“MN-25 дугаар суваг” телевизийн хамт олон нэвтрүүлгийн бодлогодоо монгол бүтээгдэхүүн (контент)-ийг түлхүү оруулахаар шамдан, санаа оноогоо уралдуулан “буцалж” буй. Монголчуудыг олон орноор аялуулсан “Үүргэвчтэй аялал”, энгийн иргэдийн аж амьдралыг сонирхолтой аргаар хүргэдэг “Танайд хонъё”, “21.000”, гарын “хоолоо” бусадтай хуваалцдаг “Bon apрetit”, цагдаагийн ажилтнуудын чадвар, ухаанаар илрүүлсэн тухайн цаг үеийнхээ дуулиан шуугиан болж байсан гэмт хэргүүдийн талаар “Дуулиант хэрэг”, Монголын сор болсон дуунуудыг эргэн дурсаж, сурталчлахад чухал үүрэгтэй “ХХ зууны дуунууд” зэрэг сайхан нэвтрүүлэг чухамхүү “MN- 25 дугаар суваг” телевизийнх.
Үүн дээр сүүлийн үед олон сайхан нэвтрүүлгийг санаачлан, хүргэж буй билээ. Тэдгээрийн нэг нь “Ар, өвөр Монголд нэг удаа” реалити шоу бөгөөд хүмүүсийг дэлгэцийн өмнө уях нэг шалтгаан болж чадсаныг олон үзэгч хэлж байсан. Эл нэвтрүүлгийн талаар сэтгүүлч, редактор Ж.Пүрэвдаваатай ярилцлаа.
-Танай телевиз эртнээс олон сайхан нэвтрүүлгээрээ алдартай. Сүүлийн үеийн нэвтрүүлгүүдээс “Ар, өвөр Монголд нэг удаа” илүү сонирхолтой болж, хүмүүст ихэд таалагджээ. Ер нь ийм нэвтрүүлэг бэлтгэх санаа хэрхэн төрөв?
-Манай найруулагч Д.Эрдэнэбаяр 2015 онд нэвтрүүлгийн санаагаа анх хэлснээр бид ярилцаж эхэлсэн. Тэгж явсаар өнгөрсөн жилээс биеллээ олж, үзэгчдэд хүргэлээ. Монгол Улс олон үндэстэн, ястны өлгий. Тэдний амьдрал, ахуй, соёлын ялгаа нь юу вэ, өвөг дээдсийнхээ уламжлалыг өнөө цагт хэр хадгалж, өвлөн явж байна вэ гэдгийг харуулах зорилгоор бэлтгэсэн цуврал нэвтрүүлгийн нэг хэсэг.
Өөр нэг зорилго бол үзэгчдэд Монголоороо аялах сонирхол, сэдэл төрүүлэх, эх орноо танин мэдэхэд чиглүүлэх явдал. Энэ сэдэв, агуулгын хүрээнд бэлтгэсэн анхны нэвтрүүлэг маань “Улаанбаатарт нэг удаа”. Улсынхаа нийслэлийг үзээгүй казах залууг сонгон, хоттой танилцуулан, аялуулах зуурт үзэгчдэд Баян-Өлгий аймаг, казах түмний амьдралыг бага боловч таниуллаа.
Дараагийн цуврал “Тайгад нэг удаа” нэвтрүүлгээрээ Улаанбаатарт төрж, өссөн залуучуудыг цаатан түмнийхээ амьдрал ахуй, соёлтой танилцуулсан. Нэвтрүүлгийн хоёр гол баатар маань тайгын гүнд ёстой л нусаа хацартаа наасан ч Монголын нэг эд, эс болсон өвөрмөц соёлтой танилцаж, маш их зүйл сурсан.
Гурав дахь төслөө монгол туургатнууд руугаа хандуулж, бидний мах цусны тасархай болсон өвөрмонголчуудын амьдрал ахуйг харуулахаар зорилоо. Ингэхдээ тэд нүүдэлчний соёлоо хэрхэн хадгалж үлдсэнийг, биднээс юугаараа ялгаатайг, бас тэднээс суралцах зүйлийг эрэлхийхээр солилцоо хийсэн. Тодруулбал, хилээр зааглагдсан, нэг гарал үүсэлтэй ард түмнүүдийн ахуйг харьцуулахыг зорьсон юм.
Манай талаас Өвөрмонголд очих хүнийг З.Алтай захирал санал болгож “Монгол малчин эмэгтэйчүүдийг бүрэн төлөөлж чадахаар хэл яриа нь хөгжсөн, цэцэн цэлмэг, олон хүүхэдтэй, энгийн нэгэн гэрийн эзэгтэй байна” гэснээр “Авьяаслаг монголчууд”-аар олонд танигдсан, Төв аймгийн Өндөрширээтийн мянгат малчин Б.Тунгалагтамирыг сонгосон.
Өвөрмонголоос Монголд ирэх залууг “Одон” телевизийн найруулагч Батбаяртай ярилцаж, хоёр хүн санал болгосноос ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Эх булаг сумын Сайн ус гацааны малчин С.Ванчигдоржийг нь бид сонгосон.
Тэрбээр нутаг усандаа их нэр хүндтэй, сайн малчнаас гадна найр, хурим гээд тэндхийн бараг бүх арга хэмжээг хөтөлдөг, ярианы баялагтай, уламжлал, соёлоо дээдэлдэг, боловсролтойн дээр угсаа гарлаараа бахархдаг чин сэтгэлтэй мундаг залуу байсан. Тэр ч бүү хэл, хааяа “Одон” телевизэд нэвтрүүлэг хөтөлдөг гэж байсан. Үүнээс гадна нэг сонирхолтой зүйл гэвэл, С.Ванчигдоржийн эхнэр босоо монгол бичгээ мэдэхээс гадна кирилл үсгээр уншиж, бичдэг, бас хятад, англи хэлтэй юм билээ.
-БНХАУ-ын ӨМӨЗО-д нэвтрүүлгийн зураг авах зөвшөөрлөөс эхлээд оролцогчийн визийн асуудал зэргээр саад, бэрхшээл учирсан уу. Ер нь тэнд ажиллаж байхдаа юу сурч, мэдрэв?
-Яг зураг авах ажлаа эхлүүлэх болтол цэргийн хувцастай хоёр хүн ирээд бидний зургийг авч, бичиг баримт шалгаж, ийш тийш утасдсан. Тэгээд дөрөв хоногийн турш нэг зочид буудалд байлгасны эцэст эрх бүхий газраас нь зөвшөөрөл ирж, ажилдаа орсон. Зураг авах явцад биднийг хоёр хятад хүн байнга дагаж явсан шүү. Бодвол хянаж байсан болов уу. Өвөрмонголчууд цөл маягийн бүс нутагт амьдардаг юм байна. Гэрээ барьж, буулгахдаа уламжлалт ёсоо дагадаг.
Гэхдээ хүндэтгэлтэй, чухал арга хэмжээний үед л гэрээ барьдаг болсон зэргийг тэнд очоод мэдэж авлаа. Бас тэд монгол хэл соёл, босоо бичгээ биднээс ч илүү хадгалж, авч явааг мэдэрсэн. Харин хоол хүнсний хувьд ерөнхийдөө адил мэт боловч ялгаатай тал олон санагдсан. Жишээ нь, бид мал төхөөрөөд, чанасан махаа халуунаар нь зочдодоо өгдөг. Тэнд бол чанасан махаа хөргөөд, халуун шөлөнд дүрж иддэг юм билээ. Биднийг дайлсан байдлаас нь тэгж ойлгосон.
С.Ванчигдоржийн хувьд хоёр хүүхдэдээ монгол уламжлал, бичиг соёлоо өвлүүлэх тэмүүлэлтэй нь мэдрэгдсэн. Тэр хэрээр дээл хувцсаа өдөр тутам хэрэглэдэг юм билээ. Өөр нэг ажигласан зүйл гэвэл, өвөрмонгол айл бүр хоймортоо Чингис хааны хөрөг залсан байсан нь сайхан санагдсан. Энэ мэтээр тэднээс сурах зүйл их байлаа.
С.Ванчигдоржийн цэцэн цэлмэг үг ёстой л цээжнээс нь урсдаг. Тэгэхдээ бидний мартаж, гээж эхэлсэн үг хэллэг их хэрэглэдэг. Энэ бүхнээс би эх монгол хэлээ илүү их мэдэж, уншиж, судлах хэрэгтэйг ойлголоо. “Би Чингисийн удам” гэчихээд архи ууж яваа монгол залууст түүнээс сурах юм их байна аа. Түүний хэтийн хүсэл нь боломжтой бол өвөг дээдсийнхээ нутагт амьдарч, өргөн уудам талдаа морь уяж, уралдуулах гэсэн.
-Энэ дашрамд хэлэхэд, сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог Ц.Балдорж шагналтан, “UB.Life” сайтын эрхлэгч Ж.Тэгшжаргал нэгэн цагт “Өнөөдөр” сонины томилолтоор ӨМӨЗО-д очиж яг энэ сэдвээр цуврал нийтлэл бичиж байлаа. Түүний нийтлэл бидний дунд байдаг зарим буруу ойлголтыг залруулахад их нөлөөлсөн.
Энэ мэтээр бид удам угсаа нэгтнүүдээ зөв ойлгож, тэдэнд зөв хандаж эхэлж байгаад сэтгүүлчдийн хувь нэмэр их гэж бодож байна. Тэгэхээр энэ талаарх дараагийн нэвтрүүлгийг үзэгчид хүлээж байгаа нь лавтай. Бодож, төлөвлөсөн зүйл байна уу?
-Дараагийн цувралаа Тувагаас хүргэхээр төлөвлөсөн. “Тувад нэг удаа” нэвтрүүлгийнхээ бэлтгэлийг базааж холбогдох албаныхантай ярилцаж байна. Хоёр талын оролцогчоо өмнөх шигээ сонгож, тува, монгол малчныг Улаанбаатар болон Кызылд аваачиж, мөн л харилцан солилцоо маягаар үйл явдал өрнөнө. “Ар, өвөр Монголд нэг удаа”-д малчны хотонд очиж, ахуй амьдралыг түлхүү харуулсан бол энэ удаа Монгол, Тува улсын нийслэлтэй танилцангаа хоёр орны уламжлал, соёл, түүхийг харуулахаар зорьж байна.
Нэвтрүүлгийн гол баатрууд маань 30-35 насных байх болов уу. Хамгийн гол нь үндэснийхээ түүх, зан заншил, урлаг соёлоо мэддэг, үзэгчдэд тэр талаар мэдээлэл өгч чадахуйц хүнийг сонгоно. Өөрөөр хэлбэл, нэвтрүүлгийн уламжлалт хэлбэрээ бариад, агуулгаа баяжуулж, монгол туургатнуудын зоог, угсаатны зүй, ахуй соёл, түүх гээд олон талаас цогцоор нь гаргах зорилготой. Энэ бүхний эцэст монгол угсаатай хүмүүс эв, элэг нэгтэй байж, бие биенээ хүндэлдэг байгаасай гэдгийг ухааруулах нь манай нэвтрүүлгийн бас нэг зорилго.
-Эдгээр цуврал нэвтрүүлэг монгол контент гэдэг утгаараа хүмүүст илүү хүрч байх шиг. Монголын телевизүүд сүүлийн үед энэ асуудалд түлхүү анхаарч, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ер нь “MN-25 дугаар суваг” телевиз энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай салбарынхан сүүлийн үед үзэгчдэд үнэхээр сайхан нэвтрүүлгүүд хүргэж байгаа. Гадаадын том хөтөлбөр, төслийг ч албан ёсны эрхтэйгээр амжилттай хэрэгжүүлэн, нутагшуулж байна. Гэхдээ олон улсын буюу гадаадын хэн нэгэн уран бүтээлчийн санаачилсан нэвтрүүлгээс илүүтэй манай телевиз жинхэнэ монгол контент хийж, хөгжүүлэхийг чухалчилдаг.
Контент гэдгийг монгол хэлээрээ буулгахаар ч ярилцаж, зөвлөлдөөд жинхэнэ монгол бүтээл гэж тогтсон. Өөрөөр хэлбэл, контент гэдэг нь бүтээгдэхүүн болсон агуулга юм. Энэ талаар “Улаанбаатарт нэг удаа” нэвтрүүлгээрээ ч бид тайлбарласан.