“Хүчит морьтон” ХХК-ний захирал, “Монголын автомашин түрээслүүлэгчид болон жуулчин тээврийн холбоо”-ны тэргүүн Д.Сүрэнжавтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та юуны өмнө шинээр байгуулагдсан холбооныхоо талаар танилцуулаач. Холбоо байгуулах болсон гол зорилго?
-Монголд автомашин түрээсийн үйл ажиллагаа тогтмол эрхэлдэг цөөхөн хэдэн компани байдаг. Эдгээр компаниудын захирлууд нийлж “Монголын автомашин түрээслүүлэгчид болон жуулчин тээврийн холбоо”-г байгуулсан. Өнөөдөр автомашин түрээслүүлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, хяналт тавих, жолооч нарыг зорчигч тээвэр болон жуулчин тээврийн сургалтанд хамруулах, тэдгээрийн соёл, харилцааг дээшлүүлэх, аюулгүй, өндөр чанарын жуулчин тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Тиймээс бид нэгдэж автомашин түрүүслүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, нэгдсэн зохион байгуултанд оруулах, хяналт тавих, жуулчин тээврийн үйл ажиллагааг чанаржуулах зорилготойгоор энэ холбоог байгуулсан. Удирдах зөвлөл маань 21 гишүүнтэй, гүйцэтгэх захирлаар нь монголын анхны автомашин түрээсийн компанийн нэг болох “Мустанг” ХХК-н захирал Б.Өнөрхүү, нарийн бичгийн даргаар нь Д.Мөнхжаргал нар тус тус ажиллаж байна. Жуулчин тээвэрт хувийн автомашинтай дурын жолооч үнэ хөлсөө тохироод явчихдаг. Үүний цаана их эрсдэл агуулагдаж байдаг.
Хөдөө замд автомашин эвдэрлээ гэхэд хувь хүн тэрэгээ засахаас нааш цааш хөдлөх боломжгүй. Жуулчны компаниуд аяллын маршрутаа өдөр өдрөөр нь гаргаад, буудал, жуулчны баазаа захиалчихсан байдаг. Автомашин эвдэрч саатвал жуулчны компани хохирол амсдаг. Тэгвэл автомашин түрээсийн компани дор нь ижил маркийн автомашин гаргаж өгдөг. Автомашины техникийн бүрэн бүтэн байдлаас гадна жолоочийн туршлага, харилцааны соёл зэрэг асуудал яригдана.
Гадны жуулчдад манай орны байгаль, соёлоос гадна жолооч, хөтөч нарын үйлчилгээ чухал байдаг. Харин бид холбооны шугамаар жолооч нарыг сургалтад хамруулна. Жуулчин тээвэрлэхэд юуг анхаарах хэрэгтэй, хаана зогсох, хаана буудаллах зэргийг тодорхой зааж, зохих хэмжээний хэлний мэдлэгийг олгоно. Хөтөч хамт явж байдаг ч гэсэн жолооч өөрөө хэлний мэдлэг ойлголттой байх хэрэгтэй.
-Өмнө нь жуулчин тээврийн үйлчилгээнд ямар асуудлууд тулгарч байсан бэ. Төрийн байгууллагууд хувийн хэвшлийн үйл ажиллагаанд ямар асуудлууд үүсдэг байсан талаар тодруулж өгөөч?
-Бид төрийн болон ижил төстэй төрийн бус байгууллагуудад хамтран ажиллах албан бичгүүд илгээсэн. Холбоо маань байгуулагдаад удаагүй ч энэ цаг үед нэн шаардлагатай, хариуцлагатай ажил эхлүүлж байна гэдгийг Удирдах Зөвлөлийн анхны хурал дээр гишүүд хэлж байсан. Төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулах, зам тээвэр, жуулчин тээврийн салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг олон нийтэд сурталчлан таниулах, гадаад орнуудын зам тээвэр, жуулчин тээврийн салбарын хөгжил, туршлага, ололт амжилтыг судлах, эх орондоо хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудтай хамтарсан уулзалт, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг манай эрхлэн явуулах юм.
Хувь хүн, жолооч төрийн байгууллагад санал хүсэлтээ хүргэхэд хэцүү байдаг. Харин бид төрийн байгууллагуудтай хамтран ажилласнаар нэг талаас жуулчин тээврийн үйлчилгээ үзүүлдэг жолооч нарынхаа дуу хоолой болж, тэдний эрх ашийг хамгаалах, нөгөө талаас зам тээвэр болон аялал жуулчлал, жуулчин тээврийн салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг олон нийтэд сурталчлан таниулах, жолооч нарт шуурхай хүргэх гүүр нь болох юм. Жуулчны компаниуд автомашины техникийн бүрэн бүтэн байдал, туршлага, соёлтой харилцаа зэрэг шалгуурыг тавьдаг. Тэгвэл одоо манай холбоогоор дамжуулан баталгаатай машинтай, мэргэшсэн жолоочтой үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм. Цаашид Замын цагдаагийн газар, Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвтэй хамтарч ажиллана.
Жуулчны оргил үед жуулчны наалт, зөвшөөрөл олгох гээд төрийн байгууллагуудын ачаалал ихсэж, ажил гүйцэтгэхэд хүндрэл үүсдэг. Бид төрийн байгууллагатай хамтарсанаар тэдгээрийн зарим ажлыг холбоон дээрээ хариуцан аваад төрийн ажлыг хөнгөвчилж өгөх боломж бүрдэнэ. Хамтраад ажиллахаар хоёр талдаа давуу талууд бий болно. Манай Холбоонд жуулчинд явдаг нийт 600 гаруй жолооч бүртгэлтэй байдаг. Төрийн байгууллагууд болон болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжрана. Манай Холбооны автомашин түрээсийн компаниуд ACEM чуулга уулзалтын үйлчилгээнд голлох үүрэг гүйцэтгэсэн.
Энэ жилийн бүх аймгуудаар явах стататистикийн судалгаанд манай Холбоо дангаараа автомашинуудыг гаргаж өгч байна. Бид шаардлагатай үед нэг маркийн 30-40 автомашин гаргах боломжтой. Мөн Замын цагдаагийн газартай хамтраад эхлэхээр зам хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг жолооч нарт илүү хурдан хүргэнэ. Мэдээлэл хурдан шуурхай, хүртээмжтэйгээр зорилтот бүлэг рүү очино. Манай Холбоонд гишүүнээр элссэн жолооч нар Холбооноос тавьсан шаардлагыг биелүүлж татвар хураамжаа цаг тухайд нь төлж, автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах үүрэгтэй.
-Хүмүүс хөдөө гадаа явахдаа автобус унаатай таних хүн байна уу гэж асууж сурагладаг байсан нь шийдэгдэх боломжтой байгаа юм байна. Тэгвэл жолооч нарыг илүү чанаржуулахдаа юунд түлхүү анхаарах вэ?
-Бид салбарынхаа олон улсын байгууллагын гишүүн болж ажиллана. Төрийн байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад хамтраад ажиллана, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ, сургалтууд явуулна. Цаашид Холбоондоо бүртгэлтэй, төрийн эрх бүхий байгууллагаас бүх төрлийн зөвшөөрлөө авчихсан, сургалтад суусан жолооч нарыг гадаад дотоодын жуулчин тээврийн үйлчилгээнд гаргадаг болгохын төлөө бид зорьж ажиллах болно. Автомашин түрээслүүлэгчдийн болон жуулчин тээврийн нэгдсэн нэг холбоотой болно гэдэг нь их чухал. Төрийн байгууллагууд болон аялал жуулчлалын компаниуд, хувь хүмүүс шууд манай холбоонд хандахад болно. Баталгаатай, найдвартай автомашинуудыг бид шуурхай гаргаж өгнө. Тухайн салбарт төрөөс явуулж буй бодлогыг бид зорилтот бүлэг рүү нь шуурхай хүргэнэ. Мөн жолооч нар Холбоогоороо дамжуулж төрийн байгууллагуудад дуу хоолойгоо хүргэх боломж бүрдэнэ. Ингэснээр төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн уялдаа холбоо сайжрана.
-Холбооны зүгээс өөр ямар ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Нийгэм рүү чиглэсэн, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа тогтмол явуулна. Тухайлбал, хүүхдийн баяраар хотын дөрвөн чиглэлээс үнэгүй автобусаар үйлчилж эх үрсээ баярлуулъя гэж бодож байна. Наана нь холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авна. Мөн аялал жуулчлалын бусад компаниудтай хамтраад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэгүй аялуулах талаар ярилцаж байна. Өнгөрсөн онд аялал жуулчлалын “Хүчит морьтон” компанийн шугамаар 20 хүнийг Итгэлт хамба руу үнэгүй аялуулсан. Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар бүсчилсэн аялал зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа хангаад байна хийнэ. Монгол орноо тойрон аялах аяллынхаа эхний ээлжинд баруун гурван аймгийн үзэсгэлэнт газруудаар аялах төлөвлөгөө гаргаад байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг бидний “Монголын автомашин түрээслэгчид болон жуулчин тээврийн холбоо” фейсбуук хуудаснаас авч болно.
-Холбооны зорилго, үйл ажиллагааны талаар мэдээллийг манай уншигчдад өгч чадлаа гэж бодож байна. Таны ажлын туршлагаас харахад ер нь манай улсад аялал жуулчлалыг явуулахад ямар асуудал үүсдэг вэ. Жуулчдад жуулчлалын соёл хэр байдаг вэ?
-Гадны жуулчдын хувьд орон орноосоо шалтгаалаад өөр өөр араншинтай байдаг. Германы жуулчид цагийг яг баримталдаг байхад америк жуулчид хээгүй талдаа, итали, франц хүмүүс ааштай, дур зоргоороо гэхчилэн. Ер нь аялал жуулчлалын компаниуд жуулчин тээвэрлэх автомашинд их анхаарал хандуулдаг. Автомашинаас гадна хувь жолоочийн соёл их чухал. Жолооч нь өөрөө цэвэр ч байх хэрэгтэй. Хотоос машинаа угаагаад гардаг. Замдаа машин тоос шороонд дарагдана. Бүх аяллын турш жолооч машинаа сайхан цэвэрхэн авч явах хэрэгтэй. Тэгээд мэдээж автомашины бүрэн бүтэн байдал. Аялал жуулчлалын салбарт бүх зүйл урьдчилаад захиалагдсан байдаг. Буудал, ирэх очих онгоцны билет бүгд захиалагдсан байна. Замд машинтай холбоотой асуудал гараад зогсвол жуулчны компани алдагдалд орно.
Бид гадны жуулчдад сайхан дурсамж үлдээж, дахин ирэх тийм сэтгэгдэлтэй буцаах хэрэгтэй. Сайхан сэтгэгдэл үлдээхийн тулд хөтөч, жолооч хоёр хамгийн чухал үүрэгтэй. Компанийн захирал жуулчидтай хамт явахгүй. Тиймээс л жуулчидтай хамт явж байгаа хөтөч, жолооч хоёр бүхэл бүтэн компанийн төдийгүй Монголын нэрийг авч яваа гэсэн үг. Манай аялал жуулчлалын компанийн захирлууд мөнгөө нарийлахгүй тэднийг сургалтад хамруулж, мэргэжлийн түвшинд бэлтгэх хэрэгтэй. Манай монголчууд онцгүй гэмээр нэг онцлогтой. Мөнгө бага төлвөл тэр хэмжээнд нь тааруулж үйлчилдэг. Зарим аялал жуулчлалын компаниудад байнгын орон тоотой хөтөч байдаггүй. Тэгээд зундаа гэрээгээр хөтөч ажиллуулдаг. Үнэ ханшийг нь бага өгчихвөл монголынхоо нэр хүндийг гаргаж байна гэж бодохгүйгээр мөнгөндөө тааруулж үйлчлэх гээд байдаг талтай. Тиймээс хөтөч, жолооч хоёр чухал үүрэгтэй тул мэргэшүүлэх шаардлагатай.
-Гадаад, дотоодын жуулчдад зориулсан үзүүлбэр хэр байдаг юм. Ер нь энэ салбарын хөгжлийг юу гэж дүгнэх вэ?
-Манайд аялал жуулчлалын салбар сайн хөгждөггүй шалтгааныг дэд бүтэцтэй холбодог. Жуулчдад үзүүлж харахуулах юм хомс. Урьд япон жуулчин Хархорин руу давхиж хүрээд уйлсан гэдэг дээ. Хичнээн цаг давхиж очиход ямар ч үзэх юм байхгүй болохоор уйлсан гэдэг. Хятадад төрийн бодлого явуулж аялал жуулчлалд олон сая долларыг зарцуулдаг. Хоосон цөл дээр Чингис хааны онгоныг минь хийгээд жил болгон хэдэн сая жуулчин авч байна. Хувь хүн, компаниуд дангаараа аялал жуулчлалыг хөгжүүлэхд бэрх. Төрийн бодлого хэрэгтэй.
Жуулчдад зориулсан өндөр чанарын үйлчилгээний газрууд барих хэрэгтэй. Жуулчны баазуудад хатуу шаардлага тавьж стандартыг яг таг мөрдүүлэх ёстой. Гадныхан байтугай монголчууд орох аргагүй үйлчилгээ муутай, бохир жуулчны бааз нэртэй газрууд их байна. Төрөөс зөв бодлого явуулах хэрэгтэй. Сайдыг нь нам томилдог, сайд нь солигдохоороо яамны бүх дарга нар солигддог. Сайд, дарга нар нь улсын зардлаар орон орон хэсдэг, шонхор, аргал, янгирын квот булаацалдаг ийм тогтолцоонд аялал жуулчлал хөгжихгүй. Аялал жуулчлалын салбарыг эх оронч үзэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй салбарынх нь хүн удирдах хэрэгтэй.
П.Нарандэлгэр