Чөлөөт бөх:
Эрэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Ганзоригийн Мандахнаран зодоглоно. Манай эрчүүдийн гол найдвар, бас олимпийн сүүлийн медалийн найдвар гэж хэлж болох Мандахаа гавьяат эхний тойрогт Лондоны олимпийн хүрэл медальт, Инчоны Азийн наадмаас алт, Дохад хүрэл медаль хүртэж байсан Энэтхэгийн бөх Йогешвар Дуттай хүч үзнэ. Манай тамирчин энэ даваанд ялвал БНХАУ-ын Ерланбик Катай, ДАШТ-ий мөнгөн медальт Австралийн Сахит Прицрени нарын хэн ялсантай нь барилдах юм.
Тэгвэл 97 кг-д Доржхандын Хүдэрбулга эхний тойрогт хийлээд Киргизстаны Магомед Мусаевтай оноолт таарчээ. Түүнийг ялвал Лондоны олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэлтэй Украины Валерий Андрейцев, ДАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Анзор Болтукаевын хэн ялсантай нь өрсөлдөх аж.
Эрэгтэй чөлөөт бөхийн барилдаан 22:00 цагаас эхэлнэ. Харин дагах барилдаан болон шигшээ барилдаан 04:00 цагаас болох юм.
Марафон гүйлт
Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн уралдаан 21:00 цагаас эхэлнэ. Энэ төрөлд манай гурван тамирчин буюу Бат-Очирын Сэр-Од, Дамбадаржаагийн Гантулга, Цэвээнравдангийн Бямбажав нар уралдана.