Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэгтэй ярилцлаа.
-Манай ДНБ энэ оны нэгдүгээр улиралд 4.2 хувиар өслөө. Энэ нь эдийн засаг сэргэж эхэлсний дохио гэж харж болох уу. Цаашид ямар бэрхшээл болон боломж гарна гэж харж байна вэ?
-Эдийн засаг энэ онд 1.5-2.5 хувиар тэлнэ хэмээн Монголбанк төсөөлсөн бол Сангийн яам 0.2 хувиар агшина гэсэн таамаг гаргасан. Цаашид төсөөлж байснаас илүү өсөх төлөв бий. Нүүрсний үнэ өнгөрсөн оны сүүлч болон энэ оны эхээр огцом нэмэгдлээ. Үүнийг дагаад олборлох, экспортлох хэмжээ нь тэлсэн.
Тухайлбал, 2016 оны эхний таван сард манай улс долоон сая тн нүүрс өмнөд хөрш рүү нийлүүлсэн бол өнгөрсөн сарын байдлаар 15 сая тн болж хоёр дахин өссөн байна. Орлого нь жилийн өмнө 222 сая ам.доллар байсан бол одоо нэг тэрбум ам.долларт хүрчээ. Зөрүү нь 800 сая ам.доллар. Энэ нь манай улсын ДНБ-ий 0.7 хувьтай тэнцэж буй юм. Тиймээс нүүрсний экспортоос үүдэж эдийн засаг өсөх төлөв бий. Гэхдээ уул уурхайн салбар дөрвөн хувиар агшсан дүн гарсан.
Оюутолгойн ордын баяжмал дахь зэсийн агууламж багассан нь үүнд нөлөөлсөн. Ямартай ч Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ нэмэгдсэн нь тээвэр, худалдаа зэрэг салбарт эерэг нөлөө үзүүллээ. Мөн төсвийн орлогыг ч өсгөв. Үүнээс гадна манай улсын өрхүүдийн дундаж орлого сүүлийн зургаан улирал дараалан өмнөх оны мөн үеэсээ буурсан. Харин энэ оноос өсөж эхлэв.
Дундаж цалин өсөж, ажилгүйдлийн түвшин доошиллоо. Тиймээс эдийн засаг сэргэх төлөв ажиглагдаж байна гэсэн үг. Харин нөгөө талаас эдийн засагт эрсдэл тулгарсан хэвээр байгаа. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар эрсдэлийг бүрэн хаасан гэж үзэж болохгүй.
-Ямар эрсдэл байна вэ?
-БНХАУ-ын эдийн засгийн өсөлт жилээс жилд саарч байна. Өнгөрсөн сарын байдлаар манай нийт экспортын 90 хувь нь өмнөд хөршид ногдож байсан. Тиймээс тус улсын эдийн засгийн өсөлтийг анхааралтай ажиглаж байх ёстой юм. АНУ цаашид бодлогын хүүгээ өсгөнө гэж байгаа. Энэ нь хөгжиж буй орнууд руу чиглэх хөрөнгийн урсгалыг багасгах талтай.
Мөн цаашид дэлхийн зах зээлээс санхүүжилт босгох өртөг нэмэгдэнэ. Одоо уул уурхайн салбар тэлж байна. Харин үнэ нь хямдарвал байдал эргээд хэцүүднэ. Иймд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга батыг нэмэгдүүлэх, экспортоо төрөлжүүлэх гэх мэт хийх зүйл их бий.
-Нүүрсний экспорт өнгөрсөн онд бараг тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь өдий хүртэлх хамгийн өндөр үзүүлэлт байв. Харин энэ оны эхний таван сарын байдлаар дээрх хэмжээг давлаа.
Нүүрсний үнэ хэр удаан тогтвортой байх бол. Өмнөд хөрш маань нүүрсний салбарт барьж буй таатай бодлогоо хэдий болтол үргэлжлүүлэх бол?
-Өмнөд хөршийн дунд хугацааны бодлого нь хөрөнгө оруулалтаас илүү хэрэглээ рүү чиглэж байгаа. Мөн аж үйлдвэрлэлээс үйлчилгээний салбарыг хөгжүүлнэ гэж буй. Тиймээс цаашид зэс, нүүрсний эрэлт багасна л гэсэн үг.
Манай улс дунд болон урт хугацаанд уул уурхайн экспортоос хараат байх боломжгүй. Иймд түүхий эдийн экспорт болон өмнөд хөршөөс хараат байдлаасаа салах ёстой.
-Гадаадын банк манай эдийн засагт үйл ажиллагаа явуулах нь зээлийн хүүнд хэрхэн нөлөөлөх талаар та судалгаа хийсэн байсан. Ямар үр дүн гарсан бэ?
-Гадаадын банкны салбар нээх нь жам ёсны зүйл. Манайх хөрөнгө оруулалтын зээл олгохоос гадна хадгаламж татахгүй байх гэх мэт нөхцөл тавьж байгаа. Гадаадын банк салбараа нээвэл дотоодод өрсөлдөөн нэмэгдэнэ. Манайд зээлийн хүү өндөр. Гадаадын банкны салбар үүнээс бага хүүтэй зээл олгож эхэлбэл дотоодын банкуудын үйл ажиллагаа доголдох эрсдэл бий.
Иймд хяналтаа сайн тавиад үйл ажиллагааг нь эхлүүлэх боломжтой. Ингэснээр зээлийн хүү шууд хямдрахгүй. Засгийн газрын бондын хүүн дээр бусад эрсдэлийг нэмж байж зээлийн хүүг тогтоодог. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү нь эдийн засгийн суурь нөхцөлөөс хамаарна гэсэн үг. Засгийн газар бонд гаргаж, гадаадаас мөнгө босгоход 8-9 хувийн хүүтэй. Үүн дээр валютын ханш сулрах эрсдэлийг тооцно.
Мөн зээл авах компанийн эрсдэл, банкны үйл ажиллагааны зардал, ашиг зэргийг нэмбэл хүү нь 20 хувь давна. Гадаадын банкууд өөр улс орнуудад ажиллахдаа ялгаатай хүүгээр зээл олгодог. Энэ нь тухайн улсын эдийн засгийн бүтэц, онцлогоос шалтгаалж байгаа юм.
-Активын хэмжээнд босго тавих нь хэр оновчтой вэ?
-Гадаадын туршлагаас харахад энэ нь харилцан адилгүй юм билээ. Зарим нь босго тавина, зарим нь үгүй. Хамгийн гол нь банкны үйл ажиллагаа нь хааш чиглэх вэ гэдгээс их зүйл хамаарна. Япон зэрэг оронд гадаадын банкны зээл олгох салбарыг нь зааж өгдөг юм билээ.
Зарим улсад активын хэмжээнд босго тавина. Мөн гадаадын банкны салбар эрсдэл багатай, томоохон харилцагчдыг өөртөө татвал дотоодын банкуудад хүндрэл учирна. Тиймээс үүнийг шалгуур үзүүлэлтээр зохицуулна.
-Ипотекийн зээлийн санхүүжилт хумигдаж байна. Тиймээс зөвхөн моргэйжийг санхүүжүүлдэг гадаадын банкны салбарыг Монголд нээе гэж ярьж байсан. Ийм туршлага хэр түгээмэл байдаг вэ?
-Засгийн газрын бондын хүү 15 хувьтай байгаа. Харин ипотекийн зээлийнх найман хувь. Ийм нөхцөлд гадаадын банк ипотекийн зээлийг санхүүжүүлснээс Засгийн газрын бонд худалдаж авсан нь илүү өгөөжтэй. Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийг цэгцлэх шаардлага бий. Сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсад хувийн хөрөнгө оруулалтыг ипотекийн зээл их шахсан.
Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд Монголбанкнаас эх үүсвэр авч, иргэдэд орон сууцны зээл олголоо. Барилгын салбар ийнхүү өссөн нь бусдадаа тодорхой хэмжээний сөрөг нөлөөтэй байв. Тухайлбал, үйлдвэрлэлийн салбар руу энэ мөнгийг оруулсан бол ажлын байрны тоо өсөхөөс эхлээд өгөөж ихтэй байв.
Иргэдийг орон сууцтай болгохын тулд сар бүр 50 тэрбум төгрөг зарцуулах нь чухал уу, эсвэл өөр зүйлд хөрөнгө оруулах хэрэгтэй юү гэдгийг тооцох ёстой. Мөн хүү нь ч зах зээлийнхтэй ойртох хэрэгтэй.
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.доллар манай эдийн засагт орж ирнэ гэж байгаа. Энэ мөнгийг эдийн засагт үр өгөөжтэй, үлдэцтэй байлгахын тулд яах вэ?
-Манай эдийн засагт 2012 оноос хойш их хэмжээний ам.доллар орж ирж байна. Гэхдээ энэ мөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаар хяналт тавьсангүй. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн төслийн санхүүжилт орж ирнэ гэсэн. Үүний эдийн засагт үзүүлэх дам нөлөө нь бага. Учир нь санхүүжилт олгож буй улс бараа, түүхий эд хаанаас татаж, ажиллах хүчээ хэрхэн бүрдүүлэх вэ гэдгээ мэднэ.
Тиймээс дотоодын ажиллах хүч, ханган нийлүүлэгчид ийм төсөлд оролцох боломж бага юм. Мөн нэг тэрбум ам.долларын хөрөнгө орж ирлээ гэвэл 600 сая нь техник, тоног төхөөрөмж байна. Нэг талаас гадаадын хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллароор өсөж буй ч нөгөө талаас импорт тэлнэ. Гэвч энэ зээлийг эргүүлэн төлнө шүү дээ. Иймд ашигтай төсөлд хөрөнгө оруулалт татах нь үр дүнтэй.
-Гадаадын хөрөнгө оруулалт өсөж, ам.долларын ханш сулрах хандлагатай байна. Ам.доллар хэт сулрах нь үндэсний үйлдвэрлэлд сөрөг нөлөөтэй.
Ер нь манайх шиг эдийн засагт ам.долларын ханш хэдээс хэдэн төгрөгийн хооронд хэлбэлзэж байх нь зохистой вэ?
-Ам.долларын ханш эдийн засгийн суурь нөхцөлтэйгөө л уялдах ёстой. Манай төсвийн алдагдал өндөр, Төвбанк нөөцгүй байна. Ийм үед төгрөг чангарч байгаа нь эдийн засгийн суурь нөхцөлтэй уялдсангүй. Хэдийгээр манай эдийн засагт 5.5 тэрбум ам.доллар орж ирнэ гэж байгаа ч дараа нь үүнийг эргүүлэн төлнө. Тиймээс одоо төгрөгийн ханш чангарч буйн шалтгааныг ойлгохгүй байна.
Монголбанкныхан хэдэн сарын өмнө валютын нөөцгүй болсон гэдгээ мэдэгдсэн. Гэтэл нөөц хуримтлуулах чиглэлээр дорвитой алхам хийхгүй, ханшид хэт анхаарч байна. Мөн ханш хэт чангарах нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх талтай юм. Ялангуяа зарим боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн импортынхтой өрсөлдөх чадваргүй болох юм. Бид валютын нөөцөө өсгөх, төсвийн алдагдлаа багасгах талаар идэвхтэй ажилламаар байна.
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкны активын чанарыг шалгана. Мөн активын удирдлагын компани байгуулна гэж байгаа. Энэ нь банкны салбарыг эрүүлжүүлэхэд хэр нөлөөтэй вэ?
-Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ өссөн. Энэ нь шинээр зээл гаргахад саад болох юм. Тиймээс үүнийг багасгахаар арга хэмжээ авах гэж байх шиг байна. Санхүүгийн салбар маш эмзэг. Нэг банк дампуурах эрсдэлд ороход нийтээрээ доргидог. Иймд энэ чиглэлээр нэлээд болгоомжтой ажиллах болов уу. Мөн аль нэг банк эрсдэлд орсны төлөө татвар төлөгчдийн мөнгийг зарахаа болох ёстой. Өөрөөр хэлбэл, хяналтаа анхнаас нь чангатгаж, банкны чадавхыг сайжруулах нь чухал.
-Төсвийн алдагдал тасралтгүй багасаж байна. Энэ нь төсөв эрүүлжихийн эхлэл гэж харж болох уу?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг анх батлахдаа алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байхаар тусгасан. Мөн Өрийн удирдлагын тухай хуулиар өрийн хязгаарыг тогтоосон. Эдгээр хуулийн амин сүнс нь одоо үгүй болжээ. Төсвийн алдагдал багасаж байна.
Харин орлого өсөж буй учир дагаад зардлаа нэмэх вий гэсэн болгоомжлол бий. Тиймээс зарлагаа төлөвлөсөн хэмжээндээ барих нь чухал. Мөн энэ онд зээлийн хүүгийн зардал ДНБ-ий таван хувийг эзэлж байгаа. Нэмж зээл гаргах бүртээ өртгийг нь тооцож байх ёстой.