Тунана гэдэг тун сайн байгаагийн шинж хэмээн бөхийн хорхойтнууд ярьдаг. Тэгвэл улсын начин цол хүртэхдээ хоёр ч удаа тунасан хүчтэн бол Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Доржийн Анар юм. Төрийн наадамд хоёр дахь удаагаа зодоглоод л улсын начин цол хүртсэн бахдам амжилт түүнийх.
2014 оноос үндэсний бөхөөр тууштай хичээллэж буй тэрбээр тухайн жилээ аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол, хоёр жилийн өмнө улсын наадамд анх зодоглохдоо улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулсан ч начны даваанд улсын гарьд Н.Ганбаатарт унаж, наадамчин олны, тэр тусмаа дорнодчуудын итгэлийг хүлээсэн юм.
Улмаар өнгөрсөн жил улсын начин Б.Сугаржаргал, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нарыг давж, улсын начин цол хүртээд буй. Өдгөө 25 настай Д.Анар үндэсний бөхөөс гадна самбо, жүдогоор хичээллэн, УАШТ-д чамгүй олон түрүүлсэн хүчтэн. Харамсалтай нь, тэрбээр өнгөрсөн жил өвдөгнийхөө бэртлийг сэдрээсний улмаас наадмаас хойших барилдаанд төдийлөн зодоглож чадаагүй. Гэхдээ бөх сонирхогчид “Манай Анар цолоо ахиулна. Төрийн наадамд түрүүлэхийг ч үгүйсгэх аргагүй” хэмээн захыг нь мушгиж суудаг хэвээрээ. Д.Анартай ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэе.
-Эх, үрсийн баяраар гэр бүлийнхэнтэйгээ сайхан баярлав уу, та?
-Өө, сайхан баярлалаа. Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эхнэрийг маань Хоролсүрэн гэдэг. Зургадугаар сарын 1-нд замын хөдөлгөөн, ихтэй үйлчилгээний газрууд ачаалалтай байдаг болохоор өмнөх өдөр нь гэр бүлийнхнээ баярлуулсан. Ээж минь “Энэрэлт эх” шагнал хүртэн баяр дээр баяр нэмлээ.
Би эхээс наймуулаа, хамгийн отгон нь. Аав минь намайг ой гарантай байхад бурхан болсон. Найман хүүхэд өсгөж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн гавьяаг нь үнэлж, ижийд минь энэ шагналыг олгосон байх. Нүдээ олсон, эзнээ олсон шагнал гэж үүнийг л хэлэх болов уу.
-Бөхийн спортод хорхойсон, үлгэр домог мэт яригдах алдарт аваргуудын тухай сонсож өссөн бага насныхаа дурсамжаас хуваалцана уу?
-Би хөдөөний бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдан, радиогоор бөхийн барилдаан бүрийг алгасалгүй сонсож өссөн. Бага насны минь хамгийн сайхан дурсамжууд яахын аргагүй Дорнод аймгийн Дашбалбар суманд бий. Сумынхаа дунд сургуульд наймдугаар анги төгстөлөө сурсан. Цэргийн начин, самбо бөхийн спортын мастер Мөнхжаргал гэдэг хүн манай сургуулийн биеийн тамирын багш байлаа. Манай ангийнханд самбо, үндэсний бөх заасан нь тамирчин болоход минь их нөлөөлсөн.
15 настайдаа Улаанбаатар хотод ирж, Ц.Шийрэв багшийн шавь болсноор бөхийн спорттой амьдралаа холбож байлаа. Миний өнөөгийн амжилт Шийрэв багштай салшгүй холбоотой. Зөвхөн жүдо, үндэсний бөх гэлтгүй сүмо, самбо зэрэг бөхийн олон төрлөөр Гавьяат тамирчин Д.Нармандах, ОУХМ Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар, сүмоч А.Ичинноров, Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй шилдгүүдийг бэлтгэж буй мундаг дасгалжуулагч хүн дээ.
Үндэсний бөхөөр барилддаг тамирчинд зөвхөн тухайн спортынх нь бус, жүдо, сүмо зэрэг олон төрлөөр давхар хичээллүүлэн, барилдааных нь чадварыг хөгжүүлдэг онцлогтой. Тийм болохоор багшийн минь шавь нар өндөр амжилт үзүүлдэг байх.
-Та анх жүдо, самбо бөхөөр хичээллэн, бүр хожим үндэсний бөх рүү урвасан юм билээ. Их спортоор хичээллэж байхдаа ямар амжилт гаргаж байв?
-Их спортоор хичээллэж эхэлснээсээ хойш жилийн дараа болсон өсвөрийн УАШТ-ээс жүдогоор алт, самбо бөхөөр мөнгөн медаль хүртэн, амжилтын гараагаа эхэлж байв. Жүдо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийнхэд хоёр алт, нэг мөнгө, багийнхад нэг алт, нэг хүрэл медаль хүртэн, залуучууд, оюутан, өсвөр үеийнхэд түрүүлсэн.
Харин самбогийн УАШТ-ээс насанд хүрэгчдийнхэд нэг мөнгө, залуучууд, өсвөр үеийнхэд нэг алтан медальтай.
-100 кг-д Н.Түвшинбаяр аварга зодоглодог байсан (Энэ жил жин өгсөн, +100 кг-д барилдаж байгаа). Аваргатай ер нь хэр олон удаа барилдсан билээ?
-Нэг л удаа учраа таарсан юм байна. Тэгэхдээ торгуулиар ялагдаж байлаа. Би УАШТ-д хоёр удаа түрүүлэхдээ шигшээд Э.Энхбат начныг ялсан.
-Жүдогоор Япон улсад номын дуу сонссон бил үү?
-Тэгсэн. Хоёр жил гаруй (2009-2011)-н хугацаанд Японы жүдо бөхийн сургуульд сурсан.
-Долоон жил гаруй хугацаанд хичээллэсэн жүдогийн спортыг орхин, үндэсний бөхийг сонгох амаргүй байсан нь мэдээж. Ер нь яагаад их спортоор тууштай хичээллэхээ больсон юм бэ?
-Би жиндээ орохын тулд багадаа 14-15 кгыг хасдаг байлаа. Хамгийн сүүлд буюу 2015 оны самбо, жүдогийн УАШТ-д оролцохдоо бүр 25 кг хассан шүү. Яаж барилдах вэ, бэлтгэлээ хэрхэн хийх вэ гэхээс илүү жиндээ яаж орох вэ гэж боддог юм билээ. Тэр жилдээ жүдогийнход нь улсын начин Э.Энхбатад ялагдан, мөнгөн медаль авсан.
Их спортоор чамгүй олон жил хичээллэн, уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртчих юм сан гэж нэлээд гүрийсэн ч даанч чадаагүй. Жин их хасах биед халтай. Ер нь 6-7 кг-аас илүү жин хасах дэмий гэдэг юм билээ. Тэгээд 2014 онд үндэсний бөхөөр тууштай барилдахаар шийдсэн юм.
-Жин хасалгүй +100 кг-д зодоглох боломж байсан уу?
-Мэдээж тэгж бололгүй яах вэ. Би +100 кгынхны дунд нуруугаар намханд орно. Жингийн зөрүү ч их тул амжилт гаргахад бүр хэцүү. Миний барилдааны онцлог 90 юм уу -100 кг-д яг тохирдог байсан юм.
-Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргаас авахуулаад алтан үеийнхэн их спортоос гадна үндэсний бөхөөр давхар хичээллэдэг байсан.
Харин сүүлийн жилүүдэд тэгж хослуулан хичээллэх бөх жил ирэх тутам цөөрч буйгаас жүдо, чөлөөт бөхийн хүнд жинд өрсөлдөөн улам багасаад байх шиг.
-Би ч бас тэгж боддог. Уг нь үндэсний бөхийнхөн их спортоор давхар хичээллэвэл олон талын ашигтай. Сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн дугуйлан олноор байгуулж байгаа нь үүнд чамгүй нөлөөлж байх шиг. Уг нь ч буруу зүйл биш л дээ. Үндэсний бөхийнхөн биеийн амрыг харсандаа их спортоор барилдахгүй байгаа юм биш.
Анхнаасаа их спортоор сууриа тавиагүй бөхчүүдийг жүдо, чөлөөтөөр хичээллүүлэх амаргүй. Тэгэх ч боломжгүй. Харин хүүхдэд бөхийн суурийг нь их спортоор тавьбал их зүгээр. Тэгээд дараа нь алийг нь сонгохоо тухайн хүүхэд шийдвэл өндөр амжилт гаргахад нь тустай.
-Төрийн наадамд хоёр дахь удаагаа зодоглон, улсын начин цол хүртсэн хүчтэн. Анх удаа барилдсан жил (2015 он)-ээ Г.Эрхэмбаяр аваргаар дөрөв давсны дараа улсын начин цол санаанд тань багтаж байв уу?
-Улсын наадамд барилдан, наадамчин олноо баясгана гэдэг хүн бүхэнд олдохгүй ховор хувь заяа. Үнэнийг хэлэхэд тэр жил улсын цол авах юм сан гэж ер бодоогүй ээ. Улсын наадамд барилдан хийморио сэргээе, туршлага хуримтлуулъя гэж зодоглосон юм.
Хоёрын даваанд улсын начин Ч.Цогбаяр, удаах даваануудад улсын харцага Н.Жаргалбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр нарыг өвдөг шороодуулсны дараа улсын начин цол хүртчих юм сан гэж бодолгүй яах вэ. Гэхдээ тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатартай барилдахдаа санасан барилдаанаа бүрэн гаргаж чадалгүй унасан.
-Та өнгөрсөн жил улсын начин цол хүртэхдээ хоёр ч удаа тунасан. Ялангуяа тавын даваанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай тунаж, барилдсаныг тань өдгөө ч бөхийн хорхойтнууд дурсдаг.
Олон жил улсын начин цолны таамагт багтаж буй түүнийг давна гэдэгтээ хэр их итгэлтэй байсан бэ?
-Би өнгөрсөн жил бэлтгэл сайтай, цөөнгүй барилдаанд дээгүүр барилдсан болохоор улсын цол хүртэх зорилго өмнөө тавьсан юм. Барилдааны ур чадвар ахин, олон түмэн итгэл хүлээлгээд эхлэхээр хүн өөрийгөө улам хурцалж, дайчилдаг юм билээ. Ер нь начны даваанд цөөнгүй аймгийн арслан цолтон хоорондоо тунах болов уу гэж таамаглаж байлаа.
Төв цэнгэлдэхийн урд амьдардаг ахындаа амарчихаад ирэх нь ээ улсын харцага Т.Өсөх-Ирээдүй “Ахын дүү тунасан байна. Хэнтэй гэдгийг нь хараахан мэдсэнгүй. Тунаж барилдаад цол хүртэх шиг сайхан юм хаана байх вэ” гэж намайг хурцалсан нь санаанаас ер гардаггүй юм.
Мөнгөнбаатар арслан Монголд алдартай бөх. “Мөнгөөр улсын цол хүртсэнээс Мөнгөнбаатар шиг аймгийн арслан цолтой явсан нь дээр” гэдэг үг хүртэл гарсан байна лээ. Ийм мундаг бөхөд унасан ч харамсахгүй, санасан мэхээ хийгээд, шударга өрсөлдье гээд л барилдсан юм. Харин өөрөөсөө сул өрсөлдөгчтэй хүч үзэн, өвдөг шороодвол харамсана л даа.
-Наадмын өмнө болсон цөөнгүй барилдаанд Ш.Мөнгөнбаатар арсланд унасан. Өмнөх алдаагаа хэрхэн дүгнэж барилдсан бэ?
-Тэр жил гурван удаа учраа тааран барилдахдаа бүгдэд нь түрүүлж мэх хийн, хариу мэхэнд орсны улмаас унасан юм. Тиймээс аль болох хүлээцтэй, тайван барилдахыг илүүд үзсэн.
-Өмнөх даваанд нь улсын начин Б.Сугаржаргалыг давсан. Чамгүй олон удаа барьц сонгосон, хүнд барилдаан хийснийхээ дараа бүрэн сэргэж амжсан уу?
-Бараг 20-иод удаа барьц сонголцон, сүүлдээ хоёулаа нэлээд цуцсан. Тавын даваа эхлэхийн өмнө цаг шахам завсарладаг болохоор сэргэж амжсан шүү.
-Улсын начин цолны болзол ханган, Төрийн есөн хөлт цагаан тугаа тойрон, дэвж явахад юу боддог юм байна вэ?
-Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг юм билээ. “Нээрэн, би улсын начин цол хүртчихлээ гэж үү” гээд өөртөө итгээгүй. Зүүдлээд ч байгаа юм шиг. Улсын цол хүртсэн бөхчүүдээс хамгийн залуу нь байж, даагаар шагнуулсандаа их бэлгэшээсэн. Төрийн есөн хөлт цагаан тугаа тойрон дэвж явахдаа аавыгаа л их үгүйлсэн.
Аав минь амьд сэрүүн байсан бол их баярлах байсан даа. Орон зай, нөмөр нөөлөг нь их үгүйлэгдэж байлаа. Хүүгээ тэнгэрийн орноос харсан байх аа.
-Та ээжийгээ баярлуулж чадлаа шүү дээ.
-Ингэж бодохоор л сэтгэл минь жаахан тайтгарч байна. Ээждээ хурдхан очиж, үнсүүлэх юм сан гэж их яарсан шүү. Миний барилдааныг үзэж байхад нь сэтгэл нь их хөдөлснөөс болж даралт нь ихсэн, манай хамаатнуудыг сандаргасан гэнэ лээ (инээв). Уг нь Төв цэнгэлдэхэд бус, гэртээ зурагтаар бөхийн барилдаан үзэхээр төлөвлөж байсан ч бүр тэсэхээ байгаад очсон гэнэ лээ.
Энэ дашрамд Дорнод аймгийн ОБЕГ-ын дарга Гантөмөр, “Бүрэнтулга” компанийн захирал Бүрэнбаатар, “Дорогоши” компанийн захирал О.Баяраа, Ц.Шийрэв багш, нутгийн зон олон, гэр бүлийнхэн, найз нөхдөдөө их баярлаж явдгаа илэрхийлье.
-Улсын харцага Б.Бат-Өлзийг даван, цолоо ахиулах боломж байсан нь мэдээж. Амжилтдаа ханасан тал бий юү?
-Ёстой тийм юм байхгүй. Амжилтдаа ханана гэдэг зүйл байдаггүй гэж би боддог. Хүн өмнөө томоохон зорилго тавиад, зүтгэж л байгаа бол түүнийгээ 100 бус, 1000 хувь давуулан биелүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй. Уг нь улсын начин цол хүртсэнийхээ дараа зургаагийн даваанд хэрхэн барилдахаа бодсон юм, би. Мэдээж цолоо ахиулах боломж надад байсан. Даанч тактикийн алдаа гаргасны улмаас унасан даа.
-Хамгийн сайхан дурсамжтай нь аль наадам бэ?
-2012 онд аймгийнхаа наадамд сумын заан Э.Мөнхзоригттой тунан барилдаж, начин цол хүртсэнээ үргэлж дурсах дуртай. Цол хүртэнэ гэж бодоогүй, найзуудтайгаа хамт хуушуур эргүүлж явангаа барилдаад л начин болсон болоод ч тэр үү, магнайгаа хагартал баярлаж билээ.
-Ажиглаад байхад зүүн аймгаас том цолтой бөх харьцангүй цөөхөн төрөөд байх шиг. Энэ нь бөхийн удамтай холбоотой юу, эсвэл...
-Бөхөө дэмждэггүйтэй л холбоотой. Авьяастай, бяртай залуус хэдэн жил барилдаж байгаад амьдрахын эрхэнд өөр салбар руу урваж байна. Дэмжиж л чадвал улсын цол хүртэх хэмжээний залуус Дорнод аймагт олон бий. “Анар ах чадсан юм чинь би яагаад чадахгүй гэж. Дорнод аймгаас улсын цолтон төрдөггүй гэдэг нь худлаа юм байна” гээд нэлээн хэдэн хүүхэд үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн гэнэ лээ.
-Сүүлийн үед бөхчүүд барилдааны үеэр хоорондоо маргалдах, тэр ч бүү хэл зүлэг ногоон дэвжээн дээр бие биенээ цохиж авах зэрэг зохисгүй үйлдэл гаргах боллоо. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Том цол хүртэхээс илүүтэй монгол түмнийхээ итгэлийг дааж явах нь чухал. Урьд нь аварга цолтой бөхийн аманд залуу бөх, эсвэл цэрэг амлуулан барилддаг байсан. Гэтэл одоо хэнийг унагааж мэдэх, шижигнэсэн барилдаантай сумын заанууд аманд очиж байна.
Үүний зэрэгцээ байнгын бэлтгэл сургуулилалттай болсон нь өрсөлдөөнийг бүр нэмж байгаа. Дээхнэ үед тээвэрт явж, малаа хариулж байгаад морьтой давхиж ирэн улсын наадамд барилддаг байсан тэр цаг үе өнөөгийнхөөс тэс өөр. Нөгөө талаар хувь хүний ухамсрын асуудал. Тухайн хоёр бөхийн хооронд юунаас болж маргаан үүссэнийг наадамчин олон мэдэх боломжгүй.
Барилдаандаа “шатаж”, амжилтдаа хэчнээн эрдэж байсан ч биеэ барих нь зүйтэй. Залуус бид л монгол бөхийн дэвжээгээ ариун байлгаж, өв уламжлалаа хүндэлж явах хэрэгтэй. Би олон түмнийхээ хүндлэлийг хөсөрдүүлэлгүй, жудагтай сайхан барилдахыг эрхэмлэдэг.
-Өнгөрсөн наадмын дараа өвдөгнийхөө бэртлийг сэдрээсэн. Бэртэл нь бүрэн эдгэсэн үү?
-Овоо эдгэж л байна. Наадам болоход бүрэн эдгэчих байх. Өнгөрсөн хоёрдугаар сард хагалгаанд орсон. Бэртлийн улмаас өнгөрсөн хугацаанд ер зодоглож чадсангүй.
-Энэ жил наадмын өмнөх бэлтгэлээ хаана базаахаар төлөвлөж байна вэ?
-Энэ жил аймгийнхаа бөхчүүдтэй хамт Сүүж ууланд базаана. Сүүлийн хэдэн жил тэнд бэлтгэлээ хийж байгаа. Олон түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэлгүй, цолоо ахиулахын төлөө хичээнэ ээ.