Түүнийг Гэндэндарамын Ганхүү гэдэг. Харин хүмүүс түүнийг бизнесмэн, “Хан брой”-н, “Шар айраг”-ийн, “Үүргэвчтэй аялал”-ын, улстөрч гэх зэргээр овоглодог. “Есөн шид нь бүрдсэн” мэт энэ эрхэм өдгөө “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг- 2” шоу нэвтрүүлэгт 60-аад оныхныг төлөөлөн оролцож яваа. Түүнтэй ярилцсаныг хүлээн авна уу.
-“Яг түүн шиг” шоуны шүүгчийн ширээнээс оролцогчдын эгнээ рүү ороход ямар байна. Тайзны ард таны төсөөлснөөс “халуун” байна уу?
-“Маш “халуун” байдаг юм байна. Аргагүй л дээ. Тэс өөр орчин, ертөнц шүү дээ. Шүүгч байхдаа долоо хоногт нэг удаа л хоёрхон цагийн турш оролцогчдын үзүүлбэрийг үзэж, үнэлгээ өгдөг байлаа.
Харин оролцогч болсноор долоо хоногийн турш үзүүлбэртээ бэлдэж, хөдөлмөрлөж байна.
-Шоуны долдугаар дугаарт түрүүлэхдээ та шагналын мөнгөөрөө хүүдээ унадаг дугуй авч өгнө гэсэн. Авч өгсөн үү?
-Амлалтдаа хүрч, хүүдээ дугуй авч өгсөн. Нэвтрүүлэгт ялахад хамгийн их баярласан хүн нь миний хүү. Миний ганц үнэнч фэн. Нэвтрүүлгийн зураг авахуулахаар явах бүрт л “Аав аа, та нэг ялчих л даа. Онигоотой юм бэ” гэдэг байсан юм.
Бодвол ангийнхан, найз нөхөд нь “Аав чинь ялахгүй юм аа” гэж хор шарыг нь малтдаг байсан биз.
-Биеийн жингээ хасах, бүжиглэх гээд их олон өөрчлөлт хийж байна шүү.
-Багаасаа юм юм руу үсчиж, олон зүйл сонирхож явсан зан минь энэ нэвтрүүлэгт өөрийгөө сориход их түлхэц болж байна. Энэ нэвтрүүлэгт би хоёр шалтгаанаас үүдэн оролцох шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, өмнө нь шүүгчээр ажиллаж үзсэн учраас одоо оролцогч болж үзэх гэсэн юм. Оролцогчдын зовлон, жаргалыг биеэрээ мэдрэхийг хүслээ.
“Боловсрол суваг” телевизтэй байгуулсан гэрээ ёсоор би гурван жил эл нэвтрүүлгийг шүүх ёстой. Гэхдээ намайг шүүгчийн ширээг оролцогчийн суудлаар сольё гэхэд маш дуртай хүлээж авсан. Ингэж байж ирэх жил нэвтрүүлгийг дахин шүүхдээ илүү шударга, үнэн бодитой хандана гэж бодсон.
Хоёрдугаарт, энэ нэвтрүүлгийг зөвхөн залуус бус, бүх насныхан үздэг. Тиймээс өөрийн үеийнхнийг төлөөлж, тэдэнд урам өгөхийг хүслээ. Бидний нас харьчихаагүй байна. Үүнийг л нотлохыг хичээж байгаа юм. “Ялах нь биш, оролцох нь чухал” гэсэн уриатайгаар нэвтрүүлгээ эхлүүлсэн боловч ялагчаар тодорлоо.
-Эмэгтэй хүний дүрд хувирахад ямар байв. Өмнө нь эмэгтэй хүний хувцас өмсөж, нүүрээ будуулж үзсэн үү?
-Амьдралдаа ингэж хувирч үзээгүй. Нүүр будах, хумс янзлах гээд яасан ч их ажил ордог юм. Өндөр өсгийттэй алхах ямар хэцүү байдаг юм бэ. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэгчлэн гоё, сайхан байхын тулд ямар их золиос гаргадгийг л ойлголоо.
-Та бизнесмэн Ганхүү, “Шар айраг”-ын Ганхүү, “Үүргэвчтэй аялал”-ын Ганхүү, улстөрч Ганхүү гэх зэрэг олон тодотголтой. Одоо бол “Яг түүн шиг” шоуны оролцогч. Та олны анхааралд байх дуртай хүн байх аа.
-Хүн эцэг, эхээс заяасан нэрнээсээ илүү хийж буй ажлаараа цоллуулж явах сайхан шүү дээ. Анхандаа намайг эрхэлдэг бизнесээс минь улбаалж “Хаан брой”-н Ганхүү гэдэг байлаа. Одоо бол “Яг түүн шиг”-ийн Ганхүү гэлцэж байна.
Миний туулж өнгөрүүлсэн амьдралын дурсамж шингэсэн тодотголууд шүү дээ. Хийж буй ажил минь л намайг олны хараанд байлгаж байгаа. Түүнээс биш би “од” болох хүсэлтэйдээ эдгээр ажлыг хийж байгаа юм биш.
-Бусдын нүдний өмнө ил амьдрах хэцүү биш үү?
-Хэцүү биш ээ. Тэр хэрээр хариуцлагатай, зөв амьдрахыг хичээдэг.
-Гэхдээ давуу талтай, тийм үү?
-“Нүүрний буян” байна даа (инээв). Танихгүй хүн дээр таньдаг юм шиг л яваад орчихно. Ажил хөөцөлдсөн ч хурдан бүтчихдэг.
-Та Улаанбаатар хотын унаган хүүхэд. Танд хот маань хөдөөжөөд байгаа юм шиг санагддаг уу?
-Би хуучнаар Лениний музейн ард талд буюу Усны гудамжинд төрж, 50 мянгатад өссөн. Ёстой л хотын унаган хүүхэд. 1992 онд шинэчилсэн Үндсэн хуулиа өлгийдөж авснаас хойш иргэдийн хүссэн газартаа амьдрах эрх нээгдсэн шүү дээ. Түүнээс өмнө тийм байсангүй. Хотын бид хөдөө явахдаа “Зам явах” гэж зөвшөөрлийн бичиг авдаг байв.
Би хөдөөнөөс хот газар бараадан суурьшиж буй хүмүүсийг буруутгадаггүй. Харин ч ирж буй хүмүүст ажиллаж, амьдрах бололцоог гаргаж өгөх ёстой гэж үздэг. Мэдээж хөдөө, хотын хүмүүст ялгаа байлгүй яах вэ. Гэхдээ “Миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг” гэдгийг л ойлгон, бусдыг хүндэлж сурах хэрэгтэй.
Энэ үйл явц шидэт дохиураар ганц дохиод л биеллээ олох зүйл биш л дээ. Гэхдээ монголчууд аливаа зүйлийг маш хурдан сурдаг, дасан зохицдог онцлогтой. Тиймээс хотын соёлд маш хурдан суралцах биз ээ.
-Жараад оны залуусын хамгийн дурсамжтай зүйл юу байв?
-Бүх л зүйлийг их тэгшитгэчихсэн, хүмүүсийн амьдрал ахуй ч их төстэй байлаа. Тэр үед залуус гадаадын хөгжимд илүү дурлаж, түүнийг дагаад хувцаслалт, стиль, яриа хөөрөө өмнөх үеийнхнийг бодвол арай баруунжсан.
-Та хоёрдугаар ангийн сурагч байхаасаа л “од” болчихсон юм билээ. Тэр үеийн “Дөрвөн Иван” хамтлагийнхаа тухай яриач?
-Нийслэлийн 23 дугаар сургуулийн багш Зоя Ивановна 1975 онд “Дөрвөн Иван” гэж хамтлаг байгуулж, нэг гишүүн нь болж байв. Ингэж л урлагт дурлах эхлэл тавигдсан. Түүнээс биш би чинь урлагийн гэр бүлээс гаралтай хүн биш шүү дээ.
Одоо ч манай хамаатнууд дунд урлагийн хүн байхгүй. “Дөрвөн Иван” хамтлаг маань гурван жил тоглосон. Хамтлагийн нэрээр нэрлэсэн ганц алдартай дуутай. Хүмүүс их өхөөрддөг, тэр үеийн бүх л тоглолтод уригддаг байлаа.
Тухайн үеийн Соёлын яамнаас бидэнд зориулж тоглолтын хувцас хүртэл оёулж өгч байв.
-Их нүүрэмгий хүү байсан байх. Олон охинтой болзож байв уу?
-Оръё гэхээр “Улаанбаатар”, “Баянгол” зоогийн газар л байлаа. Тэнд нь мань мэтийн оюутнууд яаж ч орох билээ. Нэгнийхээ гэрт цуглаж, хөшгийг нь хаагаад, ширээний чийдэнг нь алчуураар бүтээж бүдгэрүүлээд л бүжиглэцгээдэг байлаа. Зуслан их явна. Болзоонд урих зориг, нүүр байхгүй ээ.
Таалагддаг охиноосоо “Хоёулаа билет унших уу” гээд л асууна. Тэр нь болзоонд урьж байгаа санаа. Сүхбаатарын талбайн арслантай гинжний хажууд, Хүүхдийн паркад, Их дэлгүүрийн өмнөх сааданд тэдэн цагаас билетээ уншъя гээд л цаг товлоно.
Надад нэг давуу тал байсан нь “Кама” гээд эвхэгддэг, унадаг дугуйтай. Тухайн үед дугуйтай хүүхэд ховор байлаа. Таалагддаг охиндоо “Хоёулаа билет уншъя. Би “Кама”-тайгаа очно. Чи унах уу” гээд л панаалддаг байлаа шүү дээ.
-Та Чехэд хувцас загвар зохион бүтээгч мэргэжлээр сурсан гэл үү. Оюутан насныхаа тухай яриач?
-Орос сургууль төгссөн болохоор надад чех хэл сурах тийм ч хэцүү байгаагүй. Мянга гаруй оюутны дунд жил бүр гадаад хэлний тэмцээн зохион байгуулдаг байлаа. Тэр тэмцээнд Чехэд очсон жилээ түрүүлж, Ленинградад 14 хоног амрах эрхээр шагнуулж байв. Хувцас загвар зохион бүтээгчийн анги болохоор дан охидтой хамт сурч байсан. Хоёрдугаар дамжаанд байхдаа чех оюутнуудтай нийлэн “Прогресс” гэж хамтлаг байгуулж, тэндээ чамгүй нэрд гарч байлаа.
Чехүүд нь хөгжимдөж, нэг онигор нөхөр дуулахаар хүмүүс их сонирхдог байсан шиг байгаа юм. Оюутан байхдаа их аялдаг байв. Польш, Унгар, Болгар, Германд очсон монгол оюутнуудын гадаад паспортыг тэндхийн ЭСЯ-наас нь хураагаад авчихдаг. Харин Чехэд сурдаг хүүхдүүдийнхийг тэгж авдаггүй байсан юм. Амралтаараа заавал нэг тийшээ аялж, бас ч үгүй наймаа хийчихдэг байлаа. Тэр нь биднийг яваандаа бизнес эрхлэх дөртэй болгосон байх.
Ажиглаад байхад тухай үед Чехэд сургууль төгссөн залуусын бизнес одоо их амжилттай яваа. “АПУ”-гийн Батсайхан, “Чоно”-ын Энхболд, “Петровис”-ын Эрдэнэбат гэх зэргээр нэрлэж болно. Сургууль төгсөх жилдээ буюу 1990 онд Арчилсан хувьсгалд гар бие оролцохоор шийдэж, ах нараа дэмжин, энд хэвлүүлсэн “Ардчилал” сониныг тэндхийн монголчууддаа түгээж, сурталчлах ажил хийдэг байлаа.
-Анх ямар наймаа хийж байв?
-1989 онд Чехэд хувьсгал гарч, сургуулиуд завсарласан юм. Тэр жил “Улааны наймаа” хийж байв. Рублийн наймаа гэсэн үг. Нэг өдрийн дотор л 20 мянган ам.долларын ашиг олдог байлаа. Түүндээ эрдэж, онгирч явсан үе бий.
Найзуудтайгаа зоогийн газарт хоол идчихээд “Надаар тооцоо хийлгэсэнгүй” гээд нударга зөрүүлдэг байлаа. Хоёр жилийн дотор энэ наймаанаас 100 гаруй мянган ам.долларын ашиг олж, түүнийгээ үрэн таран хийж ч үзсэн. Их ч сургамж авсан даа. Нэг хэсэг Германаас машин, Чехээс “Классик” цуу оруулж ирж байв.
-Юу ч үгүй болтлоо шатаж үзсэн л биз?
-1992 онд хоёр чингэлэг лаазтай шар айраг оруулж ирэх юм болов. Гэтэл чингэлэг маань Украины хил дээр гурван сар саатчихсан. Ид өвөл байлаа. Лаазтай шар айраг хөлдөхөөрөө тэлээд яг бөмбөг шиг бөөрөнхий болчихдог юм билээ. Амт нь муудаагүй ч гэлээ, харагдах байдал нь авах юмгүй. Хэдэн найз маань л хоёр чингэлэг хөлдүү шар айргаар хэдэн сар найрласан даа (инээв).
-Аавын бийд хүнтэй танилц, агтын бийд газар үз гэдэг. Та 106 орноор үүргэвчтэй аялсан гэсэн. Хаана хамгийн их зутарсан бэ?
-Африкийн Климанжаро ууланд авирахдаа их зутарсан. Нутгийн зургаан хүнтэй хамт авирсан юм. Өмнө нь ууланд авирч байгаагүй хүн чинь ёстой л үгээ хэлж, үсээ зулгаах шахсан.
Тэнд өндрийн өвчин туссан. 5200 метр өндөрт гарахад л толгой эргээд, хамраас цус гоожоод эхэлдэг юм билээ. Хамт явсан хүмүүс сандраад “Бууя, больё” гэсэн боловч надад тэгэх эрх байхгүй юм шиг санагдсан.
-Яагаад?
-Үхэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрж байсан боловч дотроо “Климанжарогийн оргилд компанийн чинь далбааг хийсгэнэ гэж том амлаад нэвтрүүлгээ ивээн тэтгүүлсэн байгууллагууддаа юу гэж хэлнэ дээ. Оргилд нь гарч чадсангүй гээд хоосон очилтой нь биш” гээд л шүдээ зуугаад гүрийсэн дээ. Гэхдээ оргилд нь гарсны дараа тэр өвчин нь арилчихдаг юм билээ.
-Климанжарод ингэж авирсныхаа дараагаас л та уулын спортод хорхойсчихсон юм уу?
-Хорхойсох биш ээ, шар гозойчихсон юм. Климанжора руу авираад буухад надад “Та эл уулын оргилд гарсан анхны монгол хүн боллоо” гэсэн батламж өгсөн юм.
Гэтэл Монголдоо ирээд үүнийгээ олонд зарлатал өмнө нь Болдбаатар гэж уулчин тэр оргилд гарчихсан байж таарсан. Ингээд л өөр ямар ууланд авирвал анхдагч болж чадах вэ гээд хайж, судалж, уулын спортод дурлаж эхэлсэн юм.
-Тэгээд л Антарктидын Винсон Массиф ууланд авирсан байх нь ээ.
-Тэгсэн. Далайн түвшнээс дээш 4897 метр. Тэнд авирахдаа нянгүй орчны гэх өвчин туссан. Сонин өвчин байгаа биз. Зардал өндөр, дээрээс нь жилийн ганцхан сард л авирах боломжтой учраас бусад уулчин зориглодоггүй байсан байх.
-“Шар айраг” хамтлагийнхан гурван ч цомог гаргасан. Гэхдээ хүмүүс тэр бүр мэддэггүй. Од болохдоо гол нь биш, зүгээр л урлагт хайртайдаа хообийгоороо нэгдсэн хамтлаг юм уу?
-1998 онд “On’n off”-ын Ононбат бид хоёр санаачилсан юм. Шар айраг шимж суухдаа л хамтлагаа ингээд нэрлэе гээд тохирчихсон хоёр доо, бид. Цомгоо гаргачихаад нээлт, цомгийн баяр гэж хийж байгаагүй ээ. Дуртай зүйлээ хийхийн тулд байгуулсан хамтлаг.
-Та гэргийтэйгээ хэрхэн танилцаж байв. Таны хань ямар мэргэжилтэй вэ?
-Миний ханийг С.Өлзийдэлгэр гэдэг. MSM гэж компанид ажилладаг. Анх 1995 онд “Хан брой”-г дөнгөж байгуулах үед гурван оюутан бүсгүй ажилд орохоор ирсэн юм. Тэдний нэг нь.
-Хэр удаан араас нь гүйв. Анх хаана болзож байв?
-Нэлээд хэдэн насны зөрүүтэй болоод ч тэр үү, их удаан гүйсэн шүү. Миний гэргий надаас 11 насаар дүү. Тэр үед “Fire” гэж нэлээд алдартай диско клуб байсан юм. Тэнд анх дагуулж очиж байлаа.
-Та хэдтэйдээ аав болсон бэ?
-Том охин маань одоо 22-той. Дунд хүү минь 12, бага хүү хоёр настай. Том охин маань Чехэд төрсөн. Би бараг өсгөлцөөгүй хүн шүү дээ. Дунд хүүг төрөхөд “Irish” паабаа байгуулж, ид ажил ихтэй ч үе таарсан. Харин бага хүүгээ төрөхөд их сонин мэдрэмж төрж, догдолсон. Нас явахаар их уяхан болдог юм байна.
-Охинтойгоо холбоотой байдаг биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Охин минь одоо АНУ-д сэтгэлзүйч мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа.
-Бүл нэмэх бодол бий юү?
-Бага хүүгээ 10 нас хүрэхээр дахиад нэг охинтой болох санаа бий.
-Таны хүүхдүүд мөн л аавынхаа шийрийг хатаахаар олон зүйл сонирхдог биз?
-Охин маань яг надтай адилхан их хөдөлгөөнтэй. Дуулбал дуулчихна, хөгжимдвөл хөгжимдчихнө. Дунд хүү минь юм юм руу үсчдэг, сонирхдог насан дээрээ байна.
-Таны аав, ээж аль нутгийн хүмүүс вэ. Нутаг руу нь хүлгийн жолоо хэр залдаг вэ?
-Аав Завхан аймгийн Тэлмэн, ээж минь Тосонцэнгэл сумынх. Боломж гарвал нутаг руу нь явна. Хөдөө явах дуртай. Сонгуулийн сурталчилгаанд урлагийнхан оролцдог байх үед Баян-Өлгий, Увс, Ховдоос бусад аймагт очиж үзсэн.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын том. Эрэгтэй, эмэгтэй дүүтэй. Нээрэн, би хөгжилтэй зүйл ярих уу.
-Тэг л дээ.
-Манай аав, ээж хоёр хүү, охинтой л болно гэж төлөвлөдөг байж л дээ. Хүүгээ Ханхүү, охиноо Хатантуул гэж нэрлэнэ гээд тохирч. Намайг төрөхөд яг л тэр ёсоор Ханхүү гэж нэрлэсэн гэнэ лээ. Гэтэл чих нь жаахан хатуу хөгшин ээж минь “Юу гэнээ, Ганхүү гэсэн үү” гэж л дээ. Тэгээд л миний нэр Ганхүү болоод хувирчихсан. Дараа нь манай Ханхүү, Хатантуул нар төрсөн дөө.
-Та хэр сайн ах вэ?
-Аавыгаа нас барснаас хойш л би сайн ах байхыг хичээсэн. Аав минь 1981 онд өөд болсон юм. Манай амьдрал ахуй ч их өөрчлөгдсөн дөө. Дүү нартаа үлгэр дуурайл болох, хариуцлагатай байхыг хичээсээр явна.
-Эрчүүд хөдөө салхинд гарах, ан гөрөө хийх, загасчлах хообийтой байдаг даа. Та анд явдаг уу?
-Миний өвөө лам хүн байсан юм. Өвөө минь надад “Амьтны амь битгий таслаарай” гэж аминчлан захидаг байлаа. Тийм болохоор өдий хүртэл тэр захиасыг нь биелүүлэхийг хичээж яваа.
Оготнын хамраас ч цус гаргаж үзээгүй. Хааяа найзуудаа загасчлахад нь хамт явдаг. Гэхдээ уурга шиддэггүй. Надад загас барих нь гол биш, найзуудтайгаа агаарт гарч байгаа нь л сайхан.
-Та ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Гэтэл өнгөрсөн жил намаа сольж, АН-ын гишүүн болсон. Яагаад ийм шийдвэр гаргав?
-УИХ-ын өнгөрсөн сонгуулийн үеэр ардчиллын төлөөх намууд нэг талдаа нэгдсэн нь дээр гэж уриалаад, түрүүлж АН-д элссэн юм. Гэхдээ сонгуулийн дүн гарч, АН-ын ялагдсан өдөр элссэн. Айхтар улстөрч болъё гэж зорьсондоо улс төрд ороогүй ээ.
-Тэгээд юунд тэмүүлж тийш хөл тавьсан юм бэ?
-Маш энгийн л дээ. С.Оюун найзыгаа нам байгуулахад нь тусалж, дэмжих үүднээс намд нь элссэн. Үзэл бодол ч таарч, тохирч байсан юм. Түүнээс биш, илүү харж, билүү долоох гэж шунасандаа улс төр рүү зүтгээгүй.
-Урлагийнхан улс төрд ороод хэрэггүй гэж үздэг хүмүүс бий. Та улс төрд хөл тавьсан урлагийнхны төлөөлөл шүү дээ.
-Би үүний эсрэг байр суурьтай. Гэхдээ өөрийгөө үнэлж, улс төрд ороход бэлдэж, мэдлэгтэй болох хэрэгтэй. Ингэж чадахгүйгээр суудал бөглөөд хэрэггүй.
-Та нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байхдаа Улаанбаатар метротой болох талаар зөндөө ярьсан. Энэ ажил мөрөөдөл төдий л үлдчихэв үү?
-Яах аргагүй миний мөрөөдөл. Гэхдээ би одоо ч энэ тухай ярьдаг хэвээр. 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй, мега төсөл шүү дээ. Зогсонги байдалд орчихсон нь үнэн.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд хоосонгүй. Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хүнд үзүүлэх зүйлтэй боллоо.
-Найзууд тань таныг “Мөнгө тогтоодоггүй хүн” гэлцдэг юм билээ. Та тийм үрэлгэн хүн үү?
-Олох хэрээрээ үрчихдэг тал бий. Олон салбарт зэрэг ажилладаг болохоор хэд хэдэн орлогын эх үүсвэр байдаг. Дуулах нь миний хообий ч гэлээ түүгээр би бизнесээсээ илүү мөнгө олдог. Олон арга хэмжээ хөтөлдөг. Мөн аяллын нэвтрүүлгүүдээсээ орлого олдог.
Сүүлийн үед дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд намайг урьж, лекц уншуулж байна. Өмнө нь хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг байсан бол одоо үед хэн олон ажил зэрэг амжуулж чадаж байгаа нь л хожиж байна шүү дээ. Гэхдээ би өөртөө гэхээс илүү хүнд бэлэг барьж, баярлаж байгааг нь харах дуртай.
-Таныхаар мөнгө амьдрах хэрэгсэл үү, эсвэл...?
-Хэрэглээ л гэж хэлнэ. Би хөдөлмөрлөж, түүгээрээ мөнгө олж байна. Эргүүлээд өөрийгөө сайхан, сэтгэл ханамжтай байлгах зүйлд түүнийгээ зарцуулдаг.
-Юунд мөнгийг хамгийн их үрдэг вэ?
-Ковбой гутал, пянз, пянз тоглуулагч. Энэ гуравт л мөнгө их үрдэг. Саяхан дамран пянз тоглуулагч авсан. 1000 гаруй пянзтай. Гэрт тавих газар олдохгүй, эхнэртээ загнуулаад бүгдийг нь хайрцганд хийгээд гарааштаа хураасан.
-Нээрэн, таны унадаг байсан “BMW Z3” машин танаас илүү алдартай байсан байх аа. Их ч олон дуучид клипэндээ ашигласан. Та одоо төмөр хүлэгт дурладаг хэвээрээ юү?
-“Жеймс Бонд” кино гарсны дараахан яг тэр кинонд гардаг машиныг оруулж ирсэн юм. Тухайн үед манайд дээвэр нь сөхөгддөг машин байгаагүй шүү дээ. Тэгээд л олон хамтлаг, дуучин клипэндээ, жүжигчид кинондоо ашигласан. Нээрэн л надаас илүү миний машиныг хүмүүс мэддэг байсан байх аа (инээв).
-Та хийх ажлаа төлөвлөдөг үү?
-Яс төлөвлөдөг. Төлөвлөснөөсөө гажихад их дургүй.
-Танил, найз, анд гэдэг үгийн утга алдагдаад буй мэт санагддаг. Та энэ талаар юу гэж боддог вэ. Хэр олон найзтай хүн бэ?
-Би их олон найзтай. 30 шахам жил найзалж буй, өөрсдийгөө “26 unit” гэж нэрлэдэг 25 найз надад бий. Жил бүр нэгнийхээ төрсөн өдөр, Шинэ жилийн баярыг хамт тэмдэглэдэг.
-Амьдралын тань хамгийн хүнд үе хэзээ байсан бэ. Тэр үеийг хэрхэн даван туулсан бэ?
-Аавыгаа алдах үе л хамгийн хүнд байсан. Манайх тэр үедээ л чинээлэг айл байлаа. Аав минь Барилга засварын нэгдсэн трестийн дарга, ээж минь Аптекуудын удирдах газрын дарга байв. Аавыг өнгөрөхөд сэтгэл санааны хувьд ч, амьжиргааны хувьд ч манайх орвонгоороо эргэж байлаа.
-Хүн үхэн үхтэлээ суралцдаг гэдэг. Та одоо юуг шинээр сурахыг хүсэж байна вэ?
-Гитар тоглох чадвараа улам ахиулахыг хүсэж байна. Мөн дахиад нэг гадаад хэл эзэмшихийг хүсдэг. Би орос, англи, чехээр ярьдаг. Одоо Азийн аль нэг орны хэл сурмаар байна.