“МАК” компанийн Бодлогын зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч Б.Энхмандахтай Хөх цавын цемент, шохойн үйлдвэрийн төслийн талаар ярилцлаа. Тэднийх цементийн үйлдвэрээ энэ сарын 9-нд нээхээр зэхжээ.
-Хөх цавын цемент, шохойн үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж дуусчээ. Төслөө хэдий хугацаанд хэрэгжүүлсэн бэ?
-МАК компани Хөх цавын шохойн чулууны ордын судалгааг 15 жилийн өмнөөс эхлүүлсэн байдаг. Тэр үеэс л Монголын цементийн хэрэглээ нэмэгдэх төсөөллийг олж харсан байгаа юм. Улмаар Хөх цавын шохойн чулууны ордын геологи хайгуулын судалгааг хийж, нөөцийг нь тогтоогоод, үүнийгээ түшиглэн цемент, шохойн үйлдвэр барихаар ажиллаж эхэлсэн. Технологи сонгох судалгаагаа маш нарийн хийсэн. Солонгос, Хятадын гээд бусад орны технологийг ч судалсан.
Ингээд 2012 онд Дани улсын дэлхийд цементийн технологиороо тэргүүлдэг “FLSmidth” компанитай хамтран ажиллахаар шийдэж, хамгийн сүүлийн үеийн технологи буюу хуурай аргаар цемент боловсруулах үйлдвэр барихаар болж, 123 сая ам.долларын гэрээг “FLSmidth” компанитай тухайн жилдээ байгуулсан байна. Үүнд техник, технологи, тоног төхөөрөмж худалдан авах, угсрах, инженерчлэлийн зөвлөгөө өгөх, сургалт хийх, ажилчин дадлагажуулах гэх мэт бүх зардал багтсан.
Энэ нь Дэлхийн худалдааны байгууллагаас Европ тивийн хэмжээнд тухайн онд хийсэн хамгийн шилдэг арилжааны гэрээгээр шалгарч байлаа. Зураг төслөө хийж, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээ 100 хувь Европын орнуудад захиалж үйлдвэрлүүлсэн. Ингээд тус 2012 оноос үйлдвэрээ барьж эхэлсэн юм. Барилга угсралтын ажлыг Хятадын үйлдвэрлэлийн барилга барих олон улсын арвин туршлагатай “Jiangsu Hengyuan International Engineering” компаниар гүйцэтгүүллээ.
Тэдэнтэй мөр зэрэгцэн дотоодын 70 компани, аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр ажил, үйлчилгээ гүйцэтгэн, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, тэдний 3400 орчим хүмүүсийн хөдөлмөр зүтгэл энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад шингэсэн.
-Барилга угсралтын ажил бүрэн дууссан биз дээ?
-Үйлдвэрийн бүх дамжлага бэлэн болсон. Манайхан “FLSmidth”-ийн мэргэжилтнүүдтэй хамтран дамжлага бүрээр туршилт хийж, үйлдвэрээ хүлээн авахад бэлтгэж байна. Бутлуурын цех, дамжуулах, нунтаглах, холих, шатаах, хөргөх, тээрэмдэх, савлах гэх мэт бүх дамжлагыг үе шаттайгаар туршиж байна. “FLSmidth”-ийн мэргэжилтнүүд манай ажилтнуудыг туршилтын хугацаанд дадлагажуулж байна.
-Үйлдвэр нийт 330 сая ам.долларын хөрөнгөөр босгосон гэсэн. Өндөр хөрөнгө оруулалттай санагдаж байна?
-Энэ бол үйлдвэрлэлийн барилгын нийт хөрөнгө оруулалт. Тоног төхөөрөмж худалдаж авах, барилга угсралтын бүх ажил үүнд багтаж байгаа. Үүнээс гадна МАК дэд бүтэц байгуулахад их хэмжээний хөрөнгө оруулсан. 1.4 км төмөр зам тавьж, 47 км 110 кВт-ын эрчим хүчний шугам татаж, 110/35-ын дэд станцын хамт барьж байгууллаа. Үйлдвэрийн орчны зам талбай зэргийг ч тохижуулж дуусч байна.
Нийт хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг өөрсдөө санхүүжүүлснээс гадна Данийн экспортын зээл олгодог EKF байгууллагаар дамжуулан BHF банкнаас тоног төхөөрөмж худалдаж авах хөрөнгөө зээлсэн. Засгийн газрын “Чингис” бондын хөрөнгөөс импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлийн төслийн хүрээнд манайх нийт хөрөнгө оруулалтынхаа гуравны нэгтэй тэнцэх буюу 110 сая ам.долларын зээл авах хүсэлтийг Бондын зөвлөлд 2015 онд тавьсан.
Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг манай бүтээн байгуулалтуудтай газар дээр нь очиж танилцсан. Тодруулбал, Хөх цавын цемент, шохойн үйлдвэр, Цагаан суваргын зэс, молибдений үйлдвэрийн төслийг нүдээр үзсэн юм. Ингээд Хөх цавын цемент, шохойн үйлдвэрт зээл олгох нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
Бондын зөвлөлийн шийдвэрийн дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн хүрээнд багтаан 84 сая ам.долларын зээл олгох шийдвэрийг Хөгжлийн банк гаргасан. Манайх үүнээс 68 сая орчим ам.долларын зээлийг авч үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийсэн.
-Үйлдвэрийн дагалдах дэд бүтэц бүгд бэлэн болсон уу?
-Төмөр замаа тавьчихсан. Цахилгааны шугам татаад, дэд станцаа барьчихсан. Манай үйлдвэр Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас найман км зайтай. Төмөр замын Олон овоот өртөөтэй ойр. Ер нь дэд бүтэц сайтай газарт үйлдвэрээ барьсан.
-Маш нарийн судалгаа хийж байж, технологио сонгосон гэлээ. “FLSmidth”-ийн технологи ямар давуу талтай вэ?
-Аливаа түүхий эдийг боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ хамгийн шилдэг технологи ашиглах, монгол хүнийг дэлхийн түвшний үйлдвэрт ажиллуулах зорилтыг МАК компани тавьдаг. Тиймээс 135 жилийн түүхтэй, цементийн үйлдвэрийн технологиороо тэргүүлэгч компанитай хамтарч ажиллахаар сонгосон.
“FLSmidth”-ийн цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь засвар үйлчилгээ үзүүлэхэд хялбар, өндөр хүчин чадалтай байхаар бүтээгдсэнээс гадна эрс тэс уур амьсгалтай температурын өндөр хэлбэлзэлтэй нөхцөл байдалд урт удаан жил найдвартай ажиллахаар зориулагдсан.
Сонгосон техникийн шийдэл нь хамгийн бага түлш болон эрчим хүчний зарцуулалттай буюу нэг тн цементэд 3,000 кЖ/т түлш, 90 кВц/т-ээс бага эрчим хүч зарцуулах хамгийн орчин үеийн цементийн үйлдвэр юм. Жишээ нь, тээрэм нь босоо. Түүхий эд, нүүрс болон цементийн тээрэмд босоо тээрэм ашигласанаар эрчим хүчний хэмнэлтэд хүрч чадаж байгаа юм.
Шохойн чулуу, гөлтгөнийг алхан цохилтот бутлуураар бутлах тоног төхөөрөмж суурилагдсан. Илүү хатуу төмрийн хүдэрт хацарт бутлуур ашигласан. Шавар наалдамхай байх ёстой учир өөрийгөө цэвэрлэх булт бутлуур ашигласан. Нүүрсийг эргэх бутлуураар бутлана. Бутлагдсан түүхий эдүүдийг нунтаглах хэсгүүдэд хуваарилахаас өмнө хаалттай барилгуудад хадгалана гэх мэт технологийн олон давуу талууд бий.
Хольцонд орох түүхий эдүүдийн тун хэмжээг бүрэн автоматжуулсан төвлөрсөн процессийн хяналтын системээр тогтооно. Түүхий эдийн анализатор машин түүхий эдийн тээрэмд орохоос өмнө хольцын химийн чанарыг шалгана. Үүнийг Робот лаборатори гүйцэтгэнэ.
Ямар стандартын цемент гаргахааас шалтгаалж шохойн чулуу, клинкер, үнс, элс, шавар, нүүрс, төмрийн хүдэр гэх мэт түүхий эдийн орц хэдий хэмжээтэй байхыг робот автоматаар тохируулдаг технологитой. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарт бас л робот шинжилгээ хийнэ. Хүний хүчин зүйлээс хамаарахгүй учраас бүтээгдэхүүний чанар тогтвортой байдаг. Ийм технологитой үйлдвэр дэлхийд ховор. Манайх Азидаа хоёр дахь нь.
-Робот гэж автомат системийг хэлээд байна уу, эсвэл робот маягийн төхөөрөмж ажиллана гэсэн үг үү?
-Лабораторид робот машин ажиллана. Тодорхой тайлбарлавал, цементийн орц болох эрдэс, түүхий эдүүд тусгай дамжуулах хоолойгоор тал талаасаа ирнэ. Робот машин өгөгдлийн дагуу тэдгээр түүхий эдийг хольж цементийн чанарыг тохируулах юм. Түүхий эдийн орц найрлага цементийн чанарт нь хүрэхгүй бол автоматаар зогсоно. Чанарын мэдээлэл нь компьютерт гараад ирнэ.
Түүнчлэн “FLSmidth”-тэй байгуулсан гэрээнд технологидоо мониторинг хийх заалт тусгасан. Технологи нь зөв ажиллаж байна уу гэдэгт үе үе мониторинг хийх юм. Технологийнхоо мониторингийг нь Дани улсаас өөрөө хэлбэл зайнаас шууд хийчихнэ. Монголд ирэх шаардлагагүйгээр мэдээллийн технологи ашиглан, зайнаас хяналтаа хийнэ гэсэн үг. Мөн тэднийх үйлдвэрийн засвар үйлчилгээнд тодорхой хугацааны баталгаа өгдөг юм.
-МАК нэг сая тоннын хүчин чадалтай үйлдвэр барьж буй мэдээлэл аль хэдийнэ түгсэн. Танайх ямар бүтээн байгуулалтад тохирсон, хэчнээн төрлийн цемент үйлдвэрлэх вэ?
-Зургаан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Дөрвөн төрөл нь өргөн хэрэглээний буюу 32,5, 42,5, 52,5, 62,5 гэсэн цементүүд. Эдгээр цементүүдийг Монголд үйлдвэрлэж байгаа. Монголд үйлдвэрлэдэггүй хоёр төрлийн бүтээгдэхүүн гаргана.
Усанд тэсвэртэй WRC, шүлтлэг, хүчиллэг орчинд тэсвэртэй SRС маркийн цемент үйлдвэрлэнэ. Усанд тэсвэртэй цементийг нь далан, гүүр барихад ашигладаг. Харин шүлтлэг, хүчиллэг орчинд тэсвэртэй цементийг гүний уурхай, уул нүхлэх, газрын гүнд хонгил барихад хэрэглэдэг.
Тухайлбал, “Оюутолгой” төслийн гүний уурхайн хонгилыг барихад хэрэглэх стандарт хангасан цемент үйлдвэрлэж эхэлнэ гэсэн үг. Гүүрний суурь, тулгуур босгох цементээ одоогийн байдлаар манайхан гадаадаас авч байгаа. Тэгэхээр Монголд үйлдвэрлэдэггүй, WRC, SRC маркийн цемент гаргаж, импортыг орлоно гэж ойлгох хэрэгтэй.
-Хоёр төрлийн цементээ захиалгаар л үйлдвэрлэх үү?
-Мэдээж тэгнэ. Монголд WRC, CRC маркийн цемент хэрэглэх зах зээл бий, цаашид тэлнэ гэж төсөөлж байна. Далан, гүүр барих шаардлага ч их бий. Цаашлаад манай улс автозамыг цемент бетоноор тавих бодлого баримталж эхэллээ. Үүндээ дотоодын үйлдвэрүүдийн цементийг ашиглана. Манайхан асфальт, битумыг гадаадаас импортолж зам тавьдаг.
Энэ технологиор тавьсан зам өндөр өртөгтэй хэдий ч эдэлгээ богино байдаг. Харин цемент бетоноор тавьсан зам өртөг хямдаас гадна эдэлгээ урттай. Зам тавихад усанд тэсвэртэй сайн чанарын цемент хэрэгтэй болно. Дахиад нэг жишээ хэлэхэд, төмөр замын бетон дэрийг маш өндөр чанартай цементээр хийдэг. Төмөр замын дэрийг модоор хийдэг байсан бол бетоноор солих шаардлагатай тулгарсан.
Төмөр замын модон дэрийг солихоос гадна шинэ төмөр зам тавихад их хэмжээний цемент хэрэгтэй болно. Иймээс зах зээл бий гэж хараад байгаа юм. Үүгээр зогсохгүй манайх экспортлох боломжтой, эсэхийг судалж байна. ОХУ цементийн хэрэглээ өндөртэй. Уралын нуруунаас нааш Сибирийн тойрогт хуурай аргын технологиор өндөр чанартай цемент үйлдвэрлэдэг үйлдвэр одоогоор байхгүй байна.
Сибирийн тойргийг боломжит зах зээл гэж харж байгаа. Хэрэв тийш нь цемент нийлүүлээд эхэлбэл манайх цемент импортлогч биш, экспортлогч орон болох боломжтой. Гэхдээ эхний ээлжинд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилго тавьсан.
-Танайх үйлдвэрээ ашиглалтад оруулчихаар цементийн зах зээлд ямар өөрчлөлт гарах бол. Импортын цементийг зах зээлээс шахаж чадах болов уу?
-Тэгэх л учиртай. Манай улсын цементийн хэрэглээ нэг сая гаруй тонн. Оргил үедээ хоёр сая тоннд хүрсэн удаа бий. Шинээр барьсан, өргөтгөл хийсэн цементийн үйлдвэрүүдийн нийт хүчин чадал жилд гурван сая гаруй тонныг үйлдвэрлэх хэмжээнд хүрсэн байх. Гэхдээ бүрэн хүчин чадлаараа ажилладаг үйлдвэр бий эсэхийг мэдэхгүй байна. Улс орны хөгжлийг дагаж, цементийн хэрэгцээ өсөх нь зайлшгүй. Манай улс хэрэгцээнийхээ цементийг бараг 100 хувь импортолдог байсан үе бий.
Тухайн үед цементийн үнэ хэрхэн савладаг байсныг санаж байгаа биз дээ. Тонн цементийн үнэ 300 мянган төгрөгт хүрч байсан удаа ч байдаг. Импортын цементийг зах зээлээс шахаад зогсохгүй, дотоодын өрсөлдөөн ч бий болно харж байгаа. Өрсөлдөөн бий болсноор цементийн үнэ буурна. Энэ нь хэрэглэгчдэд, иргэдэд тустай. Одоогоор зах зээлд тонн цемент 140 мянган төгрөг орчим үнэтэй байх шиг байна.
Манай үйлдвэрийн хувьд бусдаасаа ялгарах давуу тал, онцлогтой. Манайх хэрэгцээтэй бараг бүх түүхий эдээ өөрийн эзэмшдэг уурхай, ордуудаас буюу үйлдвэрээсээ 45 км-ээс холгүй газраас авна. Шавар, элс, гөлтгөнө, нүүрс, шохойн чулууны ордтой. Манай шохойн чулууны орд 190 гаруй жилийн нөөцтэй.
Түүхий эдээ өөрийн ордоос авдаг, авто болон төмөр замын зангилаан дээр оршиж байгаа нь зардал багатай хямд үнэтэй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх боломж олгож байгаа. Үйлдвэрийнхээ хөрөнгө оруулалтыг нөхчихвөл үнээ бууруулах боломж бий болно. Ингэхээр өрсөлдөөн үүснэ, цементийн үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдэнэ.
-Манайхан Хятадын импортын цементтэй өрсөлдөхөд бэрхшээлтэй юү. Ченжийн дамжлагаар борлуулдаг учраас үнээр тоглох боломжтой юм шиг харагддаг.
-Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд Засгийн газар цементийн импортын татварыг нэмсэн. Энэ нь зах зээлээ хамгаалахад ихээхэн тус болно. Гадаадаас өндөр татвар төлж, цемент оруулж ирээд, ашиг олох бололцоогүй болов уу. Мэдээж бид үнээ өсөхгүй өрсөлдөнө.
Усанд, шүлтлэг, хүчиллэг орчинд тэсвэртэй цементийг л Хятадаас оруулж ирээд, өргөн хэрэглээний цементийг дотоодын үйлдвэрлэгчдээс авч байгаа дүр зураг сүүлийн үед бий болсон. Дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ чанараар өрсөлдөх болов уу.
-Барилгын салбарт өргөн хэрэглэдэг 42,5 маркийн цементийг тонныг нь танайх хэдэн төгрөгөөр худалдах вэ. Үнээ тогтоосон уу?
-Судалгаа хийж байгаа. Зах зээлийн ханшаа баримжаална. 145 мянган төгрөг орчимд л байх болов уу.
-Хөрөнгө оруулалтаа хэр хугацаанд нөхөх вэ?
-Таван жилийн дотор нөхнө гэсэн тооцоо хийсэн.
-Хүчин чадлынхаа хэдэн хувиар ажиллахад ийм хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх вэ?
-Ирэх жилээс бүрэн хүчин чадлаар ажиллана гэж бодож байгаа. Барилгын улирал ч эхэлчихлээ. Энэ жил бүтээгдэхүүнийнхээ чанарыг таниулах ажлыг хийнэ. Бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах нь чухал. Үнэхээр сайн цемент гэдгийг мэдрүүлэх ёстой. Бидэнд бүтээгдэхүүнээ таниулах туршлага бий. Манайх 2015 онд Хийт бетоны үйлдвэр ашиглалтад оруулсан.
Германы “ТОПВЕРК” группийн “Хесс ААС Системс”-ийн технологиор евро стандартын шаардлагыг хангасан хөнгөн бетон үйлдвэрлэж эхэлсэн маань Монголын барилгын зах зээлд танигдчихлаа. “МАК-ийн евроблок”-ыг авья гэдэг болж. Бусад блокноос үнэтэй ч найдвартай, чанартай, барилгын дүүргэлтийн шилдэг материал болсон. Мөн барилга барих хугацааг богиносгож, дулаан алдах, дуу чимээ нэвтрүүлэхгүй байх стандартыг дээд зэргээр хангаж байгаа.
Байр, орон сууц барихад шавардлага хийхгүйгээр шууд цавуугаар наачихдаг бетон. Манайх цавууг нь нийлүүлж байгаа. Хасах 25 градуст наалдаг цавуу оруулаад ирэхээр өвөл ч байшин барих боломж бүрдэнэ. Барилгын салбарт дэвшил авчирсан бүтээгдэхүүн л дээ. Хөнгөн бетон шигээ цементийнхээ давуу талыг зах зээл, хэрэглэгчдэд таниулах хэрэгтэй.
-Цементийнхээ чанарт их итгэж байгаа бололтой. Үнэхээр чанарын гологдолгүй цемент үйлдвэрлэх үү?
-Түрүүнд лабораторид робот ажиллах тухай ярьсан. Робот машин өгсөн захиалга, нормоос гажихгүй ажиллана. Өөрөөр хэлбэл, 42,5 маркийн цемент үйлдвэрлэнэ гэсэн команд өгөхөд түүний чанар стандартад тохируулсан түүхий эдийн найрлага хийнэ. WRC цемент үйлдвэрлэнэ гэхэд төмөр, гөлтгөнө, шаврыг нь заасан хэмжээнийх нь дагуу л холино.
135 жилийн түүхтэй, хамгийн дэвшилтэд технологи. Манайх ийм технологиор ажилладаг хүчин чадал багатай үйлдвэрт багтана. Манай хүчин чадал өдөрт 3000 тонн. Тэгвэл Энэтхэг, АНУ-д өдөрт 12-13 мянган тонн, жилд 4-5 сая тонн цемент гаргах хүчин чадалтай үйлдвэрүүд “FLSmidth” барьсан байдаг юм билээ.
-Үйлдвэр ашиглалтад орохоор хэчнээн ажлын байр бий болох вэ?
-876 ажлын байр шинээр бий болж байна. Аль хэдийнэ ажиллах хүмүүсээ аваад эхэлсэн. Цөөн ажлын байр үлдээд байгаа. Дорноговь аймгийн төв, сумдаас ажилчдаа авсан. Ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулж, аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийг түшиглэн, сургалт зохион байгуулж байна. Бүрэн автомат үйлдвэр учраас хүний хүчээр хийх ажил бага. Хүрз, жоотуу барьж ажиллана гэсэн ойлголт байхгүй.
Операторууд голдуу самбарын мэдээлэлд хяналт тавьж ажиллах юм. Тэд технологийн горим зөрчигдөхөөс сэргийлж, градус, температур, хурд, хүчийг тохируулах ажил хийнэ. Хүнээс боловсрол, нэлээн өндөр бэлтгэл, сахилга батыг шаардах ажил. Үйлдвэрлэл тасралтгүй үргэлжлэх учраас ээлжээр ажиллуулна.
Тиймээс л олон ажлын байр гарч байгаа юм. Техник, технологийн угсралтын үед инженер техникийн ажилтнуудаа гадаадын мэргэжилтнүүдийг дагалдуулж байна. Манайхан эхний шатанд гадаадын мэргэжилтнүүдийг дагалдаж дадлагажих юм.
-Тэгэхээр ажилчдын олонх нь Дорноговь аймгийнхан байх нь?
-Тийм ээ. Манайх орон нутгийг нь дэмжих бодлого барьж байна. Дорноговь аймгийн Даланжаргалангийн удирдлагуудтай ажилчны хотхоноо сумын төвд нь барихаар тохирсон. Тосгон барих газраа сонгох гэж байна. Үйлдвэрээ жигдрүүлчихээд, зураг төслөө гаргаад, ирэх жилээс тэнд орчин үеийн ажилчдын орон сууцны хотхон барина.
Үүнийг дагаад цэцэрлэг, сургууль гэх мэт зайлшгүй дэд бүтцүүд баригдана. Даланжаргалан сумын төв том суурин болно. Үндэсний компаниудын хөрөнгө оруулалт орон нутгийг өөд нь татдагийн нэг жишээ энэ болно. Зарим компанийн ажилчид гэр кемпэд л амьдарч ажиллаж байна шүү дээ. Манай компанийн аль ч үйлдвэрт очоод харвал гэрт амьдардаг ажилчин байхгүй.
Ажилчдынхаа амьдрах нөхцөлийг нь хангах ёстой. Үйлдвэрийнхээ дэргэд холоос ирж ээлжээр ажилладаг ажилчдын дотуур байр барьж байна. Кино театр, саун, фитнестэй тохилог байр болно.
-Үйлдвэр орон нутаг өгөөжөө хүртээх нь ойлгомжтой. Хэдэн төгрөгийн татвар төлж улс нийгэмдээ үр өгөөжөө өгөх вэ?
-Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 32-34 тэрбум төгрөгийн татварыг улс, орон нутагт төлнө. МАК энэ жил гэхэд татвар төлөлтөөр улсад гуравдугаар байрт орлоо. “Оюутолгой” компани, “Эрдэнэт үйлдвэр”-ийн араас жагссан. МАК компани 72 тэрбум гаруй төгрөгийн татвар хураамж төлсөн үзүүлэлтээр хувийн хэвшлийнхнээс ганцаараа гадаадын хөрөнгө оруулалттай “Оюутолгой”, төрийн өмчит компани “Эрдэнэт үйлдвэр” гэсэнхоёр том компаниудын араас орсон.
Цементийн үйлдвэр ашиглалтад орсноор төлдөг татвар, хураамж маань 100 тэрбум төгрөг даваад л явчихна гэсэн үг. Татвараас гадна сайн чанарын бүтээгдэхүүн, хямд үнээр зах зээлд нийлүүлж, одоогийн үнээр тооцоход жилдээ 70-75 орчим сая ам.долларын импортыг орлож, валютын гадагшлах урсгалыг бууруулах болно. Энэ бол улс орондоо “МАК”-ийн оруулж байгаа том хувь нэмэр шүү.