УИХ-ын гишүүн Г.Занданшатартай Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах гэж байснаа хойшлуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын даргад гардууллаа. Энэ асуудал цаашаа хэрхэн үргэлжлэх бол?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тавдугаар зүйлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үндсэн зарчмыг хуульчилсан.
Үүнд “Ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах, бодитой, ил тод байх” гэсэн заалт бий. Бид дээрх зарчмыг хангаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг найман үе шаттай хийхээр төлөвлөөд, зургаа дахь шат руугаа орох гэж байна.
-Ямар найман үе шат билээ?
-Эхнийх нь, УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөнтэй хамтарч 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ, дүгнэлт, зөвлөмжид үндэслэн УИХ-ын Тамгын газар, ШУА, эрдэмтэд, судаачдын онол практикийн хурал зохион байгуулсан. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар эрдэмтэн, судлаач, хуульч, шинжээчдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулсан.
Уг ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий, эсэх талаар 21 аймаг, есөн дүүргийн 3617 иргэнээс судалгаа авсан бөгөөд судалгаанаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт, өөрчлөлт оруулах сэдвийн жагсаалт гаргасан.
Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг өмнө нь УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын судалгааны алба, МАН-ын бүлгийн хийсэн судалгаа, санал, зөвлөмжид үндэслэн зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцэх зургаан сэдвийг баталсан. Гуравдугаарт, УИХ-аас Зөвлөлдөх зөвлөл байгуулж, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан.
Дөрөвдүгээрт, Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийг өргөн төлөөлөлтэй байгуулж, саналын томьёолол боловсруулан, зүйл заалт бүр дээр нарийвчлан ажилласан. Тавдугаарт, ажлын хэсэг төслөө боловсруулаад, Ерөнхийлөгч, Засгийн газар, ҮАБЗ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг эрх бүхий албан тушаалтнуудаас санал авсан.
Зургаа дахь шат буюу ард нийтийн хэлэлцүүлгийг энэ зунжингаа явуулна. Ард нийтийн хэлэлцүүлгийг Засгийн газар, орон нутгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран бүх байгууллагад зохион байгуулж, улсын хэмжээнд иргэдийн саналыг авах юм. Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулсан хэлэлцүүлэг мөн зохион байгуулна. Ард нийтийн хэлэлцүүлгийн дүнг үндэслэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дахиж боловсруулна. Долоо дахь шат буюу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлэх нь есдүгээр сард байх болов уу.
Төслийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор УИХ-аар хэлэлцэж эхлэх хуультай. Хэлэлцэхдээ хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжвэл дараагийн хэлэлцүүлэгт оруулна. Улс төрийн намууд, олон нийт зөвшилцөлд хүрч, нэгдсэн байр суурьтай болбол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн дөрөвний гурваар батлах, ард нийтийн санал асуулгаар батлах гэсэн хоёр хувилбараас аль нэгийг нь сонгоно. Үүнийг урьдчилж хэлэх боломжгүй.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Хоёрдугаар хэлэлцүүлэгт тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзвэл ард нийтийн санал асуулга явуулах тогтоол батална” гэж заасан. Тэр үед ард нийтийн санал асуулга явуулна гэж шийдвэл ард нийтийн санал асуулга явуулна.
Энэ бүхэн олон хүний хүч хөдөлмөр шингэсэн, санал бодол уралдуулсан, зөвлөлдөх цогц арга хэмжээ болох юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтөд долоо биш, найм хэмжиж нэг огтлох зарчим баримталж байна.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг байнга ярьдаг. Өнгөрсөн парламентын үед гэхэд л ажлын хоёр ч хэсэг гарч, төсөл боловсруулаад амжилтад хүрээгүй.
Энэ удаа та бүхэн зорилгоо биелүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа юу?
-Аль нам олонх байхаас үл хамаараад Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж сүүлийн дөрвөн парламент дамжин ярьж ирлээ. Үе үеийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа нь асуудал бийг нотолж буй хэрэг. Үндсэн хуулийн үнэлгээ хийхэд эрдэмтэд, улс төрийн намууд санал нийлж буй зүйл олон байна. Дэлхий нийтэд Үндсэн хуулийн дундаж наслалт 25 жил байдаг.
Улс орнуудын Үндсэн хуулиудын талаас илүү нь энэ хугацаанд бүрэн өөрчлөгдсөн байдаг юм билээ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтнүүдтэй хамтарч зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд Томас Гинсбург Үндсэн хуулийн хэрэгжилтийн 25 жилийн тайланг танилцуулсан. Монголын эрдэмтэн, судлаачид зүйл, заалт бүрээр нь үнэлэлт дүгнэлт өгсөн юм билээ.
Хэрэгжээгүй, тунхаглалын шинжтэй, зөрчигдсөн заалт олон байгаа тухай тэнд дурдсан. Өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засаг, оюун санаа, хүн ам зүй, иргэний нийгэм, улс төрийн ухамсар, соёл, техник технологи, олон улсын харилцаа гээд олон зүйл өөрчлөгдлөө. Энэ бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэг шалтгаан. Хоёрдугаарт, Б.Чимид гуай “Үндсэн хууль бол түр зуурын буюу хэсэг хугацааны хөтөлбөр биш.
Харин ард түмний нэгэнт сонгосон зам болох нийгмийн яс булчингийн тогтолцоог язгуураар нь зангидсан, зүйл бүр нь авцалдаатай суурь хууль бөгөөд түүнээс аль нэг судсыг тасалбал бусад сүлжээндээ шарх үүсгэдэг. Үүнийг дордуулсан долоон өөрчлөлт тод харуулсан” гэж хэлсэн байдаг. 2000 оны өөрчлөлт Үндсэн хуулийн тогтолцооны хяналтын эд эсийг хөндсөнөөс болж бүх системд шархлаа үүсгэчихсэн. Түүнийг нь засах хэрэгтэй.
1992 оны Үндсэн хуулийг хэлэлцсэн протокол, бичиг баримтыг үзэж судалж, тэр үед ажиллаж байсан хүмүүстэй ярилцахад Б.Чимид гуай Финланд маягийн загварыг авсан нь тодорхой харагддаг. Гэтэл түүний гол амин судсыг 2000 оны өөрчлөлтөөр тасалчихсан. Харин саяын зөвлөлдөх санал асуулгын дүгнэлтийг харахад оролцогчид орчин үеийн Финланд маягийн загварыг гаргаж иржээ гэж дүгнэж болохоор байгаа.
-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг Үндсэн хуульд хялбар аргаар өөрчлөлт оруулах зорилгоор баталсан гэсэн яриа гараад байна. Энэ хуулийг санаачлан батлуулсан хүний хувьд та үүнд хариулт өгөөч?
-Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль бол иргэдийн оролцооны тухай хууль юм. Ардчилсан Үндсэн хуульд төрийн бүх эрх ард түмний мэдэлд байхаар заасан. Төрийн бодлого, шийдвэр гаргах, хууль тогтоолын төсөл боловсруулахад иргэдийн саналыг тусгах арга зайлшгүй шаардлагатай. Шууд ард нийтийн санал асуулга явуулъя гэхээр мэдээлэлгүй иргэд буруу шийдвэр гаргах магадлалтай.
Брекситээс эхлээд ийм жишээ дэлхий нийтэд олон бий. Иргэдийн оролцоо гэж ярьдаг ч процессийн хуульгүйгээс энэ асуудал цэгцрээгүй байсан. Харин Зөвлөлдөх асуулгын хууль батлагдсанаар иргэдийн оролцоог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. Сая зөвлөлдөх санал асуулга явуулахад шинжлэх ухааны аргачлал ашиглан түүврийн аргаар сонгогдсон, хүн ам зүй, үзэл хандлагын аль ч талаасаа Монгол Улсыг бүрэн төлөөлж чадахуйц 669 иргэн Төрийн ордонд цуглаж, Үндсэн хуулийн өөрчлөлтөд санал бодлоо нэмэрлэсэн.
30 гаруй оронд зөвлөлдөх санал асуулгыг шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх оновчтой арга хэрэгсэл гэж үзэж, зохион байгуулаад буй. Харин манай улс хамгийн өндөр ирцтэй, иргэд нь идэвхтэй оролцсон орон боллоо. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 89.3 хувь нь “Арга хэмжээ бүхэлдээ үр дүнтэй, маш сайн ажил боллоо, их зүйл ойлгож мэдэрлээ” гэж үнэлсэн.
Популизм гаараад байгаа нь төр, засаг бодлогоо тайлбарлаж чаддаггүйтэй, иргэд шийдвэр гаргахад оролцдоггүйтэй холбоотой. Энэ асуудлыг шийдэхэд зөвлөлдөх санал асуулга тус болно. Ганц Үндсэн хууль өөрчлөхөд ч биш, бусад томоохон асуудлын шийдлийг бий болгож буй. Тийм учраас академич Ж.Амарсанаа зөвлөлдөх санал асуулгын талаар “Монголын төр, эрх зүйн түүхэнд цоо шинэ үзэгдэл, үйл явц болж өнгөрлөө. Ард иргэдийнхээ саналыг төр сонсож, тэдэнд бодлогын хувилбарыг учирлан таниулах нь туйлын чухал юм байна” гэж хэлсэн.
Энэ мэтчилэн олон эерэг сэтгэгдэл, шүүмж сонсож байгаа. Энэ арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулсан УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, А.Ариунзаяа даргатай Үндэсний статистикийн хороо, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн тэргүүтэй УИХ-ын гишүүд, экспертээр оролцсон академич Н.Лүндэндорж, Ж.Амарсанаа, доктор Ч.Энхбаатар тэргүүтэй эрдэмтэн, судлаачдадаа баярлалаа.
Хоёр жилийн өмнө хамтран “Үндсэн хуулийн өөрчлөлт ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол, практикийн бага хурал зохион байгуулсан тэр үеийн Стратегийн академийн захирал, одоогийн УИХ-ын гишүүн А.Ундраадаа талархал илэрхийлж буйг минь дамжуулж өгөөрэй.
-Зөвлөлдөх санал асуулгад итгээгүй, урьдчилан төлөвлөсөн үр дүн гарна гэж хардах хүн таарч байсан?
-Шинжлэх ухаанд итгэдэг бол зөвлөлдөх санал асуулгад итгэхээс аргагүй. Шинжлэх ухаанд бус, тэнгэрт итгэдэг бол өөрийнх нь хэрэг. Ард түмний саналаар сонгогддог, иргэдийн оролцоо хэрэгтэй гэж ярьдаг хэрнээ ард түмнийг төлөөлөх чадвартай иргэдийн тунгаан бодсон саналыг сонсох хэрэггүй гэж үү. Иргэд мэдээлэлтэй болоод, асуудалд саналаа өгөх нь дэмий зүйл үү.
Иргэдийг баримт нотолгоонд тулгуурласан мэдээллээр хангаж, санал бодлоо солилцох, төр бодлого, шийдвэрээ танилцуулж, санал асуух нь буруу юу. Зөвлөлдөх санал асуулга бол жирийн уулзалт, хэлэлцүүлгээс илүү шинжлэх ухаанч, зохион байгуулалттай. Хэлэлцүүлэгт тухайн асуудалтай ямар нэг байдлаар холбоотой хүмүүс зорьж ирдэг учраас нэг талын, өрөөсгөл байр суурь гардаг. Харин зөвлөлдөх санал асуулгад санамсаргүй сонгогдсон хүмүүс уншиж, судалж, тунгаан бодож байж оролцдог.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл рүү яриагаа чиглүүлье. Уг төсөлд Хянан шалгах түр хороо гэдэг нэр томьёо байсан. Энэ ямар чиг үүрэгтэй байгууллага вэ.
АТГ шиг, эсвэл өмнөх нийгмийн Намын хянан шалгах хороо гэдэг шиг хүн айлгадаг газар бий болох вий гэсэн болгоомжлол байна?
-Төрийн өндөр албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг хянаж, шалгадаг байгууллага олон орны Үндсэн хуульд байна. Европод бол омбудсмэн гэж бий. Олон улсын парламентын холбооноос “Хяналт, шалгалтын түр хороо байгуулах нь төрийн хариуцлагыг бэхжүүлдэг” гэсэн зөвлөмж манай улсад ирүүлсэн. Тус холбооны судалгаагаар 88 орны парламентын 76 нь ийм мөрдөн шалгах хороотой юм билээ.
Нөгөөтэйгүүр, төрийн өндөр албан тушаалтанд хууль үйлчлэхгүй байна гэсэн яриа олонтаа гардаг. УИХ-ын гишүүд, хууль зөрчсөн албан тушаалтнуудыг шалгаж, буруу, зөвийг нь тогтоох Хянан шалгах түр хороо байгуулчихвал парламент зөвхөн хууль тогтоодог, хянаж, шалгадаг сайн институц болж хувирна. Гүйцэтгэх засаглалд төсвийн, томилгооны гээд бүх эрх мэдлийг нь өгч хүчтэй болгохын зэрэгцээ хяналт тавина.
Ерөнхий сайдыг хязгааргүй эрх мэдэлтэй болгочихгүйн тулд амыг нь татах хазаар нь Хяналт, шалгалтын түр хороо байх юм. Бүх эрх мэдэл хазаартай, бие биенээ хянах тогтолцоотой байх ёстой. Хяналт, тэнцлийн механизм гэдэг нь энэ.
-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хассан байна билээ. Ер нь эрх мэдлийг нь нэлээд хумьсан харагдсан.
-Эрх мэдлийг нь хассан зүйл байхгүй. Манайх Үндсэн хууль Финландын тогтолцоотой илүү төстэй гэж дээр хэлсэн шүү дээ. Энэ улсын Ерөнхийлөгч хууль санаачлах, хуульд хориг тавих эрх мэдэлгүй, зөвхөн хуулийг ёсчилдог. Бусдаар бол манай Ерөнхийлөгчтэй тун ойролцоо эрх мэдэлтэй.
-Ерөнхий шүүгчийг томилох эрх мэдлийг нь мөн хассан байсан шүү дээ?
-АТГ, Прокурор, Шүүх бие биендээ хяналт тавих ёстой байгууллага. Гэтэл энэ гурвын удирдлагыг Ерөнхийлөгч томилдог болохоор бие биендээ хяналт тавих боломж нь багасчихаж байгаа юм. Тиймээс Ерөнхий шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгоод УИХ баталж, Ерөнхийлөгч батламжилдаг байхаар төсөлд тусгасан.
-Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг Ерөнхийлөгч томилдог хэвээр үү?
-Прокурор шүүх эрх мэдэлд багтдаг Үндсэн хуулийн байгууллага. Эх газрын эрх зүй, Англо Саксоны эрх зүйд ялгамжаатай зүйл бий. АТГ гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага. Тэр зарчмаа хадгалж хэвээрээ байх нь зүйтэй гэж үзсэн.
-Манай Засгийн газрын бүтэц байнга өөрчлөгддөгөөс гадаадынхны бүү хэл монголчуудын толгойг эргүүлдэг. Засгийн газрын бүтцийг нэлээд тодорхой зааж өгсөн нь харин зөв санагдсан?
-Засгийн газар солигдох бүрт яамдыг бужигнуулаад байна. Яамдыг нэр зааж хуульчилъя гэсэн асуудал яригддаг. Тиймээс ядаж үндсэн чиг үүргийн яамдаа бүтцийн өөрчлөлт нэрийн дор бужигнуулдаггүй болъё гэсэн. Ингээд Үндсэн хуульд Хууль зүй, дотоод хэргийн, Сангийн, Гадаад хэргийн, Батлан хамгаалах, Эдийн засгийн хөгжлийн зэрэг үндсэн чиг үүргийн яамыг нэр заан оруулахаар төсөлд тусгасан. Ядаж энэ таван яам тогтвортой, хөдөлгөөнгүй байг.
Нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн долоо хүртэл яамыг нэмж байгуулах асуудлаа УИХ-д оруулах эрхийг Ерөнхий сайдад үлдээж байгаа. Ер нь Засгийн газрыг 12-оос илүүгүй яамтай байлгахыг эрмэлзэж байна. Өмнө нь эвслийн Засгийн газрын үед яамны тоо 19 хүрсэн удаатай. Хүнд тохируулж яам байгуулдаг, хүн оруулахын тулд бүтцийн өөрчлөлт нэрээр халж, сольдог явдлыг хязгаарлахыг зорьж байгаа юм. Тэгж байж төрийн бодлого тогтвортой, залгамж чанартай байна.