“Academia” англи хэлний институтийг үүсгэн байгуулагч, захирал Х.Нинж-Эрдэнэтэй ярилцлаа. Англи хэлийг сайн сурaхад суурь тавих шатнаас эхлээд сэтгэхүй, сэтгэлгээний өөрчлөлт маш чухал тул тус институтийнхэн үүнд онцгойлон анхаардаг байна.
Х.Нинж-Эрдэнэ АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хоёр удаа хамрагдсан, Нью-Йорк мужийн их сургуульд англи хэлний заах арга зүйгээр мастерын зэрэг хамгаалсан, TESOL зэрэгтэй цөөн монгол багшийн нэг юм. Мөн тэрбээр Монголын англи хэлний багш нарын холбооны гүйцэтгэх захирлын алба хашдаг. Бас Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн юм билээ.
-Та анх хэрхэн англи хэл сурч байв. Таныг дунд сургуульд байхад Монголд англи хэлний сургалтын эхлэл тавигдсан болов уу.
-Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумынх. Ардчиллын дараа хамгийн их хямарсан сум гэж хэлж болох байх. Намайг дунд сургуульд байхад тавдугаар ангиас орос, англи хэлний аль нэгийг сонгож сурах боломжтой байсан. Аав, ээж маань англи хэлийг сонго гэж зөвлөсөн. Тэр үед орос хэлний багш нар англи хэл заадаг байлаа.
Ямар ч байсан “A, B, C”-гээ мэдэхтэй болсон. Миний хоёр эгч Улаанбаатар дахь Туркийн лицей сургуульд сурдаг байсан юм. Тэд надад их үлгэр дуурайл болдог, бас англи хэлний ном өгдөг байсан. Би эхэндээ ойлгохгүй ч зургийг нь хараад, төсөөлдөг байсан нь англи хэл сурахад нөлөөлсөн болов уу. Би бас их мөрөөдөмтгий. Сурагч байхад хуурцаг тоглуулагч (преставка)-аар америк кино үздэг байлаа.
Киноноос Америкийн хотыг хараад хэзээ нэгэн цагт энэ газарт очиж үзнэ гэж боддог байсан. Аливаад тууштай байхыг хичээдэг маань ч үүнд нөлөөлсөн. Бас эргэн тойрныхны нөлөө ч хэл сурахад хамаатай.
Ер нь хүнд хоёр төрлийн мотивац байдаг. Нэг нь дотоод буюу аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийх. Энэ нь хүнийг холын амжилтад хүргэдэг. Би АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргахдаа монголчуудад англи хэлийг академик түвшинд заана гэж зорилгоо тайлбарлаж байлаа.
-Та Фулбрайтын тэтгэлэгт хоёр ч удаа хамрагдсан. Тийм боломж байдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх.
-Анх 2008 онд Фулбрайтын тэтгэлэгт хамрагдсан. Тэр үед Питтсбургийн их сургуульд монгол хэл заахын зэрэгцээ соёлыг түгээгчээр ажиллах боломж олдсон юм. 2009 онд Монголд буцаж ирсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгсөж, багшилж байсан туршлага маань тэтгэлэгт хамрагдахад нөлөөлсөн байх.
2011 онд дээрх тэтгэлэгт дахин хамрагдаж, англи хэл заах арга зүй судалсан. Хоёр дахь удаагаа хамрагдаж болох, эсэх талаар асуухад өмнөхөд нь мастерын тэтгэлэг аваагүй тул болно гэсэн хариу өгсөн. Тэнд суралцаж байхдаа би олон зүйлийг анзаарсан.
-Тухайлбал, юуг хамгийн их анзаарсан бэ?
-АНУ-ын боловсролын салбарт бусад орныхоос өөр зүйл цөөнгүй бий. Үүний нэг нь хүний эргэцүүлэн бодох (critical thinking) чадварыг хөгжүүлдэг. Тухайн хүний зөв, буруу байхаас үл хамаараад үзэл бодлоо хамгаалж, бусдаас айхгүйгээр илэрхийлж сурах нь маш чухал. Монголд суралцаж байхдаа өөрийн бодлыг хэлснээс болж багш нартаа загнуулж л явлаа. Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахуйц боловсон хүчин бэлтгэх нь маш чухал гэдгийг ойлгосон доо.
-Зарим хүн хүүхдэдээ англи хэлийг багаас нь заахыг дэмждэг. Эхлээд эх хэлээ сурсан нь зөв гэх нь ч бий. Ер нь хэдэн настайгаас нь хүүхдэд гадаад хэл заавал зөв бол?
-Хэл сурах нь баруун, зүүн тархитай холбоотой. Ер нь хэл судлал, заах арга зүй нь тархи судлалтай салшгүй холбогддог. Хүүхдүүд хүн рүү гайхаж буй мэт хардаг даа. Тэд ажиглахдаа маш сайн, авиа зүйг сайн “барьж авч” чаддаг. Хэл сурахад амны хайрцаг чухал.
Англиар ярихад нүүрний 44 булчин ажилладаг. Хүүхдүүдийн баруун тархины хөгжил насанд хүрсэн хүмүүсийнхээс илүү байдаг тул авиа хүлээж авахдаа илүү. Тэд амны хайрцагны хөдөлгөөнийг анзаарч чаддаг. Хэл сурахын тулд сонсгол болон ажиглах чадварыг сaйжруулах хэрэгтэй.
-Тэгэхээр аль болох багад нь гадаад хэл заах нь зөв гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно. 0-5, тэр дундаа 0-2 настай хүүхдийн ажиглах, авиа “барьж авах” чадвар нь том хүнийхээс бараг 10 дахин илүү байдаг. Хүүхдүүд зурагт үзэж байхдаа л англи хэл сурах боломжтой гэдэг нь ажиглалт, сонсгол сайтайн илэрхийлэл. Насны онолоор бол 25 наснаас хойш хэл сурахад бэрхшээл учирдаг. Энэ нь авиа зүйг сонсож чадахгүй байгаатай холбоотой. Авиа сайн таньдаг хүний хэллэг маш цэвэрхэн байдаг.
-Монголчууд, тэр дундаа залуус англи хэл сурахын ач холбогдлыг мэддэг болсон юм шиг санагддаг.
-Мэдээж эх хэлнээсээ өөр хэл эзэмшсэн байх нь өнөөгийн даяаршсан нийгэмд маш том давуу тал болж байгаа шүү дээ. Энд нэг зүйл хэлэхэд, монголчууд алтай язгуурын буюу турк, солонгос, япон хэлийг илүү сайн сурдаг нь хэл шинжлэл талаасаа адилтай холбоотой. Түүнээс биш бид мундаг, ухаантайдаа бус. Монгол хэлэнд байдаг авианууд бол бидэнд заяасан маш том өгөгдөл.
Тиймээс монгол хэлийг тэр дундаа, босоо бичгээ маш сайн сурах хэрэгтэй. Бусад хэлийг сурахад энэ нь дөхөм болдог. Би монгол бичгээр бичдэг, уншдаг. Цэвэр бичигтний улсын аварга шалгаруулах уралдаанд оролцож явсан. Англи хэлний хувьд монголчууд боломжийн сурч байгаа.
Гэхдээ академик түвшинд Азидаа доороосоо хоёрдугаарт бичигдэж байна. Олон улсын англи сэтгүүлд өгүүлэл, судалгаа хэр нийтлүүлснийг харгалзан үзэж уг чансааг тогтоодог. Энэ нь Монгол Улсад үндэсний стандарт байхгүйтэй холбоотой.
-Үндэсний стандарт гэдгийг тодруулна уу.
-Дунд болон их, дээд сургуулиас шилжихэд хэлний түвшин нь харилцан адилгүй байдаг. 1-5 дугаар ангид англи хэлний ийм түвшинтэй байна, 12 дугаар анги төгсөхдөө тийм шатанд хүрсэн байх ёстой гэсэн үзүүлэлт бүхий нэгдсэн, үндэсний стандарт байхгүй. Өөрөөр хэлбэл, бид англи хэлний сургалтын чанар гэж ярьдаггүй.
Хэдийгээр салбарын түвшинд нөлөөлж чадахгүй ч өөрийн хэмжээнд мэдлэгээсээ хуваалцаж, судалгааг англи хэлээр бичих хэмжээнд монголчуудын чадварыг сайжруулахыг зорьсон нь институтээ байгуулах нэг шалтгаан болсон.
-“Academia” институтээ хэзээ байгуулсан бэ?
-2013 онд АНУ-аас ирээд байгуулсан. Үүнээс өмнө нэг хэсэг Монгол дахь Америкийн их сургуульд багшилсан. Манай институт хүмүүст мэдээлэл боловсруулах, шүүн тунгаах арга барил олгохыг чухалчилдаг.
-Гадаад хэл сурах хүсэлтэй залуус юуг анхаарах талаар бага боловч чиглүүлж өгөөч.
-Аливаа тэтгэлэг бүр өөрийн онцлогтой байдаг. Фулбрайтын тэтгэлгийн шалгууртай танилцчихаад би өөрийгөө тэнцэж чадна, хайж буй хүн нь мөн гэж бодсон. Тэтгэлэгт тэнцэхийн тулд их сургуулийн дипломын голч дүн заавал 4.0 байх албагүй. Харин аминчхан биш, манлайлагч байх ёстой. Бусдад тодорхой хэмжээгээр нөлөөлж чадахыг манлайлагч гэж буй хэрэг. Мөн өөрийгөө илэрхийлэх чадвар маш чухал.
Фулбрайтын тэтгэлэгт хувь хүн талаас нь илүүтэй хардаг. Тэтгэлэгт тэнцэх потенциалтай мөртлөө нэг л эвээ олдоггүй хүмүүс байдаг. Би 2013 онд ирснээсээ хойш 10-аад хүнийг энэ тэтгэлгийн ярилцлага болон эссэ бичих зэрэгт нь зөвлөж, бэлдсэн. Эxнээсээ тэнцээд, сураад ирчихсэн, зарим нь явах гээд хүлээж байна.
Өөрөө эл тэтгэлэгт тэнцчихээд тэгтэл их баярлаагүй хэрнээ бэлдсэн хүмүүс маань тэнцэхээр их баярладаг юм байна.
-Та АНУ-ын соёлын төвд лекц уншдаг байхад залуучууд хэрхэн хүлээж авдаг байв?
-Бараг хагас жилийн хугацаанд долоо хоног тутам лекц уншдаг байсан. Танхим хүнээр дүүрч, зарим нь суудалгүй зогсдог байлаа. Нэг талаар үнэ төлбөргүй байсан нь тэднийг татахад нөлөөлсөн байх. Гэхдээ хамгийн гол нь залуус мэдлэгээр цангадагтай холбоотой болов уу. Тэдэнд хангалттай мэдлэг өгдөггүй юм шиг санагддаг.
ТАРХИ ЭЗНЭЭСЭЭ МЭДЛЭГ НЭХДЭГ
-Англи хэл сурч буй хүмүүсийн олонход нь ямар дутагдал анзаарагдаж байв?
-Ер нь хүмүүс унших дургүй байдаг. Хүний сонирхол татахгүй зүйл унш гэвэл мэдээж дургүй байдаг. Харин сонирхолтой зүйл санал болгоход хүмүүс уншихын сайхныг нь мэдэрдэг. Тархи эзнээсээ мэдлэг нэхдэг, ухаантай эрхтэн.
-Хэл сурна гэчихээд завгүй гээд л шалтагладаг хүн байдаг даа. Тэд яах ёстой вэ?
-Компьютер, утасныхаа дэлгэцийг ширтсэнээ нэг их ажил гээд завгүй мэт боддог. Монгол залуучуудын зорилго нь бүдэг байдаг. Мэдээж бүгд биш л дээ. Манай институт Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүст зориулж, эссэ хэрхэн бичих талаар зөвлөдөг.
Мөн АНУ, Их Британи, Шинэ Зеландын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүст өргөдөл бичих, ярилцлагад бэлтгэхэд нь зөвлөдөг. Ажиглаад байхад залуус санаагаа маш муу гаргадаг. Шалгалт өгч, өндөр оноо авах, гадаад явахын тулд бус, сурах чин хүсэлтэй байгаагаа ойлгуулах нь зүйтэй. Мастерын зэрэг хамгаалах бол тухайн хүний хэтийн зорилгод хүрэх ердөө нэг л шат шүү дээ. Түүнчлэн эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ чиглүүлээд байдаг. Тэгэхээр тэд өөрийн амьдралаар явахгүй байгаа гэсэн үг.
-Та Тайланд улсын Бангкокийн олон улсын сургуульд англи хэл зааж ажлын гараагаа эхэлсэн юм билээ. Гадаад оронд англи хэл заахад шалгуур өндөр байх нь мэдээж.
-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гуравдугаар курсэд сурч байхдаа гадаадын солилцооны хөтөлбөрт шалгалт өгсөн юм. Миний хувьд TOEFL-ын өндөр оноотой байсан. Гагцхүү сонгон шалгаруулалтын комисс нь “Ийм жаахан хүүхдийг явуулж болох уу” гэж санаа зовсон.
Би тэр үед 19 настай байсан л даа. Бас энэ хөтөлбөр нь төгсөх курсийнхэн болон ажиллаж буй хүмүүст зориулагдсан байсан. Гэхдээ зөвшөөрөхгүй, чадахгүй болов уу гэж хойш суугаагүй минь их хэрэг болсон. Хүн ер нь боломжийг өөрөө бий болгодог. Ганц нэг жижиг шаардлага, шалтгаанаар өөрийгөө хязгаарлаж болохгүй.
МОНГОЛД БОЛОМЖ ИХ БАЙГАА
-АНУ-д үлдэх боломж танд байсан уу. Боломжтой бол гадаадын оронд амьдрахыг хүсдэг монгол хүмүүс байдаг шүү дээ?
-Тэнд үлдэх боломж надад байсан. Би Америкт байхдаа гадаад оюутнуудад англи хэл заадаг байсан. Манай сургуулийнхан “Чи багшаар үлдэхгүй юм уу, чам шиг сайн багш Америкт их хэрэгтэй” гэдэг байлаа. Сонирхуулж хэлэхэд, АНУ-д америк англи хэлний багш авахаас илүүтэйгээр англи хэлийг хоёрдогч, гуравдагч хэлээ болгон сурсан мэргэжлийн заах аргазүйчдийг авах сонирхолтой.
Учир нь хэлний суурь мэдлэг, хөрвөх чадварыг их үнэлдэг. Монголд бол гадаад хүнийг л илүү гэдэг дээ. Мэдээж анх Монголдоо буцаж ирчихээд хэцүү, онцгүй санагдсан зүйл олон. Ямар ч мэргэжлийн сургуульд сураагүй гадаадын хүнд илүү цалин өгөх жишээтэй. Гэтэл тэр хүн англи хэл заах арга зүйн ямар ч мэдлэггүй байдаг. Эсвэл “Чи яагаад гадаадын хүнтэй адил хэдэн мянган долларын цалин нэхээд байна” гэх хүмүүстэй ч таарч байлаа.
Миний хувьд Засгийн газрын тэтгэлгээр явсан учраас Монголдоо буцаж ирнэ гэсэн бодолтой байсан. Нөгөөтэйгүүр, Монголд боломж, хийх ажил их байгаа.
-Та бол TESOL зэрэгтэй Монголын цөөн багш нарын нэг. Энэ зэрэг нь ямар ач холбогдолтой вэ?
-TESOL нь олон улсад англи хэл заах арга зүйн магистр болон докторын түвшний зэрэг гэж явдаг. TESOL бас өөрөө англи хэл заах аргын том салбар болоод удаж байна. Ийм нэртэй, Америкт төвтэй олон улсын байгууллага бий. TESOL зэрэгтэй бол дэлхийн аль ч улсад англи хэл заах боломжтой гэсэн үг.
Ийм зэрэггүй бол АНУ, Англид хэл заах боломжгүй. Хүмүүс мөнгөө төлөөд хэлний курсэд хамрагдахдаа багшийг нь сайн судлах хэрэгтэй. Багшийн мэдлэг, заах арга зүйд анхаарахгүй бол одоогийн байдал дээрдэхгүй, сургалтын чанар сайжрахгүй.
-Таныг гүйх дуртай гэж сонссон. Чөлөөт цагаараа өөр юу амжуулдаг вэ?
-Спорт бол миний амьдралын нэг хэсэг. Би сүүлийн 10 жил гүйж байна. Марафонуудад оролцдог. Гэхдээ сүүлийн хоёр сар орчим гүйсэнгүй. Монголд зориулалтын зам байдаггүй тул ихэнхдээ гүйлтийн зам ашигладаг. Гүйлтийн зам байлаа ч асфальтаар хийсэн нь хүндрэлтэй.
Гүйхээр хүний өвдгөнд ачаалал өгдөг тул ийм зам сөрөг нөлөөтэй. Сүүлийн үед йог, бясалгалаар хичээллэж байна. Бие ядарвал тархины ажиллагаа удааширдаг. Тэгвэл бясалгалаар хичээллэхэд тархи “цэгцэрдэг”. Ингэх тусам цагийн менежменттэй болж, ажил амждаг юм шиг санагддаг.
Залуус төдөн цагт ийм тийм ажлыг амжуулна гэж төлөвлөөд, түүнийгээ яг таг мөрдөх гэдэг. Миний бодлоор амьдралын ийм хэв маяг нь бүтээлч сэтгэлгээг устгадаг. Би хийх ёстой ажлаа амжуулчихаад гадаа алхах зэргээр тархиа сэргээдэг. Мөн үзэсгэлэн үзэх дуртай. Гадаадын орнуудаар явж байхдаа музей, галерей үзэхийг чухалчилдаг. Урлаг надад аливаа зүйлийг өөр өнцгөөс харах боломж олгодог.