Манай улсад шинэ хөгжиж буй уулын шүхэр буюу параглайдингийн спортын олон улсын тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин Х.Ариунбаттай ярилцлаа. Энэ спортоор 12 дахь жилээ хичээллэж буй тэрбээр “Paragliding club Mongolia”-гийн дасгалжуулагчаар ажилладаг юм.
-Олон улсын тэмцээнд анх удаа оролцон, түүхэн амжилтын эзэн болсон танд баяр хүргэе. Тэмцээнийхээ талаар манай уншигчдад сонирхуулна уу?
-Малайз улсад болсон энэ тэмцээнд надтай хамт Монголын хоёр тамирчин оролцсон. Бид гурвуулаа цэг онох төрөлд өрсөлдлөө. Энэ спорт дотроо хоёр төрөл (цэг онох, холын нислэг)-тэй. Цэг онох төрөлд гурван удаа оролдлого гүйцэтгэн, хамгийн бага оноо авсан нь түрүүлдэг. Үүгээрээ дартстай төстэй. Олон улсын тэмцээн тул дэлхийн шилдгүүд Малайз улсад хүч сорьсон.
Тэр хэрээрээ өрсөлдөөн ширүүн өрнөж, амжилтад хүрэх зам даваа, гүвээ ихтэй байлаа. Үнэнийг хэлэхэд түрүүлэх юм уу, эсвэл медаль хүртэх юм сан гэх бодол байгаагүй ээ. Туршлага судалъя, дэлхийн шилдгүүдээс суралцъя гээд л өрсөлдсөн юм.
Уг нь тэмцээн болохоос хэд хоногийн өмнө очин, цагийнх нь зөрүүнд дасан, бэлтгэл хийхээр төлөвлөсөн юм. Гэтэл онгоцны нислэгийн хуваарь хойшилсны улмаас ганцхан хоногийн өмнө очлоо. Тэмцээнийг зохион байгуулагчдаас гуйж байгаад ганцхан удаа нисэх бэлтгэл хийгээд л өрсөлдсөн.
-Аль орны тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөв. Медалийн өнгөө хувиргах боломж байсан уу?
-Бэлтгэл сайтай, өөртөө итгэлтэй байсныхаа үр шимээр эхний хоёр оролдлогоо сайн гүйцэтгэн, 20 оноо авч, хүрэл медаль авах нь тодорхой болчихсон байсан гэхэд хилсдэхгүй. Сүүлчийн оролдлогоос медалийн өнгө өөрчлөгдөх эсэх нь шийдэгдэх байлаа. Гэтэл газардахын өмнө хүчтэй салхилсны улмаас баримжаа алдан, цэгийн гадна гишгэчихдэг байгаа.
“За одоо ч медаль хүртэх боломжгүй болчих шиг боллоо” гээд шүхрээ эвхэж байтал нэг тамирчин ирээд “Чи мөнгө, хүрэл медалийн аль нэгийг нь хүртсэн байж магадгүй” гэсэн юм. Тухайн үед медаль хүртсэн тамирчдын нэрийг албан ёсоор зарлаагүй байсан л даа. Тэгж байтал “Хүрэл медалийг Монголын тамирчин Ариунбат хүртлээ” гээд зарладаг юм байна. Параглайдингийн спортоор 12 жил уйгагүй хичээллэн, зүтгэснийхээ үр шимийг хүртэн, Малайзын тэнгэрт Төрийн далбаагаа мандуулж байхад сэтгэл их хөдөлсөн.
Хүн аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр зүтгэн, уйгагүй хөдөлмөрлөж л чадвал амжилтад хүрдгийг бүр их мэдэрлээ. Энэ төрөлд олон улсын тэмцээний анхны медальтан болж, шанг нь татсандаа олзуурхаж байна. Амжилт маань булган сүүлтэй байж, олон медальтан төрөх болтугай.
-Тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн базаав?
-Би Яармагийн Арцатын аманд долоо хоногт хоёр удаа бэлтгэл базаадаг. Энэ уулыг очиход ойрхон, огцом өндөр болохоор нь сонгосон юм. Би ихэвчлэн явган алхаад оччихдог юм. Олон улсын тэмцээн гэж сүрдэж, сандралгүй энэ хуваарийнхаа дагуу бэлтгэл хийсэн. Тэмцээнд оролцох, бэлтгэлээ хийхэд Төрийн банкны хамт олон маань үргэлж тусалж, дэмждэг.
-Та энэ спортоор 2005 оноос хойш хичээллэж байгаа юм билээ. Яагаад параглайдингийг сонгосон юм бэ?
-Би багаасаа спортод хорхойссон. Хичээллэж үзээгүй спорт бараг байхгүй дээ. Одоогоос 12 жилийн өмнө Сэлэнгэ аймагт амьдарч байхдаа Цэлмэг багшийн удирдлага доор параглайдингаар анх хичээллэж байлаа. Би эрсдэл ихтэй, экстрим спортод дуртай.
Тийм болохоор энэ спортыг сонгосон. Нисэж явахдаа би эрх чөлөөг бүрэн утгаар нь мэдэрдэг. Уулсын орой дээгүүр, үүлсийн дунд нисэж явах ямар сайхан гэж санана. Агаараа зөв ашиглан, өндөрт гарч л чадвал өдөржингөө ниссэн ч болно.
-Ямар тэмцээнд анх амжилт гаргаж байв. Монголд хэр олон тэмцээн болдог вэ?
-2007 онд болсон Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, амжилтын салхиа хагалж байлаа. Анхны тэмцээндээ оролцон, анхны медалиа авсан. Тэр тэмцээнээс 2014 онд алт, дараа жил нь мөнгөн медаль хүртсэн. Монголд параглайдингийн тэмцээн бараг зохиогддоггүй. 2007 оноос хойш гуравхан тэмцээн болсон.
Тэмцээнд оролцох тусам тамирчны амжилт сайжирч, ур чадвар, бэлтгэлээ хэр байгааг шинжих боломж бүрддэг. Гэхдээ тэмцээн зохиохгүй байхад яалтай ч билээ дээ. Саяхан уулын шүхрийн холбоо байгуулагдсан гэж дуулсан. Малайзад болсон олон улсын тэмцээнд бид гурав “Paragliding club Mongolia”-гийн нэр дээр оролцсон.
-Энэ спортоор тогтмол хичээллэдэг хэр олон хүн байдаг бол?
-Параглайдинг Монголд дөнгөж хөгжиж, хөлд орох гэж яваа спорт. Ер нь бусад спорттой харьцуулахад хичээллэгсдийн тоо цөөн. Тогтмол хичээллэдэг 30 гаруй, мэргэжлийн түвшний 10-аад л тамирчин бий. Тэдний ихэнх нь Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод амьдардаг. Өмнөх үеэсээ суралцах, туршлага судлах боломж хомс, төр засгаас дэмждэггүй гэхчлэн бэрхшээл ихтэй ч анхдагчдын нэг болж яваагаараа бахархдаг.
-“Paragliding club Mongolia”-д дасгалжуулагчаар ажилладаг юм билээ. Энэ спортоор хичээллэхээр хэр олон хүн танд ханддаг вэ?
-Манай клубт одоогоор дөрвөн хүн хичээллэж байна. Энэ спортыг сонирхсон олон хүн утас, цахим хаягаар холбоо барьдаг ч тэднээс зориод ирдэг нь хуруу дарам цөөхөн. Параглайдинг зардал өндөртэй спорт. Шүхэр нь л гэхэд найман сая гаруй төгрөгийн үнэтэй. Бас хүссэн үедээ хичээллэх боломж хомс, заавал бэлтгэлийн орчин шаарддаг.
-Энэ спортыг хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл юу вэ?
-Төрөөс дөмөгхөн дэмжиж, тэмцээн тогтмол зохиох нь л чухал байна. Мөн параглайдангийн спортыг олонд таниулж, хөдөө орон нутагт бас хөгжүүлбэл хөшүүрэг болох нь дамжиггүй.
-Олон улсын тэмцээнээс медаль хүртсэнийхээ дараа зорилгоо хэрхэн тодорхойлов?
-“Токио-2020” олимпын хөтөлбөрт цэг онох төрөл багтсан. Тиймээс бэлтгэлээ улам чамбайруулж, зүтгэж байгаад олимпын эрх авахын төлөө хичээнэ ээ. Цагаан хуудсаар ч өрсөлдөх боломж бий. Долдугаар сард Норвеги улсад болох олон улсын тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй. Гэхдээ Монгол Улс Олон улсын параглайдингийн холбоонд элсээгүй тул олон улсын томоохон тэмцээнд оролцох боломж бидэнд бүрдээгүй л байна.