Хөрсний бохирдлыг микробиологийн аргаар нөхөн сэргээх, цэвэрлэх боломжтойг тогтоон, технологи боловсруулж, микробын бэлдмэл гарган авч, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн эрхлэгч, биологийн ухааны доктор Ю.Хорлоотой ярилцлаа.
-Монгол Улсад аюулын харанга дэлдэж буй хөрсний бохирдлыг микробиологийн аргаар нөхөн сэргээх, цэвэрлэх санаа танд хэрхэн төрөв?
-Хөрсөнд үүссэн бохирдлыг байгаль өөрийнхөө жамаар аажим аажмаар нөхөн сэргээж, цэвэрлэх увдистай. Ер нь бичил биетүүд амьдралын бүхий л орчинд амьдрах чадвартай төдийгүй агаарт 24, усанд 11, хөрсөнд гурван километрт тархаж оршдог. Ихэнхийг нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, байгаль орчин, эм бэлдмэл гарган авах зэрэгт ашигладаг бол халдварт өвчин үүсгэдэг нь ч бий.
Уул уурхайн буруутай үйл ажиллагаа, хүний санаатай болон санамсаргүй үйлдлээс болж Монголд хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд олон жил өнгөрлөө. 2000 оноос бичил биетний экологи, микро организмыг ашиглан нөхөн сэргээх технологийн талаар экологийн ангийн оюутнуудад хичээл заах, судлах, нянг лабораторид өсгөн, хөрсний бохирдлыг богино хугацаанд цэвэрлэдэг аргыг нээх юм сан хэмээн зорьсон юм, би.
БНСУ-ын Сун Чоны үндэсний их сургуульд сурахаар очихдоо буюу 2008 онд усан онгоцны ослын улмаас бохирдсон Тэяны далайгаас петрол тосны бохирдлыг арилгах чадавхтай 47, Сун Чон хотын цагаан будааны тариалангийн талбайн хөрснөөс удаан задардаг органик бохирдуулагч болох эндосульфан пестицидийг био задралд оруулах чадавхтай 86 зүйлийн бактерийн омгийг илрүүлж, судалгааны ажлаа эхэлсэн.
Эдгээр бактерийн омгийг лабораторид нарийвчлан судалж, шинжилсний үр дүнд EBht1, EBht3-ыг ашиглан, хлорт органик пестицид эндосульфанаар бохирдсон хөрсийг микробиологийн аргаар нөхөн сэргээх боломжтойг тогтоож, нянгийн бэлдмэл гарган авсан. Би 2013 онд профессор Кан Хюн Ийл багшийнхаа удирдлага доор “Органик нэгдлээр бохирдсон ус, хөрсийг микробиологийн аргаар сэргээх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
Хүний нутагт таван жил сурч, Хүрээлэн буй орчны микробиологийн лабораторид судалгаа хийн, уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр шимээр хөрсийг микробиологийн аргаар нөхөн сэргээх арга, технологи боловсруулан, бэлдмэл гаргаж авсан. Хэдэн сарын турш лабораторид амьдран байж хийсэн туршилтын үр дүн бүтэлгүйтэх нь энүүхэнд. “Чадахгүй юм байна” гэж шантрах үе тохиолдож байсныг нуугаад яах вэ. Тэр үед бууж өгөхгүй байхад ганцхан зүйл нөлөөлсөн.
-Өмнөө тулгарсан саад бэрхшээлийг давах эрч хүчийг юунаас авч байв?
-“Замын дундаас буцвал ХААИС-ийнхан, шавь нар, гэр бүлийнхэндээ юу гэж хэлэх вэ. Дараа дараагийн оюутан, багш нартаа гадаадад сурч зэрэг, цол хамгаалахад зөв үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй” гэж бодсон. Судалгааны ажилдаа улам хорхойсож, дурласаар сүүлдээ ч хэр баргийн ядарч буйгаа тоохоо больдог юм билээ. Тэгж л өөрийгөө хурцалсаар зорилгодоо хүрсэн дээ.
-Шинэ нээлт хийх амаргүй нь мэдээж. Шинжлэх ухааны нэр томьёог хэр баргийн хүн ойлгоход түвэгтэй.
Бүтээлээ хийсэн аргынхаа талаар дэлгэрэнгүй ярина уу?
-Юуны түрүүнд бохирдсон хөрснөөс ялгаж авсан нянгийн омгуудаа молекул биологийн аргаар зүйлийн түвшинд судалж, филогенетикийн судалгаа хийн, удам төрлийн хамаарлыг нь тодорхойлсон. Улмаар “Амьдралын мод”-д байрлуулан, кластерын судалгаа хийн, тухайн нян өвчин үүсгэх шинж чанартай, эсэхийг нь судална.
Дараа нь өнөөх омгоо микробиологийн аргаар нөхөн сэргээлт явуулахад туршина. Үүнийхээ дараа кометаболизмын онолоор нянгийн холимог бүрдүүлж, тэдгээрийн бодисын солилцооны эрчмийг нь шинжилнэ.
Аль омог бусдаасаа илүү хөрсний бохирдол үүсгэж, ямар төрлийн химийн бодисыг бодисын солилцоондоо давуу, эрчимтэй ашиглаж байгааг шалгаруулна гэсэн үг. Шигшигдсэн омгоо витамин, глюкоз, хөрс зэрэг нэгдэлтэй хольж, биотехнологийн аргаар нянгийн бэлдмэл гаргаж авдаг.
-Бэлдмэлээ үйлдвэрлэлд нэвтрүүлсэн үү?
-Тэгсэн. 2013 онд Сун Чоны буланд болсон Ургамлын олон улсын үзэсгэлэнгийн үеэр хөрсийг нөхөн сэргээхэд бэлдмэлээ ашигласан.
-БНСУ-д шинэ нээлт хийснийхээ дараа эх орондоо иржээ, та. Тэнд ажиллах боломж байсан уу?
-Байлгүй яах вэ. Тэр жил цол хамгаалсан докторуудаас “Солонгос улсад ажиллах сонирхол бий юү. Хэрвээ байгаа бол ямар байгууллагад, хэдий хэмжээний цалин авахыг хүсэж байна вэ” гэсэн утга бүхий судалгаа авдаг юм билээ. Би эх орон руугаа буцна гээд тас гүрийчихсэн.
Уг нь тэнд үлдвэл цалин хангамж сайтай, орчин үеийн техник технологитой амар л даа. Гэхдээ би тэнд үлдэхийг хүсээгүй. Гэрээ их санаснаас илүүтэй шинэ нээлтээ эх орондоо туршиж, ашиглах юм сан гэж яарсан. Тэгвэл л монгол хүн болж төрсний хэрэг бүтнэ гэж бодож билээ.
Эх орондоо ирэнгүүтээ хуучин ажлаа үргэлжлүүлэн хийсэн. Би 2000 онд УБИС-ийг биологи, байгаль шинжлэлийн багш мэргэжлээр төгссөнөөс хойш ХААИС-д 17 дахь жилдээ багшилж байна.
-Та хөрсний бохирдлыг микробиологийн аргаар нөхөн сэргээх, цэвэрлэх боломжтойг батлаад таван жил болж байна.
Гэтэл үүнийгээ Монголд ашиглан, амьдралд нэвтрүүлж чадахгүй байгаа тань санхүүтэй холбоотой юу?
-Монголд судалгааны ажилд хэрэгтэй материалын олдоц ховор, хөгжилтэй орнуудтай харьцуулахад техник технологийн хөгжлийн зөрүү их. Би санхүүгийн хүндрэлийн улмаас бүтээлээ эх орондоо ашиглаж чадахгүй л байна. Эхний жилүүдэд амар байгаагүй ээ. Их том зорилго, тэмүүлэлтэй ирсэн болоод ч тэр үү, сэтгэлээр унадаг юм билээ.
Тоног төхөөрөмжийн хүчин чадлын улмаас зарим шинжилгээгээ гадаадад хийдэг. БНСУ-аас ирэхдээ багшаасаа нэлээд материал илүүчлэн авч ирсэн, 2014 онд Сайдын нэрэмжит 10 сая төгрөгийн тэтгэлэг хүртсэн маань их нэмэр болсон. Би гэгээлэг бодолтой явдаг. Аливаа зүйл үргэлж дардан, шулуун байна гэж юу байх вэ.
Мөрөөдөл минь биелж, хүний нутагт хийсэн бүтээлээ эх орондоо нэвтрүүлэн, хөрсний бохирдлыг арилгах, нөхөн сэргээхэд ашиглах сайхан цаг ирнэ гэдэгт итгэдэг. Хэдэн жилийн өмнөхийг бодоход энэ аргын талаар хүмүүс овоо мэдээлэлтэй болж байгаа нь сайшаалтай.
Гэхдээ харьяа яам, тамгын газарт очиход сураг сонссон хүн байдаг ч нарийн мэдээлэл авсан хүн бараг байдаггүй.
-Монголын хөрсөнд тохирсон нутгийн омгийг илрүүлсэн үү?
-Энэ их чухал асуудал. Бусад орны хөрснөөс гаргаж авсан харийн омгийг ашиглах нь Монголын хөрсөнд тохирохгүй байх, мутант үүсэх зэрэг эрсдэл ихтэй.
Одоогоор бидний хэлж заншсанаар 22-ын товчоо, Налайх зэрэг газраас бензин, хар тугалгыг “идэх” чадвартай бактерийн зургаа, Улаанбаатар хотын дүүргүүдийн гэр хорооллын ахуйн хог, хаягдлаар бохирдсон жалга, нийтийн эзэмшлийн талбайгаас янз бүрийн химийн бодисыг био задралд оруулах чадавхтай 30 омог, Дорнод аймгийн Матад сумын нутагт орших “Петро Чайна дачин Тамсаг” компанийн газрын тос олборлолтын улмаас үүссэн тостой шороон овоолгоноос дөрвөн омог илрүүлж, нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой, эсэхийг нь судалж байна.
Нутгийн омгийн консорциумын сан бүрдүүлснээр биологийн нөхөн сэргээлтэд ашиглах боломж бүрдэх юм. Миний бэлдмэл цаг хугацаа, эдийн засгийн хувьд физик, химийн аргаас хамгийн багадаа 10 дахин хэмнэлттэй гэдгийг эрдэмтэд нотолсон.
-2015 онд “Петро Чайна дачин Тамсаг”-ийн хөрсний бохирдлыг цэвэрлэх төсөлд таны бүтээл шалгарсан юм билээ. Гэтэл яагаад ашиглаагүй юм бол?
-Уг нь би тус компанийн 18 жилийн турш газрын тосны олборлолт явуулахдаа үүсгэсэн тостой 10 мянган шоо метр шороон овоолгоноос сорьц авч, тосыг био задралд оруулах чадавхтай омгууд гаргаж авсан юм.
Улмаар дээрх газрын хөрсний бохирдлыг цэвэрлэх төсөлд миний бүтээл шалгарсан ч засаг солигдох явцад сураг алдарсан. Энэ талаар хэн нэгэн надад албан ёсоор мэдэгдээгүй.
-Таны бүтээл хүний бие, байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Байгалиас гаргаж авсан экологийн цэвэр бэлдмэл учир ямар ч сөрөг нөлөөгүй.
-Энэ аргаар мөнгөн ус, нефть зэрэг хүнд металлыг цэвэрлэх боломжтой юу?
-Бүрэн боломжтой. Миний бүтээл хөрсний ямар ч бохирдлыг цэвэрлэх чадалтай. Таваас бага градусын дулаанд ихэнх микро организмын амьдралын идэвх буурдаг. Харин миний бэлдмэл таван градусын дулаанд хөрсний бохирдлыг 10, 20-30 хэмд 80-100 хувь цэвэрлэх чадалтай. Энэ бол их өндөр үзүүлэлт.
-Хувь хүн, компаниас энэ аргыг тань хэрэглэх санал ирдэг үү?
-Одоогоор ирээгүй л байна. Мэдээж надад санал тавьж, миний бүтээлийг ашиглан, хөрсний бохирдлыг цэвэрлэхийг хүссэн хүн бүхэнтэй хамтарч ажиллахад би бэлэн.
-Хэдий хэмжээний зардал шаардах бол?
-Харьцангуй ойлголт л доо. Учир нь тухайн хөрсний бохирдлын хэмжээ, юунаас бохирдсон зэргээс л шалтгаална. Монголд ирснийхээ дараа ашиглаж, үйлдвэрлэлд нэвтрүүлж амжаагүй болохоор яг тэд гээд тодорхой тоо хэлэх боломж алга.
-Бүтээлээ амьдралд нэвтрүүлэхийг хүсдэг ч санхүүгийн хүндрэлийн улмаас чадахгүй байгаа гэлээ.
Төр, засаг, харьяа яамнаас дэмжлэг авъя гээд хөөцөлдсөн үү?
-Үнэнийг хэлэхэд “Намайг дэмжээч. Бүтээлээ амьдралд нэвтрүүлэхэд төдөн төгрөг шаардлагатай байна” гээд явахаас санаа зовоод байдаг юм аа. Би их нэрэлхүү, “мангар” хүн бололтой. Зарим шалгаруулалтад төсөл бичих л юм.
Хүмүүс байгаль дэлхийд ээлтэй, үр хүүхдэдээ хандаж буй мэт энэрэлтэй байгаасай гэж би хүсдэг. Миний бүтээлийг өргөн хүрээнд ашиглан, төр, засгаас төсөл хөтөлбөр, бодлого, санхүүгээр дэмжвэл хөрсний бохирдлоос богино хугацаанд ангижрахад хэрэг болох болов уу.
Төр, засаг судлаачдынхаа санал бодлыг сайтар сонсож, бүтээлийг нь дэмждэг байгаасай. Энэ зун бүтээлээ байгальд туршин, мөнгөн ус зэрэг хүнд металл цэвэрлэх бэлдмэл гарган авахаар төлөвлөж байна.