим ертөнц хөгжсөн энэ цаг үед хүмүүс зузаан ном, хэвлэл уншихаа байжээ. Тэгэхээр Монголын түүхийг товчхон хэрнээ ойлгомжтой байдлаар зурагтай хавсарган харуулахыг хичээсэн.
-Энд байгаа ихэнх материал, тэр дундаа гарвал нэгтэй монголчуудын тухай баримт тус бүртээ ном болохоор том сэдэв байна гэж бодлоо.
-Манай зарим хүн их сонин шүү. Би нэг хэсэг гарвал нэгт монголчуудынхаа талаар хэвлэлд бичиж, мэдээлдэг байлаа. Тэгтэл “Чи хэдэн халтар царайтай хүний тухай л ярих юм. Хэнд хэрэгтэй юм бэ. Монгол хэл ч мэдэхгүй тэднийг бидэнтэй удам угсаа нэгтэй гэдгээ боль” гэж шүүмжилсэн. Фэйсбүүк хуудсанд минь иймэрхүү сэтгэгдэл ч зөндөө байлаа.
Тэгэхээр нь би энэ тухай хүмүүст яавал зөв ойлгуулж, түгээх ёстойг тунгааж үзээд үзэсгэлэн гаргахаар шийдсэн. Эхлээд Балбын монголчуудын талаар танилцууллаа. Үзэж, харах материал, баримттай болохоор хүмүүс их сайхан хүлээж авсан. Зөв ойлгож эхэлсэнд нь би урамшсан. Нэг хүн “Та банхар нохойны тухай оруулаагүй байна. Монгол лам нар Хималайг давж, хүнд бэрхийг туулахад банхар нохой хань, хамгаалагч нь болсон” гэж зөвлөснийг дараагийн үзэсгэлэн, номдоо багтаасан.
Энэ бүхнээс үүдээд бид гарвал нэгтэй монголчууддаа хүндэтгэлтэй хандаж, тэднийг зөв ойлгох ёстой гэж боддог. Би Чингис хааны тахилгад оролцлоо. Тэгтэл өвөрмонгол нэг залуу “Монголчууд биднийг хужаа гэдэг. Гэтэл бид нэг гаралтай, одоо ч өвөг дээдсийнхээ нутаг руу харж, залбирдаг. Биднийг харийн хүн шиг үзэж, сэтгэл зүрхийг минь урдгаа болиосой” гэж хэлсэн.
Түүний үг хатуу ч гэсэн үнэн. Бид үнэхээр дэндүү өчүүхэн, ядмаг бодож байна аа. Би Төрийн ёслолын албаны даргын алба хашиж байхдаа баяр наадмаараа монгол угсаатнуудаа барилдуулах санал гаргаад бөөн шүүмжлэлд өртөж явлаа.
-Монголчууд болон монгол үүсэл гарвалтай хүмүүсийн ДНХ-ийг харьцуулсан судалгаа байдаг уу?
-Мөнгөтэй бол үүнийг хийж болох юм билээ. Тэр цагт харин шинжлэх ухааны нотолгоотойгоор дэлхийд тархан суурьшсан монгол угсаатнуудынхаа талаар чанга дуугарч чадна. Нөгөөтэйгүүр, маш няхуур хандаж зөв хүнээ сонгож, шинжлэхгүй бол олон үндэстэн, ястны хувь заяаг буруу шийдэх эрсдэлтэй.
Жишээ нь, Энэтхэгт байгаа монгол гарвалт 30 сая хүний дотор олон цус холилдсон нь ч байгаа. Магадгүй буруу хүнээс нь шинжилгээ авчихвал тэндхийн монгол гарвалтнуудыг үгүйсгэхэд хүрч мэдэх юм. Дэлхийн хэмжээнд монгол удмын 50-60 сая хүн бий. Тэд Монгол Улсыг шүтээнээ гэж дээдлэн, эх нутагтаа байгаа биднийг сахиусаа хэмээн бишрэн хүндэлдэг.
Тэгэхээр бид ч тэднийг хүндэлж, соёл, зан заншил, ахуй амьдралынх нь төлөө сэтгэл чилээж, гараа сунгаж, дэмждэг болмоор байна. Цөөхөн ч гэсэн хүн авчраад сургаж, боловсруулж, уламжлалт өв соёлоо таниулж, дэлгэрүүлж болно шүү дээ. Тэгж байж л жинхэнэ шүтээн, сахиус нь болно. Тэгэхгүй бол даяаршиж буй энэ эрин үед тэд маань замхарч, алга болох нь. Миний бодлоор гуравдагч хөршийн бодлогод дэлхийд тархсан монгол угсаатнууд маш чухал үүрэгтэй.
-Би нэг зүйл онцлон асуумаар байна. Их засаг хуулийг үгүйсгэдэг, тийм зүйл байгаагүй гэж ярьдаг хүн байна. Та үзэсгэлэндээ тэрхүү хуулийн арабаар бичсэн хувилбарын нэг хэсгийг дэлгэжээ.
Энэ мэтчилэн Их засаг хуулийг өөр олон хэл, бичгээр буулгасан хувилбар гарвалт нэгт монголчуудад маань байна уу?
-Араб, персээр бичсэн нь нь цөөнгүй бий. Гэхдээ хэчнээн зүйлээс бүрдсэнийг нь олон янзаар хэлдэг. Манай С.Нарангэрэл доктор Их засаг яагаад тийм хүчтэй нөлөөтэй байсныг, мөн ёс зүйн талаас нь гэхчилэн олон өнцгөөс гаргасан шүү дээ.
-Болод чинсан хэмээх хүн Монголын их түүхийг бүтээхэд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар Та тухайлаад хэдэн жишээ хэлнэ үү?
-Хубилай хаан Болод чинсаныг Ил хаант улс руу явуулжээ. Аргуныг хаанаар өргөмжилснийг баталгаажуулсан зарлигийг гардуулахаар элчээр томилогдсон хэрэг. Тэрбээр үүргээ биелүүлээд газарчтайгаа нутаг буцах болтол Цагаадай хааныханд олзлогдох магадлалтай байсан учраас аргагүй үлдэж, нөгөөхөө явуулсан байдаг.
Болод чинсан хоёр хүүтэй, эхнэр нь Бээжинд үлдсэн байсан. Тэгэхээр Хубилай хаан хөвгүүдийг нь өөрийн дор ажиллуулаад, Болод чинсаныг Ил хаант улсад суурьшуулахаар тэндээс нэг бэлбэсэн эхнэр авч өгсөн гэдэг. Тэгээд тэрбээр тэндээ Юань гүрний засаглал, заншлыг нэвтрүүлжээ.
Мөн “Судрын чуулган” түүхэн номд Чингис хааны түүхийг Рашид Ад-Динд дуудан хэлж, бичүүлснээрээ Монголын түүхэнд маш үнэтэй үүрэг гүйцэтгэсэн. Энэ тухай баримт ч бий.
-Танаас асууж, ярилцах сэдэв маш өргөн, дуусашгүй. Тэр болгонд сонины зай талбай хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр таны үүсгэсэн Дэлхийн монгол гарал үүсэлтнүүдийн төвийн цаашдын зорилтын талаар асуугаад ярилцлагаа өндөрлөе.
-Нэр нь их сүрхий байгууллага л даа. Гэхдээ бусад төрийн бус байгууллагатай л адилхан өөрийгөө санхүүжүүлээд, чадах ядахаараа зүтгэж явна. Хүн зориглоод, хөдлөөд байвал гараас нь юм гардгийг би мэдэрсэн. “Өнөөдөр би хийхгүй бол хэн хийх вэ” гээд л өөрийгөө дайчилж байна.
Манай зарим академич намайг онгироож “Тан шиг бэлтгэгдсэн хүн цөөхөн. Та л хийх ёстой” гэхээр нь бас их урамшаад зүтгэдэг. Саяхан хийсэн “Цагаадай хааны нутгаар” шигээ Алтан орд, Хубилай хаан болон Ил хаант улсын нутгаар явж кино хийхээр төлөвлөсөн. Иран зэрэг есөн оронд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой материал баримтыг жаахан “маажих” хэрэгтэй байна. Судална гэвэл худлаа л даа.
Харин залуучууд болон бусад эрдэмтэн, судлаачдадаа “Ийм зүйл байна” гэдэг зам нээж өгөх санаатай. Тэд судлах нь гарцаагүй. Та аль эрт мэдсэн нь ойлгомжтой байх, гэхдээ би саяхнаас л аливаа судалгааг Монголын гэсэн өнцөг, сонирхлоос харж хийх ёстойг ойлголоо. Орос, турк, хятад, араб хүний өнцгөөс харсан түүх биш, монгол сэтгэхүйгээр жинхэнэ монгол түүхээ бичмээр байгаа юм. Үүний төлөө зүтгэнэ ээ.
Нас сүүдэр нэлээд өндөр боллоо. Жаахан ядардаг болж байна. Гэхдээ болно оо. Ц.Дамдинсүрэн гуай амьдралынхаа сүүлийн 10 жилд бүх ажлаа төлөвлөж, өөрийгөө шавхаж, бидэнд хэчнээн сайхан өв үлдээсэн билээ. Түүнтэй адил цаг хугацаатай уралдаж ажиллана даа. Үзэсгэлэнг минь тольдсон нэг хүн их гоё сэтгэгдэл үлдээсэн байна лээ. “Бурхан танд буян хайрлаг, чөтгөр танд чөлөө өгөг. Тэгээд судалгаагаа үргэлжлүүлээрэй” гэжээ.
-Тэр хүний ерөөлийг бид давтан өргөе. Бидэнд цаг заваа харамгүй зарцуулж, хойч үеийнхэндээ сургамжтай сайхан зүйл ярьсанд их баярлалаа.
“Өнөөдөр” сонины уншигчдын өмнөөс танд гүнээ талархъя. Анх нулимстай мэдэрсэн хүчтэй мэдрэмж, сэтгэл тань өнөөдрийн ийм их үйлсийн гараа болжээ. Дараагийн олон үйл хэргээ бүтээгээрэй.