Сингапурын Лассале урлагийн коллежийн зөвлөх, Австралийн театр судлаач Обрей Меллортой ярилцлаа. Тэрбээр СУИС-ийн багш, оюутнуудад энэ сарын 5-12-нд сургалт зохион байгуулсан юм.
-Та Монголд гурав дахь удаагаа ирсэн юм билээ. Өмнө нь ирэхдээ хэр үр дүнтэй ажилласан бэ?
-Дэлхийн театрын боловсролын чуулганы үеэр Монголын төлөөлөгчидтэй анх уулзаад ижил сонирхолтой, нэг зүг рүү яваагаа мэдсэн. СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд Бээжин, Колумбад дэлхийн сонгодог жүжиг болон үндэсний түүхэн бүтээлээс тоглохыг үзээд сургалт нь ямар бол гэж гайхсан. Хэрэв энэ сургуулийн багш, оюутнууд олон улсын чуулган, наадамд оролцож, гадаад харилцаагаа тэлэх оролдлого хийгээгүй бол би Монголын тухай мэдэхгүй байлаа.
Бээжинд цаг агаар муу байсан учраас Монгол дахь эхний аяллын хугацаа багассан. Гэхдээ театрын сургуулийн сургалттай нь танилцаад бидэнд байхгүй арга барилтайг мэдэж, заавал дахин ирж судлах ёстойг ойлгосон. Олон улсын драмын урлагийн сургуулиудад нэг багш олон оюутанд хичээл заадаг.
Гэтэл энд оюутнуудад хэд, хэдэн багш хамтарч хичээл заадаг юм байна. Нэг нь оюутнуудын бие, хэл яриаг, нөгөө нь сэтгэхүйг, өөр багш жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх жишээтэй. Гэсэн атлаа энэ сургалт нэгдмэл болж чаддаг.
Монголд олон улсын театрын сургуулиудын наадам болж, хоёр дахь удаагаа энд ирэх завшаан тохиосон. Тухайн үед оюутнуудтай ажиллахыг хүссэн ч боломж олдоогүй. Энэ удаа тэдэнд сургалт зохион байгуулж, харилцан ярилцаж чадсандаа таатай байна.
-Та олон оронд очиж, урлагийн сургуулийн оюутнуудад хичээл заадаг юм билээ. Оюутнуудад юуг дахин дахин сануулахыг хүсдэг вэ?
-Энэ үнэхээр өргөн хүрээтэй асуулт. Оюутнуудад захиж хэлэхийг хүсдэг зүйлийнхээ талаар долоо хоног ярьсан ч чадна. Нэгдүгээр сард Энэтхэгт, тавдугаар сард Хятадад, дараа нь Японд гэх мэтчилэн би дэлхийн өнцөг булан бүрт буй урлагийн ангийн оюутнуудад сургалт зохион байгуулдаг. Ингэхдээ олон улсын театрын сургуулийн заах арга зүйг судалж, оновчтой шийдлүүдийг хослуулж, ирээдүйд төгс сургалт бий болгох зорилготой.
Японы уламжлалт урлаг но театр, Хятадын ши жүжиг зэргийг судалдаг хүн олон байдаг ч бүгдийг нь харьцуулдаг судлаач цөөн. Би харьцуулсан театр судлалыг хөгжүүлж, өөрийн арга зүйг боловсруулж байна.
Хэдийгээр надад олон санаа байгаа ч Монголын Театрын урлагийн сургуулийн жүжиглэх ур зүйн сургалт сайн учраас зөвлөгөө өгөхгүй. Харин жүжгийн зохиол бичих цар хүрээгээ тэлмээр, энэ талбарыг илүү хөгжүүлмээр санагдсан. Мөн тайзны дизайн, чимэглэл, гэрэлтүүлэг зэрэг технологийн хөгжил нь зохих түвшинд хүрээгүй юм билээ.
Монголын театрын урлагийнхан гадаад харилцаагаа сайн хөгжүүлмээр санагдлаа. УДЭТ-тай хамтран ажиллаж, Монголын нэг бүтээлийг олон улсын наадамд оролцуулах талаар ярилцаж байна.
-Тэгвэл олон улсын театруудын сургалтын оновчтой арга зүйгээс Монголын хөрсөнд буулгахад зохицохоор санааг хэлж өгөөч?
-Монголын театрын салбарт дутагдаж буй нэг чухал зүйл бий. Хамгийн орчин үеийн урсгал, чиглэлтэй танилцаж, хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Гэхдээ заавал энэ, тэрийг гэж хэлмээргүй байна.
Туршиж байж ямрыг нь мэдэрдэг учраас бүхнийг оролдоод үзээсэй. Түүний дараа аль нь өөрт тохирох урсгал, чиглэл гэдгийг сонгох боломжтой.
-Монголд хувийн театр бараг байхгүй. Байгуулсан ч эдийн засгийн асуудлаас болж үүдээ барьдаг. Хүн ам цөөнтэй ийм улсад ямар замаар театрын урлагийг хөгжүүлэх вэ?
-Энэ өдгөө дэлхий нийтэд түгээмэл асуудал. Театр ажиллуулж, хөгжүүлнэ гэдэг их мөнгө шаарддаг. Олон улсын томоохон театрын компаниуд ч гэсэн дампуурч байна. Ийм үед уран бүтээлчид жижиг хамтлаг байгуулж, нэгнээсээ ялгарч уран бүтээл туурвих тохиромжтой. Заавал чамин загвартай байшинд тоглолгүй, 20 хүн багтахаар өрөөнд ч бүтээлээ толилуулж болох юм.
Олон улсад сүүлийн үед жижиг орон зайд театр байгуулж ажиллах хандлагатай болсон. Заавал онцгой театр байгуулж хүн аваачих гэхийн оронд олон хүн цугласан газар, их дэлгүүрт жүжиг тоглож байна. Том нүсэр байшинд үзвэр сонирхоно гэхээсээ зам зуур таарах жижиг газар тоглолт үзэхдээ хүмүүс илүү сэтгэл хангалуун байдаг.
Үзэгчдийн нэг хэсэг нь өвөрмөц зүйлд дуртай бол зарим нь түүнээс өөрийг хүсдэг. Хамгийн гол нь үзэгчид юу хүсэж байна вэ гэдгийг сайн эргэцүүлж, тэдний сонирхолд тулгуурлан хамтлагууд нэгнээсээ ялгарах хэрэгтэй.
-Ингэвэл урлагийн үнэ цэнэ буурах юм биш үү?
-Театр бол харилцаа бий болгодог газар учраас уран бүтээлчид хаана ч тоглож болно. Чехов алдарт бүтээлүүдээ бичихдээ сонгодог бүтээл туурвина гэж мэдээгүй шүү дээ. Зүгээр л бусдыг зугаацуулах гэж жүжиг бичсэн нь сонгодог бүтээл болсон хэрэг. Ерөөс л театрын гол зорилго бол бусдыг зугаацуулах.
-Тэгэхээр театр гэдэг байшин биш гэсэн үг үү?
-Яг тийм. Английн алдартай хоёр жүжигчин ямар ч тайзны засал, хувцас, нүүр хувиргалтгүйгээр нэгэн агуулахад “Макбет”-ийг тоглосон нь өнөө ч шагшигдсаар байна. Жүжиг бол орчны тусгал гэж ойлгож болно. Шекспир, Брехт, Чеховын зохиолууд урлаг гэхээсээ илүү түүх юм. Уран бүтээлчид заавал тэдний бүтээлийг тоглох албагүй. Шекспирийг мэддэггүй ард түмэн ч гэж бий.
Гэхдээ л тэд урлагийг өөрсдийнхөөрөө бүтээдэг. Урлаг гэдэг зүйл өөрийгөө бүтээх ёстой. Өөрийн гэсэн жүжгийн зохиол бичиж, өөрийн урлагийн бүтээл бий болгох хэрэгтэй. Сонгодог бүтээл гэдэг зохиолчийг сайн бүтээл гаргаж, хөгжихөд нь тусалдаг. Хамгийн гол нь өөрийнхөө бүтээлийг бий болгох ёстой.
-“Урлаг эмэгтэй хүнтэй төстэй. Аятайхан харагдахын тулд тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлэх нь чухал” хэмээн Рюноскэ Акутагавагийн хэлсэнтэй та санал нийлэх үү?
-Мэдээж бид эргэн тойронд буйгаа жүжигт тусгадаг. Гэхдээ бүтээл бүр үеийн үед шагшигдах албагүй. Агуу бүтээл хэдэн зууны дараа ч тухайн цаг үеийнхээ тусгал хэвээр байдаг. Хайр дурлал, гэр бүлийн амьдрал, нийгмийн дарамт шахалтыг эсэргүүцсэн үзэл санаа зэрэг нь уран бүтээлчдийн үеийн үед ангаж цангадаг мөнхийн сэдэв.
Би залууст “Хуулбарла. Гэхдээ өөрийн болгож хуулбарла” гэж зөвлөдөг. Тухайлбал, “Ромео Жульетта”-гийн хайрыг хоёр монгол хосынх болгож, гэр бүлийн нарийн түвэгтэй харилцааг харуулсан Чеховын “Эгч дүү гурав” жүжгийг Монголын гэр бүлийн амьдралтай ойр болгож тавих хэрэгтэй.
Эртний Грекийн “Антигона” жүжигт тухайн нийгмээ хүлээн зөвшөөрөлгүй, эсэргүүцсээр амиа алддаг эмэгтэйн эмгэнэлт түүхийг өгүүлдэг. Энэ бол орчин үеийн залуучуудын дунд одоо ч байгаа, хуучраагүй сэдэв. “Антигона”-г БНХАУ-д сонгодог хэлбэрээр тавихад нь үзсэн. Судлаачид сонгодог жүжиг гэдэг утгаар таашаадаг ч олон нийт “Юун хуучинсаг түүх вэ” гээд тоож үздэггүй. Үүгээр дамжуулж өнөө үед тулгамдсан асуудлыг үзүүлж болно шүү дээ.
“Тяньаньмэнь”-ий талбайд 28 жилийн өмнө ардчиллыг дэмжин олон мянган оюутан, ажилчид жагссан ч Хятадын Засгийн газар цэргийн хүчээр нэг шөнийн дотор дарсан. Энэ үед авсан, танкны өөдөөс сөрөн зогссон залуугийн алдартай гэрэл зургийг та харсан байх. Тэр л орчин үеийн Антигона шүү дээ.
-Та яагаад найруулагч болсон бэ. Энэ урлаг таныг өөрчилсөн үү?
-Би дөрвөн настайгаасаа театрт өссөн. Аав, ээж минь театрын уран бүтээлч учраас надад өөр сонголт байгаагүй. “Ямар мэргэжил сонгох вэ” гэж тэднийг асуухад шууд л тайз руу заасан. Өсвөр насандаа богино хэмжээний хэд, хэдэн кино хийсэн. Тэгээд драмын ангид сурч, жүжигчний мэргэжил эзэмшсэн. Гэхдээ би жүжигчин болохоос татгалзсан. Би багаасаа бүжиглэж, хөгжим тоглож, зураг зурж, өөрийгөө олон талаас нь бэлтгэсэн.
Жүжигчин болоход тэр олон ур чадвар надад хэрэг болоогүй. Харин найруулагч болсноор тэр авьяасуудаа ашиглах боломж гарсан. Найруулж буй бүтээлийнхээ хаана хөгжим эгшиглүүлэх, ямар бүжиг дэглэхийг, тайзаа хэрхэн шийдэхийг мэдэж эхэлж, театрын уран сайхны удирдагч болж хөгжиж чадсан.
“Би тэгж, ингэж чадна” гэдэг амиа хичээсэн, өөрийгөө магтсан байдлаас найруулагч болоод ангижирч чадсан. Харин юуг сурах, мэдэх ёстой вэ гээд олон зүйлд суралцлаа. Надаас илүү мундаг хүн олон байдгийг мэдэж авсан. Би сурах эрмэлзлээр үргэлж дүүрэн байдаг нь намайг одоо ч өдөөж, амьдралыг минь сонирхолтой болгодог.