Монгол Улсын Гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Дашпүрэвтэй ярилцлаа. Булган аймгийн Намнан буюу одоогийн Хутаг-Өндөр суманд малчны гэрт төрсөн тэрбээр гурван настайдаа Улаанбаатар хотод ирсэн ч дунд сургуулиа хөдөө төгссөн гэдэг.
Хот, хөдөөгийн хооронд нүүдлийн шувуу шиг сэлгэж өссөн, номонд ухаангүй “хорхойтой” хүү амьдралыг эрт таньсан уу, наймдугаар ангидаа философич болохоор шийджээ. Тэр цагаас хойш амьдралынхаа туршид философийн шинжлэх ухаантай салшгүй холбоотой явж ирсэн байна.
-Таныг Дэлхийн философичдын их хуралд хэд хэдэн удаа оролцсон гэж дуулсан. Их хурал дээр юуны талаар ихэвчлэн ярьдаг вэ. Дэлхийн сэтгэгчид сүүлийн үед юун дээр оюун санаагаа чилээж байх юм?
-Дэлхийн философичдын сүүлийн гурван удаагийн их хуралд миний бие оролцлоо. Хамгийн сүүлд Грекийн Афинд болсон их хуралд би “Монгол ухаан: Эртний монголчуудын философийн сэтгэлгээ” сэдвээр илтгэл тавьсан. Ирэх жил Хятадад энэ хурал болно. Өнөөгийн хүн төрөлхтний нийгэм яаж хүмүүнлэг орших вэ гэдэг дээр философичид голлон төвлөрч ярилцдаг.
Энэ бол өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгамдаад буй чухал асуудал гарцаагүй мөн. Өчигдөрхөн надад Америк дахь Дэлхийн соёл, философийн үнэт зүйл гэдэг нийгэмлэгээс “Өнөөгийн хүн төрөлхтөн дайны босгон дээр ирчихлээ. Хүн төрөлхтний оюуны ертөнцийг яаж гэгээрүүлэх вэ” гэсэн мэдэгдлийн шинжтэй цахим шуудан ирлээ. Үүн шиг бид ч бас яаж хүмүүнлэг, энэрэнгүй, тэгэхдээ монгол гэсэн онцлогийг шингээсэн нийгмийг цогцлоох вэ гэж манай философичид толгойгоо гашилгадаг.
-Философи гэхээр манайхан амьдралаас хэт хол гэж ойлгох нь бишгүй. Боловсролын тогтолцоо нь ч “онол хэрэггүй” гээд, хэтэрхий прагматик тал руугаа яваад байвал алсдаа буруутна гэдэг юм билээ.
Ёс суртахуунтай, хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэхийн тулд нүүдэлчдийн эртнээс уламжилж ирсэн монгол ухаанаар хүмүүжүүлэх хэрэгтэй гэдэгтэй та санал нийлэх үү?
-Тэгэлгүй яах вэ. 3000-аад жилийн өмнөөс бүрэлдэн цогцолж ирсэн учраас монгол ухаан гэдэг чинь маш агуу зүйл байхгүй юу. Энэ уламжлал монгол хүн бүрийн дотоод ертөнцөд бий. Тиймээс үүнийг нь судалж гаргаад, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ ойлгуулан өвлүүлэхэд анхаарахад манай боловсролын тогтолцоо чиглэх учиртай юм.
Яг үнэндээ Америк орчин үеийн өндөр хөгжилтэй, мундаг орон гэгддэг хэрнээ америк оюутнууд өөрийн улсын түүхээ л сайн мэддэг болохоос Монголын талаар олонх нь ямар ч төсөөлөлгүй байдаг. Түүн шиг манай боловсролын агуулга ч бас Монголынхоо түүхийг эхлээд маш сайн мэдүүлсний дараа хүсвэл сонирхлоороо бусад орны түүхийг судлах эрх нь нээлттэй байхаар хийгддэг бол сайн сан.
Их Британийн түүхийг Английн колони байсан орнууд илүү сайн судалдаг. Оксфордын боловсролын систем гэхэд л Их Британийн колониудад зориулсан сургалтын хөтөлбөр шүү дээ. Нарийн ажиглавал Оксфордын англи хэл ч британи эзэндээ зарцлагдах боолуудын хэрэгцээнд зориулсан, тийм л түвшний сургалт юм. Түүнээс илүү гарахгүй шүү (инээв). Гэтэл Монголын түүх, соёл, хэл ямар агуу баялаг, гайхамшигтай билээ дээ.
-Ирээдүйд Монголыг авч явах учиртай үр хойчийн минь боловсрол, хүмүүжлийн асуудал өнөөдөр хэцүүхэн байгааг олон хүн шүүмжилдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хүүхдийн хүмүүжил гэдэг нийгмийн нэг чухал институцийг манайхан сүүлийн жилүүдэд орхигдуулсан тал бий. Хүүхдээ боловсролтой болгохын тулд эцэг, эхчүүд олон талаар анхаарч байгаа ч хүмүүжлийг нь хаячихаад байна. Үүнд чиглэсэн боловсролын тогтолцоо ч манайд алга. Дээр үед бол гэрийн хүмүүжил гэж чухал зүйл байсан. Одоо алга.
Жишээ нь, Энэтхэг, Япон зэрэг оронд чинээлэг амьдралтай айлын гэргий нар өндөр боловсрол эзэмшдэг. Зарим нь бүр докторын зэрэг хамгаалдаг. Гэхдээ тэр нь бидний бодож байгаа шиг судалгаа хийж, эсвэл өндөр цалинтай ажилд орох гэсэн хэрэг огт биш. Харин үр хүүхдээ хүмүүжүүлэх, эрдэм боловсролтой, зөв иргэн болгож төлөвшүүлэхийн тулд эхнэрүүд нь тэгж өөрсдийнхөө мэдлэг чадварт анхаардаг юм.
Үүн шиг бид монгол хүүхдүүдийг хүмүүжилтэй, боловсролтой болгохын тулд үндэснийхээ онцлогт тохирсон тогтолцоог бий болгох хэрэгтэй. Америк, барууны боловсролын систем сайн гээд Монголын нийгэм, соёл уламжлал, зан заншилтай авцалдахгүй зүйлийг шууд тулган нэвтрүүлж болохгүй. Монгол хүний мах, цусанд нь нэвчсэн онцлогийг бодолцохгүй, шинэ зүйл оруулж ирснээр зөрчил л нэмнэ үү гэхээс тэр нь шууд амьдралд нэвтрэх боломжгүй.
-Нэг саваагүй зүйл асуумаар санагдлаа. Философич хүн амьдралд алдаатай шийдвэр гаргах нь бага байдаг уу?
-Шийдвэр гаргана гэдэг бол оюун ухааны үйлдэл. Шийдвэрийг сэтгэлийн хөөрлөөр гаргаж болохгүй.
-Тэгвэл та мэдрэмжиндээ хэр зэрэг итгэдэг вэ?
-Мэдрэмж бол сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр. “Би ингэж мэдрээд байна” гэж манай УИХ-ын гишүүд ярьж байгаа харагддаг. Энэ бол төрийн түшээ хүний хэлэх үг биш шүү дээ. Улс орны чухал асуудлыг шийдэх төрийн шийдвэр гаргаж байгаа хүн мэдрэмжээр бус, оюун ухаанаараа хандах хэрэгтэй.
-Монголд ер нь хэдэн философич байдаг вэ. Та нарын үгийг төр, засаг, олон нийт хэр сонсдог юм бол?
-Манайд 800-гаад хүн философийн боловсрол эзэмшсэн гэсэн тоо баримт байдаг. Тэр дундаас эрдмийн ажил идэвхтэй хийдэг 300 орчим хүн бий. Тэднээс судалгааны бүтээлээ хэвлүүлдэг философич нь 100 хүрэхтэй, үгүйтэй. Учир нь өнөөгийн манай нийгэм философич, эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсох боломжгүй.
Жишээ нь, би нэг судалгааны өгүүллээ сонин хэвлэл, телевизээр олонд хүргэе гэхэд дунджаар 800 мянган төгрөг төлөх шаардлагатай болдог. Улс орны хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө тав гурван төгрөгөө байнга тэгж зарцуулаад байхаар баян хүн би биш. Тиймээс хааяа нэг зайлшгүй дуугарчихъя гэсэн зүйлдээ л мөнгө зарцуулдаг даа.
-Үндсэн хуулийн шинэчлэл гээд баахан ярилаа. Үүнд та нарын үгийг сонсож байх юм уу?
-Үгүй ээ. Бид хоорондоо л “Энэ нь тэгж дээ. Тэгсэн бол...” гэх мэтээр ярилцдаг юм.
-УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллаад үзчихсэн, бас философич хүний хувьд Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар танд хэлэх үг бий байлгүй?
-Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудалд хэд хэдэн эрх ашиг яваад байгааг би анзаарч л байна. Тэглээ гээд саатуулах боломж бидэнд байхгүй. Намайг УИХ-ын гишүүн байхад Үндсэн хуульд долоон өөрчлөлт оруулахад би эсэргүүцээд нэмэр болоогүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хамгийн гол нь доторх логик системийг нь эвдэж огт болохгүй гэдгийг би байнга хэлдэг. Логик системийг нь алдагдуулчихвал Үндсэн хуулийн зохицуулах эрх зүйн чадамж буурна.
Энэ нь эцэстээ нийгмийг хямралд оруулдаг. Нийгэм хямрахаар яадаг вэ гэхээр нэг бол тухайн улс орон тусгаар тогтнолоо алддаг, эсвэл үймээн самуун дэгдэж, нэг хэсгийгээ алж хядах нь энүүхэнд. Ийм байдалд хүргэлгүй, ухаалгаар шийдэх нэг шилдэг арга нь удаан хугацаанд тал талаасаа зөвлөлдөн, нийгэм даяараа хэлэлцүүлж байж шийдвэрийг яаралгүй гаргах хэрэгтэй юм.
Францчууд Ерөнхийлөгчийн сонгуулиа хоёр шаттайгаар зохион байгуулж байгаа нь тэд тэнэгтээ биш шүү дээ. Тэр хооронд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийнхээ сайн, мууг нийгмээрээ тольдох боломжтой учраас тэр.
-1996-2000 онд таныг гишүүн байхад төр, засаг, улс орны нийгэм, эдийн засгийн байдал тун амаргүй байсан. Та танхимынхантайгаа хэр ойлголцдог байв?
-Тэр үед би Ардчилсан намын гишүүн байлаа. Одоо байгаа бүх муу муухай бүхэн тэр үед ид эхэлж байж. Капиталын хуримтлалын үед өмч хөрөнгө, мөнгөний хойноос хөөцөлдөх галзуурал нэгэнт хүчээ авчихаар яаж ч хэлээд нэмэргүй юм билээ. Хэлж шүүмжилсэн хүмүүсийг улс төрийн үзэл суртлаар гутамшиг болгож дуусдаг учраас тэдэнтэй орооцолдох нь дэмий юм байна гээд намаас гарч, эрдэм номын ажлаа хөөсөн дөө.
Уг нь би ардчиллыг, ардчиллын үзэл санааг их дэмждэг хүн. Хүн төрөлхтний явж байгаа замаас бид хаашаа ч зайлах аргагүй. Гэхдээ хууль бус үйлдэл, ёс суртахууны доройтол газар авч, Монгол гэсэн үндэсний уламжлалаа үгүйсгэхийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй. Ардчиллын төлөө энэ бүх үнэт зүйлийг хаяж болохгүй. Хэрэв тэгвэл Монгол Улс үгүй болно. Ардчилсан тогтолцоог маш сайхан хөгжүүлж, авч яваа олон орон байна шүү дээ. Тэднээс үлгэрлэх хэрэгтэй.
-Ардчиллын төлөө үнэт зүйлүүдээ гээж болохгүй гэж та өргөн утгаар нь хэллээ. Гэтэл өнөөдөр ардчиллын төлөө байтугай нэг намын төлөө монгол түмний эрх ашиг, үнэт зүйлийг нь үгүй хийдэг болчихлоо шүү дээ?
-Хамгийн муу зүйл нь тэр. Намчирхаж огт болохгүй. Үндэсний эрх ашиг хамгийн чухал. Монголд хуулийн цоорхойг ашиглан, улстөрийн намууд төрийн дээр гараад суучихсан гэдэгтэй би санал нийлдэг. Хүн амаа хэдэн намд хуваачихаад, талцаж суудаг ийм байдал бол нийгмийн хөгжлийн их дорой шатанд байдаг гажуудал.
-Таныг Монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлт, хөгжлийн тухай асуудлаар докторын зэрэг хамгаалсан гэж дуулсан. 1990-ээд онд таны бодож төсөөлж байснаас өнөөдөр хэр их зүйл өөрчлөгдсөн байна вэ?
-1995 онд би Москва хотод “Монголын нийгмийн шинэчлэлтийн үе шатууд” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. Уламжлалт нийгмээс капитализм руу шилжихэд ямар өөрчлөлт шинэчлэлт гардаг тухай Зүүн Европын орнуудын жишээнээс харахад 1990 оны ардчилсан хувьсгалын дараах он жилүүдийн дүр зургийг ерөнхийд нь гадарлаж байсан л даа.
Жишээ нь, капиталын анхны хуримтлалын үед манайд луйвар, гэмт хэрэг өснө гэдгийг мэдэж байв. Социализмын үед байсан нийтийн өмчийг хувьчлахдаа үл гүйцэлдэх онолын дагуу “Цэнхэр, ягаан тасалбараар бүгдэд нь хөрөнгийг адилхан хуваана” гэсэн юм. Үнэндээ нийтийн тогоотой “хоолонд” ойр, тэнд юу байгааг сайтар мэддэг, мэдээлэлтэй хүмүүс нь булууны яс биш, дал дөрвөн өндрийг нь шүүрээд авдаг тэр жишгээр л явсан.
Овжин, зальтай хүмүүс бусдынхаа цэнхэр, ягаан тасалбарыг аар саархан зүйлээр хуурч аваад, томоохон өмч хөрөнгөн дээр буух жишээний. Онолыг нь мэдэх ч капиталист хуваарилалтыг амьдралд яаж хийхийг мэдэхгүй байсан П.Жасрай гуайг буруутгах аргагүй. Харин тэр үед Ашигт малтмалын тухай хууль батлагдаагүй байсан учраас байгалийн баялгаар баяжигчдын тухай миний эрдмийн ажилд тусгагдаагүй юм.
Зөвлөлт, Монголын геологичид өнгөрсөн 70 жилийн хугацаанд ихэнх ордыг илрүүлчихсэн учраас тэр хууль батлагдсанаар улстөрийн хүрээнд лицензийн наймаа цэцэглэсэн.
-“Ийм аргаар өмчтэй болж болдог юм байна” гэдгийг мэдсэн хүмүүс амтшин улайрах нь дамжиггүй.
Гэхдээ монголчууд бид илүү их шуналтайгаасаа болоод өнөөдөр ингэтлээ ёс суртахууны доройтолд орчихов уу даа гэж бодогддог. Ийм нөхцөлд одоо бид яах ёстой вэ?
-Сая бид эдийн засгийн механизмыг нь ярилаа. Одоо нийгмийн ёс суртахуун гэдэг талаас нь ярья. 1997 онд би “Оюун ухааны хоосрол уу, үнэт зүйлийн солигдол уу” гэсэн нэртэй өгүүлэл бичиж байв. Өмнөх 70 жилд үйлчилж байсан нийгмийн болон ёс суртахууны, соёлын үнэт зүйлүүд ардчилсан хувьсгалын дараа огт өөрөөр эргэсэн.
1990 оноос өмнө хувийн машинтай хүнийг “хувалз” гээд нийгмээрээ үзэн яддаг байлаа. Гэтэл ардчилсан нийгэмд хувийн өмчгүй хүн бол тэнэг мангар, арчаагүй гуйлгачин гэх мэтээр ад үзэгдэнэ. Капиталист нийгэмд мөнгөтэй хүн юу ч хийж болно, хууль ч зөрчиж болдог гэдэг “хууль” үйлчлээд эхлэхээр хүний нийгмийн үнэт зүйл бүхэлдээ солигдож байгаа юм.
Үнэт зүйл солигдчихоор ёс суртахууны үнэлэмж ч дагаад өөрчлөгддөг. Ийм нөхцөлд гарц нь ганц л байгаа, тэр нь сайн хууль. Ард түмэн зөв хүнээ сонгоод, тэр хүмүүс нь нийгмийн сайн сайхны төлөө хууль боловсруулж батлаад, түүнийгээ хэн ч байсан ягштал биелүүлэх учиртай юм. Тухайн хүн эрх мэдэлтэй байхдаа хууль зөрчсөн байвал бүрэн эрхийнх нь хугацаа дууссан хойно ч хуулиар арга хэмжээ авдаг байх нь чухал.
Нөгөөтэйгүүр, хүн хэзээ бусдыг энэрч хайрлах нинжин сэтгэлтэй, ёс суртахуунтай болдог вэ гэхээр амьдарч буй нийгэм нь сайн сайхан, адаглаад сэтгэл зовох зүйл бага байгаа тохиолдолд л тийм болдог. Гэтэл өнөөдөр манай монголчуудын дийлэнх нь цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Банкны зээлтэй, төлөхгүй бол хамаг юмаа алдах гээд тэвдэж байгаа хүмүүс юун тэр нинжин сэтгэл, хүн чанарын тухай бодох билээ. Сайн сайхан нийгмийг цогцлоохын тулд зөв, сайн хууль батлаад, түүнийгээ бүгд хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.