Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн үндэсний зохицуулагч Б.Алтанбаганатай ярилцлаа.
-Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн баталлаа. Ингэснээр бичил уурхай эрхлэхэд ямар эерэг үр дүн гарна гэж хүлээж байна вэ?
-Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг анх 2010 онд Засгийн газрын 308 дугаар тогтоолоор баталсан юм. Энэ нь бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулалтад оруулахад чухал алхам болсон. Харин цаг хугацааны явцад бичил уурхайн нөхцөл байдал өөрчлөгдөж уг журмыг боловсронгуй болгох шаардлага гарч ирлээ.
Сүүлийн жилүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт орон нутгийн удирдлага, бичил уурхайчдаас энэ журмыг өөрчлөх, сайжруулах санал, хүсэлт гаргах болсон. Тиймээс салбарын яам бичил уурхайн оролцогч талуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, журмыг шинэчлэх чиглэлээр сүүлийн гурван жилийн турш ажиллалаа. Энэ хугацаанд төслийн дэмжлэгтэйгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, орон нутгийн удирдлагууд, бичил уурхайчдын төлөөлөл оролцсон олон удаагийн хэлэлцүүлэг, бүсийн болон үндэсний зөвлөгөөн зохион байгуулж, талуудын санал, зөвлөмжийг журмын төсөлд тусгаж ажилласан.
Ингээд өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журам шинэчлэн батлагдлаа. Журмаар хэд хэдэн чухал асуудлыг шийдэж байна. Тухайлбал, бичил уурхайтай холбоотой төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, зохицуулах чиг үүрэг бүхий салбар хоорондын зөвлөл байгуулах талаар журамд нэмж тусгалаа. Учир нь бичил уурхай нь зөвхөн уул уурхайн салбарт хамаарах асуудал биш юм.
Уг үйл ажиллагааны эргэн тойронд иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, хүний эрх зэрэг маш олон асуудал бий. Тиймээс холбогдох салбарын яам, агентлаг эрхлэх асуудлынхаа хүрээнд бичил уурхайчдад чиглэсэн ажил хийдэг. Энэ үйл ажиллагааг хооронд нь уялдуулах, зохицуулах, мэдээлэл солилцох механизм бий болно. Үүнээс гадна өмнө нь бичил уурхай эрхлэхэд сумдын удирдлага голлох оролцоотой байлаа.
Харин одоо шинэ журмаар сумдын удирдлагаас гадна аймгийн удирдлага нэлээд үүрэгтэй оролцох болсон. Ингэснээр бичил уурхайг аймгийнхаа хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан, зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сум бүрт бичил уурхай эрхэлснээс аймгийн удирдлагууд аймгийн хэмжээнд ерөнхий дүр зургаа гаргаж, аль аль суманд бичил уурхай түлхүү эрхлэх вэ гэдгийг шийдвэрлэх боломжтой болсон.
-Бичил уурхай эрхлэхэд сумын удирдлагуудын саналыг харгалзахгүй гэсэн үг үү?
-Сумын удирдлагуудын оролцоо хэвээр байна. Бичил уурхайн зориулалтаар сонгох газрын талаарх санал, санаачилга сумаас гарна. Газар олгох, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хянахад сумын удирдлагын үүрэг, оролцоо чухал байна. Аймгаас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах юм.
-Шинэчилсэн журмын дагуу бичил уурхайчдад ямар боломж олгож байна вэ?
-Өмнө нь бичил уурхайн зориулалттай газрыг нэг жилийн хугацаатай олгож, гэрээ байгуулж байв. Энэ нь бичил уурхайчид тухайн талбайд тогтвор суурьшилтай ажиллах, хөрөнгө оруулах боломжийг хааж байсан. Мөн бичил уурхай эрхлэх нь улирлаас хамааралтай ажил тул нэг жил гэдэг богино хугацаа.
Тухайлбал, үндсэн ордоос ашигт малтмал олборлож байгаа бичил уурхайчид судалдаа хүрэх гэж 2-3 жил зарцуулдаг. Гэрээг сунгахгүй байх тохиолдолд маш их хохирол амсах эрсдэл бий. Харин одоо тухайн газрын ашигт малтмалыг олборлож дуусах хүртэл гэрээ байгуулах болсон. Энэ нь өмнө тулгарч байсан олон эрсдэлийг хааж байна. Мөн удаан хугацаатай гэрээ байгуулж буй тул тухайн талбайд нөхөн сэргээлт хийхийг шаардах, үйл ажиллагаанд нь хяналт тавих боломж бүрдэж байгаа.
Хэрэв нөхөн сэргээлтийг зохих ёсоор хийгээгүй бол өөр газар дахин ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгохгүй. Түүнчлэн бичил уурхайчид өмнө нь 500 см куб хүртэлх дотоод шаталтын хөдөлгүүр ашиглах боломжтой байсан. Энэ нь жижиг оврын мотор гэсэн үг бөгөөд алтны үндсэн ордод ийм хэмжээтэй тоног төхөөрөмжийг ашиглахад хэцүү юм.
Тиймээс үүнийг долоо дахин өсгөж 3500 см куб болголоо. Ингэснээр олборлолт хийх, нөхөн сэргээх ажлаа жижиг оврын тоног төхөөрөмжөөр хийх боломж бүрдсэн.
-Бичил уурхайчдыг нөхөрлөл, хоршоо хэлбэрт оруулж байна. Энэ нь хууль бусаар ашигт малтмал олборлогчид албан ёсны үйл ажиллагаа эрхлэх боломж олгож байна.
Ингэснээр бүртгүүлэх, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх гэх мэт хариуцлага хүлээх хэрэгтэй болно. Энэ талаар хувиараа ашигт малтмал олборлогчид ямар бодолтой байгаа бол?
-Бичил уурхайчид 10 жилийн өмнөх үетэй харьцуулбал татвар төлөх нь нэмэгдсэн. Тэд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн ач холбогдлыг ойлгож, үр өгөөжийг хүртэж эхэлж байгаа. Мөн орон нутагтайгаа гэрээ байгуулахдаа албан татвар төлөх, нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээж буй.
Хэрэв татвар төлөх, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй бол гэрээ цуцлах үндэслэл болно. Тиймээс иргэд ажлын байраа тогтвортой хадгалж, орлогын эх үүсвэрээ алдахгүйн тулд хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлж ажиллана гэж бид найдаж байна.
Журам шинэчлэгдсэнээр хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийг хууль, журмын хүрээнд зохион байгуулалтад орж албан ёсны үйл ажиллагаа явуулах боломж олгож байгаа юм.
-Ашигт малтмал олборлосон газраа нөхөн сэргээсэн эсэхийг нь хэрхэн хянах вэ?
-Засгийн газрын тогтоолоор болон журмаар сум, аймгийн удирдлага, мэргэжлийн хяналтын газар хянах үүрэг хүлээсэн. Нэмж хэлэхэд, бичил уурхай эрхлэгчид нөхөн сэргээх ажлаа сайн хийдэг болж байгаа. Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг боловсруулсан.
Энэ аргачлалын дагуу хямд төсөр аргаар нөхөн сэргээлтийг хэрхэн хийх талаар бичил уурхайчдыг сургаж, дадлагажуулах ажил хийгдэж байгаа.
-Нөгөө талаас боломж олгож байхад хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийг хэрхэн шахах вэ?
-Бичил уурхайчин бол албан ёсны газар, зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж, хариуцлагатай ажиллаж байгаа иргэн юм. Харин хувиараа ашигт малтмал олборлогчид нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлдэг. Гэхдээ тэд бичил уурхайчин болох боломжтой. Нөгөө талаас хууль бус үйл ажиллагаа эрхэлсээр байгаа иргэд ч бий.
Тэдэнд хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой. Орон нутгийн иргэдийг чадавхжуулж, бичил уурхайчдыг албажуулж, хуулийн дагуу ашигт малтмал олборлуулах нь хууль бус олборлолтыг хязгаарлах нэг боломж юм.
Орон нутагтаа ашигт малтмал олборлон, нөхөн сэргээлтээ хийж байгаа бичил уурхайчид нутгаа ашигт малтмал хууль бусаар олборлогчидоос хамгаалдаг туршлага өнгөрсөн хугацаанд харагдсан. Шинэчилсэн журмын дагуу албан ёсны бичил уурхайчдад сумаас үнэмлэх олгоно.
-Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд цөөн зөвшөөрөл олгосон гэсэн. Одоо бол энэ нь өсөх төлөвтэй боллоо. Тэгэхээр нэг аймагт олгож байгаа зөвшөөрлийг хэрхэн хязгаарлах вэ?
-Тухайн жилд нэг сум, дүүрэгт 50 га-гаас илүү талбайг бичил уурхайн зориулалтаар ашиглахыг хориглож байгаа.
-Бичил уурхайгаар хэчнээн иргэн алт олборлож байна вэ?
-Энэ салбарт ажиллаж буй иргэд нүүдлийн хэв маягтай тул яг нарийвчилсан тоо гаргах боломжгүй байдаг. 60-80 мянга гаруй хүн хувиараа ашигт малтмал олборлодог. Оргил үедээ 100 мянга хүрдэг гэсэн албан бус тоо бий.
Өнгөрсөн онд Монголбанкинд тушаасан алтны 53 хувийг нь хувь иргэдээс нийлүүлсэн. Тэгэхээр алт үйлдвэрлэлийн салбарын 50-иас илүү хувь нь хувь хүмүүст ногдож байна.
-Бичил уурхайг дэмжих чиглэлээр танай төслийнхөн өөр ямар ажил хийж байна вэ?
-Манай төсөл 2005 оноос хэрэгжиж байгаа. Бичил уурхайн үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулах, бичил уурхайчдыг чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. Бид цаашид бичил уурхайгаас олборлосон эрдэс баялгийн худалдааг ил тод болгох чиглэлээр ажиллана. Ер нь манайд алт олборлох үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгох шаардлагатай байна.
Энэ ажлын хүрээнд Засгийн газраас баталсан “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд олборлосон алтыг орон нутагт нь худалдан авдаг болох санал гарч буй бөгөөд төслийн зүгээс хамтарч ажиллаж байгаа.
Мөн бид бичил уурхайн чиглэлээр Монгол Улсын хуримтлуулсан мэдлэг, туршлагыг олон улстай хуваалцах, олон улсын туршлагаас судлах, бичил уурхайд оролцогч талуудыг холбох зорилгоор мэдээллийн технологид суурилсан бичил уурхайн Мэдлэгийн төвийг нээхээр ажиллаж байна.