Монголын хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны дарга Б.Энх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Эвлэрүүлэн зуучлал гэдэг манай улсын хувьд шинэ ойлголт. Үүнийг зохицуулах хууль хэрэгжээд гурван жил өнгөрчээ. Үр дүн ямар байна вэ?
-Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог Монголд нэвтрүүлэх үйл явц 2006 оноос эхэлсэн. Японы ЖАЙКА байгууллага, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран шүүхийн бус журмаар хэрэг маргааныг шийдвэрлэх боломж юу байна, хуульчдын оролцоо, эрх зүйн орчин нь ямар байх талаар ярилцан, анхны төслөө эхлүүлж байлаа. Төслийн хүрээнд иргэний хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах төв байгуулж, эвлэрүүлэн зуучлагчийг өмгөөлөгч нараасаа бэлтгэн ажилласан.
2012 онд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг УИХ баталж, 2013 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн онд 12 мянга гаруй өргөдөл, гомдол эвлэрүүлэн зуучлагч нарт ирсний 9000 орчмыг нь амжилттай шийдвэрлээд байна. Иргэд маргааныг заавал шүүхээр, албадлагын журмаар шийдэх ёсгүй юм байна гэдгийг ойлгож эхэлжээ.
-Ихэвчлэн ямар төрлийн маргаан зонхилдог бол?
-“Иргэний эрх зүйн, хөдөлмөрийн ганцаарчилсан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлал хэрэглэнэ” гэсэн холбогдох хуулийн заалт бий. Сүүлийн үед зээлийн гэрээ болон банк, банк бус санхүүгийн байгууллага зээлдэгч нарын хоорондын маргааныг шийдвэрлэх тохиолдол нэмэгдэх боллоо.
Тодорхой маргааныг шийдвэрлэх талаар хуульд заасан ч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор шинэ төрлийн маргаанууд гарч ирж байгаа. Үүрэн холбооны компани, СӨХ-ны талаар гомдол цөөнгүй байна. Нийгмийн хөгжлөө дагаад шийдвэрлэх асуудлын хүрээ өргөжин, Захиргааны болон Эрүүгийн хэрэгт эвлэрүүлэн зуучлах боломж бий болсон. Хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран энэ талаар судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Захиргааны тодорхой төрлийн хэрэг дээр талууд хоорондоо санал хүсэлтээ гаргасны үндсэн дээр эвлэрүүлэн зуучлах боломжтой гэсэн шийдэлд хүрсэн.
Төрийн албан хаагчдыг ажлаас нь олноор халж буй асуудлыг эвлэрүүлэн зуучлах замаар шийдвэрлэж болно гэж үзлээ. Тодруулбал, ажил олгогч төр, нөгөө талд нь ажилтан буюу төрийн захиргааны болон үйлчилгээнийхэн байна. Үнэхээр хууль бусаар ажлаас нь халж, тушаал шийдвэр гаргасан тохиолдолд асуудлыг шийдэх боломжтой. Гэхдээ Захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлах арга замаар шийдвэрлэх боломжгүй маргаан гэж бий. Тухайлбал, татвар, ашигт малтмалын лицензтэй холбоотой маргаан агуулгын хувьд өргөн хүрээтэй. Эрүүгийн хөнгөн хэлбэрийн гэмт хэрэгт холбогдогчдыг ч эвлэрүүлж болно.
Гэхдээ энэ нь хэргийн шийдвэрт нөлөөлөх үү гэдэг нь чухал. Хэргийн холбогдогч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгаа арилгасан, хохирогчтой эвлэрч, прокурорын шатанд очсон бол хүчин төгөлдөр үйлчилж буй одоогийн Эрүүгийн хуулиар хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх заалт бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг хэд хоногийн өмнө баталлаа.
Хуулийн үзэл баримтлалаас харахад хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх заалт хэвээрээ байна лээ. Талууд хоорондоо эвлэрээд шүүх дээр ирж буй тохиолдолд хэдийгээр шүүх тухайн хүний гэм бурууг тогтоогоод, тодорхой хэмжээний ял шийтгэл ногдуулсан ч нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэргийн холбогдогчид хөнгөн эсвэл хуульд заасан хэмжээнээс доогуур ял оноох боломж бий.
... Эвлэрлийн гэрээ байгуулаад, тэр нь шүүхээр баталгаажсан тохиолдолд дахин уг асуудлаар маргаан үүсгэхгүй. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан захирамжийг албадан гүйцэтгүүлж болно. Иргэд Эвлэрүүлэн зуучлах хэсэгт очоод л асуудлаа тэр дор нь шийднэ гэсэн ойлголттой ирдэг нь нууц биш ...
-Тэгэхээр эрүүгийн хэргийг эвлэрүүлэн зуучлалаар шийдэх боломж байна гэсэн үг үү?
-Судалгаа болон өмгөөлөгчийн туршлагаас харахад эрүүгийн хөнгөн хэлбэрийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудлыг энэ аргаар шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, эрүүгийн зарим хэрэгт хоёр тал эвлэрээд ороход шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдал нь дээрдэнэ.
-Ямар нэг гэрээ хэлцэл хийхгүйгээр хүнээс их хэмжээний мөнгө зээлээд үндсэн мөнгөнөөсөө илүү хүү, алданги төлж, дээрээс нь сэтгэл санааны дарамтад орох тохиолдол цөөнгүй гарах болж. Энэ тохиолдолд эвлэрэх боломж бий юү?
-Манай иргэд хууль, эрх зүйн мэдлэг дутмагаасаа болж ийм байдалд орж байна. Мөнгө хүүлэгчид үндэслэлгүй хүү авдаг. Арван сая төгрөг зээлсэн хүн 20, 25 сая болгон төлөх тохиолдол гарч байна. Хүнээс мөнгө зээлсэн бол гэрээ хэлцэл байгуулсан, эсэхээс үл шалтгаалж төлөх үүрэгтэй.
Гэхдээ тухайн хоёр хүний хоорондын харилцаа хуульд нийцсэн байх ёстой. Тухайлбал, хүнээс 10 сая төгрөг зээллээ гэж бодъё. Нэг сарын хүү нь таван хувь байлаа гэхэд алдангийг 0.5 хувиар тооцох зарчмаар тухайн гэрээ хэлцэл явагдах ёстой. Хүү оролцуулахгүйгээр алданги нь үндсэн зээлийн 50 хувиас хэтрэх боломжгүй. Энэ тухай Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан.
Зээлийн гэрээг зөвхөн бичгээр хийсэн тохиолдолд хүү, алданги тооцдог. Амаар хэлцэл хийсэн тохиолдолд хүү, алдангийн асуудал яригдахгүй. Үүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Мөнгөө төлөөд байхад зээлүүлсэн хүн нь дахин дахин дарамтална гэдэг гэмт хэрэг болчихож байгаа юм. Эрүүгийн хуульд “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэсэн зүйл заалт бий.
-Хэрэг, маргаанаа эвлэрлийн аргаар шийдэхийг хүсвэл эхлээд хаана хандах вэ?
-Нийслэлийн болон орон нутгийн анхан шатны шүүхүүдэд Эвлэрүүлэн зуучлах хэсэг гэж бий. Тэндээс мэдээлэл авч болно. Мөн өмгөөлөгчөөс зөвлөгөө авч шүүхэд хандаж болно.
-Хүмүүсийг 3-6 сарын хугацаанд эвлэрээд ир гээд явуулчихдаг. Эвлэрүүлэн зуучлал нь шүүгчийн ажлын ачааллыг бууруулахаас өөрөөр иргэдэд төдийлөн үр ашиггүй байна гэх юм. Үүнд та ямар тайлбар өгөх бол?
-Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа 30 хоног гэхээр мөнгөө өгөх хүнд богино, авах хүнд урт санагдах нь ойлгомжтой. Харин гэр бүлийн маргааны хувьд хуулийн дагуу шүүхээс нэмж хугацаа тогтоодог. Хосуудын таарамжгүй харилцаа гэхээс илүү хүүхдийн эрх ашиг хөндөгддөг учраас гурван сарын хугацаанд эвлэрэх боломж олгож байгаа юм.
Ингэж хугацаа өгөөд явуулахаар эргээд шүүхэд хандах эрхгүй мэтээр буруу ойлгодог. Хосууд дахин шүүхэд хандах эрх нь дээрх хугацаанд л хязгаарлагдана. Харин гэр бүлийн хэн нэг нь хүчирхийлэл дарамтад байвал хугацааны тухай яригдахгүй. Эвлэрлийн гэрээ байгуулаад, тэр нь шүүхээр баталгаажсан тохиолдолд дахин уг асуудлаар маргаан үүсгэхгүй. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан захирамжийг албадан гүйцэтгүүлж болно.
Иргэд Эвлэрүүлэн зуучлах хэсэгт очоод л асуудлаа тэр дор нь шийднэ гэсэн ойлголттой ирдэг нь нууц биш. Шүүхийн хугацаа 120 хоног байдаг бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд 30 хоног шаардлагатай. Энэ хугацаанд эвлэрч чадахгүй бол шүүхээр шийдвэрлүүлж болно.
-Хоёр талын эвлэрлийн гэрээг шүүгч хүлээн авахгүй байх тохиолдол бий юү?
-Эвлэрүүлэн зуучлах хэсэг анхан шатны шүүхүүдэд байрлаж байгаа гэхээр иргэд шүүхийн ажиллагаа гэж ойлгодог. Хэдийгээр шүүх дээр байрлаж буй боловч талуудын эвлэрэх ажиллагаанд шүүгч шууд утгаар оролцохгүй. Талууд ойлголцон эвлэрлийн гэрээ байгуулсан тохиолдолд түүнийг нь шүүгч хянаад хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх зөрчигдөөгүй байна гэж үзвэл баталгаажуулсан захирамж гаргадаг.
Харин талуудын хоорондын эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, маргааны агуулга хуульд нийцсэн байх ёстой. Энэ хоёр үндэслэлээр л эвлэрлийн гэрээг шүүх хүлээн авдаггүй.
-Эвлэрүүлэн зуучлагч нэг талын нөлөөнд автах явдал гардаг уу. Энэ тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?
-Нэг талд үйлчилсэн гэх асуудал гараагүй. Эвлэрүүлэн зуучлалын уулзалтад хоёр талыг байлцуулдаг. Нэг талд нь мэдэгдэхгүйгээр нөгөөтэй нь уулзахыг хуулиар хориглосон. Харин хоёр талтай зэрэг уулзах нь асуудлыг хүндрүүлж байвал нэгэнд нь мэдэгдсэний үндсэнд ганцаарчилж уулзаад ярьсан зүйлийг нь нөгөө талд зуучлан хэлдэг.
Маргалдагч хоёр тал хүсэлт гаргаагүй л бол гуравдагч тал оролцохгүй. Уулзалтын өрөөнд ярьсан зүйлийг гадагш гаргасан бол эвлэрүүлэн зуучлагчид хариуцлага хүлээлгэнэ.
-Мөнгөгүй, ядарсан хүнийг өмгөөлөх өмгөөлөгч, зөвлөгөө өгөх хуульч олддоггүй гэх гомдол их байх юм. Өмгөөлөгч хүний хувьд юу хэлэх вэ?
-Хуульчдын холбоо болон Хууль зүйн үндэсний хүрээлэн иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгдөг. Төлбөрийн чадваргүйгээс хохирсон, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон хүнд эрх зүйн туслалцаа үзүүлэх төв бүх дүүрэгт ажиллаж байгаа. Улсаас үнэ төлбөргүй үйлчлэх өмгөөлөгч авах боломжтой.