Монгол орныг усны хагалбараар нь 29 сав газарт хуваадаг. Тэдгээрээс хамгийн урд талынх нь бөгөөд нутаг дэвсгэрээрээ хамгийн том нь Алтайн өвөр говийн сав газар юм. Манай орны нийт нутгийн 13 орчим хувийг хамардаг тус газарт гол, горхи маш ховор, хүн, мал нь булаг шанд, гүний усаар ундаалдаг онцлогтой. Сав газрын захиргааны дарга Д.Чандманьтай ярилцлаа.
-Алтайн өвөр говийн сав газар ус багатай хэрнээ уул уурхайн томоохон ордуудыг “тэжээдэг” учраас усны зөв менежмент хамгийн чухал болов уу?
-Бараг усгүй газарт сав газрын захиргаа ямар хэрэгтэй юм гэж зарим хүн хэлдэг. Нэг талаар тийм юм шиг санагдаж магадгүй. Гэтэл эсрэгээрээ манай говьд усны асуудал хангайнхаас илүү хурцадчихсан. Ховор, нэн ховор амьтан, ургамлаараа алдартай манай сав газарт дэлхийн “Улаан ном”-нд бичигдсэн цоохор ирвэс, мазаалай, хавтгай, хулан, бөхөн бий.
Хүний хөл хүрээгүй газар нутаг ч олон. Ховор амьтан, ургамлуудыг хамгаалахад мэдээж усны менежмент чухал нөлөөтэй. Ил задгай ус, гол горхи нэн ховор учраас одоо байгаа баянбүрд, рашаан, булаг, нуур, тойрмоо бага гэлтгүй хайрлан хамгаалах ёстой. Ихэнх хэсэгт нь хүн суурьшаагүй, онгон зэлүүд байснаа саяхнаас уул уурхай, аялал жуулчлал хөгжиж эхэллээ.
Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад хамгийн түрүүнд ус хэрэгтэй. 100 жилийн өмнө Австралийн Калагури цөлд алтны томоохон орд илэрсэн юм билээ. Өчнөөн хүн цөлийг зорьж, эхэндээ тэнд алтны төлөөх дайн болж байсан ч сүүлдээ усны хомсдол нүүрлэж, усны төлөө нэгнийхээ аминд хүрсэн гашуун түүх бий. Үүний адил манай говьд алт, нүүрс, зэс, төмрийн биш, усны төлөө дайн дэгдэхэд ойрхон байна.
-Хэчнээн уурхай ажиллаж байгаа вэ?
-Манай сав газарт Нарийнсухайтын нүүрсний бүлэг орд бий. Тэнд 5-6 компани үйл ажиллагаа явуулж байна. Баянхонгор аймгийн урд хэсэг алтны нөөц арвинтай. Ер нь байгалийн баялгийн ихэнх нь говьд байна шүү дээ. Тиймээс нинжа нар цугларч, уул уурхайн томоохон компаниуд ч ажиллаж буй. Говийн гурван сав газар байдаг юм. Алтайн өвөр говиос гадна Галба-Өөш, Долоодын сав газар, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газар гэж бий.
Асар их нөөц баялагтай энэ гурван сав газарт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд газрын гүнээс л ус авдаг. Хамгийн багаар бодоход 10.000, цаашлаад 30.000, нэг сая жилийн дараа нөхөгддөг гүний ус алт, зэстэй адилхан байгалийн баялаг мөн. Хамгийн гол нь алт байхгүй боллоо гээд аймшиг болохгүй, харин усгүйгээр амьдрал үргэлжлэхгүй учраас онцгой анхаарах ёстой.
...2025 оноос усны хомсдолд орно гэсэн дүгнэлтийг бид гаргасан. 2030 он гэхэд усны хэрэглээ нөөцөөс хэтрэх учраас зөв зохистой ашиглахын тулд шинжлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэй. Хайгуулын лицензийг одоогийнхоос 30-40 хувиар нэмнэ гэх мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх боллоо. Тэдгээр нь удахгүй ашиглалтынх болж, уурхайн тоо улам нэмэгдэнэ. Байгаль орчны талаасаа энэ нь зүй зохистой бодлого биш гэж шүүмжилмээр байна...
-Говийн усны нөөц хэдэн жил хүрэлцэх талаар нарийвчилсан судалгаа хийсэн үү?
-Оюутолгойн уурхай гэхэд газар доорх уснаас жилд 15 орчим сая шоо метрийг авч, орон нутагт 16 орчим тэрбум төгрөг төлдөг. Тэр нь улс орны хөгжилд багагүй хувь нэмэр оруулдаг нь маргаангүй. Хамгийн гол нь манай Засгийн газар байгалийн баялаг ашиглах асуудлыг нэгдүгээрт тавьчихаад, усны нөөцийг хамгаалах талаар ярихгүй байна. Мөнгө л авч байвал боллоо гэж боддог.
Стратегийн гэж нэрлээд буй ордуудын ихэнх нь говьд бий. Монгол Улс эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэх үүднээс тэдгээрийг ашиглах бодлого барьж буй нь буруу биш ч яваандаа усны нөөц шавхагдана гэдгийг анхаарахгүй байгаа юм. Тун удахгүй буюу 2025 оноос усны хомсдолд орно гэсэн дүгнэлтийг бид гаргасан. 2030 он гэхэд усны хэрэглээ нөөцөөс хэтрэх учраас зөв зохистой ашиглахын тулд шинжлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэй.
Хайгуулын лицензийг одоогийнхоос 30-40 хувиар нэмнэ гэх мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх боллоо. Тэдгээр нь удахгүй ашиглалтынх болж, уурхайн тоо улам нэмэгдэнэ. Байгаль орчны талаасаа энэ нь зүй зохистой бодлого биш гэж шүүмжилмээр байна. Ус ховордвол ургамал устана, ургамалгүй бол ховор амьтад үгүй болно. Тэр амьтад өнөөдөр ухаад буй алт, нүүрснээс ч илүү баялаг.
-Усны хомсдолоос урьдчилсан сэргийлэх хамгийн эхний бөгөөд чухал алхам нь усаа дахин ашиглах гэж хүн болгон ярьдаг. Алтайн өвөр говьд ийм арга хэмжээ авч байгаа юу?
-Гүний цэвэр усны нөөцийг дээд зэргээр хэмнэх шаардлагатай. Одоо бол маш үрэлгэн цацаж байна. Зөвхөн уул уурхай биш, ахуйн хэрэглээ, мал аж ахуй, газар тариаланд ч тэр. Аялал жуулчлалын салбар хөгжиж эхэллээ. Очсон хүн бүр хоол иднэ, усанд орно. Үүний тулд жуулчны баазууд бас газрын гүнээс ус татна. Тэгэхээр одоо бохирдуулсан усаа дахин ашигладаг болох шаардлага аймгийн төвийнхнөөсөө эхлээд жуулчны бааз, уул уурхайн компаниудад тулгараад буй.
Уурхайд ашиглаж буй усыг 100 хувь эргэлтэд оруулах боломж бий. Усны хомсдолоос гарах бас нэг арга нь далан, ус хуримтлуулах сан, усан цахилгаан станц байгуулах. Монгол орны газар нутаг өндөрлөг учраас бараг бүх гол гадагш урсгалтай. Сэлэнгэ, Орхон зэрэг томоохон гол дээр тохируулга бүхий усан сан бариад, стратегийн ордууд төвлөрчихсөн говь руугаа ус дамжуулах хэрэгтэй. Улс орон үсрэнгүй хөгжихөд энэ л түлхэц болно.
Айлаас гуйхаар авдраа уудал гэдэг шиг дотоод нөөцөө арвижуулах ёстой. Ингээд ярихаар оросууд, манай байгаль орчны төрийн бус байгууллагынхан эсэргүүцдэг. Хурын усыг хуримтлуулаад нуур хийхэд яагаад эсэргүүцээд байгаа юм. Хөгжсөн орнууд бүгд л үүнийг байгуулчихсан, Япон, өмнөд Солонгост л гэхэд 2000-3000 далан бий. Япон улс бүр гүний цэвэр усаа далай руу оруулахгүйн тулд газар доор далан барих жишээтэй. Гэтэл манай говийн усыг шууд сороод л уурхайд ашиглаж байна.
-Уул уурхайн компаниуд усаа дахин ашиглаж чадаж байна уу?
-“Оюутолгой”, “Энержи ресурс” зэрэг томоохон компани усаа дахин ашиглаж эхэлсэн. “Энержи ресурс” тус бүр нь 28.000 шоо метрийн багтаамжтай хоёр битүү санд ус хадгалж, түүгээрээ нүүрс баяжуулаад, 90-95 хувийг нь дахин ашиглаж байна. Харамсалтай нь, ингэж ажиллаж буй компани тун цөөхөн. Бүгд усаа дахин ашигладаг болчихвол асар их нөөц хэмнэнэ.
Мэдээж багагүй хөрөнгө шаардлагатай л даа. “Энержи ресурс” дахин ашиглах төхөөрөмждөө хоёр сая гаруй ам.доллар зарсан гэсэн. Ийм аж ахуйн нэгжүүдийг төр, засаг харж үзэн, хөнгөлөлт үзүүлж, олон нийтэд ил тод зарлаж болно. Нөгөө талаар усанд үрэлгэн, дэмий асгаж буй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй.
-2014 онд говьд газар доорх усны хяналт, шинжилгээний төхөөрөмжүүд суурилуулсан байх аа?
-Уул уурхайн үйл ажиллагаа өргөжин тэлж буйтай холбоотойгоор гүний усны нөөц багасаж, цаашлаад шавхагдаж мэдэхээр байгаад говийн иргэд, малчид маш их эмзэглэж, сэтгэл нь зовниж байна. Үүнийг шинжлэх ухааны үндэстэй тогтоож, байнга хянахын тулд манай Засгийн газраас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн шугамаар Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (MINIS)-ийн хүрээнд говийн газар доорх усны хяналт, шинжилгээний сүлжээ бий болгосон.
Ингээд говийн гурван сав газрын нийт 119 байршилд гүний усны хяналтын цэг суурилуулсан юм. Цэгүүдээ бид улиралд нэг удаа эргэж, мэдээлэл авч байна. 119-өөс 20 нь бүрэн автомат, үлдсэн нь хагас автомат ажиллагаатай. Бүрэн автомат цэг нь газрын доорх усны түвшинг зургаан цагийн зайтай өдөрт дөрвөн удаа хэмждэг. Тохиргоог нь зургаан цагаар тааруулчихсан болохоос биш, хоёр цаг тутамд хэмжих ч бололцоотой.
Усны түвшин төдийгүй температур, орчин буюу шүлтлэг, эрдэсжилт гэсэн дөрвөн төрлийн үзүүлэлтийг хэмжээд, мэдээллээ манай серверт өдөрт хоёр удаа илгээдэг. Ихэнх цэгийг уурхайн ус авч буй цооногуудын дэргэд байрлуулж, гүний усны түвшин хэрхэн өөрчлөгдөж буйг хянах боломжтой.
Хагас автомат төхөөрөмжтэй цэгүүдэд заавал очиж, наад зах нь нэг км ойртож байж л мэдээлэл авдаг. Жишээ нь, Таянгийн нуруун дахь төмрийн хүдрийн уурхай орчимд суурилуулсан хоёр цооногийг шалгахын тулд бид Даланзадгадаас гараад буцаад ирэхэд 2000 гаруй км явна. Бүх цэгт очиж, мэдээллээ авахад 3000 гаруй км зам туулдаг. Улсын эдийн засгийн байдал хүндэрч, төсөв багассан учраас энэ жилээс цэгүүдийнхээ мэдээллийг авч чадахгүйд хүрээд байна.
-Хөрөнгийн асуудлаа шийдэхийн тулд холбогдох газруудад хандаагүй юм уу?
-2025 оноос эхлээд говийн усны нөөц уул уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангаж чадахгүй гэдгийг өмнө дурдсан. Тодорхой судалгааны үндсэн дээр ингэж хэлээд байгаа юм. Усны асуудалд таамгаар хандаж болохгүй. Шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл гаргахын тулд л газар доорх усны хяналт, шинжилгээ хийгээд байгаа юм. Алсдаа дор хаяж 2000 цэг бий болгох ёстой.
Тэр хүртэл одоо байгаа цэгүүдээсээ байнга мэдээлэл авч, боловсруулж, үнэлэлт дүгнэлт хийх шаардлага бий. Газар доорх усны хяналтын сүлжээ бий болгоход Австралийн Засгийн газраас дэмжлэг үзүүлж, говийн сав газруудад буцалтгүй тусламж үзүүлсэн. Энэ мэт гадаадын улс болон донор байгууллагуудаас тусламж хүсэхээр төлөвлөж байна. Улсын эдийн засгийн байдал ийм хүнд байгаа үед бид өөрсдөө хөрөнгө гаргаад, цэгүүдийг эргэж тойрох, тоног төхөөрөмжөө нэмэх боломж алга.
-Хяналт, мониторингийн төхөөрөмжүүд найдвартай ажиллаж байгаа юу?
-Сайн ажиллаж байгаа. Байгалийн горимыг ажиглаж, уурхайнхтай харьцуулахын тулд зэлүүд газарт цооног гаргаж, газрын гүнд төхөөрөмж суурилуулчихаар сониуч иргэд тагийг нь эвдэж, онгойлгох тохиолдол ганц хоёр удаа гарсан. Одоохондоо ойр нутаглаж байгаа малчин айл, сумын байгаль орчны байцаагчид захиад үлдээхээс өөр аргагүй.
Уг нь нэг жижигхэн байшин бариад хамгаалбал үр дүнтэй ч одоохондоо тийм боломж алга. Уурхайн бүсэд суурилуулсан цэгүүдийг энэ мэтээр эвдсэн тохиолдол гараагүй.
-Танай сав газарт хэдэн хүн ажилладаг юм бэ. Хүн хүч хүрэлцээтэй юү?
-Сав газрын захиргаад дээд тал нь 10-12 ажилтантай. Дунджаар 6-8 хүний орон тоотой. Цаг уур, орчны шинжилгээний газрынхан тэнгэрийн байдлыг өдөр тутам ажиглаж, олон нийтийг мэдээллээр хангадагтай адил усны сав газрууд ч гүний усны мониторинг хийж, мэдээллийг нь түгээдэг, мэргэжлийн байгууллага. Газар доорх болон гадаргын усны, чанарын, хайгуулын инженер зэрэг усны мэргэжилтэй 10 орчим хүн ажилладаг.
Ер нь усны салбарт 17 мэргэжил байдгаас нэг сав газарт ядаж 10 нь ажиллах хэрэгтэй юм. Цаг уурын алба нэлээд олон жил үйл ажиллагаа явуулж, хүний нөөц нь бэхэжсэн учраас аймгуудад хамгийн багадаа 20 гаруй хүнтэй, ажиглагч, харуулуудаа нэмээд 80 орчим ажилтантай.
Үүнтэй харьцуулахад сав газрууд дахь мэргэжилтний тоо хангалттай бус. Бид бас мониторингийн цэгүүддээ ажиглалт хиймээр байна. Уг нь бусад улсад сав газруудыг аль эрт байгуулчихсан, Европын орнуудад бол 100 жилийн түүхтэй юм байна. Монголд саяхан нэвтрүүлсэн, Усны тухай хуульдаа дөнгөж 2012 онд л тусгасан, одоохондоо шинэхэн байгууллага учраас цаашид олон зүйл өөрчлөгдөнө гэж найдаж байгаа.
-Алтайн өвөр говь өргөн уудам учраас байнга тойрч нөхцөл байдлыг шалгах нь амаргүй ажил байх. Сав газрын захиргааныхан хэрхэн ажилладаг вэ?
-Сүүлийн гурван жил бид Алтайн өвөр говийнхоо уудам нутгаар нийт 10 гаруй удаа явж, 15.000 гаруй км зам туулжээ. Зөвхөн хээрийн судалгаа хийсэн хугацаагаа тооцоход зургаан сар хүрсэн. Ингэхдээ говийн хуурай, гандуу бүс нутгийн амин эрдэнэ болсон булаг шанд, нуур тойром, худаг гээд байгалийн өгөөжөөр болон хүний хөдөлмөрөөр бий болсон уст цэгүүдийг нэгбүрчлэн тоолж, байршлыг нь тогтоолоо.
Зөвхөн тоолоод зогсохгүй, хэрхэн хамгаалах талаар зөвлөмж боловсруулж, холбогдох аймаг, сумын удирдлагад хүргүүлсэн. Жишээ нь, 5149 худаг дээр очиж бүртгээд мэдээллийн санд орууллаа. Гэхдээ үүнийг бүрэн дүүрэн мэдээлэл гэж хэлж чадахгүй л дээ, одоогоор олж тогтоосон нь энэ юм. 1244 булаг шанд, 19 рашаан, 75 нуур цөөрөм, усны 44 барилга байгууламж буюу усан сан, далан зэргээр нийт 6600 цэгт очиж, байршлыг нь нэгбүрчлэн тогтоож, байр зүйн зурагт буулгаад байна.
-2016 оны төсвийг УИХ-аар хэлэлцэх үеэр сав газруудын захиргаадыг татан буулгах тухай ярьж байснаа үлдээсэн. Ямар ач холбогдолтой байгууллага болохыг нь ойлгож эхэлсэн юм биш үү?
-Энэ газрууд мэргэжлийн түвшинд тооцоо хийж, орон нутагт усны мөнгө төвлөрүүлэхэд хэрэгтэй байгууллага байна гээд үлдээчихсэн. Шинжлэх ухааны талаас нь харахгүй байгаа биз. Уг нь мөнгөнөөс илүү олон талын ач холбогдолтой мэргэжлийн байгууллага. Тиймээс дан мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой. Гэтэл говьд мэргэжлийн хүн ховор. Сүүлийн жилүүдэд усны инженер гэдэг мэргэжил ер нь хэрэггүй болчихсон.
Энэ мэргэжлийг хүүхдүүд сонгохгүй, бидэнд залгамж халаа алга. Тиймээс бидний ажлыг сурталчилж, бодлогын түвшинд авч үзэх хэрэгтэй. Эдийн засгийн байдалтай холбоотойгоор манайхыг хоёр мэргэжилтнээ цомхотго гэж байна. Нэмэхээ байг гэхэд ядаж цөөлөхгүй баймаар юм.