Ахмад дипломатч, орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гомбосүрэнг “Хоймор”-тоо урилаа.
-Сайхан хаваржиж байна уу, Та. Танаар сонин сайхан юу байна вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх талаар иргэдийн саналыг тандах зорилготой Зөвлөлдөх санал асуулга гээчийг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр ажиллалаа. Зөвлөлдөх зөвлөл үүргээ гүйцэтгэж, санал асуулгаа зохион байгуулж, дүнд нь үндэслэсэн зөвлөмжөө УИХ-д гардуулсан.
Өмнө орчуулсан “12 сандал”, “Алтан тугал” хоймсон роман, “Хаан загас” туужаа бүрэн бүтэн болгоно гэж бодож явснаа биелүүллээ. Эдгээр бүтээл ЗХУ-ын үед цензурт өртөж, 25-30 хувь нь хасагдчихсан байсан юм. “Хаан загас” энэ сард багтаад хэвлэлтээс гарна. “Хаан загас”-ыг бичигч В.Астафьев Красноярск орчмын хүн. В.Астафьев “Хаан загас” туужаараа ЗХУ-ын Төрийн шагнал хүртсэн, Зөвлөлтийн алдартай зохиолч хэдий ч манайхан түүнийг Эрхүүгийн Распутиний дайтай мэдэхгүй.
В.Астафьев жинхэнэ сибирь нутгийн хэлээр бичдэг учраас мосвагийнханд адлуулдаг, нутгийнхнаасаа талархал сонсдог хүн байсан. Түүний бүтээлийг орчуулахад амаргүй. “Хаан загас”-т л гэхэд үй олон загас, ургамлын нэр бий. Түүнийг оноохоос гадна, хэл найруулгыг нь монгол руу буулгахад бэлэнгүй. Мөн Ф.М.Достоевскийн “Албингууд” романы ард гарлаа. Надаар ийм л сонинтой шив дээ.
-Та Ф.М.Достоевскийн аугаа таван романыг эх хэл рүүгээ хөрвүүлэх том ажлын ард гарчээ. “Албингууд”-аа хэзээ хэвлүүлэх вэ?
-Сүүлийн хэдэн жилийг би Ф.М.Достоевскийн аугаа таван романы цаана гарахад зарцуулсан болж таарах гээд байна. “Гэм зэм”, “Карамазовын хөвгүүд”, “Солиот”, “Хөвүүн заяа” дөрвийг монголчууд эх хэлээрээ уншиж байгаа. “Албингууд”-ыг одоо хэвлэлийн газарт өгнө. Хэзээ хэвлэлтээс гарах нь одоогоор тодорхойгүй.
Ф.М.Достоевский хүн төрөлхтний ёс суртахууныг сүсэг бишрэлтэй холбож үздэг тул гол бүтээлүүд нь орчуулагдаагүй өдий хүрсэн учраас би барьж авсан.
-Ингэхэд та сайн орчуулга ямар байх ёстой гэж үздэг вэ. Орчуулагчдын зарим нь үг бүрээр нь тулгахыг зорьдог бол зарим нь утгийг нь гаргаж байвал үгийг нь дүйлгэхийг чухалчилдаггүй?
-Орчуулагч гэдэг сонин ажил шүү дээ. Хэн ч чамайг хянахгүй, буруу зөрүү хийчихэж гэж хэлэх хүн гарахгүй байх талтай. Орчуулагч хүн өөртөө л сэтгэлийн цагдлага, хэм хэмжээ тавина. Түүндээ захирагдаж явна. Ялангуяа дэлхий дахинд алдартай сонгодог зохиол орчуулж буй бол өөрийгөө сайн цагдах хэрэгтэй.
Орчуулагч хүн эх хэл болон зохиолын бичигдсэн хэл, түүнээс гадна зан заншил, соёл иргэншил, үүх түүхийг сайн мэддэг байх ёстой. Орчуулахдаа үгчлэх үү, утгачлах уу гэдэг нь орчуулгын онолчдын гол маргаан байсаар ирсэн. Би бол эдний шүтэлцээг олох ёстой гэж боддог. Үг бүр утга санаа тээж яваа. Тэгэхээр зохиолч 10 үгтэй өгүүлбэр бичсэн бол тэнд буй үг бүрийн тээсэн санаа орчуулгад туссан байх ёстой.
Гэхдээ энэ нь яг махчилж үгчилнэ гэсэн үг биш. Зарим тохиолдолд есөн үгээр, эсвэл 12 үгээр гарч болно. Хамгийн гол нь үг бүрийн утгыг гээлгүйгээр санааг нь гаргасан байх ёстой. Зохиолчийн өмнөөс зохиож болохгүй.
-Бид таныг зөвхөн дуун хөрвүүлэгчийн хувиар бус, төр, нийгмийн зүтгэлтэн, ахмад дипломатчийн хувиар, бас Гомбосүрэн гэдэг хүний тань хувиар уншигчидтайгаа уулзуулахаар зорьж ирсэн юм.
Тиймээс Гомбосүрэн гэдэг хувь хүний талаар жаал сонирхвол болох болов уу?
-Би чамтай утсаар ярьсныхаа хойно “Хоймор” гэхээр тиймэрхүү ярилцлага байх нь гэж бодлоо. Надад тэр буланд чинь ярих зүйл байх юм болов уу даа.
-Байлгүй дээ. Та Өвөрхангай аймгийн уугуул. Дунд сургууль төгсөөд л нутгаасаа гарсан уу?
-Манайх Архангай, Өвөрхангай аймгийн завсрын айл. Өөрөөр хэлбэл, 1956 он хүртэл Архангайн Өндөрсант сумын харьяанд байж, би тус сумын бага сургуулийг төгссөн. 1956 онд зуны амралтаар ирэхэд манайх нутгаа солиогүй хэрнээ харьяалал солигдож, Өвөрхангай аймгийн Хужирт сумын гуравдугаар багийн айл болчихсон байв.
Хожим мэдэх нь ээ, Хархорины сангийн аж ахуйг байгуулах гээд Архангай, Өвөрхангай аймгийн нутгийн хилийг жаахан өөрчилсөн юм билээ. Ингээд манайх Өвөрхангайн айл болж, би Хужиртын дунд сургуулийг төгссөн дөө.
Дотуур байранд есөн жил суусан. 1951-1961 он гэдэг бол саван, шүдний оо, сойз гээчийг хөдөөгийнхөн бараг хэрэглэж мэддэггүй байсан үе. Би лав сургуульд орж, дотуур байранд суугаад ахуйн соёлын наад захаас суралцаж эхэлсэн юм. Дотуур байрны хүүхдүүдэд саван, оо, сойз тавьж өгнө. Түүнийгээ албан журмаар хэрэглүүлнэ. Өглөө бүр гараа савандаж угаана гэсэн ойлголт хүүхдүүдэд суугаагүй байсан хэрэг. Манайх олуулаа. Тусгайлан бэлдсэн ор, дэр, хөнжил гэж байсангүй.
Нэг муу өнгөц (гудас)-тэй. Түүнийгээ дэвсээд, өвөл үстэй дээлээ, зуны цагт тэрлэгээ нөмрөөд унтдаг байсан бол дотуур байранд ороод ор, хөнжлийн даавуу хэрэглэж үзсэн. Ном сурахаас гадна соёлч боловсон байдлын зах зухаас заалгасан минь цоо шинэ замаар явсан хэрэг байв.
-Ээж, аав тань таныг номын мөр хөө гэж хэлэв үү, эсвэл та өөрөө явах замаа сонгосон уу?
-Манайх бог голдуу малтай, чөдрийн хэдэн морь, саалийн цөөн үнээтэй айл байлаа. Тийм айлын хүүхэд хонь, хурганы хошуу эргүүлж тусад ордог. Бүгд л тийм байдаг юм чинь би ч аав, ээжийн гарын үзүүрт гүйж л явсан байх. Тэр нэг их сонин биш.
Би хоёр эгчтэй. Тэр үеийнхний жишгээр эгч нарыг минь сургуулиас зувчуулсан байгаа юм. Хоёр хүүхдээ сургуульд суулгаагүй болохоор гурав дахийг нь сургуульд оруул гэсэн шаардлага сум орон нутгаас тавьсан байх. 1951 он гэдэг чинь хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, ном эрдэм хэрэгтэй гэдгийг ч ойлгосон үе биз. Аав минь намайг сургуульд дуртай явуулсан шиг байдаг юм.
Нэгдүгээр ангид орох жил намайг хичээл эхлэхээс хэд хоногийн өмнө хүргэж өгсөн юм уу, эсвэл хичээл нь хугацаандаа эхлээгүй юм уу. Лав л хичээл хийхгүй хэд хоносон юм. Гэтэл манай голын, надаас насаар ахмад хоёр хүү “Гурвуулаа харих уу” гэж байна. Ингээд орголоо. Манайхан сумын төвөөс хоёр өртөө зайтай газар нутаглаж байв. Харьтал аав самранд явчихаж. Манай нутгийнхан намар хэд хоногоор ууланд сууж, самар бэлтгэдэг ажилтай.
Намайг очиход ээж баярлах маягтай “Хүү буцаад ирлээ” гэж аавд хэл хүргүүлтэл “Тэр лүдийг бушуухан хөөгөөд явуул” гэсэн хариу ирүүлсэн. Ингэж аавдаа хөөгдөн явсан хүн чинь сүүлдээ өөрөө сургууль номд дуртай болов. Ном эрдэм сураад, түүндээ дурлахын хажуугаар орчин нөхцөлд нь дурласан хэрэг. Хөдөөгийнхөн голдуу ганц гэр, сайндаа хоёр айлаар нутагладаг, үе тэнгийн хүүхэд цөөнтэй, хүүхдүүдэд цагийг зугаатай өнгөрүүлэх боломж хомс. Сургуульд олон хүүхэдтэй тоглож наадан бужигнах нь таатай. Нөгөөтэйгүүр, өвлийн хүйтэн, хаврын хавсарганд хонь малын захад харшиж явснаас, ном үзэж байгаа нэрээр дулаан байранд суух нь муу зан сургасан байх.
-Ном эрдэмд дурлахаасаа илүү төвд дурласан гэж үү?
-Тийм тал бий. Тэр үед хүүхдүүдийг хичээл номд дурлуулах олон талын арга сэддэг байлаа. Сурлагыг урамшуулна. Улирлаар онц, сайн гарвал дэвтэр, харандаагаар шагнана.
-Мэргэжил сонгохдоо өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагав уу, хүний заавар зөвлөгөө сонсов уу. Эсвэл таарсан нь л тэр байв уу?
-Би их хачин тохиолдлоор мэргэжил сонгосон этгээд байгаа юм. 1950-иад оны сүүлчээс ЗХУ-д сургуульд явах моод дэлгэрсэн. Би ч бас тиймэрхүү юм боддог байлаа. Бүтэх ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд шүү дээ. Төгсөлтийн үеэр хөдөөгийн сургуулиудаар хүн явж, гадаадад сургах хүүхдээ авдаг байж. Манай Хужиртын сургуульд намын Төв хорооноос нэг хүн ирлээ. Самбарт зургаан мэргэжил бичсэний дунд хэвлэлийн инженер технологи, хэвлэлийн инженер механик гэж байна. Тэгээд би найздаа “Энэ хоёрыг сонговол нэг сургуульд очих юм биш үү. Хоёулаа ханиндаа явбал яасан юм бэ” гэтэл нөгөөх маань “Нээрэн тэгье” гэв. Ингээд л хэвлэлийн инженер мэргэжил сонгочихсон. Тооны хичээлд гайгүй болохоор инженер болно гэсэн багцаа байсан. Тэр суурин дээр хүний газарт найзтайгаа ханиндаа явах бодол нэмэгдээд хэвлэлийн инженер болсон хэрэг.
-Сумаасаа гарч үзээгүй хүү ЗХУ-д очив уу?
-Бас ч сумаасаа гарч үзээгүй биш ээ. Аймгийнхаа төв рүү хоёр удаа орчихсон, тэр ч бүү хэл Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод очоод үзчихсэн догь эр байлаа. Тэр үед аймгуудыг газар тариалан, мал аж ахуй, эрүүл мэнд, боловсрол гээд бүх л салбараар хоёр хоёроор нь хооронд нь уралдуулдаг байв. Миний аймгийн төв рүү хоёр удаа орж үзсэн нь аймаг хоорондын тооны олимпиадад оролцож явсан хэрэг. 1960 онд манай аймаг Сэлэнгэтэй уралдсан юм. Тэгэхэд шинэ жилийн амралтаар хоёр аймгийн сургуулиудын тооны олимпиад Сүхбаатар хотод болж, би түүнд оролцох гэж тийшээ очсон юм. Тэр жил олимпиадын аварга болоод зогсохгүй төмөр зам, галт тэрэг гэдгийг анх үзсэн нь санаанд тод байна.
-Улсын хэвлэлийн комбинатаас ажлын гараагаа эхэлсэн. Тэнд ажилласан жилүүдэд орчуулагч болох эхлэлээ тавьсан гэсэн байх аа?
-Москвагийн хэвлэлийн дээд сургуульд таван жил хагас сурч, хэвлэлийн инженер технологич мэргэжил эзэмшээд Улсын хэвлэлийн комбинатад найман жил ажилласан. Хэвлэх үйлдвэрт ажилладаг хүн зохиолч, орчуулагчидтай танилцалгүй яах вэ. Орост таван жил сураад ирсэн болохоор ойр зуурын орос хэлтэй. Аяга цайны ард янз бүрийн зүйл, тэр дундаа тэдний ажил бүтээлийн тухай ярилцахдаа “Би ер нь орчуулга хийж болохгүй юу” гэхэд нөхөд намайг дөгөөж, оролдоод үзээч гэж зоригжуулав. Орчуулга хийх эрх авахын тулд шалгуулах ёстой тул сорилт шүүлгээр ортол тэнцчихлээ. Тэгэхээр нэг ном орчуулах эрх өгдөг юм. Энэ бол 1970 онд болсон явдал. 1972 онд анхны орчуулгын номоо хэвлүүлсэн. Удалгүй төрийн албанд орж, 20 гаруй жил ажиллахдаа орчуулга хийгээд суух зав чөлөө хомс байв. Төрийн албанаас халагдсанаас хойш буюу сүүлийн 20 жилд орчуулгын ажилд тууштай зүтгэж байна.
-Хэвлэх үйлдвэрийн инженер хүн яаж яваад дипломат албанд зүтгэж, Гадаад явдлын яамны сайд болчихов?
-Намын боловсон хүчний бодлогоор хүмүүсийн, тэр дундаа инженер техникийн ажилтнуудын улс төрийн боловсролыг дээшлүүлдэг байлаа. Улс төрийн боловсрол дээшлүүлнэ гэдэг нь гадаад, дотоодын намын сургуульд явуулна гэсэн үг. Манай хэвлэх үйлдвэрийнхэн Төв хорооны Үзэл суртлын хэлтсийн шууд харьяа, хараанд байдаг, тэнд байгаа мань мэтийн нөхөд улс төрийн хатуужилтай байх ёстой. Тэр мэт үзлийн үүднээс байх, хэвлэх үйлдвэрийн ерөнхий инженер, ерөнхий механик, ерөнхий технологичийн албатай бидний гурван инженерийг жил дараалан ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд явуулсан юм. Би бол ийш тийшээ сургуульд оръё гэж өргөдөл хүсэлт гаргахыг мэддэггүй, мэдсэн ч тийм сонирхолгүй нөхөр байлаа. Төв хорооны Боловсон хүчний хэлтсээс гэнэт намайг дуудаж, “Сургуульд яв” гэхээр нь даргадаа “Би сургуульд явамгүй байна” гэв. Манай хэвлэлийн комбинатын дарга Дагва гуай гэж тулхтай сайхан хүн байсан юм. Дарга “Юу ярьж байгаа юм бэ. Төв хороо хүнээс хоёр дахиж асуудаггүй юм. Дахиж хэзээ ч асуухгүй шүү. Хэлсэн дээр нь яв” гэдэг байгаа. Ингээд явсан. Төгсөж ирэхэд Гадаад явдлын яаманд хэлтсийн даргаар томилж, энэ салбарт чилийсэн 20 жил ажилласан даа.
-Таныг Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байх үед нийгэм солигдож, өөр тогтолцоонд шилжсэн. Гадаад харилцаанд бол бүр эрс өөрчлөлт гарсан. Олон улстай цоо шинээр харилцаа тогтоосон тэр жилүүдэд та энэ салбарыг тэргүүлж байж. Ажиллахад бэрхшээл их байв үү?
-Маш том зорилго тулгарсан. Цоо шинэ гадаад бодлого явуулах, олон улсын байр сууриа цоо шинээр тогтоох хэрэгтэй болсон. Гэхдээ ГЯЯ-ны сайд бүхнийг шийддэг, ганцаараа зохицуулдаг хүн биш. Мэргэжлийн том аппарат, салбар газрууд, ЭСЯ, төр засаг байна. Тэр хүрээндээ л ажилласан. Тэр үед гадаад харилцааны салбарт ажиллаж байсан, шийдэж оролцож явсан хүмүүс шинэ зорилтоо ойлгож ухаарсан улс байлаа. Харин хэрэгжүүлэхэд дадлага, туршлага дутах зүйл бишгүй байсан. Бид социалист орнуудтайгаа харилцдаг, тэднээсээ гуйж түүдэг өөрийн гэсэн барилтай байсан шүү дээ. Хөрөнгөтөн гэдэг байсан улсуудаа дайсан гэж үзнэ. Тэдэнтэй харилцах арга барилаа мэдэхгүй. Тэднийхээ арга барилыг мэдэхгүй. Тэр нь бидний бэрхшээл байв. Тэр үед Монголын гадаад харилцааны салбарын хийдэг ажил нь гуйлга гуйх л байлаа.
Англи хэлээр сайн уу, баяртайгаас өөр мэдлэггүй нь надад хүндрэлтэй байсан. Хуучин дайсан, шинэ түншүүд маань хаана ч очсон англиар ярина. Би бол сайн уу, баяртайгаас цаашгүй. Хэл устай бол хүн дал алгадвал далыг нь алгадаад, маазарвал маазраад, инээд ханиадтай юм ярьж байгаад яриа хэлэлцээний эв гавыг нийлүүлэх, өөрийгөө ойлгуулахад дөхөм болгочихно. Орчуулагчаар дамжуулж ярьж байгаа хүнд боломж хоёр дахин дутуу. Миний хувийн зовлон бол тэр. Нөгөөтэйгүүр, тэдний удирдлага зохион байгуулалт, асуудлаа шийдэх арга барилыг огт мэддэггүй байлаа. Тухайлбал, мэргэжлийн байгууллага нь асуудлаа шийдэж, гол санал санаачилгаа гаргадгийг мэдэхгүй, хуучнаараа сэтгэж, том даргад нь л хэлвэл бүтнэ гэж ойлгох жишээтэй. Иймэрхүү ойлголтоос болоод манай дарга нар ч, би ч, бусад улсын дарга нартай хамаагүй ярьж л явлаа.
Гэхдээ тэр үед бидний заяа түшсэн юм. Улс гүрнүүдийг социализмаас хурдхан салгая гэсэн том бодлого байсан. Бид өөрчлөлт шинэчлэл хийнэ, ардчилал, зах зээл гээч рүү орно гэсэн зорилго тавьсан. Хоёр талын сонирхол нийлснээр хандивлагчдын бүлэг гэж 20 гаруй улс, олон улсын байгууллага жил бүр 300-гаад сая ам.долларын хандив тусламж амалж, түүнийхээ 70-80 хувийг хэрэгжүүлчихдэг байлаа. Шилжилтийн хүнд үеийг гэтлэхэд тэр тусламж их тус болсон. Энэ бол бидний тухайн үеийн аз.
Хуучин түншүүд Монголтой манатай болж, ганц том ах маань 15 болон задарсан. Тийм үед бид үнэхээр гуя түүхдээ хүрвэл ичих нүүргүй гуя түүж явлаа. Үүнийгээ гүрний өмнөөс л гэж өөрийгөө цайруулна даа. Гадаад харилцааны салбарынхан зовлонгоо нэлээд үндэслэлтэй тайлбарлаж сурчихсан байдаг юм. Социалист системийн үед ч гэсэн тийм байсан. (Инээв)
-Жижиг буурай улсыг төлөөлж хэлэлцээрт орж буй хүмүүст зовлон багагүй байдаг байх. Дандаа гуйж түүж явах сайхан биш байж таарна?
-Би гуйж яваа гэж нэрэлхээд, доогуур харж, дорой дуугарна гэж юу байх вэ. Цаад хүмүүс ч тэгж ихэмсэг дээрэлхүү хандахгүй л дээ.
-Янз бүрийн бодлогоо шахаж тулгах явдал олонтаа гардаг шиг харагддаг. Сая ОУВС-тай хэлэлцээ хийхэд маш тод харагдлаа?
-Тэр бол жич. Бодлогын асуудлаа тулгахаа хүрвэл сүрхий. Тэгэхдээ та нар жижиг учраас гэж биш, зарчим ярьж байна шүү гэдэг байдлаар тулгана. ОУВС-гийн хувьд бид өөрсдийгөө ийм байдалд оруулсан. “Рио Тинто” матсан гээд байгаа биз дээ. Түүнээс өмнө бид өөрсдийнхөө бодлыг гадаадын компаниудад тулгасан шүү дээ. Монголын банк ийм итгэл хүлээх хэмжээнд хүрээгүй. Өнгөрсөн хугацаанд хэчнээн банк дампуурав, байгаа хэд нь хэр төлөвшив. Монголбанкны нэр төр дэлхийн хэмжээнд ямар байдгийг хэлэхүйяа бэрх. Гадаадын том компани бүү хэл, хурааж хумисан хэдэн төгрөгөө хадгалуулчихаад хагас нойртой хонож байгаа хүн олон бий шүү. Тэр мөнгийг Монголоор дамжуулахын тулд эхлээд банкаа найдвартай болгох хэрэгтэй. Зөв зүйлээ хүнээр буруушаалгаж буй нь бидний хохь. Тэдний эрхэнд орж байгаа нь харамсалтай. Энэ нь тэд дээрэлхэж байгаадаа биш, бид шаардлагыг нь хангаж чадахгүйдээ байгаа юм. Гадаадын банкаар мөнгөө явуулж байгаа нь биднийг дормжилж байна гэж үзэж байгаа бол доромжлуулахааргүй банктай л болох хэрэгтэй.
-Таны ГЯЯ-ны сайдаар ажилласан жилүүдийг орчин үеийн гадаад харилцааны үндэс суурь бий болсон үе гэдэг. Тэр утгаараа таныг болон танай багийнхныг орчин үеийн гадаад харилцаа үүсэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс гэж үнэлдэг. Та өөрөө тэр үеэ дүгнэж цэгнэж үзсэн биз дээ?
-ЗХУ-д олон улсын харилцааны мэргэжлээр сургууль төгссөн анхны хүмүүсийн нэг Ц.Дүгэрсүрэн гуай миний өмнө ГЯЯ-ны сайдаар ажиллаж байсан юм. Хоёр ч удаа энэ албыг хашсаны сүүлийнх нь 1976-1988 онд байв. Тэр хүн 1911-2000 оны үеийг хамруулсан Монгол Улсын гадаад харилцааны тойм маягийн ном бичиж байгаад дуусгаж амжилгүй бурхан болсон. Өвгөн 1921-1980-аад оны гадаад харилцааны түүхийг биччихсэн байсан. Би хоёр талд нь дутууг нь бичиж гүйцээсэн юм. Түүний сүүлчийн бүлэгт 1980-аад оны дунд үеэс 2000-аад он хүртэлх үеийн гадаад бодлогын тухай бичсэн. Тэндээс бид “Шилжилтийн үеийн гадаад бодлого улс орныхоо язгуур эрх ашгийг дээдэлж, зогсож байсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд зохих үүргээ гүйцэтгэсэн” гэж дүгнэсэн. Тэр жилүүдэд алдаж оносныг үгүйсгэхгүй. Санаснаар 100 хувь болоогүй зүйл бишгүй бий. Юм бүхэн өөрийн цагтаа л тохиодог байна шүү. Бид тэр үед бушуухан гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирээд улс орноо хөгжүүлчих юм сан гэж арга чарга хайж явлаа. Тэгэхэд улсаараа гадаадынхантай харилцах нөхцөл бүрдээгүй байв. Улс төрийн тогтвортой байдал, эрх зүйн систем чинь хаана байна гэх мэтийн асуулттай тулаад хана мөргөж явсан удаа олон. Бид яван суун эрх зүйн орчноо бүрдүүлж, улс төрөө тогтворжуулах гэж нэг бүдэрч, нэг ухасхийж элдэвлэхийн хэрээр гадаадынханд нэг ойлгогдож, нэг эс ойлгогдож явна. Өнөөдөр нэг нам олонх болсон, Засгийн газрыг хүссэнээрээ огцруулах сөрөг хүчингүй байгаа ч гэсэн бусад улс манайхыг улс төрийн хувьд найдвартай гэж үзэж байгаа гэдэгт итгэхгүй байна. “Нөгөөдүүл чинь 65 болчихож. 2020 онд хаашаа хэлбийж, яах юм бол доо. Их туйлширдаг улс шүү” л гэцгээж байгаа.
-Энэ салбарт олон жил ажилласан ахмад хүний хувьд алдаа оноог нь ажиглаж суудаг байх. Хэлэх сэн гэж бодох зүйл олон байх юм уу?
-Бид Гадаад бодлогын, Үндэсний аюулгүй байдлын, Батлан хамгаалах, цэргийн үзэл баримтлал гээд олон сайхан бичиг баримттай. Гэхдээ түүнээ хэрэгжүүлж байгаа нь дундаас доош дүн тавихаар. Сүүлийн жилүүдэд АСЕМ хийлээ, манай Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнтэй уулзлаа гэсэн мэдээнээс харахад улс төрийн үүднээсээ манай улсын гадаад нэр хүнд дажгүй юм шиг. Гэтэл эдийн засгийн талаас нь харахаар, хөрөнгө оруулахад найдваргүй орон гэдэг үнэлгээтэй, Монголын нэр хүнд асар унасан. Арай л “хулхиддаг” гэж ярьдаггүй байгаа даа. Сүүлийн зургаа, долоон жил бид ийм муухай улс биш гэдгээ нотлох гэж оролдож, аргаа барж байгаа шүү дээ. Ингэж аргаа барна гэдэг чинь хэрэг дээрээ хүний эрхэнд орж буй хэрэг. Улс оронд хэрэгтэй гол зүйл нь эдийн засгийн нэр хүнд.
-Та 1988-1996 онд ГЯЯ-ны сайдаар ажилласан. Хуучин тогтолцооноос ардчилал, зах зээлд шилжих үед төрийн бодлого хэрэгжүүлэлцэж явсан хүн. Та бүхний тэр үед төсөөлж, зорьж байсан чиг рүү Монгол Улс явж байна уу?
-Бид ардчилсан нийгэмд шилжээд 25 жил болсон, аль хэдийн зүгширчихсэн баймаар санагдах хэдий ч шилжилтийн зовлонг тийм амар туулдаггүй бололтой юм. Хүний 2-3 үе өнгөрч байж цэгцрэх байх. Энэ бол гутранги сэтгэлийнх бус, ерөөс зүй тогтол нь ийм золиг бололтой. Засгийн эрхэнд гарсан нам дор бүртээ хичээгээд л байгаа ухаантай. Гэвч нам, ард түмэн, улс орны алинынх нь эрх ашиг түрүүлж байгаа нь мэдэгдэхээ байсан.
Бид улс төр, эдийн засгийн ардчиллыг зэрэг хийсэн гэж хөөрцөглөдөг. Гэтэл улс төрийн ардчилал зарим хүнийг эрх мэдлийн шуналд, зах зээлийн эдийн засаг зарим хүнийг эд хөрөнгийн шуналд хөтөлдөг юм байна. Энэ хоёр шунал зарим уулзвар дээр огтлолцож, нэгнээ хөтөлж, зангиддаг юм байна. Эрх мэдлийн болон эд хөрөнгийн шунал нийлэхээр бүр арилж өгдөг юм байна гэсэн дүр зураг л надад харагдах боллоо. Олигархууд засаг, төрийн тэргүүнд гарлаа, хөрөнгөө арвижуулахын төлөө эрх мэдлийн төлөө зүтгэлээ гэж яриад байгаа нь энэ шүү дээ. Тэгээд одоо улс төр, эдийн засгийн ардчилалд зэрэг орсныг буруутгалтай биш дээ.
Уг нь сонгогчдоор дүн тавиулж, энэ хоёр шуналыг салгах учиртай юм. Гэтэл энэ золиг чинь барагтай эдгэдэггүй өвчин бололтой. Ялангуяа монгол хүнд таарах эмчилгээ ховор дог оо. Мэс засал хийх гэхээр толгойг нь авч өөр толгой суулгахаас наашгүй болоод байна.