Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд гар бөмбөг (гранат) дэлбэрч, цэргийн хоёр алба хаагч амиа алдан, найман хүн шархадсан билээ. Энэ хэргийн мөрдөн байцаалт түр саатаад байгаа нь шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж буйтай холбоотой гэнэ.
Монголын Зэвсэгт хүчний түүхэнд байлдааны гар бөмбөгтэй буруу харьцсанаас үүдэлтэй осол нэг бус удаа гарч байсан юм билээ. Тийм нэг үйл явдлын золиос болж, албан үүрэгтээ хайнга хандсан үндэслэлээр “аавын хаалга” татах шахсан бэлтгэл офицер Дарьсүрэнгийн Түмэнбайгаль өдгөө Орхон аймагт аж төрж байна. Түүнтэй уулзахаар тус аймгийг зорив.
Д.ТҮМЭНБАЙГАЛЬ: НАДАД АЛБАН ҮҮРЭГТЭЭ ХАЙНГА ХАНДСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БИЛЭЭ
-Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон ослын дараахан таны тухай сонсоод сураглаж байгаад ирлээ. Та сайхан зусаж байна уу?
-Сайхан зусаж байна. Зуны эхэн сар ч гарлаа. Манай Эрдэнэт их сайхан газар шүү дээ. Би багаасаа л Булган аймаг, Эрдэнэттэй холбогдсон хүн. Эндээ л насыг элээж сууна.
-Цэргийн дарга болсон түүхээ хуваалцахгүй юу. Өөрийн сонирхлоор цэргийн хүн болов уу, эсвэл эх орон дуудав уу?
-Булган аймагт П.Е.Щетинкиний нэрэмжит нэгдүгээр 10 жилийн сургууль төгсөөд цэргийн сургуульд орсон юм. Тухайн үед цэрэг хүн болъё гэж огт бодож байгаагүй ээ. Сурлагын амжилтаар жагсааж, миний ээлж болж, элсэлтийн комиссоор ортол ихэнх сургуулийн хуваарь дуусчихаж. 1978 онд Цэргийн ерөнхий сургуульд орлоо. Дөрвөн жил ерөнхий цэргийн мэргэжлээр сурч төгссөн дөө.
1982 онд сургуулиа төгсөөд л Эрдэнэтийн дивизэд ирж байв. Цэргийн ерөнхий сургуулийн А курст ирж байсан юм. Тэр нь Улсын баатар Цэндийн Олзвойн нэрэмжит рот байж билээ. Алдрын буланд түүний үйл хэрэг, байгуулсан гавьяаг мөнхжүүлсэн байдаг байв. 1982 онд Эрдэнэтийн дивизийн 208 дугаар ангийн I батальоны I ротод намайг томиллоо.
Тэнд Дуламдоржийн Самдан гэж Төв аймгийн харьяат улсын баатрын алдрыг мөнхжүүлэх болсон юм. Тэгэхэд инээдтэй ч гэмээр юм уу, үйл явдал болж билээ. Алдрын буланд Д.Самдан баатрын цэрэг хувцас цоо шинээрээ шилэн хоргонд байдаг байлаа. Гэтэл цэргүүд хувцсыг нь “туучихдаг”, оронд нь өөр юм авчраад тавьчихна.
Нэг бус удаа ийм явдал гарсан учраас хувцсан дээр нь эмульсээр Самдан гээд биччихлээ. Кителийнх нь нуруу, өмднийх нь хоёр гуяны дотор нь тэгж бичээд, гутлынх нь улыг огтлоод тавьчихсан юм. Түүнээс хойш хэн ч дахиж Д.Самдан баатрын хувцсанд гар хүрээгүй.
Дунд суугаа офицер нь дэслэгч Д.Түмэнбайгаль
-Байлдааны буудлагатай сургуулилалтын үеэр өнгөрсөн сард ноцтой осол гарч, хоёр ч эрдэнэт хүн амь үрэгдлээ. Та ч бас ийм ноцтой ослын гэрч, хохирогч болж байсан гэсэн.
-Энэ явдал 1987 оны хоёрдугаар сарын 17- нд болсон юм. Тэр үед Батлан хамгаалах яам, ЗХЖШ хоёр салаагүй байсан цаг. БХЯ-ны харьяа 13 дугаар газраас командын шалгалт ирээд, байлдааны буудлагатай сургуулилалт хийх болж, анги бүрээс нэг салаа оруулсан. Тухайн үед 209 гээд Доохүү даргатай хорооны шалгалтын дараа манайх орох байлаа.
Нуувчны цаана цель (бай) босгоод түүн рүү гар бөмбөг шидүүлсэн. Цэргүүдээ хоёр хоёроор нь шидүүлж байтал 7, 8-д шидэх хоёр цэргийн ээлж боллоо. Улаанбаатараас ирсэн Мөнхбаатар, Дундговь аймгаас татагдсан Батболд гэдэг цэрэг байсан юм. Нуувчинд баруун захад нь би, Мөнхбаатар, Батболд, салааны дарга М.Дэмчиг гээд дөрвөн хүн байлаа. Ингээд дөрвүүлээ зогсож байгаад “гранат цэнэглээд, байлдаанд” гээд команд өгөв.
Өвөл учраас гар бөмбөг шидэхэд цасан дээр бууж буй нь харагдаж байлаа. Гэтэл дээрх хоёр цэргийн нэгнийх нь шидсэн нь байны дэргэд бууж, нөгөө нь тэнд очсонгүй. Гайхаад хартал агаарт нисэж байв. Нуувчны урд талын хамгаалах хороо гэх овгор шороон дээр унах юм байна гэж бодлоо. Цэргүүддээ “хэвтээд” команд өгөөд нөгөөдүүлээ дараад хэвтчихсэн. Тэгсэн өнөөх гранат овгор шороон дээр буучихаад цаад тал руу нь бус, нуувч руу өнхрөөд ороод ирдэг юм байна.
-Гараад зугтчих боломж байгаагүй гэж үү?
-Зарим хүн надаас “Чи үсрээд гарчихаж болоогүй юм уу” гэж асуудаг л юм. Арай амжихгүй л дээ. Гар бөмбөгийн дэлбэрэх хугацаа ердөө 3.8-4.2 секунд байдаг юм шүү дээ. Дэлбэрсний дараа ургаа мод унаад, хөл ороочихож байгаа юм шиг л болсон. Хүн хамгийн түрүүнд цус алдаж болохгүй л гэж боддог юм билээ. Мөнхбаатарын өмдний тэлээг тайлуулаад, хөлөө боолголоо.
Гэтэл хэн хэн маань сандарч тэвдсэндээ юм уу, хөвөнтэй өмдний гаднаас нь боочихож. Уг нь нүцгэн хөлөн дээрээ ороох ёстой байсан юм билээ. Хөвөнтэй өмдний гаднаас хэчнээн ороогоод ч нэмэргүй юм байна. Тэгтэл ч эмч ирлээ. Эмнэлэгт хүргээд хөлийг минь тайрсан. Хотоос Цэргийн госпиталаас нисдэг тэргээр эмч нар ирлээ. Үзээд буруу тайрсан байна гээд мэс засал хийхээр болсон.
Эхлээд нугаламаар нь тайрчихсан байсан. Уг нь тэгэх ёсгүй байж л дээ. Госпиталаас Балдир гэж гавьяат эмч ирээд дахиж тайрах тухайгаа хэлсэн юм.
-Энэ явдлын дараа танд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан гэл үү. Танд бус, гранатаа буруу шидсэн нөхөрт, эсвэл шалгалтын үеэр сургуулилалт хийх үүрэг чиглэл өгсөн удирдах албан тушаалтнуудыг шалгаж болоогүй юм байх даа?
-Би хоёрдугаар сард хот руу Цэргийн госпитал руу хүргүүлээд, тавдугаар сард ангидаа ирлээ. Тэгтэл надад албан тушаалдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болов. Тэр үед анги, салбар бүрт цэргийн шүүх, прокурор, тусгай тасагтай байсан юм шүү дээ.
Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ж.Энхнасан тэр үед манайд цэргийн прокурор байсан юм. Намайг Энх-Амгалан гэдэг байцаагч байцааж байв. Тэр хүн сүүлд Д.Дорлигжавыг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад хуулийн зөвлөх нь болсон байсан. Холбогдсон хүн нь хохирчихоор хохирогч байхгүй гэж үздэг гэж байна лээ л дээ. Тухайн үед сонин л санагдаж байв.
Гар бөмбөгөө алдсан цэрэг минь тухайн үед мөрдөн байцаагчид “Би хол шидэх гээд савчихсан” гэж ярьсан байдаг юм билээ. Тэгснээ дараа нь “Батболдын малгайнд цохигдоод гранатаа алдчихсан” гэсэн мэдүүлэг өгсөн гэсэн. Би тухайн үед эмчлүүлэхээр явчихсан болохоор юу болсныг нь мэдэхгүй. Шүүхэд хэрхэн тайлбар өгснийг ч мэдээгүй.
-Золгүй явдлын үеэр хамт байсан хоёр цэрэгтэйгээ одоо холбоотой байдаг уу?
-Нуувчинд хамт байсан М.Дэмчиг одоо ч энд амьдарч байгаа. Нөгөө хоёр цэргийн маань хэн нь ч сураггүй. Эмнэлэгт байхад Мөнхбаатарын ээж нэг удаа эргэж ирсэн.
-Бусад гурвыгаа дарж хэвтээгүй байсан бол илүү аюултай явдал болох байж дээ?
-Тэр тухай огт төсөөлж байгаагүй. Тухайн үед миний өгсөн ганц команд нь “Хэвтээд”. Цэргийн дарга хүн богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах ёстой гэж заасан нь нөлөөлсөн болов уу. Тэр явдлын дараа эхний жилүүдэд их ичдэг, гадагшаа ч гарч чаддаггүй байлаа.
-Сэтгэл санаа ч хэцүү байсан биз?
-Би өөрөө ч жаахан тэнэгдүү хүн юм даа. Нэг их гутарч сүйд болоогүй. Үүнд сайн хань л нөлөөлсөн гэж боддог юм. Тэгэхэд бидний анхны хүүхэд төрөөд удаагүй байж. Намайг хаяад явчихаж болох л байсан байх. Хэрэв тэр үед хань минь хаяад явсан бол жинхэнэ сүйрэх байсан болов уу. Бараг “бөбөчин” гээч л болох байсан биз.
Эхнэртэйгээ нэг сургуульд нэгдүгээр ангид хамт орж байсан юм. Дунд сургуулиа төгсөөд эхнэр минь МУИС-ийн түүхийн, би цэргийн сургуульд сурч, нэг жил их, дээд сургуулиа төгссөн. 1968 оноос хойш л бид хамт байсан гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Одоо эхнэр бид хоёр гурван охинтой.
-Төрсөн ээж тань өөр газраас таныг зорьж ирж уулзаж байсан гэж сонссон. Энэ ослын дараа юм уу, эсвэл өмнө нь үү?
-Аав, ээж минь хоорондоо таарч нийлээгүй учраас хоёр тийш болсон юм билээ л дээ. Тэгээд ээж төрсөн нутаг Дорнод руугаа буцаж, би аав Борягийнхаа эцэг буюу өвөө Дарьсүрэнгээрээ овоглож үлдсэн юм. Багад минь хоёр тийш болсон учраас ээжийнхээ царайг тогтоож чадаагүй үлдсэн юм даг. Эмээ минь их айхтар хүн байсан л даа.
Дунд сургуульд орж А үсэг заалган, уншиж бичдэг болох үеэс л ээж рүү минь надаар захиа бичүүлж илгээдэг байж. Олон жил өнгөрсний дараа, 208 дугаар ангид ротын захирагчаар ажиллаж байтал нэг өдөр “Ээж чинь уулзахаар ирлээ” гэж харуулын цэрэг хэлдэг юм байна. Эмээ ээжийгээ л гэж бодож гартал байдаггүй ээ. Гэхдээ хүний элэг гэж цаагуураа өөр л байдаг юм билээ.
Нэг эмэгтэй л намайг тосоод ирж байна, би ч тосож очоод тэврээд авлаа. Ингэж 20-иод жилийн дараа төрсөн эхтэйгээ золгож байсан түүхтэй. Түүнээс хойш Дорнодод очиж, ээж дүү нартайгаа уулздаг, гурван жилдээ нэг удаа ижийдээ очиж, золгож байна гэж амласан ч нөхцөл байдлаас болж амласандаа хараахан хүрч чадахгүй л явдаг даа. Ээж минь миний доод талын дүүг аваад Дорнод руугаа явсан юм.
-Тэр ослын дараа яам, ЗХЖШ-аас хэрхэн дэмжиж тусалсан бол?
-1988 онд тухайн үеийн БХЯ-ны сайд, дэслэгч генерал Ш.Жадамбаа гуай “Улаан од” сонины сурвалжлагчид намайг яаж амьдарч байгааг судлуулж, нийтлэх үүрэг өгч, явуулж байсан юм. Төр, засгийн зүгээс санаа тавьсан нь тэр. 1989 онд би өөрөө өргөдөл өгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургуульд сурч байлаа. Одоогийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянхошуунд тэр сургууль байдаг, түүнд нягтлан бодогч бэлддэг байсан юм.
Тухайн үед зурагтаар Оросын “Зовлон дуусна” гэдэг кино гарч байлаа. Дайны үед хөлгүй болчихсон залуу дайны дараа тэргэнцэр дээр сууж явдаг, өөрийн хичээл зүтгэлээр нягтлан болдог юм. Түүнээс санаа авч би яаманд өргөдөл бичиж, Ш.Жадамбаа сайд тушаал гаргаад, яамнаас төлбөрийг нь төлөөд суулгаж байсан түүхтэй. Түүнээс биш, одоогийнхтой адил мөнгөн тусламж, тэтгэмж өгч байгаагүй ээ. Бас хоёр ч удаа хиймэл хөл (протез) хийлгүүлж байсан. Яамнаас протезийн мөнгө гэж 600.000 төгрөг авч байв.
Би 1989 онд цэргээс бэлтгэлээр халагдсан. Найман жил зургаан сар ажиллаад халагдсан гэсэн үг. Хэрэв би 10 жил ажилласан бол хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх үүсэх юм билээ. Саяхан шинээр батлагдсан Батлан хамгаалахын багц хуульд эрүүл мэндээр халагдсан хүмүүст тэтгэмж олгоно гэсэн заалт байна лээ. Түүнийг хөөцөлдөж үздэг юм бил үү гэж бодож байгаа.
-Тавантолгойн сургалтын нэгдсэн төвд болсон ослын талаар та ямар бодолтой байгаа бол?
-Тэр явдлыг нарийн мэдээгүй. Хүмүүсийн ярианаас сонсох нь ээ татуургаа сугалчихаад буцаагаад хийх гэж оролдсон юм болов уу гэж бодож байна. Туршлага, мэдлэгтээ эрдэж, бардсан байх гэж бодож сууна.
-Спортын мастер, МҮОХ-ны алтан медаль хүртжээ. Спортын хүн байсан юм уу?
-Надад цэргийн талын нэг ч шагнал урамшуулал байхгүй ээ. Хэдийгээр ийм болсон ч гэлээ суугаа волейболоор оролдож, орон нутагт холбоо байгуулж, цөөнгүй хүнийг нэгтгээд байгаа. Энэ бүхнийг минь л үнэлж шагнасан хэрэг.
-Суугаа волейболын холбоо байгуулах сэдэл хаанаас төрсөн юм бэ?
-1991 онд би нягтлан бодогч болж ирлээ. Тэгээд Жамъянпэрэнлэй, Баярмагнай гэж гал сөнөөгчөөр ажиллаж байсан Баянхонгорын хоёр залуутай танилцаж нөхөрлөсөн. Бас л дээд газраас ирсэн нэг шалгалтын бэлтгэл хийж байгаад 6000 вольтын хүчдэлд цохиулж, Баярмагнай нь хоёр гар, нэг хөлгүй, Жамъянпэрэнлэй хоёр хөл, нэг гараа алдсан хүмүүс л дээ.
Бид нийлж пара волейболын баг байгуулсан юм. 1992 оны дөрөвдүгээр сард Буриадаас баг ирж, нөхөрсөг тэмцээн зохион байгуулж байлаа. Түүнд манай баг түрүүлсэн юм. Тэгээд буриадууд долдугаар сард нь нутагтаа урив. Тэр тэмцээнд явахын өмнө 29 дүгээр тусгай сургуулийн байранд байрлаж, бэлтгэлээ базааж байв.
Тухайн үед хөнгөн атлетик, пара волейбол, харайлт гээд хамт болдог байсан юм. Ганц хөлтэй юм байж 100 метрт гүйж, байран дээрээсээ харайж байлаа шүү дээ. Тэгж байгаад нэг хэсэг хаясан. 2005-2006 онд сэргээгээд, 2011 онд Орхон аймагтаа суугаа волейболын баг байгуулсан. Түүнээс хойш олон ч тэмцээн уралдаанд амжилттай оролцож алт, мөнгөн медаль хүртсээр л байна.
-Хэчнээн тамирчин байдаг юм бэ?
-Бүртгэлтэй нь 44-45 бий. Харин тэмцээнд 16 тамирчин сонгож авна. Зардал мөнгийг өөрсдөө эсвэл, аймгийн Биеийн тамир, спортын хорооноос гаргуулна. Мөн аймгийн удирдлага ч гаргадаг. Аймгийн удирдлага биднийг их дэмжиж тусалдаг юм. Спортын ордонд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг орж гарч, бэлтгэл хийх танхим тохижуулахад Сумъяасүх гэдэг дарга маш их дэмжиж тусалж байлаа. Одоо нам нь солигдоод, тэр хүн ажлаасаа чөлөөлөгдсөн л дөө.