АШУҮИС-иас сайн эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор жилд хоёр удаа Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг оюутнууддаа олгодог. Энэ удаа 100 оюутан шалгаруулж, өчигдөр батламжийг нь гардууллаа.
Хамт олноо сургалтын амжилтаараа манлайлан суралцаж байгаа, нийгмийн халамж шаардлагатай, хагас болон бүтэн өнчин, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой гэсэн хоёр чиглэлээр оюутнуудаас шалгаруулан тус тэтгэлгийг олгожээ.
Тэтгэлгээ бэлнээр болон сургалтын төлбөртөө тооцуулан авах боломжтой ажээ.
Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр АШУҮИС-ийн захирал, профессор Г.Батбаатар “Төрийн өмчийн сургуулиудаас анх удаа өөрийн сургуулийн төсвөөс шилдэг оюутнууддаа Захирлын нэрэмжит тэтгэлэг 2015 онд олгосон. Үүнд нийт 526 оюутан хамрагдаж, 470 гаруй сая төгрөгийн тэтгэлэг хүртээд байна. Ер нь төрийн өмчийн бусад их, дээд сургууль мөнгөний бодлогоо зөв барьж, оюутнуудтайгаа маш сайн тулж ажиллаж чадвал ийм боломж бий.
Бид 4-5 жилийн дараа нийт оюутныхаа 20-25 хувьд нь сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулахыг зорьж байгаа. Өнгөрсөн гурван жилд тэтгэлэгт хамрагдаж байгаа, хамрагдахыг хүссэн оюутнуудын идэвх, сурлагын амжилт эрс нэмэгдэж буй нь ажиглагдсан.