Хэчнээн хурдан морь байлаа ч уяачгүйгээр түрүү, айраг хүртэх боломжгүй шиг ямар ч мундаг тамирчны амжилт дасгалжуулагчийн ур чадвартай салшгүй холбоотой. Монголын жүдо бөхийн спорт өдгөө дэлхийд тэргүүлэх хэмжээнд хөгжиж, өнгийг нь тодорхойлж буй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг олимп, дэлхийд цуурайтуулж яваа тамирчдыг бэлтгэж, амжилтад хөтөлсөн олон шилдэг дасгалжуулагч манай улсад бий.
Тэдний нэг бол Гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн. Түүнийг олимпын мөнгөн медальт Д.Сумъяа, паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, ДАШТ-ий хүрэл медальт М.Бундмаа, самбо бөхийн дэлхийн аварга Б.Батдэмбэрэл (дөрвүүлээ Гавьяат тамирчин), сүмо бөхийн дэлхийн хошой аварга Х.Сүнжидмаа тэргүүтэй шилдгүүдийн багш гэдгээр нь хүмүүс андахгүй.
Аливаа зүйлийн анхдагч байх сайхан. Ялангуяа, спортын ертөнцөд бүр ч сайхан. Тэрбээр Монголын жүдо бөхийн анхны эмэгтэй тамирчин, үндэсний шигшээ багийн анхны эмэгтэй дасгалжуулагч, пара жүдогийн шигшээ багийн анхны дасгалжуулагч гээд анхны гэх тодотголтой олон амжилтын эзэн төдийгүй манай улсад эмэгтэй болон пара жүдо хөгжихөд гар, бие оролцсон анхдагчдын нэг.
Түүгээр ч үл барам “Рио-2016”-д хоёр шавиа олимпын медальтан, басхүү түүхэн амжилтын эзэн болгосон бахдам амжилт түүнийх. Унаган шавь Д.Сумъяа нь олимпын медальт Монголын анхны эмэгтэй жүдоч болсон бол Б.Ууганхүү нь манай пара жүдогийн түүхэнд анхны медальтан болсон юм.
1996 оноос хойш дасгалжуулагчийн албанд зүтгэж буй Ч.Базарсүрэн пара жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчаар сүүлийн 10 гаруй жил цалингүй ажиллаж байгаагаар нь бахархахгүй байхын аргагүй. Түүнийг пара жүдогийнхон “Өндөр ээж” хэмээн хүндэлдэг.
Цагаан сарын босгон дээр Гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаасан түүнийг “ТЦ-ийн зочин”-ы хойморт урьж ярилцлаа.
-Ардын засгийн наадамд зургаан удаа түрүүлсэн Луу гүний хэмээх алдарт Г.Вандан аваргын зээ охин та Монголын анхны эмэгтэй жүдочдын нэг. Тухайн үед эмэгтэй хүн бөх барилдана гэхээр хүмүүс хэрхэн хүлээж авдаг байв?
-Миний аав самбо, жүдо бөхийн улсын шигшээ багийн анхны тамирчдын нэг, улсын начин цолтой, ээж минь зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтээр хичээллэдэг байсан болоод ч тэр үү, багаасаа спортод дурласан хүн дээ, би. Бага байхад Цагаан сарын битүүнд манай хамаатнууд хүүхдүүдээ бөх барилдуулдаг уламжлалтай байлаа. Би ганцаараа эмэгтэй, бусад нь эрэгтэй. Зарим жил нь түрүүлж, үзүүрлэн их урам авна.
Хүмүүс өвөөгийн тухай домог мэт дурсамж ярихад нь сэтгэл их хөдөлж, бөхийн удмаараа бахархаж өссөн. Гэхдээ тухайн үед бөх болъё гэхээсээ илүү сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн спортоор хичээллэн, чамгүй амжилт гаргаж байлаа. Дунд сургууль төгсөх жил Монголд эмэгтэй жүдо бөхийн спорт хөгжиж эхэлдэг юм байна. Надад “Би бөхийн удамтай, бяртай юм чинь амжилт гаргаж магадгүй” гэх бодол төрөлгүй яах вэ. Тухайн үеийн “Хоршоолол” нийгэмлэгт сагсан бөмбөгийн бэлтгэл хийхийн хажуугаар жүдо бөхөөр хичээллэж буй хүүхдүүдийг ажиглана.
Гэртээ ирснийхээ дараа өнөөх дасгал, техникийг нь давтдаг байлаа. Ер нь болмоор санагдаад болдоггүй. Үүнийгээ ээждээ хэлтэл “Эмэгтэй хүн бөхөөр хичээллэх дэмий. Хүнд, хэцүү спорт” гээд халгаасангүй. Тэгэхээр нь “Хоршоолол” нийгэмлэгт улсын начин Д.Баатаржав багшийн удирдлага доор жүдогийн бэлтгэл нууцаар хийж эхэллээ. Жил гаруйн дараа буюу 1991 онд Дархан-Уул аймагт болсон олон улсын тэмцээнээс 66 кг-д мөнгөн медаль хүртэн, амжилтын гараагаа эхэлж билээ.
Амжилт гаргахаар гэрийнхний ч бодол өөрчлөгдөж, тэр үеэс хойш жүдотой амьдралаа холбож явна. Эмэгтэй хүн бөхөөр хичээллэхэд хүмүүс гайхаж, цөөнгүй нь шүүмжилсэн шүү. Бүр зарим дасгалжуулагч “Бүсгүй хүн дэвжээн дээрээ гаргахгүй. Хийморь сүлдэнд муу” гээд дургүйцэж билээ. Үндэсний бөхөөр зөвхөн эрэгтэй хүн барилддаг болохоор төсөөлөхөд ч бэрх байсан биз.
Бэлтгэл хийх танхим, хэрэглэл материал ховор тул өөрсдөө дэвжээ оёод л барилдана. Монголд жүдогийн спорт хөгжөөд удаагүй, өмнөх үеэсээ суралцах, туршлага судлах боломж хомс байсан нь чамгүй хүндрэлтэй байсан. Тухайн үед дөрөвхөн дасгалжуулагч эмэгтэй жүдоч бэлтгэж байлаа.
-Таныг Монголын шилдэг дасгалжуулагчдын нэг гэдгийг спортын хорхойтнууд андахгүй. Харин тамирчин байсан үе, гаргасан амжилтын тань талаар тийм ч сайн мэдэхгүй байж магадгүй.
-Би тамирчин байхдаа самбо бөхийн тэмцээнд түлхүү зодоглосон. Учир нь тухайн үед эмэгтэй тамирчдыг жүдо бус, самбогийн тэмцээнд түлхүү оролцуулдаг байлаа. Миний хувьд жүдогоор оролцсон хамгийн том тэмцээн бол 1997 оны Азийн наадам. Би самбо бөхийн ДАШТ-ий хошой мөнгө, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай.
Азийн АШТ-ий таван удаагийн аварга. 1992 оны самбо бөхийн Азийн АШТ-д О.Цолмонгийн хамт түрүүлж, анхны шанг нь татаж байлаа.
-Самбо, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн анхны эмэгтэй дасгалжуулагч, та. Аливаа зүйлд анхдагч байх амаргүй. Тухайн үед ямар шалгуур давж, шигшээ багийн босго алхав?
-1996 онд болсон үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад Ч.Машбат, Б.Буядаа багш нар нэг, би гавьяат дасгалжуулагч С.Эрдэнэбат ахтай нэг баг болон өрсөлдлөө. Бид хоёр хамгийн өндөр оноо авч, тухайн үеийн БТСҮТ (өнөөгийн БТСГ)- ийн дарга, дархан аварга Х.Баянмөнх гуайн тушаалаар самбо, жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдож байлаа.
Эдгээр спортын анхны эмэгтэй дасгалжуулагч болсон маань тэр. Зах зээл ороо бусгаа, Монголд жүдо өнөөгийнх шиг хөгжөөгүй байсан болохоор тухайн үед амар байгаагүй ээ.
-Өнөөгийн жүдогийн өнгийг тодорхойлж буй Д.Сумъяа, М.Бундмаа тэргүүтэй шилдгүүд таны шавь. “Монгол охид” клубийг байгуулсан үеийнхээ талаар дурсана уу?
-Монголд эмэгтэй жүдо бөхийг хөгжүүлэх, дэлхийн энтэй тамирчин бэлтгэх зорилгоор клубээ байгуулж байлаа. Шавь нараас маань Гавьяат тамирчин Б.Батдэмбэрэл 2002 онд дэлхийн аварга болж, анхны томоохон амжилт гаргасан. Дараа нь Гавьяат тамирчин М.Бундмаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, амжилтын буухиаг нь үргэлжлүүлсэн.
Хамгийн сүүлд Д.Сумъяа минь олимпоос мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлууллаа. Зөвхөн самбо, жүдо гэлтгүй сонирхогчдын сүмогоор Х.Сүнжидмаа 38 насандаа дэлхийн хошой аварга болоод байна. Манай клубт Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин С.Мияарагчаа тэргүүтэй шилдгүүд бэлтгэл хийдэг байсан.
“Монгол охид”-ынхон УАШТ-д багаараа завсаргүй 10 удаа түрүүлсэн нь ховор амжилт. Клубийн тамирчдаа дасгалжуулж байхдаа жүдод хөтөлсөн шавь нараас минь өнөөгийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Д.Сумъяа, Б.Мөнхтуяа, О.Жавзмаа, М.Ууганжаргал нар багтаж байна.
-Та пара жүдогийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2006 оноос хойш ажиллаж байна. Монголд энэ спортыг хөгжүүлэх санаа анх хэрхэн төрсөн бэ?
-Намайг энэ спорттой амьдралаа холбоход хамгийн их нөлөөлсөн хүн бол ҮБТДС-ийн багш Г.Лхагвасүрэн. Тэрбээр Афины олимп үзэж ирснийхээ дараа “Монголд пара жүдо бөхийн спортыг хөгжүүлэх хэрэгтэй. Шилдэг тамирчид бэлтгэсэн, ур чадвартай гээд олон талаас нь бодсон ч чамаас өөр гуйх хүн алга” гээд надад санал тавьсан юм. Гэнэт яагаад өөр төрөл рүү урвачихав гээд намайг хүмүүс гайхаж байсан шүү.
-Харааны бэрхшээлтэй тамирчидтай ажиллах амаргүй нь мэдээж. Шантармаар үе хэр их тохиолддог вэ?
-Хамгийн анх бэлтгэл хийхдээ “Хүүхдүүд ээ, намайг дагаад хийгээрэй” гэж хэлээд их эвгүй байдалд орсон маань санаанаас ер гардаггүй. Нэг барьц заалаа гэхэд гараас нь барьж байгаад өнөөх барьц барих газар нь аваачин, хөлөө тэг, толгойгоо ингэ гээд бүр нарийвчилж заадаг. Тэр хэрээрээ олон цагаар ажиллах, давтуулах шаардлагатай гэсэн үг.
Пара тамирчид харааны бэрхшээлтэй болохоос сонсгол их сайтай. Заасан зүйлийг төгс сурахын төлөө уйгагүй зүтгэнэ, хэн нэгний итгэлийг алдахгүйг үнэнхүү хичээдэг зэрэг олон сайн талтай. Төрийн дэмжлэг бага, ажлын ачаалал ихтэй, ойлгодог хүн ч цөөхөн гээд шантармаар үе гардаг байснаа нуугаад яах вэ. Эрүүл тамирчид бэлтгэлдээ өөрсдөө ирээд, харьчихна. Харин парагийнхны дунд тэгж чадах нь цөөн. Ялангуяа, харааны бэрхшээлтэй хүмүүст бүр ч хэцүү.
Улаанбаатарын түгжрээ, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зам, бэлтгэлийн танхим байхгүй гээд манай тамирчдад “дайсан” олон. Авьяастай, тууштай хичээллэвэл өндөр амжилт гаргах боломжтой хэрнээ бэлтгэлд нь хүргэж өгөх, авах хүнгүйн улмаас спортоо орхисон нь ч цөөнгүй. Паралимпээс медаль авах байтугай эрх авах амаргүй, шалгуур өндөртэй.
Учир нь паралимпын эрх олгодог Дэлхийн цом, Азийн наадам, ДАШТ тэргүүтэй хэдхэн тэмцээн болдог учраас тэр. Дөрвөн жилийн турш хөдөлмөрлөн, дээрх тэмцээнд тогтмол дээгүүр амжилт үзүүлсний эцэст дэлхийн чансааны эхний 10-т багтаж чадвал паралимпийн эрх авна.
-Таныг үндэсний шигшээ багт 2006 оноос хойш цалингүй ажиллаж байгаа гэж дуулсан. Өнөөгийн нийгэмд цалингүй ажиллах амаргүй шүү дээ.
-Хүн дуртай юмандаа яаж, ийж байгаад арга олдог юм билээ. Өнгөрсөн хугацаанд цалин авъя гэж холбоондоо санал тавихаар “Паралимпийн эрх авчих, ДАШТ-ээс медаль хүртсэний чинь дараа энэ асуудлыг холбогдох байгууллагад уламжилъя” гэсээр өдий хүрсэн. Би үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаас гадна БТСГ-ын Нийтийн биеийн тамирын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтнээр 2011 оноос хойш ажиллаж байна.
Өрх толгойлсон надад мэргэжилтний цалин хаана ч хүрдэггүй. Ч.Наранбаатар БТСГ-ын даргаар ажиллаж байх үедээ надад нэг удаа цалингийн нэмэгдэл олгосон. Би үүнийг бусад хүн мэдээсэй гэсэндээ бус, өөрийг чинь асуусан болохоор л хариулж байгаа юм шүү.
Цалингүй, цаг наргүй ингэж зүтгэнэ гэж юу байх вэ гээд өөр ажил хийж болох л байсан. Гэхдээ би хэзээ ч тэгж чадахгүй. Юунаас ч илүү шавь нарын минь амжилт надад хамгийн том шагнал.
-“Рио-2016” олимпоос таны хоёр шавь медаль хүртсэн нь давтахад бэрх, яахын аргагүй ховор амжилт. Унаган шавь Д.Сумъяагаа олимпын аварга болно гэсэн хүлээлт танд байсан уу?
-Байлгүй яах вэ. Д.Сумъяа бид хоёр 2004 онд багш, шавь болж байлаа. Би саяхан “Монгол охид”-ыг дасгалжуулж байх үеийнхээ тэмдэглэлийн дэвтрийг эргүүлж байхдаа Д.Сумъяагийн бүртгэлийг харах нь ээ, бэлтгэл таслах нь байтугай ганц минут ч хоцорч байгаагүй юм байна лээ. ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, дэлхийн чансааг тэргүүлж байсан болохоор олимпын медалиас лавхан атгана гэдэгт нь эргэлзээгүй ээ.
Д.Сумъяаг аваргын төлөө барилдах үеэр TV5 телевизийнхэн манайхаас сурвалжилга бэлтгэн, шууд дамжуулсан юм. Хагас шигшээд олимп, дэлхийн аварга К.Мацүмотог ялан, дэвжээнээс буухад нь үгээр илэрхийлэхийн аргагүй сэтгэл хөдлөн “За одоо тодорхой. Баараггүй түрүүлнэ” гэж бодсон шүү.
-Р.Сильватай хийсэн барилдааны шүүлтэд өдгөө ч эргэлзэж буй, монголчууд бид. Та ямар бодолтой явдаг вэ?
-Барилдааныг нь олимпын зэрэгтэй шүүгчид дэнсэлсэн болохоор буруу, эсвэл зөв гэх дэмий байх. Д.Сумъяа аваргын төлөө өрсөлдөнө гэж тооцоолж байсан шилдгүүдийг ялсныхаа дараа сэтгэл нь арай эрт ханачихсан байж магадгүй. Р.Сильва өмнөх тойрогт найман минут барилдан, нэлээд ядарсан.
Бүрэн сэргэж, амарч амжаагүй байхдаа Д.Сумъяатай барилдсан болохоор бүх зүйл манай талд ашигтай байсан юм, уг нь.
-Хагас шигшээд Р.Сильваг ялан, аваргын төлөө Мацүмототой барилдсан бол тэс өөр байх байсан болов уу?
-Тийм шүү. Би ч бас тэгж бодож байна.
-Б.Ууганхүү паралимпийн алт, хүрэл медальт, дэлхийн хошой аварга Р.Ибрахимовыг ялж, хүрэл медаль хүртсэн. Пара жүдо бөхийн спортын төлөө 10 жил зүтгэсэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхэд хамгийн түрүүнд юу бодов?
-Сэтгэл их хөдөлсөн шүү. Б.Ууганхүү хагас шигшээд Японы бөхийг ялж байгаад барилдааны үндсэн цаг дуусахаас хэдхэн секундийн өмнө харамсалтайгаар дийлдсэн. Хүрэл медалийн төлөө барилдахынх нь өмнө “Тайван байхыг хичээ. Р.Ибрахимов хэдийгээр паралимп, ДАШТ-ий олон медальтай ч чамтай л адилхан бөх. Түүнд өмнө нь дараалан хоёр удаа ялагдсан талаараа битгий бод. Бүх зүйл чамаас л шалтгаална” хэмээн захьсан.
Түүнийг дөрөвхөн секундэд цэвэр ялж, паралимпийн медальт Монголын анхны жүдоч болоход нь хүн аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр зүтгэн, уйгагүй хөдөлмөрлөж л чадвал үр шимийг заавал хүртдэг гэдгийг бүр их ухаарлаа. Шавийн минь амжилт зөвхөн надад бус, хөгжлийн бэрхшээлтэй олон хүнд итгэл найдвар, урам өгсөн.
-Паралимпийн медальтантай болсныхоо дараа дараагийн зорилгоо хэрхэн тодорхойлов?
-Гавьяат дасгалжуулагч цол хүртсэнийхээ дараа энэ талаар би нэлээд бодсон. Улам их хичээ, зүтгээрэй гээд төрөөс надад шагнал олгосон байж таараа. Б.Ууганхүү сул хараатай төрөлд “Рио-2016”-гаас медаль хүртсэн. Цаашид огт хараагүй тамирчин бэлтгэн, паралимпийн медальтан болгох юм сан гэж зорьж байна.
Ер нь ойрын хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан спортын ордонтой болчихвол манай тамирчдын амжилт, ур чадвар улам хурдан ахих нь дамжиггүй.