“Тод магнай” киноны Түмэнгийн дүрээрээ илүү танигдсан жүжигчин М.Дорждагватай ярилцлаа. “Тоглосон дүр бүрээс нь хуучны уран бүтээлчийн чадвар, чансаа үнэртдэг” гэж үеийн нөхөд нь түүнийг магтдаг юм билээ. Хамгийн сүүлд “Төгс бүсгүйн зууч” кинонд тоглосон түүнийг “Боловсрол” сувгийн “Ээжүүд” олон ангит киноны зураг авахуулаад завгүй явахад нь саатууллаа. Тэрбээр Үндэсний баяр наадмын дараа нэгэн түүхэн кинонд тоглохоор бэлтгэж байгаа гэсэн.
-Та анхнаасаа л жүжигчин болсон уу, эсвэл өмнө нь өөр мэргэжилтэй байв уу?
-Уг нь цэргийн үлээвэр найралд тромбон, труба үлээж явлаа. Цэргээс халагдаад бизнес, эдийн засгийн чиглэлээр сургууль төгсөж, хэсэг ажилласан. Багаасаа драм, теле жүжиг их үздэг, Оросын жүжигчдийн зургийг цуглуулдаг, монгол уран бүтээлчдээ овог нэр, төрсөн он сар, нутаг ус, гэр бүлтэй нь судалдаг сонин хообийтой байлаа.
Драмын театрын дэргэдүүр өнгөрөхөд сайхан санагдаж, тайзан дээр нь гарч үзэх сэн гэж бодоод л явдаг байсан. Тэгээд Улсын багшийн их сургуулийн кино драмын ангид шалгалт өгөөд гуравдугаар шатандаа хасагдсан. Дараа жил нь гадаадын дээд сургуульд шалгалт өгтөл “Өөр мэргэжлээр сургууль төгссөн юм байна. Үндсэн мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажиллах ёстой. Тэгээд ч нас хэтэрсэн байна” гээд явуулаагүй.
Хойтон жил нь Армийн театр байгуулагдахад дагалдан жүжигчнээр ороод, түүнээс хойш урлагт зүтгэж явна даа.
-Тэр үед Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагч элдүүрийг тань ханатал нухсан уу?
-Анх Болд гэдэг найруулагчтай байлаа. Гавьяат жүжигчин Тунгалаг, Чаминчулуун, Жагдаг эгч, Баатархүү, Лхамхүү ах, талийгаач Оюунцэцэг, кино, жүжгийн дууг гайхамшигтай амилуулдаг Нармандах тэргүүтэй уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй Армийн театр байгуулагдаж байлаа.
Жилийн дараа Батбаатар, Золбоот нар төгсөж ирсэн. Хүүхэд, залуучуудын театр, Улсын драмын театр, Армийн театрынхан сайн уран бүтээл уралдан хийж, жүжигчид нь бие биедээ улам илүүг хийх, сурах хүсэл эрмэлзэл төрүүлж, гэмгүй өрсөлддөг байсан сан.
-Таны сэтгэлгээ, ур чадварыг аль дүр илүү задалсан бэ?
-Жинхэнэ мэргэжлийн урлаг ямар байдгийг яс, цус, нугас чөмгөнд минь хүртэл мэдрүүлж сургасан хүн бол Б.Баатар, Б.Мөнхдорж найруулагч. Олон сайхан жүжигчин дундаас Б.Баатар найруулагч намайг тоож, “Чи чадна” гэж итгэж “Цэргүүд” жүжгийн Сергей Буштецийн дүрийг өгсөн. Тэгэхэд л би драмын урлаг гэдэг ямар агуу хүн судлал, сэтгэн бодох, өсөж дэвжих боломж, бие сэтгэлийг сайн сайхан руу тэмүүлүүлдэг шидтэйг мэдэрсэн юм.
Үүний дараа “Эзоп” жүжигт эзэндээ үнэнч, үргэлж ёгт утгаар ярьдаг, харахад энгийн нэгэн боловч мундаг сурган хүмүүжүүлэгч, гэгээрсэн, хар арьст боолын дүрд тоглож, мэргэжлийн олон хүнээс өндөр үнэлгээ авсан. 1990-ээд оны дундуур Армийн театр татан буугдах хүртэл олон сайхан жүжигт тоглосон доо.
-“Сууринаасаа нэг хөдөлсөн чулуу байраа олох гэж гурван жил зовдог” гэдэг юм билээ. Армийн театр хаагдахад та хаачсан бэ?
-Улсын драмын театрт “Ричард гурав” жүжигт тоглосныхоо дараахан осолд орж, хүнд гэмтсэн. Эмнэлэгт хэвтэж байхад киноны нөхөд дэлгэцийн бүтээлдээ тоглуулах санал тавьсан юм. “Театрын удирдлагаасаа асуух хэрэгтэй” гэхэд “Аль хэдийнэ яриад зөвшөөрөл авчихсан” хэмээсэн.
Зураг дуусаад ажилдаа орох гэтэл тушаал гаргаад, халсан байсан. Түүнээс хойш киногоор дагнаж, орон нутгийн театрт ганц, хоёр жүжгэнд урилгаар тоглосон.
-Тайзаа үгүйлдэг үү?
-Маш ихээр үгүйлдэг. Дэлгэцийн урлаг гэдэг уран бүтээлчийг ард түмэнд таниулдаг боловч би таван кинонд тоглосноос ганц жүжигт дүр бүтээхийг илүүд үзнэ. Хааяа жүжгийн дүрийнхээ хувцсыг өмсөж үзмээр ч юм шиг. Театр байсан барилгын дэргэдүүр алхахад сайхан уран бүтээл хийж байсан дурсамж сэргэж, нөгөө ертөнцөд одсон нөхдөө, одоо байгаа хэдийгээ санаж л явах юм.
Армийн театр одоо байсан бол би зүрх сэтгэл, ухаан санаа, уураг тархи бүхнээрээ холбоотой явах байсан даа.
-Тоглосон кинонуудаа одоо үзэхээрээ аль дүрийг дутуу гаргаж дээ, эсвэл овоо жүжиглэж дээ гэж боддог вэ?
-Киноны алдаа, оноо мөнхөрч үлддэг онцлогтой. “Тод магнай” бараг жил бүрийн Цагаан сар, Үндэсний их баяр наадмын үеэр гардаг ч би үздэггүй. Нээлтийн үеэр үзсэнээс хойш бараг анх удаа уржнан жил бүтнээр нь харлаа. Тэгэхэд “Ээ чааваас даа, яасан гэнэн байсан юм бэ”, “Ингээд суучихаж болоогүй юм байх даа”, “Үгээ тэгж засаад хэлчихгүй яав даа” гэж бодож, нуруугаар хүйт даан, яс хавталзсан.
Хөөрхий минь, “Тод магнай”-н Түмэнгийн дүр намайг олонд таниулж өгсөн. Гэхдээ тэр дүр л миний байгаа байдалд таарсан төдий болохоос биш, би гайхамшигтай сайхан юм хийчихээгүй.
- “Тод магнай”-г найруулсан Ж.Бунтар гуайн тухай дурсахгүй юу?
-1968 онд аав минь өөд болж, би эцэггүй өссөн хүн шүү дээ. Ж.Бунтар гуайн найруулсан “Халаасны өрөө” кинонд тоглож байхад “Чи манайд хүрээд ирээч” гэж байх юм. Яваад очтол мах, төмс лууван чанаж, гурилаар бүтээсэн сайхан хоол хийчихээд хүлээж суусан.
Миний амьдрал ахуйн талаар асууж, “Нас чинь 30 гарлаа. Авгай, хүүхдийн талаар бодож төлөвлөсөн үү. Ганцаараа удаан явж болохгүй. Хань, ижилтэй болж сайхан амьдрал зохио. Уулзаж учирдаг хүн байвал надтай танилцуулаарай” гэж сайхан яриа өрнүүлсэн. Тухайн үед нийгэм даяараа архиддаг байлаа. Намайг хааяа хүртчихээд байдгийг дуулаад дуудсан юм болов уу гэж одоо боддог.
Тэгэхэд Бунтар гуай аав шиг минь санагдаж, сэтгэл дотрыг онгойтол ярилцсан нь санаанаас ер гардаггүй.
-Таны ертөнцийг үзэх үзэл өөр учраас орой гэрлэсэн үү, эсвэл учрал нь тэгж таарав уу?
-Учрал нь таарахгүй болоод л оройтож гэрлэсэн юм байлгүй дээ. Хэн нэгэнтэй ханилалгүй явсаар 30 нас нэлээн гарсан хойно одоогийн ханьтайгаа учирсан. Бид нэг хүүтэй. Мөнгөтэй, мөнгөгүй, гандуу, гундуу бүхий л цаг үед жинхэнэ утгаараа хань минь байж, зовоход нулимсаа арчаад, жаргахад хамт жаргаад, бусдын муу муухай үг, сайн, муу харцнаас намайг хамгаалж, амьдралын минь турш өнгөлөн тордож, өөдтэй өнгөтэй явуулах гэдэг ханийгаа өдөр бүр баярлуулах сан гэж бодож явах юм.
Хүн бүр намайг “Ухаантай ханьтай, чи их азтай юм” гэдэг. Гэр бүлийн амьдрал үргэлж сайн сайхан байхгүй. Нэг нэгэндээ уурлаж, уцаарлана, гомдоно, тунина. Тэр бүрт үргэлж хань минь түрүүлж буулт хийж, аргаддаг. Ямар гайхамшигтай тэсвэр тэвчээр, мэргэн ухаантай юм бэ дээ гэж ханиа биширч, ганцаараа байхдаа өвдөг чичирж нулимс унагаж суух үе бишгүй бий.
-Жаргал, зовлон ээлжилж ирдэг гэдэг. Эргээд бодох нь ээ, та алийг нь илүү амссан бэ?
-Жаргал, зовлон өдөр, шөнө мэт үргэлж хамт дагадаг. Надад өвдөж зовох үе ч, нийгэм цаг үеийн байдлаас болж лааз өшиглөж, бас бизнес хийж, зурвасхан хугацаанд мундаг орлоготой явсан үе ч бий. Жаргал хүртэл хүнд сургамж авчирдаг. Хүн байтугай бурхан атаархмаар амьдарч, үргэлж шулуун дардан замаар хурдтай давхисан хүмүүс их л эмгэнэлтэйгээр дуусдгийг бусдын амьдралаас ажигласан.
Дандаа зовно гэж байхгүй. Жаргах цаг байж л таарна. Гэхдээ зовлон их үзсэн хүмүүс ихийг ухаарч, хатуужиж, маш том зүйлд бэлтгэгддэг. Зовлон үзсэн хугацаа бол агуу ихэд хүрэхийн төлөөх бэлтгэлийн үе юм байна гэж би боддог. Хоёр ч удаа айхтар осолд орсон минь надад маш том сургамж өгсөн. Том зорилготой гялалзан гүйж байгаад унахад оюун бодол, зорилго чиглэл минь орвонгоороо өөрчлөгдсөн.
Түүнээс хойш үйлс бүхэн минь хазайж, дандаа унасан. “Яагаад заавал би ингэж зовох ёстой юм бэ. Үүнд ямар шалтгаан байна вэ” гэж учрыг нь олох гэсээр яваад тэр бол бурхан тэнгэрээс надад өгсөн ухаарлын ташуур, хайрын алганы амт юм байна гэдгийг ойлгосон.
Үүнийг ухаарсны дараа амьдрал амар тайван, утга учир, эмх цэгцтэй санагдаж, бүхнийг хайрламаар, уярмаар санагдах болсон.
-Хэтэрхий жаргалтай үедээ “Зовлон жаргал ээлжилдэг жамтай. Надад хэзээ зовлон ирэх бол” гэж айж байсан уу?
-Одоо намайг ямар ч зовлон айлгаж, өмнө минь хөндөлсөж чадахгүй гэж ам бардам хэлнэ. Яагаад гэвэл би хүмүүний амьдралын утга учир, бид яах гэж хорвоод ирсэн, юу хүлээж байгаа зэрэг үндсэн философийг ойлгосон. Үүнийг мэдсэнээс хойш амьдрал хөгийн инээдэмтэй, найруулагч нь харагдахгүй, 70, 80 жил үргэлжилдэг драмын жүжиг шиг санагддаг болсон.
Энэ жүжгийн учрыг олсон хүнд зовлон айгаад байхаар, жаргал хөөрч баясахаар эд биш. Олдохгүй юмны төлөө хүсэж тачаадаад, байгаагаараа бардамнаж сагсуурах утгагүй. Хүмүүний амьдрал гэдэг хоосны хоосон. Алдар нэр олж, эд баялаг хураасан гэж зарим хүн сагсуурч байна. Нэг л өдөр орон дээр унахад тэр бүгд хоосон болж хувирна.
-Тэгвэл хоосны хоосон энэ амьдралыг яаж туулах нь илүү дээр вэ?
-Байгаадаа сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй. Гэхдээ үүнийг хүссэн төдийд сурдаггүй. Шалтгааныг нь олж мэдсэн хүнд хэдхэн минутын ажил бол байгаадаа сэтгэл ханахын учрыг мэдээгүй нэгэнд хэдэн арван жилээр хичээгээд ч сурч чадахгүй зүйл. Байхгүй гээд шаналж суулгүй өлсөж сурах, байгаа байдалдаа зохицож дасах тийм л хэрэгцээ юм уу даа гэж бодох юм.
Өдий хүртэл ижийтэйгээ хамт буй хувь заяандаа сэтгэл хангалуун байдаг. Ээж минь 80 нас гарсан ч эв эрүүл, сав саруул, очъё гэсэн газраа хүрдэг, хэлье гэснээ хэнээс ч айхгүй хэлдэг, хэрэглэе гэснээ хэнд ч толгой мэдүүлэхгүй авдаг, эрх мэдэл, эрч хүч нь хэвээрээ өтөлж явна. Тиймээс өвдөх, үхэх эрхгүй, улам илүү сайн байж, ээжийгээ баярлуулах хүсэлтэй явдаг.
-Кино бол мөнхийн бүтээл. Үр удмаа таныг ямраар санаж яваасай гэж хүсэж, ямар дүрд тогломоор байна вэ?
-Дүрээр дамжуулж өөрийнхөө бодол санааг үлдээхийг хүсэхгүй байна. Салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг биш, лам, нам дагаж гүйгээд, уншсан ном, уусан архи, эдэлж хэрэглэснээрээ сайрхалгүй, зүгээр л жирийн, үнэн амьдрахын жишээ үзүүлмээр санагдаж байна. Тэгж чадвал миний зорилго, хичээл зүтгэл үр хүүхдүүдэд минь дамжиж очно.
-Тэгвэл кино найруулъя гэж боддог уу. Амьдрал гэдэг хоосны хоосон гэдгийг мэдсэн хүн сайн найруулагч болох байх.
-Хоосны хоосныг ойлгосноороо кино хийх болбол баяр хөөртэйгөөр найруулж чадна. Гэхдээ хүн үзээд ойлгохгүй, бусдад “Солиотой юм уу даа” гэж хэлэгдэх юмыг хийгээд яах вэ. Кино найруулна гэдэг талх барихтай адилгүй. Найруулагчийн ажлыг зүйрлэвэл олон тоннын гурилыг алийг нь яаж зуурах, алинд нь ямар амтлагч хэдий хэмжээтэйг хийх вэ гэдгийг бүгдийг нарийн тооцож хийхийг шаарддаг.
Харин ногдсон дүрдээ тонгочоод өгөх сөн гэж боддог шүү. Одоо ямар ч дүр надад өгсөн бүтээж чадах хэмжээнд хүрлээ гэж хааяа санадаг юм.