Тэртээ 1990-ээд оны зах зээлийн ороо бусгаа үед Цэрэнбаатарын дөрвөн хүү Хосбаяр, Энхбаяр, Цогтбаяр, Тэгшбаяр нар Монголын чөлөөт бөхийн спортын өнгийг тодорхойлж, тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж явсан билээ.
Төрсөн ах дүү гурав үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, “Барселона-1992” олимпод зодоглосноор нь бахархахгүй байхын аргагүй. Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр 1993 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, дэлхийн шилдэг бөхийн шагнал хүртсэн. Тэр бас дэлхийн аваргын алтан медалийн оосроос хоёр ч удаа атгаад алдсан билээ.
Лондоноос Риогийн олимпын мөчлөгт эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан түүнийг “Рио-2016” олимпод шавь Г.Мандахнарангийнхаа хүрэл медалийн төлөөх барилдааны шүүлтийг эсэргүүцэн, хувцсаа тайлж шидсэнийг дэлхийн бөхийн ертөнцийнхөн андахгүй.
Харин Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр олимп, ДАШТ-ээс бусад томоохон тэмцээнд чамлахааргүй олон медаль хүртэж, өдгөө дүү Ц.Цогтбаярынхаа хамт цуут бөхчүүдээрээ алдартай “Алдар” спорт хороонд дасгалжуулагчаар ажиллаж буй. Тэд чөлөөт бөхийн спорттой амьдралаа холбосноосоо хойш “Алдар”-аар овоглож яваа.
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, Г.Мандахнарангаас эхлээд Б.Одончимэг, П.Орхон, Н.Лхамгармаа, О.Үйтүмэн зэрэг олимп, тив, дэлхийн дэвжээнд нэрээ дуурсгасан их спортынхноос гадна улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Гончигдамба нар ч ах дүү хоёрын шавь. Чөлөөт бөхийн спортын хөгжлийн төлөө бага залуугаасаа өдий хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа тэднийг “Ах дүүс” буландаа урьж, ярилцлаа.
-Нэг айлын дөрвөн хүү чөлөөт бөхөөр хичээллэн, өндөр амжилтад хүрэх амаргүй нь мэдээж. Энэ спорттой амьдралаа холбосон дурсамжаар тань ярилцлагаа эхэлье.
Ц.Хосбаяр (Ц.Х): -Одоо бодох нь ээ, юм ховор, цаг зутруу, хүнд үед бидний бага нас өнгөрч. Бид эхээс найм (таван эрэгтэй, гурван эмэгтэй)-уулаа. Цогоог мэндлэх жил манайх Ховд аймгаас Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Бага байхад манайх III хороололд амьдардаг байлаа.
Бид хичээлээ тарж ирэнгүүтээ том өрөөндөө барилдана. Умгардуу өрөөнд ноцолддог байсан тул паар, ширээ мөргөж, эвгүй унаснаас болоод гар, хөлөө бэртээх энүүхэнд. Аав, ээж хоёрыг ажлаас ирэхэд нь дайнаас ирсэн юм шиг л хэдэн амьтан сууж байдаг сан.
Гэрийнхнээсээ хамгийн түрүүнд чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн нь, би. 1982 онд 21 дүгээр сургууль, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн, С.Сүрэнжав багшийнхаа анхааралд өртөн, энэ спорттой хувь заяагаа холбож байлаа.
Дараа жил нь өсвөрийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Монголд болсон олон улсын тэмцээнд түрүүлсэн.
Ц.Цогтбаяр (Ц.Ц): Энхбаяр ах, Тэгшбаяр бид гурав чөлөөт бөхийн спортоор хичээллэхийн тулд нэлээд адармаатай зам туулсан шүү. Учир нь аав чамгүй амжилт гаргасан гээд Хосоо ахыг энэ спортоор хичээллэхийг зөвшөөрсөн ч биднийг эрс эсэргүүцсэн. Насаараа нягтлан бодогчоор ажилласан болоод ч тэр үү, бидэнд мэргэжлээ өвлүүлэн, оюуны хөдөлмөр эрхлээсэй гэж хүсдэг байсан юм билээ.
Аав минь залуудаа алдарт Б.Олзод агсны дугуйланд боксоор хичээллэн, спортын хүнд, хэцүүг мэдэрсэн нь ч үүнд нөлөөлсөн тал бий байх. Хосбаяр ах нэг удаа тэмцээнд оролцохдоо хөл, гараа бэртээснээс хойш бид гурвыг спортоор хичээллүүлэхээс бүр ч дургүйцэх болсон.
Би Хосоо ахын бэлтгэл дээр очих дуртай. Миний хорхой их хүрнэ ээ. Сүүлдээ тэсэхээ байгаад ах, дүү хоёртойгоо хамт Ж.Батбилэг багшийн дугуйланд нууцаар бэлтгэл хийж эхэлсэн. Хичээл тарангуут л бэлтгэл рүүгээ чавхадна. Аав, ээж хоёрыг орой ирэхээс өмнө харьж, гэрээ цэмбийтэл цэвэрлэн, дүүгээ хараад л додигор сууж байдаг сан.
Тэр цагаас хойш таван жилийн дараа буюу есдүгээр ангид байхдаа интернациональ тэмцээнд IV байрт шалгарч, улсын хоёрдугаар шигшээ багийн тамирчин болсныхоо дараа л гэрийнхнээсээ чөлөөт бөхөөр хичээллэх эрх авсан даа.
-Дөрвүүлээ хамт цөөнгүй тэмцээнд зодоглосон байх. Нэг тэмцээнээс бүгдээрээ медаль хүртэж байсан уу?
Ц.Х: Монголд болсон Ах дүү армиудын олон улсын тэмцээнд Энхбаяр, Цогоо, бид гурав түрүүлж, талийгаач дүү минь мөнгөн медаль хүртэж байлаа. Тэгшбаяр бид хоёр нэг жинд өрсөлдөн, аваргын төлөө барилдсан нь санаанаас ер гардаггүй юм. Төрийн дууллаа эгшиглүүлэн, дүүтэйгээ хамт медалийн тавцанд зогсох сайхан байсан шүү.
Ц.Ц: Дөрвүүлээ чөлөөт бөхийн спортоор хичээллэж, бэлтгэл хийн, тэмцээнд оролцож явсан цаг үеэ дурсахад сэтгэл их хөдөлж байна. Энхбаяр ах, Тэгшбаяр дүү хоёр минь өнөөдөр амьд сэрүүн, бидэнтэй хамт ингээд инээж хөхрөөд сууж байсан бол хэчнээн сайхан.
Ах минь 1987 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д 19 настайдаа оролцохдоо хүрэл медалийн оосроос атгаад алдан, V байрт шалгарсан. Ахтайгаа хамт хоёр ч олимпын наадамд зодоглож явснаараа бахархдаг. Дүү минь ч бас барилдаанч, угсраа мэх сайтай, хөдөлмөрч, манай улсын шилдэг тамирчдын нэг байсан. Ид барилдаж байхдаа хорвоог орхисонд нь харамсдаг.
-Талийгаач Ц.Энхбаяр ээжийн тань хамт зуурдаар өөд болсон юм билээ. Тухайн үед юу болсон юм бэ?
Ц.Х: Их харамсалтай. Ээж, дүү хоёр минь Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд амьдарч байгаад хэдэн жилийн өмнө галын аюулын улмаас бурхан болсон. Энэ тухай бодох бүрт миний сэтгэл тавгүйрхэж, ядахдаа нас барахаас нь өмнө уулзсан бол гэж харамсдаг.
Ц.Ц: Амьдрал хатуурхахаа хүрвэл мөн ч харгис шүү. Нэг дор ээж, дүү хоёроо алдчихна гэж зүүдлээ ч үгүй явсан.
-Гурвуулаа (Ц.Хосбаяр, Ц.Энхбаяр, Ц.Цогтбаяр) үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, бие биенээ түшиж явсан үе хамгийн дурсамжтай санагддаг байх.
Ц.Ц: Тэгэлгүй яах вэ. 1990-ээд оны үед бид гурваас гадна манай аймгийн гаралтай 10-аад тамирчин чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт багтсан нь их ховор тохиолдол. Есдүгээр ангид байхдаа шигшээ багт бэлтгэл хийж эхэлсэн надад шантрах үе гаралгүй яах вэ.
Тэр бүхнийг хоёр ахынхаа нөмөр нөөлөг, түшиг тулгуурын ачаар давсан. Жиндээ орж чадахгүй бол хамгийн түрүүнд л ах нараасаа асууж, зөвлөгөө авна.
Ц.Х: Одоо ийм, дараа нь тийм мэх давтаж, бэлтгэл хийвэл үр дүнтэй, жингийнхээ дэлхийн шилдгүүдтэй тэгж барилдах хэрэгтэй хэмээн бие биедээ зөвлөнө. Хэн хэндээ хамгийн сайн зөвлөгч, дасгалжуулагч болдог байлаа.
-“Барселона-1992” олимпод төрсөн ах, дүү гурав оролцон, Монголын чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудас нээсэн. Та гурав олимпын эрхээ хэрхэн авсан бэ?
Ц.Ц: Тэр үед И.Ярыгины нэрэмжит олон улсын тэмцээн, Бүх ард түмний спартикиад, “Монгол говь”-д гаргасан амжилтыг харгалзан, Барселоны олимпод оролцох бөхчүүдийг сонгосон юм. Энхбаяр ах бид хоёр 1991 онд ДАШТ-д V, VI байрт шалгарсан амжилтаар олимпын эрх авсан. Харин Хосоо ах Иранд болсон олимпын эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, Испани улсыг зорих “тийз”-ээ захиалж байлаа.
Ц.Х: Олимпын наадамд төрсөн ах, дүү гурав оролцоно гэдэг Монголд төдийгүй дэлхийд дахин давтахад ховор тохиолдол. Аливаа зүйлийг болоод өнгөрснийх нь дараа тэгсэн, ингэсэн бол гэж ярих амархан. Гэхдээ Цогоо бид хоёрт олимпоос медаль хүртэх боломж байсан гэхэд өөрсдийгөө хөөргөж, магтсан болохгүй биз ээ. Ялангуяа Цогоо Смайлыг ялсан бол хүрэл медаль хүртэх байсан.
-Олимпын дараа чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхныг цомхотгосны улмаас олон шилдэг тамирчин спортоо орхисонд бөхийн хорхойтнууд өдгөө ч харамсдаг юм билээ.
Тийм хүнд үед ДАШТ-ий медалийн буухиаг үргэлжлүүлсэн хүчтэн бол, та. Түүгээр ч үл барам дэлхийн шилдэг бөхөөр шалгарсан шүү дээ.
Ц.Ц: Тийм зүйл болсон нь үнэхээр харамсалтай. Монголын чөлөөт бөхийн спорт уналтад ороход нөлөөлсөн хамгийн том шалтгаануудын нэг нь энэ яах аргагүй мөн. 1993 онд ДАШТ-д дархан аварга А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтох, ОУХМ Сэргэлэнбаатар бид дөрөв зодоглож байлаа.
Эдийн засгийн хямралтай, хүнд байсныг хэлэх үү, бид Х.Намшир, Б.Нэргүй багшийн удирдлага доор ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ сар хүрэхгүй хугацаанд хэдүүлхнээ базаасан. Хуушуур идэн, хар цай уугаад л бэлтгэлээ хийнэ. Хосоо ах миний бэлтгэлийг хангалцсан.
Дэлхийн аваргын медальтан болж, Төрийн далбаагаа мандуулж байхад хамгийн түрүүнд төрж өссөн өлгий нутаг, төрүүлж өсгөсөн ижий аав, дөрвүүлээ ноцолдож өссөнөө боддог юм байна лээ. ДНБХ (тухайн үеийн FILA)-ноос дэлхийн шилдэг бөхөөр тодруулж, баяр дээр баяр нэмж билээ.
Ц.Х: Цогоо тэр үед дэлхийн медальтан болох хэмжээнд аль хэдийнэ хүрчихсэн байсан. Өмнөх жил нь V байрт шалгарч, олимпод медалийн оосроос атгаад алдсан нь ч үүний илрэл болов уу. Дүүгээ ДАШТ-д оролцож байхад би БНСУ-д олон улсын тэмцээнд өрсөлдөж байсан юм.
Бэлтгэлээ хийж байтал Цогоогийн жинжав солонгос бөх “Танай дүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ” гэхэд нь их бахархаж билээ. Зөвхөн би бус, Монголын ард түмэн хүсэн, хүлээж байсан медаль л даа.
-Монголын чөлөөт бөхийн спортын өнөөгийн хөгжлийг “Алдар” спорт хорооны бөхчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хоёулаа нэг хороонд дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн дурсамжаасаа хуваалцана уу?
Ц.Х: Дүү минь 2000, би 2002 оноос хойш “Алдар”-т дасгалжуулагчийн албанд зүтгэж байна. Би эхний хоёр жил цалингүй зүтгэсэн.
Үнэнийг хэлэхэд “Алдар”-ыг дахин сэргээгээд удаагүй, тамирчид тарчихсан байсан хүнд үе л дээ. Анх ажлын гараагаа гуравхан тамирчинтай эхэлж байлаа.
Ц.Ц: Тамирчны гараагаа эхэлсэн хороондоо өдгөө дасгалжуулагчаар ажиллаж буйгаараа бахархахгүй байхын аргагүй. Унаган шавь нараа бэлтгэн, амжилтад хүргэж яваа нь бидний давуу тал. “Алдар”-т дасгалжуулагчаар дөнгөж ирэхэд хөгтэй зүйл олон тохиолдсон сон.
Д.Цог-Эрдэнэ дарга байсхийгээд л намайг дуудан “Танай хэдэн дэрчгэрүүд хаалга байсаар байхад хашаа даваад байх юм. Тэр цонхыг хагалчихлаа” гээд хов хүргэнэ. Өдрөөс өдөрт шавь нарын амжилт, ур чадвар ахисаар өдгөө олимпоос бусад өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын бүх тэмцээнээс медаль хүртээд байна.
Үүнд Батлан хамгаалах яам, “Алдар”-ын үе үеийн дарга нар ялангуяа О.Балжинням, Г.Өсөхбаяр аварга, Д.Цог-Эрдэнийн ач гавьяа, тус дэм их бий. Би дасгалжуулагчийн ажлыг тариаланчтай зүйрлэх дуртай. Арвин ургац хураахын тулд хөрсөө сайтар бордон, арчлах хэрэгтэй.
Яг үүнтэй адил шавь нартаа багаас нь спортын суурийг зөв эзэмшүүлж, юу бодон, мөрөөдөж байгааг нь үргэлж сонсож байх нь зүйтэй. Шавь нараа амьдралын ухаантай, зөв хүмүүжилтэй хүн болон төлөвшихөд нь тив, ДАШТ-ээс медаль хүртсэнээс дутахгүй баярладаг, би.
-Одоогоор та хоёрын удирдлага дор хэчнээн тамирчин бэлтгэл хийж байна вэ?
Ц.Ц: Өдөрт таван ээлжээр 120 гаруй тамирчин бэлтгэл хийж байна. Шавь нар маань жил жилийн УАШТ-д өндөр амжилт гаргадаг. Энэ жилийнхэд л гэхэд 40 гаруй тамирчин зодоглосноос 20-иод нь медалийн төлөө барилдлаа.
Гурван жилийн өмнөх УАШТ-ий өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд багаараа түрүүлсэн нь бас л ховор амжилт.
-Г.Мандахнаран олимпын хүрэл медалийн төлөөх барилдааныхаа шүүлтийг эсэргүүцэн, Спортын арбитрын шүүхэд хандсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?
Ц.Ц: Би Лондоноос Риогийн олимпын мөчлөгт эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахдаа Д.Оюунболд агснаас хойш 37 жил тасраад буй медалийн буухиаг үргэлжлүүлэхийн төлөө зүтгэсэн юм. Гэтэл эрх мэдлээр далайлгасан, хууль бус шүүлтийн өмнө аргагүйн эрхэнд хүчин мөхөсдөж, медалиа луйвардууллаа.
Барилдааны үндсэн цаг дууссаны дараа сануулахгүйгээр торгон, ялагдуулж байхыг би лав өмнө нь үзээгүй. Монгол Улс 36 жилийн дараа хүртсэн олимпын медалиа бусдад дуугүй, толгой гудайлгаад өгөх дэндүү харамсалтай. Баяр, харуусал эгшин зуур солигдсон хүнд үйл явдлын дараа хувцсаа тайлж шидэн, шүүлтийн булхайг эсэргүүцэхээс өөр арга Б.Баяраа бид хоёрт байгаагүй.
Спортын арбитрын шүүхийн шийдвэр гараагүй, барилдааны бичлэгийг хянан, шалгаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломж алга. Ер нь шүүлтийг шалгах ажил удаашралтай байгааг нуугаад яах вэ.
Ц.Х: Мандахаа Цогоо бид хоёрын удирдлага дор олон жил хичээллэж байна. Би шавиа олимпын медальтай л гэж боддог. Мандахаагийн хүрэл медалийг луйвардсан Наврузов олимпод нэг бус дөрвөн удаа “ялагдсан” шүү дээ.
Түүний шөвгийн наймд ДАШТ-ий мөнгөн медальт Ф.Гоместой хийсэн барилдааны шүүлт мөн булхайтай болсныг нь ДБНХ-ноос хүлээн зөвшөөрсөн. Улмаар тус барилдааныг дэнсэлсэн гурван шүүгчийн эрхийг хассан шүү дээ.
ФОТО: Б.МӨНХ-ЭРДЭНЭ